| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2109001241484 |
| Дугаар | 2025/ХШТ/10 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ХШТ/10
Ц.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, С.Ундрал, хохирогч Ё.П, хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1240 дүгээр магадлалтай, Ц.Б-д холбогдох 2109001241484 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж, хохирогч Ё.П нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1,
.... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар,
.... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн .... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц.Б
Шүүгдэгч Ц.Б нь “өөрийн 51 хувийн хувьцаа эзэмшдэг “Т” ХХК-ийг “О” ХХК-ийн талбайгаас гаргасан овоолго шороог ашиглан цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулах эрх авсан, ирээдүйд уг үйлдвэр ашиглалтад орохоор сар бүр хувьцааныхаа ашгийг авах боломжтой” хэмээн итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, компанийн хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр халхавчлан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Т” ХХК-ийн 1 хувийн хувьцааны үнэ гэж Д.М-өөс 100,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн “Зэс баяжуулах үйлдвэрт хамтран ажиллана, өөрийн компанийн хувь эзэмшүүлнэ” гэх зэргээр Ё.П-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд нийт 48,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө шилжүүлсэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Б-оос 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн барьцааны .... тоот дансанд байршуулсан 62,235,200 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д, 15,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.П-д тус тус олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... шүүгдэгч Ц.Б-ын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, .... дүүргийн .... дугаар хороо, “...”-ийн гудамж, ... дүгээр байрны ... тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 272 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, ...иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхижээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтулга хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний зөрүү гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасныг ноцтой зөрчсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Анхан шатны шүүхээс ... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ц.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлд хамаарч байна.
2.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Д.М /1хх-33-34/, гэрч Г.Б /2хх-154-155/, Б.Э /2хх-178-179/ нарын мэдүүлэг, “О” ХХК-аас ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 873/266 дугаартай “О” ХХК нь “Т” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаагүй тухай албан бичиг /1хх-212-213/, “О” ХХК-аас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1552/266 дугаартай “О” ХХК нь албан бичигт дурдсан асуудлаар сонгон шалгаруулалт явуулж байгаагүй талаарх албан бичиг /2хх-26-67 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс үнэлсэн эсэх, ямар үндэслэлээр няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.
3.Шүүгдэгч Ц.Б нь өөрийн 51 хувийн хувьцаа эзэмшдэг “Т” ХХК-ийн 1 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулан хохирогч Д.М-өөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлэн авахдаа “компанийн 1 хувийг шилжүүлэн өгнө, тухайн компани нь зэс боловсруулах үйлдвэр бариулах гэж байгаа, ашигтай ажиллана” гэж амлалт өгсөн. Гэтэл бодит байдал дээр тухайн компани 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогддог. Ц.Б-ын гэмт үйлдэл нь биелэгдэх боломж бүрдээгүй зүйлийг амлаж гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсны үндсэн дээр 1 хувь нь 100,000,000 төгрөгийн үнэлгээтэй биш компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ байгуулж өөртөө ашиг олж, эд хөрөнгийн хэрэгцээгээ гүйцэлдүүлсэн хэлбэрээр илэрч байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирогч эд хөрөнгөө ямар амлалтад тулгуурлаж шилжүүлсэн болох, тус амлалт биелэгдэх боломжтой байсан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн компанийн 1 хувийг өгөх үйл баримтад тулгуурлан иргэний эрх зүйн маргаан гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолтой нийцэхгүй байна. Тус тогтоолд “...хуурч мэхлэх арга...” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ...” гэж тайлбарласан. Шүүгдэгч Ц.Б нь хохирогчоос 100,000,000 төгрөгийг шилжүүлэн авахын тулд үгээр болон үйлдлээр тухайн компани 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэр барих боломжгүй талаарх бодит байдлыг гуйвуулан, нуун дарагдуулж, үйлдвэр барьж, өндөр ашигтай ажиллах боломж бүрдсэн мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогчийг төөрөгдөлд оруулсан байдаг.
Мөн тогтоолд “...иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрнэ... залилах гэмт хэргийн үед шунахай сэдэлтээр, өөртөө ашиг олох субъектив санаа зорилгоор чанар муутай, эсхүл иж бүрдэл дутуу бүтээгдэхүүн буюу гэрээнд зааснаас цөөн тооны бүтээгдэхүүн нийлүүлэх, үнийг дутуу төлөх зэргээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, хууль бусаар шилжүүлж авдгаараа иргэний эрх зүйн маргаанаас ялгагдана...” гэж тайлбарласан.
Хохирогч нь эд хөрөнгөө шүүгдэгчид шилжүүлэхдээ зөвхөн компанийн 1 хувийн хувьцааг худалдан авахаар тохиролцсон асуудал биш бөгөөд тухайн компани үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэр баригдаад өндөр ашиг олно гэсэн амлалтад итгэсний үндсэн дээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч нь үйлдвэр барих боломж бүрдээгүй, ашиг олох нь тодорхойгүй бодит байдлыг мэдсэн бол эд хөрөнгөө шилжүүлэхгүй байсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог.
Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн ямар амлалтад тулгуурлан хохирогч эд хөрөнгөө шилжүүлсэнд дүгнэлт хийхгүйгээр, зөвхөн хувьцаа шилжүүлэхээр тохиролцсон үйл баримтыг иргэний эрх зүйн маргаан гэж үзсэн нь хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.
Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогч Д.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Д.М миний гомдлоор шалгагдсан, шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал, хохирогч Д.М надад мэдэгдэлгүй, зар хүргэж оролцох нөхцөл боломжоор хангалгүйгээр хуралдаж, зөвхөн шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, С.Удвал нарыг оролцуулан хуралдаж, хохирогч Д.М миний эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасанд, мөн гэмт хэрэгтэн Ц.Б-ыг гэм буруугүй гэж цагаатгасанд маш их гомдолтой байна.
Ц.Б-ын залилан мэхэлж өр зээлийн дарамтанд оруулж хохироосон төлбөрийг ББСБ-д төлж барагдуулах гэж орон байр, эд хөрөнгөө барьцаалж хохирсон жинхэнэ хохирогч нь манай аав Ч.Д юм. Гэхдээ хохирогчоор аав бид хоёрын хэн нь ч тогтоогдсон байсан бидний хувьд ялгаагүй.
Харин санаа зорилготойгоор өөрөө өмнө нь бусдыг залилан мэхэлж тэр хэрэгтээ шийтгүүлж, өр төлбөрт ороод түр ч гэсэн өрнөөсөө салахын тулд “Үйлдвэр барихад бэлэн болчихсон, өндөр ашигтай үйлдвэр баригдах учраас мөнгө оруулах компаниуд өрсөлдөж байна, 2019 оны 07 дугаар сарын 16-нд Ханбогд сумын наадмаар үйлдвэрийнхээ шавыг тавина, 60,000,000–80,000,000 ам.доллар орж ирэх юм. Ерөнхий сайд Ж.Э-н зөвшөөрөл олгосон ганц үйлдвэр бол манайх” гэж хэлж итгүүлж залилан мэхэлсэн.
... Б надад хэзээ бүтэх нь тодорхойгүй гэж хэлсэн бол би ямар ч хөрөнгө оруулахгүй байсан. Гэтэл байнга сайхан юм ярьж, элдэв арга хэрэглэж намайг шахсан. Тухайн үед 12 дугаар сарын 20-ны болж байсан ба “гадаад захирлууд зул сарын баяраа тэмдэглэх гээд буцсан байгаа. Цагаан сарын баярын дараа гадаад захирлууд бүгд ирдэг. Ирснийхээ дараа тэд гарын үсгээ зурж энэ ажил бүтэх тул мөнгөний хэрэг үгүй болно” гэж хэлж намайг мөнгө оруулах бол одоо л оруулах хэрэгтэй гэж шахсаар байгаад, би тэр бүхэнд нь итгэж үнэмшсэн тул аавыгаа гуйгаад он гармагц хөөцөлдөж, энэ зээлийг авч Ц.Б-д өгсөн.
Хэрэв ийнхүү шахаанд оруулаагүй бол би бүтэхгүй юм байна гээд нэг л өдөр түүнээс зайгаа барих байсан. ... зээлийн хүүд төлөх 10,000,000 төгрөг нь эхний 3 сард хүрэхтэй үгүйтэй алга болсон Дараачийн 3-4 сард аргалж байгаад хүүг төлж байтал Ханбогд сумын ой 2020 оны 07 дугаар сарын 16-нд болж, үйлдвэрийнх нь шав тавигдвал нөгөө их мөнгө нь орж ирж, түүнээсээ 10 сая долларыг нь бид өөрсдийнхөө мэдэлд авч зарцуулна гэснээрээ болж өр төлбөр төлөх асуудал цэгцрэх байх гэж л гэнэн би мөрөөдөж явсан. Бидний амьдралыг орвонгоор нь хөмөрсөн хүн бол Ц.Б мөн гэдгийг би хаана ч хэлэх л болно. Маш их гомдолтой байна.
... Ц.Б анхнаасаа төсөл хэрэгжүүлж байгаа, тэр нь маш удаан хугацаанд бүтэх юм гэж надад болон манай гэр бүлийнхэнд огт яриагүй гэдгийг би үнэнээр нь анхнаасаа л хэлсээр өнөөдрийг хүрсэн. Ер нь төсөл хэрэгжүүлэх, үйлдвэр барих хоёр өөр хоорондоо ямар холбоотой, ямар ялгаатай талаар Ц.Б надад ялгаж, салгаж ойлгуулаагүй. Төсөл хэрэгжүүлэх талаар ямар ч мэдлэггүй, миний дутагдалтай талыг ашигласан, төсөл тийм шатандаа яваа гэж ярихын оронд зориуд үйлдвэр барих бүх юм бэлэн болчихсон, Засгийн газрын зөвшөөрөлтэй, Ерөнхий сайд Ж.Э баталгаажуулчихсан асуудал гэдэгт нь би бүрэн итгэсэн. ... Ц.Б нь надаас авсан мөнгөө юунд зарцуулсан бэ гэдэг нь их сонин, мөнгө аваад чимээгүй алга болчихсон. Гэтэл хамт амьдардаг эмэгтэйтэйгээ Энэтхэгт очиж баахан зугаалж яваад ирсэн байсан. Энэтхэгт очиж лам нараар ажил төрлөө хэр хурдан бүтэх нь вэ гэж үзүүлсэн, ажил төрлөө амжилттай болгохын тулд ном уншууллаа гэж байсан. Надаас авсан мөнгө нь төсөлд огт зарцуулагдаагүй, тэгсхийгээд л дууссан байх.
Ц.Б нь хохирогч Ё.П болон намайг залилсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсоор байтал давж заалдах шатны шүүхээс илт хэрэг бус гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогч Д.М-ийн өмгөөлөгч Ц.Дагвадорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
... Шүүгдэгч Ц.Б нь “үйлдвэр байгуулах эрх авсан, 2019 оны 03 дугаар сараас ажил эхэлж ашгаа өгнө” гэж хэлсэнд итгэж “Т” ХХК-ийн 1 хувийн хувьцааг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Д.М өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “Р” ББСБ-д барьцаалан зээл авч 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Б-ын данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Ц.Б нь “О” ХХК-ийн зэсийн баяжмалаас гарсан овоолго шороог ашиглан цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулах, уг үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэрийг байгуулах эрхийг аваагүй байхдаа эрх авсан ирээдүйд уг үйлдвэр ашиглалтад орохоор сар бүр хувьцааныхаа ашгийг аваад байх боломжтой хэмээн бусдад худал амлаж “Т” ХХК-ийн дүрэмд зааснаар 1 хувийн хувьцааны үнэ 10,000 төгрөг буюу 1,000,000 төгрөгийн хөрөнгөтэй байхдаа хохирогчид 1 хувийн хувьцаагаа 100,000,000 төгрөгөөр үнэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байдаг.
Хохирогч Д.М-тэй компанийн хувьцаа худалдах, худалдан авах компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр халхавчлан бусдыг залилсан болох нь “Т” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшдэг Б.Э мэдүүлэхдээ “... манай компани 2017 оноос хойш ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөл байхгүй, компанийн 1 хувийн хувьцааг 100 сая төгрөгөөр тогтоосон хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байхгүй...” гэдэг.
Мөн “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хохирогч Д.М Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдээгүй байгаа нь дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээ дүр үзүүлэн хийсэн, тохиролцсон зүйлийн үнийн талаар төөрөгдсөн нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.
Иймд миний үйлчлүүлэгч хохирогч Д.М-д гэмт хэргийн улмаас хохирол учирсан, хор уршиг үүссэн нөхцөл байдал, Ц.Б-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогч Ё.П хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял
оногдуулж шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна. Миний бие цагдаа болон прокурор, хууль шүүхийн байгууллагаар 2020 оноос хойш явж байна. Шүүгдэгч Ц.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал илт гэмт хэрэг биш гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх “залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Улсын дээд шүүх залилах гэмт хэргийг “бусдын эд хөрөнгийг хууран мэхэлж, итгэл эвдэж авах” хэмээн тайлбарласан. Миний үйлчлүүлэгч төсөл хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, төслийн үйл ажиллагаа явагдаж байсан. Давж заалдах шатны шүүх “хохирогч Д.М, гэрч Ч.Д нар нь нөхцөл байдлын талаар анхнаасаа мэдсэн” гэж үзсэн. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй байсан бөгөөд миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Ё.П-гийн хувьд, миний үйлчлүүлэгч болон Ё.П-гийн асуудалд гэмт хэргийн шинж огт байхгүй. Тэрээр Д.М-д хэдэн төгрөг өгснөө, түүнээс хэдэн төгрөг авсан тухайгаа мэддэггүй. Давж заалдах шатны шүүхийг хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт хавсаргуулахаар хохирогч нарын хяналтын журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцэлд бичгээр хариу тайлбар гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ундрал хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Ц.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ цагаатгах талын нотлох баримтуудыг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн хохирогч нарын мэдүүлэгт тулгуурласан. Харин давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалсны үндсэн дээр “уг харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа бөгөөд иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой” хэмээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” нь талуудын хамтран ажиллах зорилгыг харуулж буй бөгөөд аливаа хамтын ажиллагаанд талууд эрсдэл гаргаж оролцдог. Түүнчлэн Д.М өөрийн эрсдэлийг хариуцаж, банк бус санхүүгийн байгууллагаас 100,000,000 төгрөгийн зээл авсан. Д.М энэ талаар “би хүүгээ өөрөө төлнө гэж тооцоод зээл авсан” гэж мэдүүлсэн. Аливаа гэрээ, хэлцэл нь талуудаас шалтгаалахгүйгээр биелэгдэх боломжгүй болох, удаашрах зэрэг нөхцөл байдал бий болдог. Энэ нөхцөл байдлын улмаас талууд гэрээнээс татгалзах тухай асуудлыг хуульд тусгасан. Төслийн хэрэгжилт удсантай холбоотойгоор Ц.Б Д.М-д “төсөл удаж байгаа учраас гэрээгээ цуцалъя, албан ёсоор гэрээ цуцлах тухай хүсэлтээ өгчих” гэж маш олон удаа хэлсэн болох нь хэрэгт авагдсан хэд хэдэн баримтуудаар нотлогдсон. Харин Д.М нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Ц.Б-той байгуулсан гэрээгээ цуцлах, мөнгөө буцааж авах тухай хүсэлтийг ямар нэгэн байдлаар гаргаж байгаагүй ба 6 дугаар хавтаст хэргийн 90 дэх талд авагдсан мэдүүлэгт “миний зүгээс цагдаад мэдэгдсэн зүйл байхгүй, намайг эцэг, эхээрээ далимдуулж цагдаад өгсөн гэж бодоод байх шиг байна” гэж тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, Д.М нь энэхүү маргааныг гомдол гаргах замаар эхлүүлээгүй бөгөөд 2021 оны 08 дугаар сард мөнгөө буцааж авах хүсэлтээ Ц.Б-д гаргасны дагуу Ц.Б 15,000,000 төгрөгийг буцаан өгч, “нотариатаар гэрчлүүлсэн гэрээ нь хүчин төгөлдөр байх тул хүсэлтээ бичгээр өгчихвөл манайх гэрээгээ цуцалж, үлдэгдэл төлбөрийг өгье” хэмээн талууд тохиролцсон байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу гарсан давж заалдах шатны шүүхийн Ц.Б-ыг цагаатгасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын зүгээс шүүхийн хуулийн хэрэглээний зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай, давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахгүйгээр алийг нь үнэлсэн, алийг нь үнэлээгүй талаараа дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн ямар үйлдэлд тулгуурлаж хохирогч өөрийн эд хөрөнгийг шилжүүлсэн талаар бодитой дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлүүдээр хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Ц.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, компанийн хувьцааг худалдах, компанийг эзэмших эрх шилжүүлэх, ажил бүтээх, ажил хөөцөлдөх, өндөр ашиг олох зэрэг зүйлсийг амлан, гэрээгээр халхавчлан хохирогч Д.М-өөс 100,000,000 төгрөг, Ё.П-аас 48,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг шилжүүлэн авахын тулд идэвхтэй үйлдэл хийж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэлгээг хохирогч талд төрүүлж, тухайн үйлдлийн үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч Ц.Б нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан 51 хувийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан тухай баримт, улсын бүртгэлд бүртгэгдсэн нэгж хувьцааны үнэ 1,000 төгрөг байсан талаарх баримт, тухайн компани нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш татварын тайлан гаргаж байгаагүй тухай баримт, тус компани нь огт үйл ажиллагаа явуулж байгаагүй талаар мэдүүлсэн компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн мэдүүлэг болон шүүгдэгч нь Д.М-өөс авсан 100,000,000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай баримт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг харьцуулан дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн. Харин давж заалдах шатны шүүх хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахдаа “... “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” нь хууль ёсны, Иргэний хуульд заасны дагуу байгуулагдсан байна. Гэрээний үүргийг биелүүлэх үүрэг нь хохирогч Д.М-д байсан. Д.М үүргээ биелүүлээгүй тул шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хангахгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн бол хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүрэгтэй.” гэж, 17 дугаар зүйлийн 17.4-т “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж тус тус заасан. Иймээс тухайн гэрээг Компанийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх магадлалдаа “залилах гэмт хэргийн субъектив санаа тогтоогдоогүй” гэж дүгнэсэн атлаа тус нөхцөл байдал нь хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруу хэрхэн үгүйсгэгдэж, эргэлзээ бүхий нөхцөл байдал нь ямар нотлох баримтаар тогтоогдсон талаар холбогдох нотлох баримтуудыг эш татаж дүгнээгүй. Хэдийгээр гэрээ Иргэний хуулийн дагуу байгуулагдсан боловч харилцан мэдээлэл солилцож, гэрээг дүгнэсний эцэст үүссэн эрсдэл байвал тус асуудлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг дүгнэн үзвэл, дээрх үйл ажиллагаа явагдсан болох нь тогтоогдоогүй, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу эрсдэлд орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн дүгнэлт гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтулгын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж, хохирогч Ё.П нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Хэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Б-ыг өөрийн 51 хувийн хувьцаа эзэмшдэг “Т” ХХК-ийг “О” ХХК-ийн талбайгаас гаргасан овоолго шороог ашиглан цэвэр зэс боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлнэ хэмээн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр компанийн 1 хувийн хувьцааг 100,000,000 төгрөгөөр үнэлж Д.М-д зарсан,
мөн Ё.П-гаас 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд нийт 48,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шатны шүүхүүд зөрүүгүй тогтоосон байна.
Харин шүүгдэгчийн дээрх үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ залилах гэмт хэргийн шинжтэй, эсхүл иргэний эрх зүйн харилцаа гэх зэргээр хоёр шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдэл гаргасан нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үндэслэл болов.
3.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдах гол шинж нь халхавч болсон гэрээ, хэлцлийг байгуулахдаа хуурч мэхлэх, итгэл эвдэх арга хэрэглэсэн, гэрээний нөгөө тал болох хохирогч уг гэрээ, хэлцлийг анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй нөхцөлд байгуулсан бол залилах гэмт хэрэг гэж үздэг нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт юм.
Хуурч мэхлэх гэдэг нь үгээр болон үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын харилцан итгэлцэлд үндэслэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын нэг хэлбэр болно.
Улсын Их Хурлаас 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үүсмэл ордыг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28-д зааснаар “үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг ойлгох бөгөөд эдгээрээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийг үүсмэл орд ашиглах гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Ц.Б нь “О” ХХК-ийн овоолго шорооноос зэс боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талаар хохирогч Д.М, түүний эцэг Ч.Д нартай харилцан мэдээлэл солилцож, холбогдох баримт материалтай танилцуулсны үндсэн дээр 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Т” ХХК-ийн 1 хувийн хувьцааг Д.М-д 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулжээ.
Тэрээр хаягдал овоолгыг ашиглан зэс боловсруулах үйлдвэр байгуулах төсөл боловсруулж, “О” ХХК-тай хамтарч ажиллахаар холбогдох төрийн захиргааны байгууллага, салбарын яам, Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага болон “О” ХХК, “Э О” ХХК-д хандаж удаа дараа хүсэлт гаргаж байснаас үзвэл уг төслийг ор үндэсгүй худал зүйл гэж үзэх боломжгүй байна.
Хохирогч Д.М, түүний эцэг Ч.Д нар хувьцаа худалдан авах гэрээ байгуулахаас өмнө хоёр удаагийн уулзалтаар зэс боловсруулах үйлдвэр барих төсөлтэй холбоотой шүүгдэгч Ц.Б-оос тодорхой мэдээлэл авч, баримт материалтай танилцсан болохоо гэрчлэн мэдүүлсэн бөгөөд энэ тохиолдолд “... цагаан сарын дараа гэрээ байгуулна, наадмаар үйлдвэрийн шав тавьж ажил эхэлнэ, ашиг хүртэнэ” гэсэн амлалт бодитой хэрэгжих, мөн үйлдвэр барих, үүсмэл орд ашиглах, бүтээгдэхүүнээ борлуулах, ашиг хүртэх зэрэг төслийн цаашдын ирээдүйг харж хувьцаа худалдан авах эсэх талаар шийдвэр гаргах нь хохирогчийн хүсэл зоригт хамаарна.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь компанийн хувьцаа худалдахдаа хохирогчийг хуурсан, төөрөгдүүлсэн, хохирогч Д.М компанид хувь эзэмшсэнээр гэрээ биелэгдэх, төсөл хэрэгжих эсэхийг мэдэх боломжгүй байдалд гэрээ байгуулж мөнгөө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ хэргийг залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлтэй байна.
4.Хохирогч Ё.П-г зэс боловсруулах үйлдвэр барих төсөл дээр хамтарч ажиллана гэж хуурч залилсан гэх хэргийн тухайд:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан, тэдний танилцуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр хэргийн болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Прокуророос энэ хэргийг хохирогч Ё.П, түүний эхнэр Ц.Д нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үндэслэн ялласан боловч тэдний мэдүүлгээр компанийн үйл ажиллагаанд зарцуулна, өр зээл төлнө гэх зэргээр бэлнээр болон дансаар, олон удаагийн давтамжтайгаар мөнгө шилжүүлж авсан үйл баримт тогтоогддог. Шүүгдэгчийн энэ үйлдэлд хуурч мэхлэх, итгэл эвдэх, төөрөгдүүлэх, зохиомол байдлыг зориуд бий болгох зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжүүд хангагдаагүй ба энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
5.Иймд магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж, хохирогч Ё.П нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1240 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж, хохирогч Ё.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ