Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0029

 

 

 

 

 

 

 

“Сэлэнгэхөх чоно” ХХК -ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, өмгөөлөгч Л.О, гуравдагч этгээд Д.Г, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн төлөөлөгч Ё.С-г нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/70 дугаартай захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 1-р сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамж нь “С” ХХК-ийн хоёр гишүүний өөрсдийн нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн “Б” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж тул Сэлэнгэ аймгийн Засаг дарга хуулийн дагуу гарсан захирамж гэж үзэж нэхэмжлэгч С.Б-д хариу өгсөн байгаа билээ. “С” ХХК 2011, 2015 оны хороонд 5 жил дараалан тариалалт эрхлээгүй, ашиглаагүй байсан. Тус атаршсан газрыг “Б” ХХК тариалангийн зориулалтаар ашиглан эргэлтэнд оруулж сумын эдийн засагт чухал хувь нэмрээ оруулж байгаа нь Алтанбулаг сумын Засаг даргын А/07 дугаартай захирамж гарсны үр дүн, шийдвэр гэж үзэж байна. С.Б нь манай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тамгын газарт өөрөө хүсэлт бичиж өгсөн учир эрх зөрчигдөөгүй гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09-р сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн төлөөлөгч Ё.С-ийн давж заалдах гомдолдоо: ”Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй байгаа бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд нэхэмжлэл гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

“С” ХХК нь 2011 оноос хойш тариалалт хийгээгүй, 2012 оноос хойш сумын тариалалт ургац хураалтын мэдээнд ороогүй болно гэсэн Алтанбулаг сумын ЗДТГ Хөдөө аж ахуйн тасгийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэсээс шүүхэд ирүүлсэн “С” ХХК-ийн газрын төлбөр төлсөн мэдээлэл байхгүй байна гэсэн баримтууд хэргийн материалд байгаа юм. Эдгээр баримтууд нь жил бүр тариалалт хийдэг гэж нэхэмжлэлдээ бичсэн нь үндэслэлгүй зүйл гэдгийг нотлох харуулж байна.

Прокурорын тогтоол гарахаас өмнө 2015 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр 17/11 тоот албан бичиг бичиж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Б-нд хандаж, манай компанийн 300 га газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн байгаа тул тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж гэж албан бичиг өгч байсан нь хэргийн материалд авагдсан байна. Прокурорын 2018 оны 3-р сарын 15-ны өдрийн 22 тоот тогтоолоос газар шилжүүлснийг олж мэдлээ гэсэн нь үндэслэлгүй болохыг 2017 онд өөрийн бичиж өгсөн дээрх баримт бичиг нотлолж байна. Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20-р зүйлийн 20.2.4-д заасан нэхэмжлэгч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж байна.

Нэхэмжлэгч С.Б нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа дээд шатны Засаг даргад хандахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03-р сарын 11-ний өдөр 02 дугаар тотоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах юм. Шүүх энэ тогтоолыг гаргахдаа Газрын тухай хуулийн 60-р зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь дээд шатны Засаг даргад гомдлоо гаргасан байх бөгөөд аймгийн Засаг дарга гомдлыг нь хангаагүй шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд дахин хандаж нэхэмжлэлээ гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж 31 дүгээр шийдвэр гаргасан юм. Нэхэмжлэгчийн гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь маш ойлгомжтой баримтаар нотлогдсон байна.

Манай “Б” ХХК нэхэмжлэлийг хуулийн үндэслэлгүй гэдэг талаар шүүхэд урьд өмнө нь дэлгэрэнгүй тайлбар гаргаж өгсөн байгаа билээ. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9-р сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хэвээр баталж өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...“С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Аптанбулаг суманд 515.28 га газар эзэмшдэг ... 2015 онд компанийн үйл ажиллагаа хэсэг доголдож эзэмшлийн талбайн тал хувийг бусдад түр хугацаагаар түрээслүүлж болно гэсэн зөвшөөрлийг захирал миний бие хувьцаа эзэмшигч Д.Г-д өгч байсан... Гэтэл Д.Г нь өөрт олгосон эрх хэмжээг дураараа хэтрүүлж, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараагүй байхад зарим хувьцаа эзэмшигчдэд огт мэдэгдэлгүй, компанийн тамга ашиглан хуурамч бичиг баримт үйлдэн, компанийн өмч хөрөнгийг Компанийн тухай хууль, Газрын тухай хууль, бүртгэлийн тухай хуулиудыг ноцтойгоор зөрчин бусдад хуйвалдааны шинжтэйгээр 300 га газрыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Алтанбулаг сумын Засаг дарга захирамж гарган шилжүүлсэн...” гэж, хариуцагчаас “...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Мойлт гуунд байрлах “С” ХХК-ийн эзэмшлийн 495 га тариалангийн газрын 300 га газрыг 2015 оны 01 дүгээр сард тус компанийг үүсгэн байгуулагч захирал Д.Г “Б” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх тухай хүсэлт бусад бичиг баримтыг бүрдүүлэн сумын Засаг даргад өргөдөл гаргаж байсан байна. Тухайн үеийн сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг Б ХХК-д шилжүүлэх тухай захирамж гарч 000308818 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Гэтэл “С” ХХК-ийг төлөөлж С.Б гэгч иргэн манай компанийн газрыг хууль бусаар шилжүүллээ гэж гомдол гаргуулж шалгуулсан. Шалгалтаар хууль бус үйлдэл хийгээгүй нь нотлогдсон...” гэж тайлбарлан шүүхэд маргажээ.

Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжаар “С” ХХК-ийн эзэмшлийн Мойлт гуунд байрлах газар тариалангийн 495.8 га, 19.48 га талбайн 300 га газрыг “Б” ХХК-д газар тариалангийн зориулалтаар 20 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмшигч нь хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй. Ингэхдээ талууд хүсэлт гаргах, хүсэлтэд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээдийн зөвшөөрсөн тухай нотолгоо, хураамж төлсөн баримт зэргийг хавсаргахаар заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар захирамжаар “С” ХХК-д тус сумын Мойлт гуу гэх газарт “газар тариалангийн” зориулалтаар 515.28 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Улмаар “С” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.Б-гийн 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “... эзэмшлийн 515.28 га талбайн 50 хувь талбайг “С” ХХК-ийн гишүүн Д.Г эзэмшдэг ба түүнд эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлт, мөн “С” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Г-ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “... Компанийн эзэмшлийн 515 га газраас 300 га газрын “Б” ХХК-д эзэмших эрхийг шилжүүлэв” гэх газар шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас 300 га газрыг “Б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчөөгүй байх бөгөөд ийнхүү газар шилжүүлэн эзэмшүүлэхэд гаргасан дээрх хүсэлтүүд нь нотариатчаар гэрчлүүлсэн, мөн Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 22 дугаар тогтоолоор хариуцагч Алтанбулаг сумын Засаг дарга нь 300 га газрыг хуурамч бичиг баримт үйлдэж бусдад шилжүүлсэн нь тогтоогдоогүй зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Тиймээс нэхэмжлэгчийн “... Д.Г нь өөрт олгосон эрх хэмжээг дураараа хэтрүүлж, хуурамч бичиг баримт үйлдэн, компанийн өмч хөрөнгийг бусдад хуйвалдааны шинжтэйгээр 300 га газрыг шилжүүлсэн...” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийг хэрэгжүүлж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулсан хэдий ч “... компанийн гишүүн Д.Г нь эрх зүйн байдлын хувьд “С” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн нэг мөн боловч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, мөн уг компанийн захирал биш...” гэж дүгнэн, маргаан бүхий захирааны актын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу нотлох баримтуудыг буруу үнэлж маргааныг шийдвэрлэсэн тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр “С” ХХК-ийн эзэмшлийн 515.28 га газраас 300 га газрыг “Б” ХХК-д шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан болох нь тогтоогдсон бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгож, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН