Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 621

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “М т” ХХК,  

Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар, 

Хариуцагч:  Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,   

Гуравдагч этгээд: “А и” ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийн Багц№1 “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн” нийлүүлэх байгууллагаар “А и” ХХК-ийг шалгаруулж тус компанитай гэрээ байгуулахыг зөвлөсөн зөвлөмжийг хүчингүй болгуулах, 

Нийслэлийн эрүүл мэндийн газар болон “А и” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-17/0003-20, 21, 22 дугаар гэрээний багц №21-д “Давс, ус, хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн нийлүүлэх НХААГ-17/0003-21 дугаартай 679.973.502 төгрөг” холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж , хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , Д.Х , гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.М , гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зарласан НХААГ-16******* дугаартай “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тухай” нээлттэй сонгон шалгаруулалт /тендерт/-д оролцож хамгийн сайн гэж үнэлэгдэн Нийслэлийн эрүүл мэндийн газартай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр НХААГ16/0141-21 тоот “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт”-ийн гэрээг байгуулсан билээ. 

Гэрээний 4-д “Нийлүүлэгч нь шалгарсан багцуудын эм, эмнэлгийн хэрэгслийг чанарын баталгаатайгаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны дотор нийлүүлж хүлээлгэж өгнө” гэж заасны дагуу талууд гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан, гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр үргэлжилж байгаа. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдээс ирүүлсэн захиалгын дагуу давс, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэнүүдийг нийлүүлж байна. Манай компаний нийлүүлж буй бүтээгдэхүүний талаар танай газар болон танай харьяа эмнэлгүүдээс гомдол санал ирүүлээгүй болно. 

Дээр дурдсан 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль зөрчсөн хэмээн тус тендерт оролцогч “А и” ХХК Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор уг тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг тогтоож эцэслэн шийдвэрлэсэн. 

Гэтэл хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдөр өөрийн www.ub-prоcurement.mn цахим хуудастаа 2017 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендер зарлахдаа хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газартай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай компанийн байгуулсан НХААГ16/0141-21 тоот “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт”-ийн гэрээний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал нийлүүлэх “Давс, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-тэй ижил багц бүхий сонгон шалгаруулалт /тендер/-ыг давхардуулан зарлаж 2017 оны 03 дугаар сарын 17-ны тус тендерийн ажиллагаагаа нээсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. 

Учир нь манай компани Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 онд зарласан НХААГ-16******* дугаартай “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тухай” нээлттэй сонгон шалгаруулалт /тендерт/-т оролцож хамгийн сайн гэж үнэлэгдэж гэрээ байгуулсан мөн тус тендерт орохдоо “Э Ш ” ХХК-тай хамтран оролцсон бөгөөд тус компани нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хэрэгцээт дуслын шингэнийг тасралтгүй нийлүүлэх зорилгоор манай компаний шаардсан шаардлагын дагуу дуслын шингэн үйлдвэрлэх бүх төрлийн түүхий эдээ 2017 оны 4 дүгээр сард бүрэн худалдан авч Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа болно. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын гаргаж буй энэ хайхрамжгүй үйлдлээс шалтгаалж ганц манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд зогсохгүй “Э Ш ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол давхар хөндөгдөж байна. 

Хариуцагч байгууллагуудын зарласан тендертэй холбоотой асуудал манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул яагаад манай компанийн нийлүүлж буй бүтээгдэхүүнтэй давхардуулан дахин тендер зарлаж байгааг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тодруулахад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/127 дугаар албан тоотоор “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2017 оны хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл төсөл, арга хэмжээ нь захиалагч байгууллага болох Нийслэлийн эрүүл мэндийн газраас манай газарт эрх шилжиж ирсний дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Иймд захиалагчийн хяналт болон түүнтэй холбоотой асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандана уу” гэх хариу ирүүлсэн юм.

Иймээс манай компани 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/344 дугаар албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/393 дугаар албан бичиг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/559 дүгээр албан бичгээр хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандсан боловч өнөөдрийг хүртэл ямарваа нэгэн хариу ирээгүй байна. 

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарласан төндер шалгаруулалтын Давс ус хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760,546,700 төгрөгийн үнэ бүхий тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , Э.Одонтунгалаг нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... М т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Давс, ус хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн НХААГ-17/0003-21 дугаартай 760.546.700 төгрөгийн тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гардан авч дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь манай байгууллагад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/40 дугаартай “Тендерийн тухай” албан бичгийг ирүүлсэн ба албан бичгийн хавсралтаар нийт 33 багц ажлыг ирүүлсэн байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/07 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар батлагдсаны дагуу худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажилласан. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын 2017 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарлаж 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тендерийн нээлт хийсэн. Үнэлгээ хийгдэж дууссаны дараа захиалагч Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зөвлөмжийг хүргүүлсэн. 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/40 дугаартай “Тендерийн тухай” албан бичгийг үндэслэн тендер шалгаруулалтыг зохион байгуулсан тул М т ХХК-ийн “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Давс, ус хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн НХААГ-17/0003-21 дугаартай 760.546.700 төгрөгийн тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

“М т” ХХК, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан НХААГ 16/0141-21 дугаартай “Эм эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт” гэх гэрээ нь манай байгууллагад хамааралгүй тул “М т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Давс, ус хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн НХААГ-17/0003-21 дугаартай 760.546.700 төгрөгийн тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гурав. Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“... Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь “М т” ХХК-тай Багц-21 /Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэнүүд/-д 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-16/0141-21/ гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний 11 дүгээр зүйлд “Нийлүүлэгч нь дараа оны тендер шалгаруулалтын гэрээ байгуулах хүртэлх хугацаанд энэ тендерийн үнээр эм, барааг нийлүүлнэ” гэж заасны дагуу 2017 онд хэрэглэх эмийн захиалгыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж сонгон шалгаруулалтыг явуулсан.

“М т” ХХК нь “Э Ш ” ХХК-д үйлдвэрлэж буй шингэн эмүүдийг нийлүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн боловч нийлүүлж буй шингэнүүд нь шаардлага хангахгүй байгаа талаар тус газрын харьяа байгууллагуудаас удаа дараа гомдол санал ирж байгаа тул гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. 

Мөн тус гэрээний ерөнхий нөхцөлийн 25 дугаар зүйл “Захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлах” хэсгийн 25.1 дэх заалтад “Захиалагч шаардлагатай тохиолдолд нийлүүлэгчид бичгээр мэдэгдэж гэрээг хэдийд ч бүхэлд нь цуцлах эрхтэй” тухай гэж заасан байдаг. 

Гэрээний тусгай нөхцөлийн Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцлах “Нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгсэл нь хугацаандаа нийлүүлэгдээгүй, захиалагчийн техникийн тодорхойлолтод зааснаас зөрөх, чанарын шаардлага хангахгүй, хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлсөн нөхцөлд гэрээг цуцална” гэж заасны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар хууль, дүрэм, гэрээний нөхцөлийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна” гэжээ. 

Дөрөв: Гуравдагч этгээд “А и” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М т” ХХК-ийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэх гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760,546,700 төгрөгийн үнэ бүхий тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаж, дараахь хариу тайлбарыг хүргүүлж байна.

Тендер шалгаруулалтын ажиллагаанд гомдол, нэхэмжлэл гаргахтай холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар нарийвчилж зохицуулсан бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Захиалагчийн хууль тогтоомж зөрчсөн гэх захиргааны актын талаар тендерт оролцогч эхлээд хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргах эрхтэй болно.

Гэхдээ уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зөвхөн тендерт оролцогч гомдол гаргахаар заасан ба 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын ажиллагаанд “М т” ХХК оролцоогүй тул тендерт оролцогч биш этгээд гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзнэ. 

Тодруулбал нэхэмжлэгч “М т” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан тендерт оролцогчид хамаарахгүй тул маргаж буй тендер шалгаруулалтын ажиллагаатай холбоотой гомдол гаргах эрхгүй бөгөөд ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй болно. 

“М т” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газарт гаргаж өгсөн албан бичиг /гомдол/-ээс үзэхэд давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэх гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760,546,700 төгрөгийн үнэ бүхий тендер шалгаруулалтыг зарласныг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн талаар дурдсан боловч 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр буюу уг захиргааны актыг мэдсэнээс хойш 3 сар 17 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. 

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-т заасныг тус тус үндэслэн “М т” ХХК-ийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэх гэх нэр бүхий НХААГ-17/0003-21 дугаартай 760,546,700 төгрөгийн үнэ бүхий тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М т” ХХК нь шүүхэд “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21” дугаар багцын 760.546.700 төгрөгийн үнэ бүхий тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгуулах” шаардлага гаргасныг шүүх хуралдааны явцад “Нэгэнт дээрх тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа явагдаж дуусаад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зөвлөмж хүргүүлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь гуравдагч этгээд “А и” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан тул зөвлөмж болон гэрээнд тусгагдсан “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21” дугаар багцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэв. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т ”Тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгохоор заасан учир шүүх нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Мөн дээрх тендер шалгаруулалтын улмаас нэхэмжлэгч “М т” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчтай байгуулсан 21 дүгээр багц буюу  Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэнийг гэрээний дагуу биелүүлэх боломжгүй болж, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй тул Гэрээний ерөнхий нөхцөлд тусгагдсан “Маргаан шийдвэрлэх” хэсгийн 26.1-д зааснаар хариуцагч байгууллагууд руу удаа дараа албан бичиг хүргүүлж хариуг авсан байх бөгөөд 26.2-т заасны дагуу шүүхэд хандсан нь нотлогдож байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч уг тендер сонгон шалгаруулалтад оролцоогүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. 

Нэхэмжлэгч “М т” ХХК өмнө нь “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тухай” нээлттэй сонгон шалгаруулалт /тендерт/-д оролцож хамгийн сайн гэж үнэлэгдэн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр НХААГ16/0141-21 дүгээр багцын “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт”-ийн гэрээг Нийслэлийн эрүүл мэндийн газартай байгуулсан бөгөөд тус тендерт оролцогч “А и” ХХК нь уг тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль зөрчсөн хэмээн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал гарч улмаар Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор уг тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг тогтоож эцэслэн шийдвэрлэснийг дурдаж байна. 

Тухайн захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М т” ХХК-ний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг түдгэлзүүлээгүй бөгөөд гэрээнд заасны дагуу үйл ажиллагааг нэхэмжлэгч явуулж байсан. 

Гэрээний хэрэгжилтийн явцад Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 344 тоот “Дэмжлэг хүсэх тухай”, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 200 тоот албан бичгүүдээр “М т” ХХК-ийн бүтээгдэхүүний чанарын талаарх гомдлыг хүргүүлсэн ба үүний дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас “М т” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1021 дугаар бүхий “...шуурхай арга хэмжээ авч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нэн даруй эргэн мэдэгдэхийг анхааруулж байна. ...тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамрагдах үндэслэл болохыг анхаарна уу” гэсэн албан бичгийг хүргүүлж байжээ. 

Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/1217 тоот албан бичгээр “...Харьяа эрүүл мэндийн байгууллагууд тендерт шалгарсан “М т” ХХК-иас дээрх багцын шингэнүүдийг авч эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж байна. Энэ хугацаанд дээрх багцын дуслын шингэнтэй холбоотой ноцтой алдаа, дутагдал гарч байгаагүй болно” гэсэн албан бичгийг хүргүүлсэн нь бүтээгдэхүүний чанарт гарсан гомдол, алдаа дутагдлыг нэхэмжлэгч байгууллага зассан, гэрээ цаашид хэвийн байдлаар үргэлжилж байсан гэж үзэх боломжтой болно. 

Гэвч Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/40 тоот албан бичгээр тус газрын харьяа байгууллагуудын 2017 онд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг ... хуулийн холбогдох заалтуудын дагуу зохион байгуулах хүсэлтийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, захиалгын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, журамд зааснаар тендер сонгон шалгаруулах ажиллагаа явагджээ. 

Улмаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 02/388 тоот албан бичгээр Үнэлгээний хорооны зөвлөмж Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргэгдэн, маргаан бүхий багц дээр шалгарсан “А и” ХХК-д гэрээ байгуулах эрх олгогдож, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газар, “А и” ХХК-иудын хооронд “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-17/0003-20, 21, 22”-ийн гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Энэхүү гэрээ нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдэд “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн” гэх бүтээгдэхүүнийг 2016 оны гэрээний дагуу нийлүүлж байсан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг дараах байдлаар ноцтой зөрчсөн байна. 

Нэг. Нэхэмжлэгч “М т” ХХК-тай Нийслэлийн эрүүл мэндийн газрын эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээний хугацаа нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ноос 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... гэрээний 11 дүгээр зүйлд нийлүүлэгч нь дараа оны тендер шалгаруулалтын гэрээ байгуулах хүртэлх хугацаанд энэ тендерийн үнээр эм, барааг нийлүүлнэ гэж заасан учир дараа оны гэрээ байгуулснаар өмнөх гэрээ дуусгавар болно” гэж тайлбарлаж байгаа нь гэрээ дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд үнийн байдал зохицуулсан заалт учир шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Мөн гэрээний 5 дугаар зүйлд гэрээний дагалдах баримт бичгүүдийг тодорхой заасан. Үүнд гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүдийг дурджээ. 

Хэдийгээр захиалагч талын санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй боловч гэрээний ерөнхий нөхцөлийн 22 дугаар зүйл Үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцлах, 25 дугаар зүйлд Захиалагчийн шаардлагаар гэрээг цуцлах нөхцөл байдлууд үүсээгүй байжээ. 

Гэрээний 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч шаардлагатай тохиолдолд нийлүүлэгчид бичгээр мэдэгдэж гэрээг хэдийд ч бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцлах эрхтэй, Захиалагч мэдэгдэлдээ өөрийн шаардлагаар гэрээг цуцлах болсныг болон гэрээний аль хэсгийг, хэзээнээс цуцалж буйн заавал дурдана” гэж заасан боловч гэрээ цуцлах болсонтой холбоотой албан бичиг, мэдэгдлийг “М т” ХХК-д хүргүүлсэн талаар нотлох баримт байхгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлох, санал, тайлбарыг сонсох боломжоор хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлэх” заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ. 

Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газар нь “М т” ХХК-ийн нийлүүлж байгаа бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт тавьж, гэрээний биелэлтийг дүгнээгүй атал гэрээ цуцлах болон үргэлжлүүлэх боломжгүй талаар албан ёсоор мэдэгдээгүй байна.

Хоёр. Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2017 оны 4 дүгээр сард Нийслэлийн эрүүл мэндийн газарт Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Баянгол, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн албан бичгүүд нь хариуцагч байгууллагаас тендер сонгон шалгаруулах захиалга хүргүүлсний дараа ирүүлсэн гэрээ цуцлах болон дахин тендер сонгон шалгаруулах үндэслэл болохгүй бөгөөд “М т” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний сав баглаа боодлын талаар болон гэрээт байгууллагаас бүтээгдэхүүн аваагүй, “А и” ХХК-иас худалдан авалт хийж байгаа талаар дурьджээ. 

Энэ нь Гэрээний ерөнхий нөхцөлийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “Ямар ч тохиолдолд гэрээний үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах; 46.1.6-д “бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих; 46.1.7-д хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх” зэрэг хууль, гэрээнд заасан чиг үүргийг төрийн захиргааны байгууллага болох Нийслэлийн эрүүл мэндийн газар биелүүлээгүй төдийгүй харьяа эмнэлгүүдийн төсөв, түүний зарцуулалтанд болон хүний эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний худалдан авалтад хяналт тавьж ажиллаагүйгээс гэрээ байгуулаагүй дурын аж ахуйн нэгжээс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, улсын төсвийг дураар зарцуулах нөхцөл байдал үүсчээ. 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулсан тендер шалгаруулалтад оролцож “хамгийн сайн” үнэлгээ авч гэрээ байгуулсан “М т” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах “өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчим алдагдсан гэж үзэхээр байна. 

Иймд нэхэмжлэгч “М т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21” дугаар багцын 760.546.700 төгрөгийн үнэ бүхий тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа буюу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/476 тоот “Гэрээ байгуулах тухай” албан бичиг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, “А и” ХХК-тай байгуулсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-17/0003-20,21,22” гэрээ зэрэг захиргааны актуудын “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21” дугаар багцад холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.6, 46.1.7-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “М т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21” дугаар багцын 760.546.700 төгрөгийн үнэ бүхий тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа буюу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/476 тоот “Гэрээ байгуулах тухай” албан бичиг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, “А и” ХХК-тай байгуулсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт НХААГ-17/0003-20,21,22” гэрээ зэрэг захиргааны актуудын “Давс ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх шингэн гэх нэр бүхий НХААГ-17/0003-21” дугаар багцад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “М т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА