Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1541

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Ариунбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6  дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04529 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Ариунбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Мандухайд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 420 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Боргил,

Хариуцагч: Т.Мандухай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Боргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 10 дугаар сард Т.Мандухайд 5 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй байгаа. Хариуцагч Т.Мандухай нь 2014 оны 9 дүгээр сард багтаан төлнө гэсэн баталгаа гаргаж өгсөн. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 17, 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр мөнгө өгөх талаар 99101562 гэсэн дугаараас мессеж бичсэн. Т.Мандухайгаас 5 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч 580 000 төгрөгийг дансаар өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 420 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие  Ш.Ариунбатаас 2011 оны 10 дугаар сард 5 000 000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед мөнгө зээлэхэд бичгээр гэрээ хийгээгүй бөгөөд хүү, алдангийн талаар ярилцаагүй болно. 2011 оны 10 дугаар сараас эхлэн Ш.Ариунбатын хувийн дансруу cap бүр 250 000 төгрөгийг төлж байсан ба 2011 оны 10 дугаар сараас 12 дугаар cap хүртэл 500 000 төгрөг, 2012 оны 1 дүгээр сарын 12-ныг дуустал 3 000 000 төгрөг, 2012 оны 9, 10, 11 дүгээр сарын мөнгийг БНСУ-д байхдаа өөртэй нь таарч төлсөн. Мөн 2013 ондоо Ш.Ариунбатад бэлнээр 4-5 сарын мөнгө буюу     1 000 000 төгрөг төлсөн. 2015 оны 12 дугаар сард 250 000 төгрөг дансаар төлсөн. Нийт Ш.Ариунбатад 5 250 000 төгрөг төлсөн. Иймд миний зүгээс Ш.Ариунбатаас зээлсэн 5 000 000 төгрөгийг бүрэн төлсөн тул өр төлбөрийн асуудал байхгүй болно гэжээ.

                                    

               Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Түвшинсайханы Мандухайгаас 4 420 000 төгрөг гаргуулж Шагдарын Ариунбатад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мандухайгаас 115 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.Ариунбатаас 2011 оны 11 сард 5 000 000 төгрөгийг зээлж авахдаа  би өөрийн нөхөр байсан Л.Өлзийбилэгийн хамт очиж Л.Өлзийбилэгт авч өгсөн. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй бөгөөд анхан шатны шүүхэд нөхөр Л.Өлзийбилэгийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Надаас 4 420 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч зөвхөн надад зээлсэн мэтээр ярьж байгаа боловч Л.Өлзийбилэг нь энэ талаар өөрөө мэдэж байгаа бөгөөд хамт очиж авсан байхад анхан шатны шүүх энэ талаар харгалзаж үзээгүй. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Ариунбат нь хариуцагч Т.Мандухайд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, 4 420 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг тухайлан хуулиар заагаагүй боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг аман хэлцлийн хүрээнд байгуулах боломжтой. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

            Нэхэмжлэгч Ш.Ариунбатын зээлдүүлсэн 5 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар хариуцагч Т.Мандухай маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж  зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Т.Мандухай нь 5 000 000 төгрөгийг төлж барагдуулсан гэж маргаж байгаа боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлд хамаарах уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй болно.

 

Хариуцагч нь зээлийг буцааж төлсөн болохоо баримтаар нотолж чадаагүй боловч нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг 580 000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүрэг 4 420 000 төгрөг үлдсэн талаар тайлбарласан байх тул анхан шатны шүүх хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

 

Л.Өлзийбилэгийг хамтран хариуцагчаар оролцуулаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн нэгэн этгээдийг хамтран хариуцагч оролцуулах нь нэхэмжлэгчийн эрх тул анхан шатны шүүх хамтран хариуцагч оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлтэй.

           

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04529 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА   

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ