Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00277

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би, Сэлэнгэ аймгийн Аудитын газрын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Т.Лхагважавт холбогдох бэлэн мөнгө гаргасны шимтгэлд үндэслэлгүйгээр суутгуулсан 1,000,000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

                                             Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...  Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 2015 оны бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн дарга, тэргүүлэх аудитор Ч.Энхтуяагийн баталсан хуваарийн дагуу тус цэцэрлэгийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Санхүүгийн тайлангийн аудит хийсэн. Уг аудитаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Лхагважав нь зөөлөн эдлэлийг сольж сайжруулах, угааж ариутгах тоног төхөөрөмж худалдан авахад зориулж Сангийн яамнаас олгосон 20,000.0 мянган /хорин сая/ төгрөгийг оны эцэст бэлнээр авч зарцуулах зорилгоор хуурамч нэхэмжлэх бүрдүүлэн “Тайлжийн нуруу” ХХК-ий харилцах дансанд шилжүүлэн бэлэн мөнгө гаргасны шимтгэлд 1,000.0 мянган / нэг сая /төгрөгийг үндэслэлгүйгээр суутгуулсан зөрчил илэрсэн. Энэ нь МУ-ын Төсвийн тухай хуулийн 16.5.5, 41.2.2, Сангийн сайдын 2012 оны 276-р тушаалаар баталсан “Төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 3.1, 3.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул холбогдох албан тушаалтнаар нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоож, биелэлтийг Түнхэл тосгоны цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Ариунжаргалд хариуцуулсан боловч өнөөдрийг хуртэл биелүүлээгүй байна. Иймд тухайн актын төлбөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг Цэцэрлэгийн эрхлэгч Т.Лхагважаваар нөхөр төлүүлж актын биелэлтийг  хангуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Төгөлхөн цэцэрлэгийн эрхлэгч Т.Лхагважав шүүхэд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Аудитын газрын нэхэмжилсэн МУ-ын төсвийн тухай хуулийн 16.5.5, 41.2.2, Сангийн сайдын 2012 оны 276-р тушаалаар баталсан “Төсөвт байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 3.1, 3.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн нөхөн төлбөрийн акт болох 1,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл бүрэн төлж барагдуулах болно гэжээ. 

                                               Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Төгөлхөн цэцэрлэгийн эрхлэгч Т.Лхагважав нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Төгөлхөн цэцэрлэгийн эрхлэгч Т.Лхагважав төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ.