| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0780/Э |
| Дугаар | 785 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 785
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Ц.Хулан,
өсвөр насны шүүгдэгч О.Н, түүний хууль ёсны төлөөлөгч М.Оюунцэцэг, өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Халх овогт Оюунцэцэгийн О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911020780957 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн 12а ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоот 9-331 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Оюунцэцэгийн О.Н /РД: УЦ02221177/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Өсвөр насны яллагдагч О.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч О.Н нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны орой Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Мөнх-Эрдэнэтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 3 удаа, хөлөөрөө 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх, тархины хаван, дух, хамар, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч А.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өрхийн эмнэлэгийн хажуугийн буланд 3 үл таних хүн зогсож байснаа "хөөш та хоёр хүрээд ир" гэхээр нь Цэлмүүн бид хоёр очсон чинь Бамбуу гэх залуу миний зүүн талын хацар, хамар хэсэгт 1 удаа гараараа цохихоор нь би Бамбуу гэх залууг заамдаж аваад... нэг гар орж ирээд миний нүүрэн тус газар 2 удаа цохисон бөгөөд би тухайн үед Бамбуу гэх залуу намайг цохисон гэж бодсон... миний санаж байгаагаар Бамбуу гэх залуу намайг 3 удаа цохисон байх би өөр юм санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-15х/,
Насанд хүрээгүй гэрч Б.Цэлмүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Мөнх-Эрдэнэтэй таарсан юм тухайн үед бид хоёр буцаад манай гэррүү явж байх үед Өрхийн эмнэлэгийн гадна Золбаяр, О.Н 2 зогсож байснаа бид хоёрыг "хөөе нааш ир" гэхээр нь бид хоёр очсон чинь О.Н Золбаярыг өмөөрөөд Мөнх-Эрдэнэд хандаж "чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм" гэж хэлээд хацар хэсэгт нь цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
гэрч Б.Цэнгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цэлмүүн, Мөнх-Эрдэнэ хоёр явж байгаад О.Н, Золбаяр хоёртой уулзаад зогсож байснаа О.Н миний дүү, Мөнх-Эрдэнэ хоёрын аль нэгийг нь цохихоор нь би Өрхийн эмнэлгийн гадаа явж очоод Цэлмүүнийг гэрт нь оруулчихаад юу байгаа талаар тодруулахад О.Н "танай дүү бол хамаагүй юм байна уучлаарай" гэж хэлээд Мөнх-Эрдэнийг 3 удаа нүүрэн тус газарт нь цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-29х/,
Насанд хүрээгүй гэрч Н.Мөнхнарангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...дээрээс харж байх үед 1 удаа цохисон, харин зодоон дуусах үед Мөнх-Эрдэний хөмсөг хэсгээс нь цус гарсан байдалтай, ухаан санаа нь эрүүл байсан... Мөнх-Эрдэнийг О.Н л зодсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-32х/,
ШШҮХ-ийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 9459 дугаартай шинжээчийн: "...А.Мөнх-Эрдэнийн биед баруун хөмсөгний шарх, тархины хаван, дух, хамар, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэп нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..." гэх дүгнэлт /хх-ийн 40х/,
Өсвөр насны шүүгдэгч О.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-49х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч О.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Мөнх-Эрдэнэд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч О.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан, хувийн байдал, ар гэрийнх нь байдал зэргийг харгалзан цаашид засарч хүмүүжих боломжтой гэж үзэн түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Халх овогт Оюунцэцэгийн О.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч О.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх М.Оюунцэцэгт, хяналт тавихыг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч О.Нд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ