| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0611/э |
| Дугаар | 802 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 802
2019 09 09 2019/ШЦТ/802
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
улсын яллагч: С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч: Ө.Ням-Өлзий, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өлзийбаясгалангийн Ням-Өлзийд холбогдох эрүүгийн 1909009170900 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дугаар сарын 09-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумийн 4 дүгээр баг Хошууд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 203 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тунцэх хэмжээний буву 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолоор 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүрэн эдэлж дууссан, ЖВ94082913 регистерийн дугаартай, Сартуул овогт Өлзийбаясгалангийн Ням-Өлзий.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ө.Ням-Өлзий нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-669 тоот нийтийн байранд агаар шүүгч унтраасан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож, хохирогч Э.Үүрцайхын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ням-Өлзий мэдүүлэхдээ: Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Үүрцайх /хх-ийн 22/, гэрч Б.Өлзийтөгс /хх-ийн 24-26/ нарын мэдүүлэг, Ө.Ням-Өлзийгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2430 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/, Ө.Ням-Өлзийгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-53, 59-74/, Э.Үүрцайхын хүсэлт /хх-ийн 75/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Ням-Өлзий нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27 дугаар гудамжны 669 тоот нийтийн байранд агаар шүүгч унтраасан гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож, хохирогч Э.Үүрцайхын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Үүрцайхын мэдүүлсэн /хх-ийн 22/: “... 2019 оны 02 дугаар сарын 14-ний оройн 19 цагийн үед гэртээ зурагтаа үзэж байгаад агаар шүүгч удаан асаатай байсан болохоор очоод унтраасан. Хажуу айлын эрэгтэй, эмэгтэй хоёр манайх хоолоо хийж байна гээд орлиод байхаар нь би буцаагаад асаасан. 15 минутын дараа буцаагаад унтраасан чинь хаалга онгойлгоод “хоол ундаа хийж байхад” гээд хэлэхээр нь “юун сүртэй юм, зүгээр хэлчихэж болдоггүй юм уу” гээд хэлтэл “түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ” гээд нөхөр нь намайг түлхэж унагаахаар нь би босож ирээд нөхрийг нь алгадсан. Хажуунаас эхнэр нь үсдээд авахаар нь би хувцаснаас нь зуурч авсан чинь нөхөр нь “чи муу одоо эхнэр яагаад байнаа” гээд миний зүүн талын гуя руу өшиглөөд баруун талын хацар руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон чинь би газарт унасан. Би босож ирээд “та нар яагаад жирэмсэн хүнийг зодож байгаа юм” гээд нөхөрийг нь алгадсан чинь намайг дахиад түлхээд унагаасан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Өлзийтөгсийн мэдүүлсэн /хх-ийн 24/: “... 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хамтран амьдрагч Ө.Ням-Өлзийгийн хамт ажлаа тараад 19 цагийн орчим өөрсдийн амьдарч байсан нийтийн байр болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах гэртээ ирээд хоол хийж идэхээр агааржуулагч ажлуулсан. Гэтэл хажуу өрөөний Үүрцайх гэх эмэгтэй “агааржуулагчаа унтраагаач, хүүхэд ханиалгаад байна” гэж хэлсэн. Бид нар “хоолоо хийж идэх гэж байна” гэж хэлсэн чинь намайг “чи муу пизда юу гэнээ” гээд алгадсан. Ням-Өлзий түүнийг уурлаад түлхээд унагаасан...” гэх мэдүүлгээр,
Э.Үүрцайхын биед “баруун нүдний доод зовхины цус хуралт, умайн булчингийн чангарал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2430 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 30/,
шинжээч эмч Т.Амартүвшиний мэдүүлсэн /хх-ийн 37/: “... дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Э.Үүрцайхын биед учирсан умайн чангарал гэмтэл нь цохилт, доргилтын улмаас үүсэх боломжтой” гэх мэдүүлгээр болон зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ө.Ням-Өлзийгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ө.Ням-Өлзийгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Үүрцайхын “...одоо надад гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 75 дугаар хуудаст авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ө.Ням-Өлзийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 260 (хоёр зуун жаран) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Өлзийбаясгалангийн Ням-Өлзийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ням-Өлзийг 260 (хоёр зуун жаран) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ням-Өлзийд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгчдэгч Ө.Ням-Өлзий нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ө.Ням-Өлзий нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ням-Өлзийд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ