| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00111/И |
| Дугаар | 210/МА2026/00019 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00019
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/08561 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******тай 2021 оны 10 сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байрлах 460.8 м.кв талбайтай, 5245 м.кв талбай бүхий газартай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 70,000,000 төгрөгт тооцон худалдахаар харилцан тохиролцсон.
50,000,000 төгрөгийг бэлнээр авч, 20,000,000 төгрөгт *******гийн өмчлөлийн ******* дүүрэг ******* байрлах 18 м.кв талбай бүхий гараажийг авахаар тохиролцсон.
******* үл хөдлөх эд хөрөнгө болон газраа бүрэн шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. ******* худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 50,000,000 төгрөгөө шилжүүлсэн боловч 20,000,000 төгрөгт тооцон өгөхөөр тохиролцсон *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* байрлах 18 м.кв талбай бүхий гараажийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. ******* гарааж худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзсан хариу өгсөн. Тухайн гараажийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2006 онд дууссан ба уг гараажид Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Барилга, хот төлөвлөлтийн газраас хаяг авсны дараа дахин мэдүүлэг гаргана уу гэсэн хариуг өгсөн.
******* ******* банк дахь ******* тоот данснаасаа *******-ийн мөн банк дахь ******* тоот дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлж гүйлгээний утгад ******* газрын төлбөрт гэж бичсэн нь Эмээлт дахь үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр худалдан авсныг нотолно.
Түүнчлэн ******* 2021 оны 09 сарын 13-ны өдөр *******-д хандаж Танай компанийн ******* дүүргийн 32 дугаар хороонд байршилтай, 0.52 га газар бүхий аж ахуйн зориулалттай объектыг 50,000,000 төгрөг шилжүүлж, ******* дүүргийн ******* хороонд байршилтай, 18 м.кв талбай бүхий гараажийг өгч тооцоо дуусгахыг санал болгож байна гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн нь эмээлт дахь үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр худалдан авсныг нотолно.
Иргэний хуулийн 232, 243, 244, 249 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг үндэслэн *******, ******* нараас 18 м.кв талбай бүхий гараажийг *******-д худалдахаар харилцан тохиролцсон боловч өмчлөх эрх нь шилжүүлээгүй тул уг гарааж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гараажийн үнэ 20,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг *******, ******* нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Иймд *******, ******* нараас нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
*******, ******* 2021 оны 09 сарын 13-ны өдөр *******-д хандаж хамтран ажиллах хүсэлт гаргаж тус компанийн эзэмшилд байгаа ******* дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 0.52 га аж ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг объектын хамт 70,000,000 төгрөгөөр үнэлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авах саналыг хүргүүлснийг тус компани хүлээн зөвшөөрсөн тул холбогдох хуулийн дагуу гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон. Иймд бид 2021 оны 10 сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээний 3.3-т гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байх ба миний бие гэрээг ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст цаг алдалгүй бүртгүүлж газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гарган 2021 оны 12 сарын 28-ны өдөр засаг даргын захирамж гарч 60 хоногт багтаан газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.
******* дээр дурдсан гэрээг надтай байгуулснаас хойш 7 сар, 19 хоногийн дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан болох нь ******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 10-5/403 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр нотлогдож байна. Тухайн гэрээг бүртгүүлсэн эсэх талаар мэдээлэлгүй байсан ба 2024 оны 08 сард ******* дугаарын утаснаас над руу залгаж бүртгэлийн байгууллага танайтай байгуулсан гэрээг бүртгэхгүй байна, мөнгөө авъя, луйварчин гэх мэтээр доромжлох болсон. *******-тай 2021 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 20,000,000 төгрөгийг *******-ийн дансанд хэдийд ч шилжүүлэх боломжтой.
Алданги 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн гараажийг бусдад түрээслэн амьжиргаагаа залгуулах нэгэн эх үүсвэр болгон ашиглаж ирсэн бөгөөд *******-д хүлээлгэн өгсөн 2021 оны 10 сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэхүү эрхээ эдлэх боломжгүй байсан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс олох байсан орлого 19,200,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй.
Мөн гараажийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
2025 оны 10 сарын 13-ны өдөр тус шүүхийн шүүгч зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 3 заалттай хэргийг хянан шийдвэрлэсэн захирамж гаргасан боловч тухайн хэргийн үндсэн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг ******* үрэгдүүлж гээгдүүлсэнтэй холбоотойгоор аливаа шийдвэр гаргалгүй орхигдуулсан.
******* үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үрэгдүүлсэн нь нотлогдож, дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрсөөр байтал дээрх захирамжид энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үр дагаврыг нь аль тал нь хэрхэн хариуцах тухай огт заагаагүй, *******-ийн дээрх үйлдэл нь бусдын эрхийг зөрчиж байгаа эсэх талаар үндэслэл хэсэгт заалгүй, орхигдуулсан нь ойлгомжгүй бөгөөд биднийг бодитоор хохироосон үйлдэл гаргалаа гэж үзэж байна.
******* нь шүүх хуралд оролцох үеэр болон өөрийн гаргасан хариу тайлбартаа удаа дараа дээрх асуудлыг хөндөж Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.2-т зааснаар оролцсон боловч энэхүү асуудлаар захирамждаа огт дурдалгүй, хурлын тэмдэглэлд тусгагдаагүй орхигдуулсанд гомдолтой байна. Харин *******ын шүүх хуралд гаргаж байсан хариу талбарт тусгагдсан.
Түүнчлэн *******-ийн тайлбар болон хөдөлшгүй нотлох баримт болох ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 10-5/403 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийг үнэлэлгүй орхигдуулж, ******* нь гэрээнээс татгалзсан үйл явдлыг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Тухайн шүүх хурлаар энэхүү асуудал шийдвэрлэгдээгүй орхигдуулснаас бусдын буруутай үйлдлээс шууд хамаарч эд хөрөнгөө хуулийн дагуу захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж хохирол учирсан.
*******аас *******-ийн гаргасан нэхэмжлэл, тус шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан 20,000,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч талд төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэг тал нь хохиролгүй нөгөө тал харин үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй хохирсон. Анхан шатны шүүхийн шийдвэр энэхүү асуудлаар зохигч дахин хэлэлцэх боломжоор хангаж, аль тал тухайн асуудлаар хариуцлага хүлээх талаар тодорхой шийдвэр гаргаж шийдвэрлээгүй тул дээр дурдсан асуудлаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэртэй холбоотой болон нэхэмжлэлтэй холбоотой асуудал давж заалдах гомдолд дурдагдаагүй. Хариуцагч тал гэрчилгээний тухай дурдсан. Гэрчилгээг нь манайх үрэгдүүлсэн гэж би хэлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хооронд хэн нь нь алга болгосон талаар мэдэхгүй байна. Гэрчилгээг үрэгдүүлсэн бол өмчлөгчийн гаргасан өргөдөл, сонинд зарлуулсан зарыг үндэслэн улсын байцаагч 15 хоногийн дотор нөхөн олгоно гэж хуульд тодорхой заасан. Хариуцагч тал 2025 оны 06 сард улсын бүртгэлд хандахад гараажийн доорх газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь 2006 онд дууссан гэж хэлсэн байдаг. Албан ёсны эрх бүхий байгууллагаас хаягийн тодорхойлолт аваагүй тул олгох боломжгүй гэх хариу өгсөн. Худалдах, худалдан авах гэрээг дээрх үндэслэлээр бүртгээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар гэрчилгээний хугацаа дууссан тул гэрээг бүртгэж, өмчлөлийг нь шилжүүлэх боломжгүй гэж тодорхойлсон. Маргааны зүйл болсон эд хөрөнгө нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгө юм.
Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Худалдах боломжгүй, нэр нь шилжих боломжгүй, газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь дууссан зүйлийг бидэнд зарах гэж байсан. Бидэнд хугацаа хэтрүүлсэн үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй. Бид өгөх ёстой газраа өгсөн бөгөөд 460 м.кв талбайтай барилга, 5,200 м.кв газраа бүгдийг шилжүүлж өгсөн. Хариуцагч өөрөө гуйсаар байгаад 20,000,000 төгрөгт гарааж өгсөн. Хариуцагчийн эцгийнх нь эзэмшлийн гарааж байсан. Хамгийн сүүлд нь гэрчилгээ алга болгосон гэх шалтаг хэлж байна. Гэрчилгээ нь үрэгдэж алга болсон бол дахин авах боломжтой. Хариуцагч тал хугацаа хожих, төлбөрөө төлөхгүй удаашруулах зорилгоор ийм зүйл хийж байгаа. Манай тал 10,000,000 төгрөгийн асуудалтай холбогдуулан давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй боловч гаргаагүй. Бид ийм хүнтэй заргалдаж явахгүй, 20,000,000 төгрөгөө аваад дуусгая гэж бодсон. Шүүх 20,000,000 төгрөгийн алдангийг хангаж шийдвэрлэх ёстой байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гараажийн үнэ 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн 20,000,000 төгрөгт тооцож гарааж өгөхөөр тохиролцсон боловч уг гарааж байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан гэх хариуг улсын бүртгэлийн байгууллагаас өгч гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж тайлбарласан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 20,000,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэгч талын өөрийнх нь хариуцлагагүй үйлдлийн улмаас хугацаа хэтрэх үр дагаварт хүрсэн тул алданги шаардах эрхгүй, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь буцаан өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн тайлбар гарган маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. *******, *******, ******* нарын хооронд 2021 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр, ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот гэрчилгээтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байрлах, агуулахын зориулалттай 460.8 м.кв талбайтай барилгыг, 5245 м.кв талбай бүхий газрын хамт хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээний төлбөрт 70,000,000 төгрөг төлөх, үүнээс 50,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 20,000,000 төгрөгт тооцож *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот гэрчилгээтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* байрлалтай 18 м.кв талбай бүхий гараажийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-12-14/
3.2. 2021 оны 10 сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр ******* нь өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* байрлах, 18 м.кв талбай бүхий гараажийг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг *******т олгосон.
*******гоос олгосон итгэмжлэлийн дагуу ******* нь *******-тай 2021 оны 10 сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* байрлах, 18 м.кв талбай бүхий гараажийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /хх-15-16/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгтэй холбоотой талуудын хоорондын 2021 оны 10 сарын 29-ний өдрийн тохиролцоог бие даасан гэрээ гэж дүгнэж, улмаар талууд эд хөрөнгийн доголдлын улмаас гэрээнээс татгалзсан агуулгаар дүгнэлт хийсэн нь буруу байна.
4.1. Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь гэрээний төлбөрөөс 20,000,000 төгрөгт тооцож *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* байрлах, 18 м.кв талбай бүхий гараажийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон, энэ хэлцлийг баталгаажуулж талууд мөн өдрөө автомашины гарааж худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.
Энэ талаар 2021 оны 10 сарын 29-ний өдрийн үндсэн гэрээний 1.4-т Гарааж худалдах гэрээг тусад нь бичгээр хийх ба гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж тусгасан байдлаас үзвэл талуудын хооронд гарааж худалдах, худалдан авах тусдаа гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, харин ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот гэрчилгээтэй, агуулахын зориулалт бүхий 460.8 м.кв талбайтай барилга, 5245 м.кв талбай бүхий газрын хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний төлбөрт шилжүүлэхээр тохирсон газар эзэмших эрх, гараажийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй болсон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан үр дагавар үүсгэхгүй.
4.2. Түүнчлэн нэмэлтээр байгуулсан гарааж худалдах худалдан авах гэрээ нь үндсэн гэрээний салшгүй хэсэг тул нэхэмжлэгч гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэж тохиролцсоныг үндэслэн алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.
Тиймээс анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт үндэслэлгүй байх боловч ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдлийг хэвээр үлдээнэ.
5. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч талаас гэрээгээр тохиролцсоны дагуу 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд гэрээний зүйл болох ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот гэрчилгээтэй, агуулахын зориулалт бүхий 460.8 м.кв талбайтай барилга, 5245 м.кв талбай бүхий газрын өмчлөх, эзэмших эрх хариуцагчид шилжсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
7. Хэрэгт авагдсан ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 10-5/403 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ 2022 оны 06 сарын 17-ны өдөр гаргасан боловч улсын бүртгэгч 2022 оны 06 сарын 21-ний өдөр газар эзэмших гэрээний хугацаа 2006 онд дууссан, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг авах үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн нь тогтоогдож байна.
Ийнхүү гэрээний зарим төлбөрт тооцож шилжүүлэхээр тохиролцсон автомашины гараажийн өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжих боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгч нь эд хөрөнгийн оронд худалдах, худалдан авах гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр гүйцэтгэхийг шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт заасанд нийцжээ.
8. Энэ үндэслэлээр хариуцагч *******, ******* нараас 20,000,000 төгрөг гаргуулан *******-д олгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээнэ.
9. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн эсэх асуудал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар, гэрээний үүрэгт хамаарахгүй, хуульд тусгайлан заасан журмаар шийдвэрлэх боломжтой тул хариуцагч нь ******* үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үрэгдүүлсэн нь нотлогдож, дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх үр дагаврыг нь хэрхэн хариуцах тухай заагаагүй, *******-ийн дээрх үйлдэл нь бусдын эрхийг зөрчиж байгаа эсэх талаар дүгнэлгүй орхигдуулсан гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлах байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/08561 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ж.ЛХАГВАСҮРЭН