| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0799/э |
| Дугаар | 807 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 807
2019 09 12 2019/ШЦТ/812
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
улсын яллагч: Ш.Хосбаяр;
шүүгдэгч: Б.Цэнгүүн (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сахиус овогт Банзрагчийн Цэнгүүнд холбогдох эрүүгийн 1909022320865 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1а хэсэг, цэргийн хотхоны 2 дугаар гудамжны 89 тоотод оршн суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Скай таун” хотхон 90а байрны 41 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЖИ93011716 регистерийн дугаартай, Сахиус овогт Банзрагчийн Цэнгүүн,
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Банзрагчийн Цэнгүүн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Наран их дэлгүүр” ХХК-д худалдааны ажилтнаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох 11.780.000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг бугуйн цаг, 7 ширхэг ханын цаг зэргийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэнгүүн нь мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Аммгаланбаатар /хх-н 11-14/, гэрч Б.Болормаа /хх-ийн 17-18, 20-21/, Г.Мөнх-Оюун /хх-ийн 19/ нарын мэдүүлэг, Б.Цэнгүүний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-29/, Б.Цэнгүүний хохирол төлсөн баримт /хх-ийн 33/, Б.Цэнгүүний ажил байдал болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-54, 58-63/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Цэнгүүн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Наран их дэлгүүр” ХХК-д 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд худалдааны ажилтнаар ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох 11.780.000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг бугуйн цаг, 7 ширхэг ханын цаг зэргийг завшсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амгаланбаатарын /хх-ийн 11-14/: “... Б.Цэнгүүн нь “Наран их дэлгүүр”-ийн цагны дэлгүүрт худалдааны ажилтнаар ажиллаж байх хугацаандаа бугуйн цаг 14 ширхэг, ханын цаг 7 ширхэг, нийт 21 цагны үнэ болох 12.750.000 төгрөгийн хохирол учруулсан. ... Байгууллагын гэнэтийн тооллого хийх үед бугуйн цаг 14 ширхэг, ханын цаг 7 ширхэг дутсан. “Энэ цагнуудыг яасан бэ” гэж Б.Цэнгүүнээс асуухад “цагийг нь зараад хувьдаа хэрэглэсэн” гэсэн. Яг яаж дутаасан талаар мэдэхгүй. Б.Цэнгүүн манай дэлгүүрт учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Б.Цэнгүүн нь манай дэлгүүрийн эд зүйлийг бүрэн хариуцах үүрэгтэй байсан. Б.Цэнгүүнтэй эд зүйл бүрэн хариуцах гэрээ байгуулсан. Манай дэлгүүрийн зүгээс сар болгоны 01-ний өдөр тооллого хийдэг байсан. Ийм тооллогоор ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй. Сүүлд хийсэн тооллогоор цаг нэг бүрийг нь тулгасан. Тэр үед цагнууд дутсаныг мэдсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Болормаагийн /хх-ийн 17-18,20-21/: “... Би 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед “Наран их дэлгүүр”-ийн “Наран пойнт” салбарын “Сейко” цагны тасагт гэнэтийн тооллого хийхэд 14 ширхэг бугуйн цаг, 7 ширхэг ханын цаг нийт 12.750.000 төгрөгийн дутагдал гарсан гээд шалгахад худалдааны ажилтан Б.Цэнгүүн хувьдаа авч завшсанаа хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Мөнх-Оюуны /хх-ийн 19/: “...Би 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Наран” их дэлгүүрийн Б.Цэнгүүний ажиллаж байсан цагны дэлгүүрт тооллого хийсэн. Тэр үед Б.Цэнгүүн нь 14 ширхэг бугуйн цаг, 7 ширхэг ханын цаг нийт 21 ширхэг цагийг дутаасан байсан. Үүний дагуу манай хүний нөөцийн ажилтан цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлгээр,
Б.Цэнгүүний яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-29/: “... 2018 оны 08 дугаар сарын 10-аас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Наран” их дэлгүүрт ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 04 дүгээр cap хүртэл хугацаанд нийт бугуйн цаг 14 ширхэг, ханын цаг 7 ширхэгийг зарж борлуулсан мөнгөө өөрийн хэрэгцээнд зориулж ашигласан. Цагнууд нь өөрийн жижиг пайзтай байдаг бөгөөд би тэр пайзнуудыг нь харж тоолуулах ёстой байдаг юм. Анх 2018 оны 12 сард 2 цаг зарсан мөнгөө хувьдаа авч хэрэглэчихээд тооллого ирэхэд нь сандарсандаа цаггүй пайзны кодыг нь хэлээд тоолуултал тоологч нь анзаараагүй тоолоод яваад өгсөн. Тэгэхээр нь ингэж болох юм байна гэж ойлгоод яваад байсан. Дараа мөнгийг нь нөхөж хийнэ гэж бодож дараагийн зарсан цагны мөнгийг өмнөх цагны мөнгө рүү шилжүүлж явсаар ийм байдалд хүрсэн. Би 11.780.000 төгрөгийн хохирлыг “Наран” их дэлгүүрт төлжарагдуулсан. Миний зарж мөнгийг нь өөртөө зарцуулсан гэх 21 ширхэг цагны үндсэн үнэ нь 12.705.000 төгрөг байсан бөгөөд тухайн үед цагнууд нь тодорхой хувиар хямдарсан байсан. Би “Наран” их дэлгүүрийн захиргаанд өөрийн учруулсан хохирлоо төлнө гэхэд “Наран” их дэлгүүрийн удирдлагаас “тухайн цаг хугацаанд цагнууд хямдралтай зарагдаж байсан юм байна. Тэгэхээр та хямдарсан үнээр нь төлж болно” гэж хэлсэн. Тэгээд би 11.780.000 тегрөгийг нь төлсөн...” гэх мэдүүлэгээр,
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч нь бусдын итггэжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө алдсанаа мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
“Наран их дэлгүүр” ХХК-д худалдааны ажилтнаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох 11.780.000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг бугуйн цаг, 7 ширхэг ханын цаг зэргийг завшсан Б.Цэнгүүний санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү Б.Цэнгүүний “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Б.Цэнгүүн “Наран их дэлгүүр”-т учруулсан хохирол 11.780.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан баримт хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амгаланбаатарын “... гомдолгүй, санал, хүсэлт байхгүй...” гэсэн байр суур хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Цэнгүүнийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Б.Цэнгүүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнгүүн нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сахиус овогт Банзрагчийн Цэнгүүнийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнгүүнийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнгүүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацааг тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэнгүүн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цэнгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ