Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 207/ма2026/00062

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2026/00062

 

 

 

Г.*********нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.*********д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2026/01224 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.*********нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.*********д холбогдох,

“Халамжийн тэтгэвэр, цалингийн зөрүү 402,500 төгрөгийг 2025 оны 06 дугаар сараас 2026 оны 1 дүгээр сар хүртэлх 7 сараар тооцон 2,817,500 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү болох 402,500 төгрөгийг сар бүр шилжүүлж байхыг хариуцагч Г.*********д даалгах” тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмын иргэний хэргийг,

Хариуцагч Г.*********, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-********* нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*********заяа /цахим/, хариуцагч Г.*********, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнх-*********, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч Г.*********, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-********* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж үзлээ.       

2.Нэхэмжлэгч Г.********* Г.*********д холбогдуулан цалингийн зөрүү болох 2,817,500 төгрөг гаргуулах болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү болох 402,500 төгрөгийг сар бүр Г.*********д шилжүүлж байхыг Г.*********д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2023 оны 7 дугаар сард *********ХХК-нд потон хэвлэгч машинд гялгар цаас, шуудайг хэвлэгч төхөөрөмж рүү хийдэг ажилд орсон, тус газар ажиллаж байхдаа буюу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим зааж өгсний дагуу шуудай цаасаа хэвлэгч машин буюу төхөөрөмж рүү хийж байтал монгол гэрийн ус цаснаас хамгаалсан, гялгар уут миний баруун гартай орооцолдоод баруун гар төхөөрөмж руу орж шуу хэсгээрээ тасарч гаргүй болж, яаралтай хүлээн авах дээр ирж хагалгаанд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж 60 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан байна гэж 6 сарын хугацаатай групп тогтоосон, 6 сарын хугацаа дуусаж дахин тус комиссын хурлаар 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ороход нөхөн сэргэх боломжгүй, насан туршдаа 60 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан байдал тогтоогдож байгаа тул хугацаагүй группт оруулсан...иймд цалингийн зөрүү болох 2,817,500 төгрөг гаргуулах болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү болох 402,500 төгрөгийг сар бүр Г.*********д шилжүүлж байхыг Г.*********д даалгаж өгнө үү” гэж тодорхойлсон.

Хариуцагч “...нэхэмжлэгч Г.********* нь цалингийн зөрүү нэг сарын 402,500 төгрөгөө 7 сараар тооцож 2,817,500 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн журмаар шийдвэрлэх үед хөдөлмөр эрхэлснээс олох байсан орлогын зөрүү гэж тодорхойлж нэхэмжилж, цаашид төлөхийг даалгахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хиймэл гар буюу протез хийлгэхтэй холбоотой үнэ төлбөрийн мэдээлэл байгаа бөгөөд Монгол Улсад байдаг протез хийлгэх талаар эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед хэлж ярилцаж байсан боловч заавал гадаад улсад явж хиймэл гар хийлгэнэ гээд тохиролцож чадаагүй тул шүүхээс хиймэл гар /протез/ хийлгэхтэй холбоотой баримтаа бүрдүүлж нэхэмжлэх, мөн сэтгэцийн хохирол тогтоолгох шинжилгээнд явсан замын зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн бөгөөд эдгээртэй холбоотой зардал төлбөрийг нэхэмжилсэн тохиолдолд төлж барагдуулах болохоо илэрхийлж байна....” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Нэхэмжлэгч Г.********* нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********ХХК-д түүхий эд жижиглэгчээр ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагийн орчимд ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа түүхий эд хайлуулах төхөөрөмжид баруун гарын шуу хэсгээ тасдуулж, эрүүл мэндэд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги алдагдуулах, хүнд зэргийн хохирол учирсан,

3.1 Дээрх осол хэрэгт Орхон аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолоор энэ хэргийн хариуцагч Г.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,

 

3.2. Нэхэмжлэгч Г.*********протез хийлгэх зардал, замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ..... дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс болон зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тул хариуцагчаас гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэстэй.

 

5. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаар магадлалаар “....харин шүүгдэгч Г.********* нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...цалин мөнгийг би өдрийн 30,000-40,000 төгрөгөөр тохироод ажиллаж байсан...сарын дундаж цалин хөлс 800,000 төгрөг арай хүрэхгүй байх...” гэж мэдүүлсэн байх ба анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх мэдүүлэгт үндэслэн цалинг 800,000 төгрөгөөр тооцож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэлх хугацааны цалин болон тэтгэмжийн зөрүү 7,665,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна”... гэж дүгнэсэн, энэхүү шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон, хөдөлмөрийн хөлсний доод жил бүр хэмжээ нэмэгдсэн, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал тухайлбал баруун гарын протез хийгдээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Хариуцагч Г.*********, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-********* нарын давж заалдсан гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2026/01224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.*********, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-********* нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2.-т зааснаар хариуцагч Г.*********, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-********* нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ОЮУНЦЭЦЭГ         

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.БАТТӨР

 

                                    ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА