Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 813

 

 

 

 

 

 

 

 

 

   2019       09          12                                  2019/ШЦТ/813

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Б.Дэлгэрмаа;

шүүгдэгч: А.Орхонмөрөн (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга овогт Алтанбаярын Орхонмөрөнд холбогдох эрүүгийн 1903007740361 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 30 дугаар байрны 11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ШД86090215 регистерийн дугаартай, Авга овогт Алтанбаярын Орхонмөрөн.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч А.Орхонмөрөн нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны 16 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 58 дугаар сургуулийн хойд замд “Hyundai Avante” маркийн 35-98 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас У.Баатарын жолоодож явсан “Hyundai Aero City” маркийн 91-52 УБЧ улсын дугаартай автобустай шүргэлцсэний улмаас “Hyundai Aero City” маркийн 91-52 УБЧ улсын дугаартай автобусны зорчигч Ж.Баасансүрэн унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Орхонмөрөн мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй, хөнгөн ял оногдуулна уу гэв.

           

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/, хохирогч Ж.Баасансүрэн /хх-ийн 16-19/, гэрч Т.Сарантуяа  /хх-ийн 30/, гэрч С.Нямаагийн мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч А.Оюунбаярын мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч У.Баатар /хх-ийн 21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8151 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 305 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 38/, А.Орхонмөрөнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50-63/, Ж.Баасансүрэнгийн хүсэлт /хх-ийн 78/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Орхонмөрөн нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны 16 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 58 дугаар сургуулийн хойд замд “Hyundai Avante” маркийн 35-98 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Hyundai Aero City” маркийн 91-52 УБЧ дугаартай автобустай шүргэлцсэний улмаас “Hyundai Aero City” маркийн 91-52 УБЧ улсын дугаартай автобусны зорчигч Ж.Баасансүрэн унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирч  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

мөрдөгчөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/,

 

CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/,

 

хохирогч Ж.Баасарсүрэнгийн /хх-ийн 16-18/: “... 2019 оны 06 дугаар сарын 30-ний өдөр би өөрийн охин Сарантуяагийн хамт хүүгийндээ очихоор 91-52 УБЧ улсын дугаартай шар өнгийн автобусанд 7 буудлын зүүн талын автобусны буудлаас суухад суудлуудад бүгдэд нь хүмүүс суучихсан байсан. Манай охин бид хоёр л автобусанд зогсоогоороо явсан ба Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 58 дугаар сургуулийн хойд талын замаар ертөнцийн зүгээр баруун урдаасаа зүүн хойшоо чиглэлтэй автобустай зорчиж байсан. Тухайн үед автобусын жолоочийг хэр хурдтай явж байсныг сайн анзаараагүй. Би хоёр суудлын бариулаас барьчихсан явж байсан чинь гэнэт “так” гээд хүмүүс орилоход би газар сөхрөөд суучихсан байсан. Би босох гэсэн боловч хэвлийгээр өвдөөд босж чадахгүй байсан. Би бодохдоо баруун гар талынхаа барьж явсан сандал хойд түшлэг рүү хэвлийгээр мөргөж унасан гэж бодож байгаа. Тэгтэл автобусны жолооч нэг хүнтэй маргалдаад “би буруугүй, чи буруутай” гэж хоорондоо яриад байсан. Би арайхийж босож алхахад хэвлий болон нуруугаар өвдөөд байхаар нь автобустай шүргэлцсэн машинд суугаад гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Рентеген зураг авахуулахад “нарийн шинжилгээ хийлгэ” гэж зөвлөсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Сарантуяагийн /хх-ийн 20/: “...Автобус гэнэт тоормос гишгээд зогсоход ээж маань автобусны шалан дээр уначихсан байсан. ...автобусанд зорчиж явсан хүмүүс орилоод “аятайхан яваач” гэж хэлж байсан. Автобусны жолооч “би машин мөргөөгүй, тоормос гишгэж зогссон ш дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

    гэрч У.Баатарын /хх-ийн 21/: “... эхний хурд сааруулагч дээр 5-10 км/ц-ийн хурдтай гараад хоёр дахь хурд сааруулагч дээр тоормос гишгэн хурдаа сааруулан гарах үед цагаан өнгийн “Хьюндай Аванте” маркийн автомашин автобусыг гүйцэт түрүүлж, урсгал сөрж орж ирсэн. Тэр үед би тухайн автомашины буруу талын хойд шанаа хэсэг рүү автобусны зөв талын урд крыло хэсгээрээ шүргээд зогссон. Тухайн үед би автобусаа зогсоохоор тоормосоо гишгэсэн. Тэгтэл нэг эмэгтэй ирээд “сая тоормос гишгэхэд чинь хүн унаад гэмтчихлээ” гэж хэлэхээр нь би “аванте маркийн автомашины жолоочийг хүнээ авч явж гэмтлийн эмнэлэгт үзүүл” гэж хэлээд явуулчихаад автобус баазынхаа диспетчер рүү ослын талаар хэлж мэдэгдсэн. Сэлх дээр буюу эцсийн зогсоол дээр очиж зорчигч нараа буулгачихаад шууд автобус бааз руу явсан...” гэх мэдүүлгээр,

 

     А.Орхонмөрөнгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 48-49/: “... Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө болсон явдлын талаар гэрчээр үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Хохирогчид хохиролын төлбөрт нийт 774.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлгээр,

 

              Ж.Баасансүрэнгийн биед “тархи доргилт, сээрний 8-р нугаламын арын сэртэнгийн жижиг сэлтэрхийт хугарал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8151 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр /хх-ийн 23/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 305 дугаартай мөрдөгчийн магадлагаанд /хх-ийн 38/: “...35-98 УНХ улсын дугаартай “Хюньдай Аванте” маркийн автомашины жолооч Алтанбаярын Орхонмөрөн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, Гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Зорчигч Жанчивын Баасансүрэн /61 настай, змэгтэй/-нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна. 91-52 УБЧ улсын дугаартай DAEWOO BS 106 маркийн автобусны жолооч Уранбаатарын Баатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна.

Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн оношилгооны үзлэгийн төвийн №39196 дугаартай нэр бүхий шинжээч нарын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан дүгнэлтээр илэрсэн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, бүрэн бус байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, техникийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүнд гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно

 

            Шүүгдэгч А.Орхонмөрөн нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг хүнд гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч А.Орхонмөрөнгийн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Баатарсүрэнгийн “өөрт учирсан хохиролд 774.000 төгрөгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд А.Орхонмөрөнг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 6, 9 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

 

1. Шүүгдэгч Авга овогт Алтанбаярын Орхонмөрөнг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Орхонмөрөнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Орхонмөрөн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч А.Орхонмөрөн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Орхонмөрөнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ