Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 207/ма2026/00063

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2026/00063

 

 

 

 

 

********* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     хариуцагч ********* ХХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2026/00855 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*********” ХХК-нд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,810,000 төгрөг, шинжээчийн зардал 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Т.*********ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунжаргал /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, Н.Болдхүү, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

Х.********* миний бие ********* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан тендерт шалгарч орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ********* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нийтийн биеийн тамирын талбай байгуулах, цэцэрлэгт хүрээлэнгийн зам талбайн ажилд 2023 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хооронд тус компанийн талбай хариуцсан инженер З.*********ы хариуцсан зам талбайд өөрийн эзэмшлийн машин механизмаар газар шорооны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус талбайн ажлыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад бүрэн оруулж хүлээлгэн өгсөн. Энэ талбайн ажилд миний бие өөрийн машин механизмаар нийт 35,310,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс нэхэл дагал болж хөөцөлдөж байж 18,500,000 төгрөгийг цувуулж авсан. Одоо хийж гүйцэтгэсэн ажлын хөлс үлдэгдэл 16,810,000 төгрөгийн гаргуулж өгнө үү...” гэжээ.

1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...********* ХХК нь ********* аймагт газар шорооны ажлыг өөрийн машин механизмаар хийж гүйцэтгэдэг компани юм. Хариуцагч компанийн хувьд ********* аймагт тендерт шалгараад нэхэмжлэгч компаниар тухайн ажлынхаа газар шорооны ажлыг гүйцэтгүүлээд үүнтэй холбоотойгоор элс, хайрга, бор хайрга зэргийг авчруулаад ажил гүйцэтгүүлсэн байдаг. Энэ ажил 5 сарын хугацаанд үргэлжилсэн байдаг. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эхлээд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд газар шорооны ажлыг нэхэмжлэгч тал хийсэн. Талууд ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг тохиролцсон. Т.********* гэдэг хүн нэхэмжлэгч байгууллагад манайх ийм тендер авч байна, та энэ газар шорооны ажлыг хийж өгөөч гэдэг саналыг тавьсан. Ингэхдээ ажлын хөлсийг тохиролцсон. Тохиролцсон учраас Х.********* гуай ажлыг хийж эхэлсэн. 2023 оны 05 дугаар сараас хойших хугацаанд ажлын хөлсийг нь бага багаар шилжүүлж байсан. 18,500,000 төгрөгийг ********* ХХК төлсөн. З.********* гэдэг инженертэй тооцоо нийлсэн актаа баталгаажуулсан. Яагаад З.********* гэдэг хүнтэй тооцоог баталгаажуулсан бэ гэхээр инженер З.********* гэдэг хүн уг ажлыг хариуцаж хийж байсан. Т.********* гэдэг хүн тухайн ажлын талбайд ирэхгүй байсан учраас З.********* гэдэг хүнтэй тооцоо нийлж баталгаажуулсан. Т.********* гэх хүн Х.********* гуайд анх хэлэхдээ ажлын хөлс тохиролцсон ямар хэмжээний шороо, бор элс, хайрга зэрэг орохыг З.********* гэдэг хүнээс асуугаарай. Захиалсан зүйлийг нь та авчраад өгөөрэй гэдэг байдлаар хоорондоо тохиролцсон байдаг. Тооцоо нийлсэн актад 26,810,000 төгрөгийг талууд зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Үүний дараагаар ********* ХХК-аас 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 16,810,000 төгрөгийг ********* ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон боловч хариуцагч шинжээчийн зардал 600,000 төгрөгийг төлөхгүй байсан учраас Х.********* нь төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

  1. Хариуцагч ********* ХХК-ийн тайлбар татгалзлын агуулга: 

Манай компани нь 2023 онд ********* аймгийн ЗДТГ-аас зарласан ********* суманд “Нийтийн биеийн тамирын талбай байгуулах” БУАОНӨГ/202312002 дугаартай тендерт шалгарч 20/2023 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Х.*********тай талбайн ажлын өнгөн хөрсийг хуулж зөөх талаар ярилцаж нэг машин /17м3/ машины түлш ороод 100,000 /нэг зуун мянган төгрөг/-өөр тооцож зөөвөрлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш Х.*********тай утсаар л холбогдож байсан бөгөөд танайд голын хайрга буулгаж байна мөнгөө шилжүүлээрэй гэсний дагуу нийт 18,500,000 /арван найман н зуун мянган төгрөг/-ийг төлсөн. Х.********* бид хоёр яг хэдэн M3 шороог хэдэн төгрөгөөр нийлүүлэх талаар нарийн тохиролцоогүй бөгөөд миний зүгээс ажлын төсөвт тусгагдсан дүнгээс хол зөрөхгүй байх гэж байсан. Х.*********ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан хүснэгтэд том жижиг ковш 30 мото/цаг ажилласан, 67 машин шороо гаргаж, шар хайрга 1 машин, элс 1 машин, отсев 10 машин, чулуу 26 машин, бор хайрга 16 машин гэж нийт 54 машин буюу 54*17мЗ=918 м3 шороог тухайн талбайд буулгасан нийт 35,310,000 төгрөг гэж тооцож манай компанийн инженер З.*********аар гарын үсэг зуруулсан байна. Нэгдүгээрт З.********* нь санхүүтэй холбоотой ямар ч асуудалд “*********” ХХК-г төлөөлдөггүй. Хоёрдугаарт тухайн ажлын талбайд буулгасан 1 машин элс, 1 машин шар хайрга гэх бүтээгдэхүүнээс бусад 52 машин буюу 884 м3 байгалийн ухмал шороо нь зөвхөн хүүхдийн хөл бөмбөгийн 1017м2 талбайн хиймэл зүлгийн доор дэвсэгдсэн. Энэ тохиолдолд хөл бөмбөгийн 1017м2 талбай нь газрын түвшнээс дээш 86,9 см өндөр шороон суурьтай болно. Тэгэхээр энэ талбайн сууринд 884 м3 шороо багтах боломжгүй юм. Гуравдугаарт 2023 оны Монгол улс даяар мөрдөгдөж байгаа барилгын үндсэн материалын түүвэрт /Барилгын мэдээ сэтгүүл 2023. 10-р cap/ үйлдвэрлэлийн зориулалттай угаасан Ф5- 10 хайрга 1м3 нь 16,500 төгрөг, отсев 5,000-6,000 төгрөг, уулын буталсан дайрга 11,495 төгрөг, уулын элс 22,000 төгрөгийн тус тус үнэтэй байна. Х.*********ын ойр зайнаас байгалиас ухаж нийлүүлсэн 52 машин буюу 884м3 шороог үйлдвэрлэлд ашиглах ямар ч боломжгүй бөгөөд 1 машин чулуу, бор хайрга гэх 1м3 нь 22,353 төгрөг отсев 1м3-н үнэ 35,294 төгрөг, шар хайрга гэх 1м3 нь 64,706 төгрөг, элс 1м3 нь 40,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа нь үйлдвэрлэлийн зориулалттай өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс л даруй 2-5 дахин үнэтэй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба Орхон аймаг болон ойрын бүсэд дээрхтэй ижил ухаж гаргасан 1 машин буюу 17м3 чулуулаг бүхий шорооны зах зээлийн үнэ 10 км хүртэлх зай 150,000 төгрөг байдаг. Иймд 16,810,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

********* ХХК-ийн захирал гэх Х.********* нь ********* ХХК-ийн ********* аймгийн сургууль, цэцэрлэгийн хүрээлэнгийн зам талбайн ажилд оролцохоор болсон. ********* ХХК нь ********* аймгийн биеийн тамирын талбай байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг хийхээр болсон. ********* ХХК-ийн захирал Т.*********, ********* ХХК-ийн захирал Х.********* нар ярилцаад Х.********* энэ ажлын газар шорооны ажлыг хийе гэх тохиролцоонд хүрсэн. Х.********* 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр талбайд ирж хөрсийг нь хуулсан. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тухайн талбай дээр хөрс хуулах, шороо буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Талбай тэгшлэхэд 1 өдөр нэг өдрийн тал болсон. Сагсны талбай, хөл бөмбөгийн талбайд 2 өдөр шороо буулгаж, талбайг хуссан. Тухайн үед хариуцагч компанийн захирал Т.*********, нэхэмжлэгч компанийн захирал Х.********* нар тухайн ажлыг яг хэдэн төгрөгийн төсөвтэйгөөр хийж гүйцэтгэх талаар нарийн сайн тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл үнийн дүнг 30,000,000 төгрөг, 36,000,000 төгрөг гэдэг байдлаар тодорхой үнийн дүнгээр нарийвчлан тохироогүй. Харин нэг рейсийг 100,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед Т.********* өөрөө байгаагүй учраас шаардлагатай зүйлс байвал З.*********д хэлээрэй гээд явсан. З.********* гэдэг хүн ********* ХХК-ийн талбайн инженерийн ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. 2023 оны 09 дүгээр сард ажил дууссаны дараа ажил гүйцэтгэсэн хөлс 20 гаруй сая төгрөг боллоо мөнгөө шилжүүл гэсний дагуу 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 06 дугаар сарын 04-ний өдөр, 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд нийт 18,500,000 төгрөгийг төлсөн. Үүний дараа 30 гаруй сая төгрөг болсон гэхэд нь яагаад 30 гаруй сая төгрөг болсон бэ? гэх яриа талуудын хооронд гарсан. ********* ХХК-ийн захирал Т.*********ын зүгээс 16,810,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед яг ажлын хөлсийг 35,310,000 төгрөгөөр нарийвчлан тооцож тохиролцоогүй. Хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардлагын дагуу шилжүүлж байсан. Одоо мөнгө нэмж төлөх ёстой гэж үзэж байгаа тохиолдолд 8,000,000 төгрөгийг нэмж төлнө, тэрнээс илүүг төлж чадахгүй гэсэн ийм асуудлыг ярьж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай цуг хавсаргаж өгсөн зам талбайн ажил гээд хүснэгтэлсэн зүйл байсан. Уг баримтыг хэн хэзээ үйлдсэн он cap, өдөр байхгүй. Талбай хариуцсан инженер З.********* гэдэг хүн гарын үсэг зурчихсан байгаа. Гэтэл Т.*********ын зүгээс З.********* бол талбайн ажил 35,000,000 төгрөг болж байна гээд миний зөвшөөрөлгүйгээр гарын үсэг зурах ямар ч боломжгүй гэж үзэж байгаа. Х.*********ын өөрийнх нь бичээд байгаа элс, хайрга, чулуу, бор хайргыг ********* аймгийн ********* суманд байгаа овоолчихсон байсан хайрганаас авчирсан. Тэрнээс нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн, технологи технологийн дагуу угааж, үйлдвэрлэгдэж цэвэрлэгдсэн ийм зүйл биш. Хэрвээ өртөг тооцож байгаа бол хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэдгээ тогтоосон баримт нь байх ёстой тул нэхэмжлэлийн шаардлага болох 16,810,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн зардлыг хувааж төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “*********” ХХК-иас 13,593,000 төгрөг, шинжээчийн зардалд 600,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,217,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “*********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*********” ХХК-иас 225,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/Ш32025/00149 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “*********” ХХК-ийн арилжааны банкнууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгч Т.*********ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын агуулга:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.03.10-ны 00..... тоот шийдвэрээр ********* ХХК-д 13,593,000 ...........ХХК-с гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Манай ********* ХХК нь 2023 онд ********* аймгийн төвд нийтийн биеийн тамирын талбай байгуулах тендерт шалгарч ажил гүйцэтгэх болсон. Уг биеийн тамирын талбайн өнгөн хөрсийг хуулж зөөх, газар шорооны ажлыг Х.*********тай хийлгэхээр ярьж, тухайн үед 1 рейсш түлш нь ороод 100,0007 тохирч зөөвөрлөх болсон. Бид яг тодорхой M3 шороог нийлүүлэх, хэмжээ, үнийн дүнг нарын тохиролцоогүй. Миний зүгээс тендерийн ажлын төсөвт тусгагдсан үнийн дүнгээс хол зөрөхгүй гэж тооцож байсан. 2023 оны 05 дугаар сарын 17-оос эхэлж 06 дугаар сарын 22 хүртэл, 07 дугаар сарын 02 хүртэл ажил өрнөсөн. Тухайн үед шатахууны мөнгө болон, галын чулуу, буулгаж байна, мөнгө шилжүүлээрэй гэхэд нь 50,000, 1,500,000, 2,000,000 төгрөг шилжүүлж байсан. Сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 25-нд 10 сая төгрөг шилжүүлсэн. Нийт 18,500,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед 20 гаран сая төгрөг гэж хэлж байсан. Мөнгө төгрөгийн шилжүүлэг, үнийн надтай ********* ярьж байсан юм. Гэтэл шүүхэд хандахдаа 35,310,0000 төгрөгийн ажил хийсэн гээд төлсөн мөнгийг хасаж тооцоод, нэхэж буйг зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Зөвшөөрөхгүй байгаа талаараа 2025 оны 02 дугаар сарын 17-нд шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа тодорхой дурдсан байгаа билээ. ********* нийт үнийг 35,310,000 төгрөг болсон гэж огт мэдэгдээгүй. Шүүхэд гаргаж өгөөд байгаа хүснэгт нь шүүхэд хандахаасаа өмнө З.*********аар бэлдсэн бичиг дээрээ гарын үсэг зуруулсан юм билээ. Шүүхийн шийдвэрт материалын үнийн талаар маргасан гэсэн байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн. Гэтэл barilga.mn дээр байгаа үнийн жагсаалттай яагаад харьцуулан үнэлж дүгнэлт хийхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Barilga.mn-д байгаа үнийн жагсаалтыг юу гэж дүгнэсэн талаар огт дурдаагүй орхисон байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Т.*********ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ********* ХХК хариуцагч ********* ХХК-д холбогдуулан ажлын хөлс 16,810,000 төгрөг, шинжээчийн зардал 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Х.********* миний бие ********* аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан тендерт шалгарч орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ********* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нийтийн биеийн тамирын талбай байгуулах, цэцэрлэгт хүрээлэнгийн зам талбайн ажилд 2023 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хооронд тус компанийн талбай хариуцсан инженер З.*********ы хариуцсан зам талбайд өөрийн эзэмшлийн машин механизмаар газар шорооны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус талбайн ажлыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад бүрэн оруулж хүлээлгэн өгсөн. Энэ талбайн ажилд миний бие өөрийн машин механизмаар нийт 35,310,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс нэхэл дагал болж хөөцөлдөж байж 18,500,000 төгрөгийг цувуулж авсан. Одоо хийж гүйцэтгэсэн ажлын хөлс үлдэгдэл 16,810,000 төгрөгийн гаргуулж өгнө үү...Мөн хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон боловч хариуцагч шинжээчийн зардал 600,000 төгрөгийг төлөхгүй байсан учраас Х.********* нь төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үүгэж тодорхойлсон.

 

Хариуцагч “...Манай компани нь 2023 онд ********* аймгийн ЗДТГазраас зарласан ********* суманд Нийтийн биеийн тамирын талбай байгуулах БУАОНӨГ/202312002 дугаартай тендерт шалгарч 20/2023 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Х.*********тай талбайн ажлын өнгөн хөрсийг хуулж зөөх талаар ярилцаж нэг машин /17мЗ/ машины түлш ороод 100,000 /нэг зуун мянган төгрөг/-өөр тооцож зөөвөрлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш Х.*********тай утсаар л холбогдож байсан бөгөөд танайд голын хайрга буулгаж байна мөнгөө шилжүүлээрэй гэсний дагуу нийт 18,500,000 /арван найман н зуун мянган төгрөг/-ийг төлсөн. Х.********* бид хоёр яг хэдэн м3 шороог хэдэн төгрөгөөр нийлүүлэх талаар нарийн тохиролцоогүй бөгөөд миний зүгээс ажлын төсөвт тусгагдсан дүнгээс хол зөрөхгүй байх гэж байсан. Х.*********ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан хүснэгтэд том жижиг ковш 30 мото/цаг ажилласан, 67 машин шороо гаргаж, шар хайрга 1 машин, элс 1 машин, отсев 10 машин, чулуу 26 машин, бор хайрга 16 машин гэж нийт 54 машин буюу 54*17мЗ=918м3 шороог тухайн талбайд буулгасан нийт 35,310,000 төгрөг гэж тооцож манай компанийн инженер З.*********аар гарын үсэг зуруулсан байна. Нэгдүгээрт З.********* нь санхүүтэй холбоотой ямар ч асуудалд ********* ХХК-г төлөөлдөггүй. Хоёрдугаарт тухайн ажлын талбайд буулгасан 1 машин элс, 1 машин шар хайрга гэх бүтээгдэхүүнээс бусад 52 машин буюу 884м3 байгалийн ухмал шороо нь зөвхөн хүүхдийн хөл бөмбөгийн 1017м2 талбайн хиймэл зүлэгний доор дэвсэгдсэн. Энэ тохиолдолд хөл бөмбөгийн 1017м2 талбай нь газрын түвшинээс дээш 86,9 см өндөр шороон суурьтай болно. Тэгэхээр энэ талбайн сууринд 884м3 шороо багтах боломжгүй юм. Гуравдугаарт 2023 оны Монгол улс даяар мөрдөгдөж байгаа барилгын үндсэн материалын түүвэрт /Барилгын мэдээ сэтгүүл 2023. 10-р сар/ үйлдвэрлэлийн зориулалттай угаасан Ф5-10 хайрга 1м3 нь 16,500 төгрөг, отсев 5,000-6,000 төгрөг, уулын буталсан дайрга 11,495 төгрөг, уулын элс 22,000 төгрөгийн тус тус үнэтэй байна. Х.*********ын ойр зайнаас байгалаас ухаж нийлүүлсэн 52 машин буюу 884мЗ шороог үйлдвэрлэлд ашиглах ямар ч боломжгүй бөгөөд 1 машин чулуу, бор хайрга гэх 1м3 нь 22,353 төгрөг, отсев 1м3-н үнэ 35,294 төгрөг, шар хайрга гэх 1м3 нь 64,706 төгрөг, элс 1м3 нь 40,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа нь үйлдвэрлэлийн зориулалттай өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс л даруй 2-5 дахин үнэтэй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба Орхон аймаг болон ойрын бүсэд дээрхтэй ижил ухаж гаргасан 1 машин буюу 17м3 чулуулаг бүхий шорооны зах зээлийн үнэ 10км хүртэлх зайд 150,000 төгрөг байдаг. Иймд 16,810,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3.Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагч ********* ХХК нь ********* аймгийн биеийн тамирын талбай байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгч ********* ХХК-иар газар шорооны ажлыг хийж гүйцэтгүүлэх, тухайлбал газар шорооны ажил болох хөрс хуулах, элс, хайрга зэргийг зөөж, талбайд асгаж тэгшлэх зэрэг ажлыг нь хийж гүйцэтгэх, хариуцагч хөлс төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн, хариуцагч ажлын хөлс 18,500,000 төгрөгийг төлсөн талаарх үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг тодорхойлсон нь хуульд нийцсэн.

5. Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно, ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлөхөөр Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1., 344.2.-д зохицуулсан.

 

6.Анхан шатны шүүх талууд ажилласан мот.цаг, ачиж буулгасан материал, рейсийн үнийн талаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

6.1 Тодруулбал нэхэмжлэгч хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, гэрч З.********* нь ********* ХХК-ийн талбайн инженерээр ажиллаж байсан бөгөөд ********* ХХК-д ямар материал авах, ямар ажлыг хийж гүйцэтгэх талаар зааварчилж, хийсэн ажлын мот.цаг, хэдэн рейс хайрга, чулуу, элс, шороо авчирч буулгасан, мөн нэгж дүн, нийт үнийг тэмдэглэж байсан, ажил хийж дууссаны дараа хийсэн ажил, нийт үнийг тооцож ********* ХХК-ийн цэцэрлэгт хүрээлэнгийн зам талбайн ажил гэсэн баримтыг ********* ХХК-ийн захирал Х.*********, ********* ХХК-ийн талбай хариуцсан инженер З.********* нар үйлдэж, гарын үсэг зурсан болох нь гэрч З.*********ы мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6.2 Дээрх баримтыг “...ажил гүйцэтгэж дууссаны дараа буюу 2023 оны 09 дүгээр сард баримтанд гарын үсэг зуруулсан. Рейсийн тоог баталгаажуулж, үнэн зөв эсэх дээр нь гарын үсэг зурсан. Үнийн дүнтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй” гэж гэрч З.********* мэдүүлдэг боловч гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, сүүлд гарын үсэг зурсан байсан ч уг хийсэн ажлын мот.цаг, хэдэн рейс хайрга, чулуу, элс, шороо авчирч буулгасан, мөн нэгж дүн, нийт үнийг нэг баримт дээр нэгтгэн бичсэнийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан баримт байна.

 

6.3 Тиймээс нэг баримтад тусгасан рейсийг тоог л гэрч баталгаажуулсан, харин үнийг нь гэрч мэдээгүй, зөвшөөрөөгүй гэж тусгаарлах боломжгүй бөгөөд уг баримтад ********* ХХК-ийн захирал гарын үсэг зураагүй нь ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хийсэн ажлын үр дүн бодитоор бий болсон байна.

 

6.4 Дээрх баримтаар талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, төлөгдсөн дүн, үлдэгдэл төлбөрийг тохиролцон тодорхойлсон, нэгэнт талууд ажлын хөлсний хэмжээг тохиролцон тодорхойлсон тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-д заасныг баримтлан хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан баримтад үндэслэн  хариуцагч ********* ХХК-иас нийт ажлын хөлс болох 32,093,000 төгрөгөөс ажлын хөлсөнд төлсөн 18,500,000 төгрөгийг хасаж, 13,593,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,217,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6.5 Нэгэнт талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг тохиролцсон байгаа учраас тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт болон тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээг харгалзан үзэх шаардлагагүй тул хариуцагчийн “...Гэтэл barilga.mn дээр байгаа үнийн жагсаалттай яагаад харьцуулан үнэлж дүгнэлт хийхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Barilga.mn-д байгаа үнийн жагсаалтыг юу гэж дүгнэсэн талаар огт дурдаагүй орхисон байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Шинжээчийн зардалд 600,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн эсэх талаар хариуцагч маргаагүй, хэрэгт нэхэмжлэгч төлсөн баримт авагдсан, уг ажиллагааг хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн тул шүүхээс хариуцагчаас 600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2., 56 дугаар зүйлийн 56.1., 56.2. дахь хэсэгт нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар  сарын 10-ны өдрийн 312/ШШ2026/00855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.*********ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Т.*********ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225,915 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОЮУНЦЭЦЭГ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР

                                                             ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА