| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 192/2025/07505/И |
| Дугаар | 210/МА2026/01181 |
| Огноо | 2026-05-22 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/01181
|
|
|
*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/02393 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 51,540,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээ цуцалснаас учирсан хохирол 44,532,767 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2025.01.08-ны өдөр байгуулсан тавилгын үйлдвэр эрхлэхээр хамтран ажиллах гэрээгээр тавилгын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас нийлүүлэн үйлдвэрлэл явуулах гэсэн ч тохиргоо нь өнөөг хүртэл бүрэн хийгдээгүй учраас үйлдвэрлэл бүрэн явагдаагүй. Гэрээний 1.9-д А тал буюу ******* нь ажлын байр болон тоног тохөөрөмжийг "Б талд буюу *******д хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө тухайн үйлдвэрлэлийг саадгүй эхлүүлэх боломжтой ажлын байр, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа хэвийн, доголдолгүй байна гэж заасан байсан ч тоног төхөөрөмжийн тохиргоо хийгдээгүйн улмаас бид үйлдвэрлэл эхлэхэд цаг хугацаа алдсан. Туршилтын хугацаанд орсон бага хэмжээний орлогоо ажилтнуудын хоол хүнс, туршилтын үйлдвэрлэлд ашиглагдах материал, цалин, урсгал зардалд зарцуулсан. ******* нь гэрээний 5.6-д "гэрээг цуцлахаас 30-аас доошгүй хоногийн хугацаанд мэдэгдэнэ гэж заасныг зөрчин 2025.06.20-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлээ вайбераар өгч, үйлдвэрийг хааснаас ажил зогсож, үйлдвэрийн ажилтнуудын цалин, дутуу гүйцэтгэсэн захиалгын хохирол үүсээд байна. Иймд хамтран ажиллах гэрээний 3.2-т заасан гэрээний үүргээ биелүүлээгүй 2 хувийн торгуулийг гэрээний 1.3-т заасан хамтын ажиллагааны үнийн дүн 1,477,000,000 төгрөгөөс тооцон 29,540,000 төгрөг, мөн гэрээний 3.3-т зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн дүн болох 19,000,000 төгрөгийн цалин, мөн үйлдвэрийг шууд зогсоосноос үүссэн дутуу гүйцэтгэсэн захиалгын хохирол 3,000,000 төгрөг, нийт 51,540,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******ий гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна, харин ******* их хэмжээний хохирол амссан гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Гэрээний 1.5-д заасны дагуу ******* өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байх газар, гарааш, хувийн сууцыг хамтын үйл ажиллагаанд ашиглуулахаар зөвшөөрсөн. Мөн гэрээний хавсралтаар тавилгын үйлдвэрлэлд ашиглах 13 нэр төрлийн 480,000,000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг *******д бүрэн хүлээлгэн өгсөн. ******* гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хамтран ажиллах хугацаанд үйл ажиллагааны зардалд түрээс, ажилтнуудын цалин, цахилгаан хангамж, ******* интернэтийн төлбөр, үйлдвэрлэлийн зүсвэр болон бусад зардалд 23,366,100 төгрөгийг зарцуулсан. Гэтэл ******* нь гэрээний 2.3-т зааснаар компанийн үйл ажиллагааг дангаар хариуцах үүрэг хүлээсэн ч гэрээний 2.4-т Б тал нь энэхүү гэрээний дагуу компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тогтмол хөтөлж, улирал тутамд А талд тайлагнах, 2.8-д Нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг сар тутамд талуудад хувьцааны хэмжээгээр хуваарилан ашиг хүртээнэ, 2.10-т А тал нь тоног төхөөрөмж, үйлдвэрийн байрыг ашиглуулсны төлбөрт эхний гурван сард сар бүр 3,000,000 төгрөг, дөрөв дэх сараас эхлэн сар бүр 5,000,000 төгрөг авна гэсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээ байгуулаад 6 сар өнгөрсөн ч гэрээнд заасан тайланг нэг удаа ч танилцуулаагүй, тоног төхөөрөмж, үйлдвэрийн байр ашиглуулсны төлбөр төлөөгүй, мөн ашиг хуваарилах үүргээ огт биелүүлээгүй нь гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэ талаар ******* нь гэрээ цуцлах талаар удаа дараа уулзалтын үед амаар мэдэгдэж, харилцан тохиролцож, үүнийг баталгаажуулан хамгийн сүүлд 2025.06.20-ны өдөр мессежээр мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл ******* нь гэрээг дүгнэж, зөвшилцөхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд гэрээний 2.10-т зааснаар тоног төхөөрөмж, үйлдвэрийн байрыг ашиглуулсны төлбөрт 2025.01.08-ны өдрөөс 04.08-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд 9,000,000 төгрөг, мөн 04.08-ны өдрөөс 06.20-ны өдөр хүртэл 2 сар 12 хоногийн хугацаанд 12,166,667 төгрөг, нийт 21,166,667 төгрөг болон гэрээний явцад гаргасан үйл ажиллагааны зардал 23,366,100 төгрөг, нийт 44,532,767 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Гэрээний 1.9-д зааснаар ******* нь тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хэвийн, доголдолгүй байдлаар хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Би ажлаасаа гарч ойрын таван жилийн хугацаанд тавилгын үйлдвэр байгуулж хамтран ажиллах зорилго тавьсан байсан учраас гэрээний хугацааг 5 жилээр, хэн нэг нь үүргээ зөрчвөл гэрээний 3-р зүйлд зааснаар хариуцлага хүлээхээр хатуу заалт оруулж, хоёр тал зөвшилцсөн. Үйлдвэрийн тоног төхөөрөмж хэвийн болоогүй ба *******д 2025.06.19-ний өдөр "хамтран ажиллахаа больё" гэсэн атлаа 2025.06.20-ны өдөр үйлдвэрийн хаалганы голыг сольж намайг орох, гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болгосон бөгөөд гэрээний 5.6-д заасан аргыг хэрэглээгүй. *******н гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд үйлдвэрийг хэвийн болгох үүргээ биелүүлээгүй байж хамтран ажиллах үйл явцад гэрээний 1.3.1-д заасан үүргээ биелүүлэх зорилгоор мөнгөн хөрөнгө гаргаснаа нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. ******* үйлдвэрийн тохиргоог хэвийн болгохын тулд цалин, цахилгаан, интернэт зэргээ өөрөө гаргадаг байсан ба энэ нь хэрэглээний л зардал байсан юм гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч *******гаас 29,540,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 24,386,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс 6,470,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, үлдэх 38,062,767 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 352.470 төгрөг, хариуцагчийн төлсөн 380,614 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******гаас 187,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
6.Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоогоогүй, талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үндэслэлгүй дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэг. Гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон тухайд
Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан Хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлсон нь хэргийн баримт, хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна. Тодруулбал, талууд 2025.01.08-ны өдөр байгуулсан 1 тоот хамтран ажиллах гэрээгээр зөвхөн хамтран ажиллах ерөнхий тохиролцоог хийгээгүй, харин шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулах, түүний хүрээнд үйл ажиллагаа явуулахаар нарийвчилсан зохицуулалтыг тусгаж, гэрээний 2-р бүлэг нь компанийг үүсгэн байгуулахтай холбоотой харилцааг зохицуулсан ба 2.3-т талууд компанийн хувьцааг 60:40 харьцаатайгаар эзэмшихээр заасан. Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 -т зааснаар талууд компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж 2025.01.13-ны өдөр ******* ХХК- ийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн энэ нь дээрх гэрээ хэрэгжиж эхэлснийг нотолно. Хамтран ажиллах гэрээний зорилго нь компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт, ашиг хуваарилалт нь компанийн түвшинд хэрэгжихээр тохирох байсныг тодорхойлж байна. Гэтэл шүүх хамтран ажиллах гэрээний нөхцөлд компанийн өөрийн хөрөнгө, нийт хувьцаа, хувьцааны нэг бүрийн үнийг тодорхойлоогүй гэсэн үндэслэлээр тус гэрээг Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан урьдчилсан нөхцөл нь талууд хуулийн этгээд байгуулаагүй, байгуулах зорилгогүй байх явдал юм. Гэтэл талууд хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулсан, энэ гэрээгээр хувьцаа эзэмших харьцаа, ашиг хуваарилах зарчим зэргийг зохицуулж, бусад харилцааг компанийн дүрэмд нийцүүлэн шийдвэрлэхээр 2.14-т заасан байхад шүүх дээрх байдлаар дүгнэсэн нь хуулийн агуулга, хүрээг харгалзан үзээгүй байна.
Хоёр. Хүлээлгэн өгсөн хөрөнгийг буруу субъектэд хамааруулан тодорхойлсон тухай:
Шүүхийн шийдвэрийн 5-д тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь хэргийн баримт, тохиролцоонд нийцээгүй, буруу дүгнэлт болсон. Талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд уг хөрөнгийг хувь этгээдийн хувийн хэрэгцээнд шилжүүлээгүй, шинээр үүсгэн компанийн үйл ажиллагаанд ашиглан орлого олж, ашиг хуваарилахад чиглэгдсэн байна. Гэрээний 2.3-т зааснаар ******* нь компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан ба Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан захирлын хувьд хөрөнгийг шилжүүлсэн мэтээр дүгнэх нь гэрээнд нийцээгүй байна.
Гурав. Нэхэмжлэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, гэрээнд харилцан тохиролцсон хөрөнгийг оруулаагүй тухай:
Хамтран ажиллах гэрээний 1.3-т Хамтын үйл ажиллагааны нийт дүн 1,477,000,000 төгрөг байна. Шаардагдах, хөрөнгийн эх үүсвэрийг талууд дараах байдлаар харилцан гаргана. 1.3.1 А тал: Үл хөдлөх эд хөрөнгө: 575,000,000 төгрөг, тоног төхөөрөмж 480,000,000 төгрөг нийт 1,055,000,000 төгрөг, 1.3.2 Б тал: Мэдлэг, ур чадвар, үйл ажиллагаа 422,000,000 төгрөг гэж заасан. Тодруулбал, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг 1,055,000,000 төгрөгөөр, харин нэхэмжлэгч мэдлэг, ур чадвар, үйл ажиллагааг 422,000,000 төгрөгөөр үнэлэн хамтын хөрөнгийг бүрдүүлэхээр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч өөрийгөө гадаадад их сургууль төгссөн, уг чиглэлээр өндөр боловсрол, ур чадвартай, тоног төхөөрөмжийг ажиллуулах ажиллагааг мэргэжлийн түвшинд эзэмшсэн гэж итгүүлсэн нь гэрээний нэг гол агуулга болсон. Гэтэл нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг бие даан ажиллуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой эхлүүлэх чадваргүй байснаас компанийн үйл ажиллагаа явагдахгүй байх шалтгаан болсон. Нэхэмжлэгч нь 422,000,000 төгрөгийн мэдлэг, ур чадвар-ыг нотлох мэргэжлийн үнэмлэх, диплом, туршлагын баталгаа хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийг тус хөрөнгийг оруулсан гэж дүгнэсэн нь хэргийн баримтад тулгуурлаагүй, хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Дөрөв. Нэхэмжлэгч *******ий гэрээний үүргийн ноцтой зөрчил:
Нэхэмжлэгч нь гэрээний 2.3-т зааснаар компанийн үйл ажиллагааг дангаар хариуцах үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний 2.4, 2.8, 2.10-т заасан үүргүүдээ биелүүлээгүй талаар хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулан 6 сар өнгөрсөн ч нэхэмжлэгч нь гэрээнд заасан тайланг хариуцагчид нэг ч удаа танилцуулаагүй, тоног төхөөрөмж, үйлдвэрийн байр ашиглуулсны төлбөр төлөөгүй, мөн ашиг хуваарилах үүргээ огт биелүүлээгүй гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тогтмол хөтөлж, улирал тутамд тайлагнах зэрэг үүргийг биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Тав. Гэрээ цуцлах нөхцөлийг буруу дүгнэсэн тухай:
Анхан шатны шүүх гэрээ цуцлагдсан нөхцөл байдлыг буруу тодорхойлсон. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, хөрөнгө оруулалт, ашиг хуваарилалт, тайлагнал зэрэг үндсэн үүргээ биелүүлээгүй тул хамтын ажиллагаа үргэлжлэх боломжгүй байдал үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд 2025.06.20-ны өдөр илгээсэн гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь нэг талын шийдвэр бус өмнө үүссэн зөрчилт байдал, талуудын харилцан ойлголцлын үр дагавар болохыг анхаарах ёстой. Тухайлбал, 2025.06.16-ны өдөр анх гэрээний төслийг боловсруулсан хуульчийн өрөөнд болсон уулзалтаар талууд хамтын ажиллагааг үргэлжлэх боломжгүй болсныг харилцан зөвшөөрсөн. Иймд 2025.06.20-ны өдрийн мэдэгдэл нь талуудын тохиролцоог баталгаажуулсан баримт тул 30 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагыг хангаагүй гэх нь үндэслэлгүй юм.
Зургаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах шаардлагын тухайд:
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 44,532,767 төгрөгийн шаардсанаас 21,166,667 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар шаардаагүй. Харин гэрээний 2.10-т заасан төлбөрийн үүргийг шаардсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гэрээ цуцалснаас үүдсэн хохирол бус, харин гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байх хугацаанд бий болсон төлбөрийн үүргийн биелэлтийг шаардаж байгаа болно. Гэтэл шүүх уг шаардлагын хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлж, гэрээгээр үүссэн төлбөрийн шаардлагыг гэрээ цуцалснаас үүдсэн хохирол мэтээр тайлбарлан дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Үлдэх 23,366,100 төгрөгөөс 6,470,000 төгрөгийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу хангаж шийдвэрлэсэн. Гэтэл тус төлбөрийг хариуцагчаас гэрээний явцад өөрийн цалин, цахилгаан, интернэт болон бусад үйл ажиллагааны зардалд гаргасан боловч энэ зардлыг төлөх үүргийг хариуцагч гэрээгээр хүлээгээгүй ба үүнийг нотлох холбогдох бүх гэрээ, нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 23,366,100 төгрөгийг хариуцагчид гаргуулахаар шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна.
Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн хангагдаагүй үлдсэн 38,062,767 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: ******* нь тавилга үйлдвэрлэл, дизайн, тавилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн оператор чиглэлээр мэргэшиж, уг салбарт 7 жил ажилласан туршлагатай. *******тай хамтран ажиллахаас өмнө ******* ХХК-д ажиллаж байсан. Зарын дагуу *******тай уулзсан бөгөөд тухайн үед өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж захиалсан өөрийн үл хөдлөх хөрөнгөд буюу өөрийн газар дээр үйл ажиллагаа явуулна, 2025.01.08-ны өдрөөс тавилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлнэ гэж хэлснээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. ******* нь үйлдвэрийн ажил хэвийн болтол чамд цалин өгье, урсгал зардлыг хариуцна, үйл ажиллагаанд оролцохгүй, үйлдвэр хэвийн ажиллаж ашиг олох үед ашгаа хуваая гэсэн. Ингээд талууд хамтран ажиллах гэрээг байгуулахдаа гэрээний 1.1-д хуулийн этгээд үүсгэн байгуулна гэж заасан. Компани байгуулсны дараа хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, 2025.01.23-ны өдөр компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Шүүх хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлтэй дүгнэсэн. Хамтран ажиллах гэрээний агуулга, зорилгод нийцүүлэн, ******* ХХК-ийг үүсгэн байгуулсан.
Хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн асуудлаар гэрээний 1.9-д зохицуулсан ба ******* нь үйлдвэрлэл саадгүй эрхлэх боломжтой ажлын байр, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй. Тоног төхөөрөмж 2-р сард ирэх үед ******* нь англи хэлтэй учраас БНХАУ руу WeChat ашиглан холбогдож, суурилуулахаас эхлэн бүх ажлыг хийж гүйцэтгэсэн нь гэрээнд байхгүй ч хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн мэдлэг, ур чадварыг 422,000,000 төгрөгөөр үнэлэхээр талууд тохиролцож Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан. Анх уулзахад хариуцагч тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй байсан ба хэрэв мэдлэг чадвар нь дутаагүй бол өөрөө ажиллуулах байсан.
Хамтран ажиллах гэрээ иргэдийн хооронд байгуулагдсан. ******* нь *******д тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй нь тоног төхөөрөмжүүд компани бус *******н нэр дээр байгаа. Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчин гэрээнд заасан хөрөнгийг оруулаагүй гэсэн ч ******* нь компани байгуулах үүргээ биелүүлж, үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэхээр гэрээ цуцлагдах хүртэл ажиллаж байсан нь хариуцагчийн тайлбараар нотлогддог. Үйл ажиллагаа тогтворжиж, ашигтай ажиллах хүртэл хугацаа хэрэгтэй ба 2025.02-р сарын сүүлээр тоног төхөөрөмж ирж, үйл ажиллагаа жигдрүүлснээс хойш 3 сарын хугацаа өнгөрөөгүй байхад 2026.06-р сард гэрээ цуцлахаар хэлэхгүй үйлдвэрийг хаасан. Үүний дараа Viber чатаар гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлсэн нь гэрээний дагуу талууд алдагдал болон эрсдэлийг адил хэмжээгээр хүлээнэ.
Хариуцагч 3 сарын хугацаанд 3,000,000 төгрөг авах ёстой гэсэн нь үйл ажиллагаа жигдэрч, ашиг олж эхэлсний дараа болох үйл явдал. Гэтэл үйл ажиллагаа жигдрээгүй, тоног төхөөрөмжүүд суурилагдаагүй байсан тул үндэслэлгүй, ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хохирол шаардах үндэслэлгүй. Хамтран ажиллах гэрээ 5 жилийн хугацаатай байгуулагдсан. Гэрээ цуцлах үндэслэл нь Иргэний хуулийн 470 дугаар зүйлийн 470.9-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаараагүй. Хариуцагч үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэх хугацаа олгоогүй, гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа нэг талын санаачилгаар цуцалсан нь *******ий хувьд 7 жилийн хугацаанд ажилласан ажлаас гарч 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан тул гэрээ цуцлах санал гаргаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирол 51,540,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, гэрээ цуцалсантай холбоотой хохиролд 44,532,767 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүйгээс зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар хийсэн эрх зүйн дүгнэлт нь хуульд нийцээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.Талуудын хооронд 2025.01.08-ны өдөр байгуулсан 1 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ээр ******* нь тавилгын үйлдвэрлэлийн зориулалттай 12 нэр төрлийн тоног төхөөрөмж, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд орших газар, тус газар дээрх гараашийн зориулалттай сууцыг 1,055,000,000 төгрөгөөр, ******* нь өөрийн мэдлэг, ур чадвар, мэргэжлийн үйл ажиллагааг 422,000,000 төгрөгөөр тус тус үнэлэн хөрөнгө оруулж, компани байгуулан тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 5 жилийн хугацаатай явуулахаар тохиролцжээ. Уг үйл ажиллагааг ******* хариуцан ажиллах, ******* зөвлөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр гэрээнд заажээ.
Улмаар талууд тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэл бүхий ******* ХХК-ийг мөн өдөр үүсгэн байгуулж, компанийн зарласан 1,500 ширхэг энгийн хувьцаанаас ******* 60 хувийг, ******* 40 хувийг тус тус эзэмшсэн, гүйцэтгэх удирдлагаар *******ийг томилж, компаниа 2025.01.13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Зохигч тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд явуулсан талаар маргаагүй байна.
5.Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний онцлог нь талууд ашиг олох тодорхой зорилгын хүрээнд хамтран ажиллах нь хуулийн этгээдийн аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд ашиг олох зорилгыг агуулахгүйгээр хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэгт оршино. Зохигчийн хувьд компани байгуулан хамтран ажиллахаар гэрээгээр тохиролцож, хамтын үйл ажиллагааны хөрөнгө оруулалт, түүний хувь хэмжээг тохиролцон, компанийн үйл ажиллагааг хэн нь удирдан явуулах, үйл ажиллагааны явцад бий болсон орлогыг хэрхэн хуваарилах талаар тохиролцсон нь Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан хамтран ажиллах гэрээнд хамаарна.
Зохигч гэрээндээ компанийн өөрийн хөрөнгө, хувьцааны үнэ зэргийг тусгаагүйг компани байгуулан хамтран ажиллах хүсэл зоригийн илэрхийлэл хангалтгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ гэрээний 1.1, 1.3, 2.2, 6.1-д заасан тохиролцоог анхаараагүй байна. Талуудын худалдан авах хувьцааны төрөл, нэгж хувьцааны зарласан тоо, нэрлэсэн үнэ зэргийг гэрээнд нэг бүрчлэн тусгаагүй нь гэрээний талуудын хүсэл зоригийг үгүйсгэхгүй, зохигч байгуулсан компанийн дүрмээр энэ асуудлыг шийдвэрлэжээ. Гэрээний нөхцөл ерөнхий байсан нь уг гэрээг Иргэний хуулийн хамтран ажиллах гэрээ гэж гэрээний зорилгыг өөрчлөх үндэслэл болохгүй юм.
Компани үүсгэн байгуулахаар байгуулсан хамтран ажиллах гэрээ нь компани үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй ба хувьцаа эзэмшигчид компанийн дүрэмд зааснаас гадна үүсгэн байгуулах гэрээгээр тодорхой эрх, үүргийг харилцан хүлээхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан шаардах эрхийг үүсгэсэн гэж үзэхээр байна. Иймд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээгээр шийдвэрлэхгүй тул шүүх зохигчийн маргаанд хамааралгүй хуулийг баримталсныг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
6.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбоотой гэрээг цуцлах нөхцөлд нөгөө талдаа 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх тухай гэрээний 5.6-д заасныг хариуцагч зөрчин гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид 2025.06.19-ний өдөр мэдэгдэж, 20-ны өдөр үйлдвэрийн байрыг хаасан нь мөн гэрээний 3.2-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч 29,540,000 төгрөгийн торгууль төлүүлэхээр шаардсаныг шүүх хангаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагчаас уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Зохигч 2025.06.16-ны өдөр хуульчийн оролцоотой уулзалт хийх үед гэрээний 5.5-д зааснаар гэрээг цуцлахаар талууд тохиролцсон тухай тайлбараа хариуцагч нотлоогүй байх тул үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон хариуцагчийн үйлдлийг гэрээний дагуух үйл ажиллагаа гэж үзэхээргүй байна. Энэ тохиолдолд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой өөр шаардах эрх байж болох хэдий ч гэрээний 3.2-т заасныг үндэслэн хариуцагчаас торгууль төлүүлэхээр шаардах эрхийг үүсгэхгүй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгууль нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгыг агуулдаг.
Иймээс анхан шатны шүүх хариуцагч *******гаас 29,540,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Хариуцагч нь гэрээний хэрэгжилтийг хангахтай холбоотой компанийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан 23,366,100 төгрөгийг, гэрээний 2.10-т зааснаар тоног төхөөрөмж, үйлдвэрийн байрыг ашиглуулсны төлбөрт 21,166,667 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаарджээ.
Зохигч хамтран ажиллах гэрээний 2-р зүйлээр компани үүсгэн байгуулахтай холбоотой зарим харилцаа-г зохицуулжээ. Энэ зүйлд зааснаар ******* ХХК-ийг өргөжүүлэх, аливаа эрсдэлээс сэргийлэх, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг зорилгоор компанийн үйл ажиллагааны ашгаас хуримтлалын сан үүсгэж, ашгаас хуримтлалын санд шилжүүлсний дараах мөнгөн хөрөнгөөс сар тутамд хувьцаа эзэмшигчдэд эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр ашиг олгохоор заажээ. Энэ нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан ногдол ашиг хуваарилах журмыг заасан бус, харин компанийн цэвэр мөнгөн гүйлгээний орлогоос талууд сар тутамд эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр орлого хуваан авахаар тохиролцсон гэж үзэхээр байна.
Хариуцагчийн хувьд энэ зорилгын хүрээнд компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, санхүүгийн бие даасан байдлыг хангах зорилгоор компанийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлсэн бол компанид өр үүсэж, уг зардлыг буцаан төлөх үүрэг компанид үүснэ. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний нөгөө тал болон хамтарсан компанийн гүйцэтгэх захирал болохын хувьд уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан нь өрийг хариуцах үндэслэл болохгүй. Мөн хариуцагч тоног төхөөрөмж, үйлдвэрийн байрыг ашиглуулсны төлбөрт 21,166,667 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсаныг гэрээний 2.10-т заасны дагуу нэхэмжлэгч бус компани хариуцан төлөх үүрэгтэй байна.
Гэхдээ дээрх төлбөрийн хувьд компани үйл ажиллагаа явуулж олсон орлогоосоо хуримтлал үүсгэн ашигтай ажилласан нөхцөлд дээрх төлбөрийг хувьцаа эзэмшигчид төлөхөөр байх бөгөөд хариуцагч нь энэ үндэслэлээр компанийн ашгийг нэхэмжлэгч гэрээний үүргээ хуваарилаагүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг нэхэмжлэгч хариуцахгүй, компанийн орлогоос санхүүжүүлнэ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байх тул сөрөг нэхэмжлэлээ хангуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8.Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 6,470,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ уг мөнгөн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэжээ. Хариуцагч компанийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан 23,366,100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан байхад уг шаардлагаас шүүх 6,470,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь хэргийн байдал нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь хариуцагч энэ агуулгаар шаардлага гаргаагүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлохоор шүүхэд гаргаж, хавтаст хэргийн 50-90 дэх талд авагдсан баримтыг компанийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлсэн баримтууд гэж тайлбарласан байна.
Гэвч энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй учир анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцэх ба гомдол гаргасан талын эрх зүйн байдыг шүүх дордуулахгүй.
9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлоос үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах гомдлыг хангаж, сөрөг нэхэмжлэлээ хангуулах гомдлыг нь хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/02393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-гаас 51,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ээс 6,470,000 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлээс 38,062,767 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ...хариуцагч *******гаас 187,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай... гэснийг нэхэмжлэгч *******ээс 118,470 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,264 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЭНЭБИШ