Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 814

 

 

 

 

 

 

 

 

 

   2019        09         12                                      2019/ШЦТ/814

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: П.Эрдэнэбаатар;

өсвөр насны шүүгдэгч: Б.Намсрай, түүний хууль ёсны төлөөлөгч О.Даваажав,

шүүгдэгч Б.Жаргал, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лопсан овогт Буянгийн Жаргал, Бэсүүд овогт Баасанбатын Намсрай нарт холбогдох эрүүгийн 1909002490681 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Оросын Холбооны Улсын иргэн, Монгол Улсад оршин суух үнэмлэхтэй, 2001 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “РАЗ энтертаймент” олон улсын байгууллагад зураглаач ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 21 дүгээр байрны 37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЮД01252418 регистерийн дугаартай, Лопсан овогт Буянгийн Жаргал;

 

2. Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4-37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УХ02272457 регистерийн дугаартай, Бэсүүд овогт Баасанбатын Намсрай.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Жаргал нь Б.Намсрайтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 15 дугаар байрны ард хохирогч Б.Гүнбилэгийг түүний найз Н.Баясааг хажуугаар мөрлөж гарсан гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар руу нь өшиглөж, хамрын ясны хугарал буюу хөнгөн хохирол учруулсан,

өсвөр насны яллагдагч Б.Намсрай нь Б.Жаргалтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 15 дугаар байрны ард хохирогч Б.Гүнбилэгтэй түүний найз Н.Баясааг хажуугаар мөрлөж гарсан гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар руу нь мөргөж, хамрын ясны хугарал буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жаргал мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Намсрай мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны хохирогч Б.Гүнбилэг /хх-ийн 24/, гэрч Б.Чинзориг /хх-ийн 25/, Б.Цэнгэл /хх-ийн 28-29/, Д.Уранжаргал /хх-ийн 32-35/, Б.Энхзаяа /хх-ийн 35/, Б.Баатар /хх-ийн 36/, О.Давааав /хх-ийн 37/, Х.Төмөрхүү /хх-ийн 38/, Х.Төмөрбат /хх-ийн 39/, О.Баясгалан /хх-ийн 40/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1405 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 41/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 46-50/, өсвөр насны шүүгдэгч Б.Намсрайн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 69-78/, шүүгдэгч Б.Жаргалын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 81-90/, Б.Гүнбилэг /хх-ийн 93, 138/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Намсрай, Б.Жаргал нар нь “хажуугаар зөрөхдөө мөрлөж гарсан” гэж шалтаглан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах 15 дугаар байрны орчим арван найман насанд хүрээгүй Б.Гүнбилэгийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Гүнбилэгийн /хх-ийн 10-13/: “... Манай найз Баясаа тэр хүүхдүүдийн хамт явж байсан эмэгтэй найзыг нь шүргэснээс болж хэрүүл маргаан болсон. ...Би зогсож байтал Намсрай гэх хүүхэд ирээд миний хамар руу мөргөсөн. Миний хамраас цус гараад тонгойгоод байж байтал нэг найз нь ирээд “наад хүүхэд чинь хамаагүй” гээд Намсрайг аваад явсан. Би тэндээ тухайн үед цусаа гоожуулаад байж байхад Намсрай ирээд “эр хүний ёсоор чамд алчуур өгч байна шүү аваарай” гэсэн. Би “авахгүй” гэхэд “уурлаад байгаа бол намайг оронд нь нэг цохичих” гэсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ, би ээжийгээ дуудлаа” гэхэд тэр хэд тэндээ зогсоод үлдсэн. Чинзориг, Цэнгэл нар над дээр ирээд “чи одоо яамаар байгаа юм бэ” гэхээр нь “та нар яв, би одоо ээжийгээ дуудлаа” гэсэн. Чинзориг нь миний бөгс рүү өшиглөөд “лай болоод байх юм” гээд түлхээд байсан. Тэгтэл цаанаас нь Жаргал нь гүйж ирээд миний хамар руу өшиглөчихөөд цаашаа хар машинд суугаад явсан ...” гэх мэдүүлгээр,

 

арван найман насанд хүрээгүй гэрч Б.Чинзоригийн /хх-ийн 25/: “... 15 дугаар байрны хойно очоод Жаргал хувцсаа тайлсан. Намсрай Гүнбилэгийг мөргөсөн. Гүнбилэг хамраа бариад цаашаа суухаар нь би очоод “миний хөгшин явчих тэгэх үү” гэтэл явахгүй суугаад байсан. Сууж байх үед нь Жаргал ирээд нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлгээр,

 

 арван найман насанд хүрээгүй гэрч Б.Цэнгэлийн /хх-ийн 28-29/: “... Жаргал тэр хоёр муудалцаад байж байтал Гүнбилэгийг Намсрай очоод нүүр рүү нь нэг удаа мөргөсөн чинь Гүнбилэг хамраа дараад тонгойсон. ... Хамгийн эхлээд Намсрай мөргөсөн. Гүнбилэг Намсрайд мөргүүлчихээд цааш тонгойгоод байж байтал Жаргал ирээд нүүр рүү нь өшиглөсөн...”  гэх мэдүүлгээр,

 

Б.Жаргалын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-5/: “... Манай эмэгтэй найзыг мөрлөсөн хүүхдийг би алгадсан. Тэгээд зодоон эхэлсэн. Би Гүнбилэгийн хамар руу нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,

 

Б.Намсрайгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8-9/: “... 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би найзуудтайгаа хамт цахим тоглоомын газарт байж байхад Чинзориг ирээд “гаръя” гээд хамт гарсан. Би түүнээс “Жаргал дээр очсон уу” гээд юу болсон талаар асуухад “Уранжаргалыг нэг хүүхэд мөрлөөд гарсан. Тэгээд жоохон маргалдсан юм” гэсэн. ...Жаргал тэр залууг 15 дугаар байрны ар руу дагуулаад очсон. Би Гүнбилэгийг нэг удаа хамар руу нь мөргөсөн...” гэх мэдүүлгээр,

 

 Б.Гүнбилэгийн биед “хамрын ясны хугарал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1405 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 41/,

 

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн /хх-ийн 50/: “...Уг гэмтэл нь мөргөх, өшиглөх хоёрын аль альнаас нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлгээр болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

              Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Жаргал, Б.Намсрай нар үйлдлээрээ нэгдэж, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг бүлэглэн зодож хөнгөн гэмтээсэн тэдний гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

              Шүүгдэгч Б.Намсрай, Б.Жаргал нарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Гүнбилэг, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Энхзаяа нарын  “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн нь хавтаст хэргийн 93, 138 дугаар талуудад авагдсан байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Намсрай нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Жаргал. Б.Намсрай нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Б.Жаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор заасан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн өсвөр насны шүүгдэгч Б.Жаргалыг хянан хүмүүжүүлэхдээ хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэв.

 

Харин шүүгдэгч Б.Жаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаргал нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Шүүгдэгч Лопсан овогт Буянгийн Жаргал, Бэсүүд овогт Баасанбатын Намсрай нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Намсрайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаргал торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Намсрайд ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Намсрайд хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурьдсугай.

 

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Намсрай, Б.Жаргалд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ