Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2026/00024

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 307/ШШ2026/00317 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Арилжааны гэрээнүүд, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг буцааж шилжүүлэхийг даалгах, түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоог хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах болон хохирол 324,000,000 төгрөг гаргуулах тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

            1.1. ...******* миний бие өөрийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 000******* тоот гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 баг, ХААИС-ийн баруун урд талд байрлах, үйлчилгээний зориулалттай, 300 мкв талбайтай объектыг иргэн *******д түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Надад зайлшгүй мөнгөний хэрэг гарсан тул түрээсийн төлбөрөөс 50,000,000 төгрөгийг бөөнд нь авах хүсэлтийг тавьсан. ******* нь надад уг мөнгө бэлэн байхгүй гэсэн. Харин хэсэг хугацааны дараа чи объектоо миний нэр дээр шилжүүлчихвэл би 50,000,000 төгрөгийн зээл авч түрээсийн төлбөрийг өгөх боломж байна гэсэн. Ингээд бид ярилцаж уг аргаар нь зээл авхуулахаар болсон. Уг зээлийг төлж барагдуулмагц миний объектыг надад буцааж шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Ингээд 2016 оны 10 сарын 20-ны өдөр Арилжааны гэрээ байгуулж өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн нэр дээр шилжүүлж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшилд байсан газрын 300,0 мкв талбайг мөн *******ийн нэр дээр шилжүүлсэн. Энэхүү арилжааны гэрээний үнэлгээг 20,0 сая төгрөгөөр тогтоож барилгын материал оролцуулахаар бичсэн хэдий ч бодит байдал дээр ийм нөхцөл огт хэрэгжээгүй.

Бидний хоорондын жинхэнэ тохиролцоог мөн баримтжуулж Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ-г 3 жилийн хугацаагаар байгуулсан. Мөн ******* нь банкад 20,000,000 төгрөгийн гэрээ өгч зээл авч болохгүй байна, үнийн дүнгээ өсгөх, зах зээлийн үнэтэй ойролцоо байдлаар оруулах хэрэгтэй гэсний дагуу түүний хүсэлтээр 350,0 сая төгрөгийн үнийн дүнтэйгээр 2016 оны 11 сарын 16-ны өдрийн Арилжааны гэрээг албан бус байдлаар, нотариатын бүртгэл, архивт оруулахгүйгээр, огноо хугацааг нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өмнөх арилжааны гэрээтэй давхардуулсан байдлаар үйлдэж өгсөн. Эдгээр баримт бичгийг ашиглан ******* нь Худалдаа хөгжлийн банканд уг үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалж, дээрх ярьсан нөхцөлийн дагуу 50,000,000 төгрөгийг надад авч өгсөн. Би тухайн зээл болон зээлийн хүү болох нийтдээ 77,200,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөсөө тооцож, *******д бүрэн төлж барагдуулсан боловч ******* нь миний объектыг надад шилжүүлж өгөхгүй байсан. Гэтэл тэрээр миний зөвшөөрөлгүйгээр миний хөрөнгийг барьцаалж өөртөө зээл авч ашиглаж байсныг би дараа нь мэдсэн.

...миний бие эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үндэслэлгүйгээр буруутгагдан шалгагдаж, улмаар 105 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдож сэтгэл зүйн гэмтэл авч, сэтгэлийн шаналалд өртсөн бөгөөд ******* нь миний өмч хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байдлаа ашиглан цаашид түрээсийн ч төлбөр өгөлгүйгээр ашиглаж байх, буцаан өгөхгүй байх, түрээсийн гэрээ байгуулагдаагүй мэтээр, жинхэнэ өмчлөгч мэтээр дураараа аашлах зэрэг эрсдэлтэй нөхцөл байдалтай энэ бүх үйл явдал зэрэгцэн гарч ирж, миний хувьд тухайн үед мөнгөний шаардлага угаас их байсан тул өмчлөгчийн хувьд юутай ч түрээсийн гэрээний дагуу л үнэн бодит байдал дээр *******ийн нэр дээр өмч шилжсэн болохыг баталгаажуулж авах нь хамгийн чухал болсон.

******* нь өөрөө л авахгүй бол өөр боломжит худалдан авагч нарт шилжүүлэх боломжийг олгохгүй байсан тул аргагүйн эрхэнд 2019 оны 11 сарын 04-ний өдөр *******тэй байгуулсан ажлын байр түрээслэх гэрээг дуусгавар болгож, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр *******д худалдахаар тохиролцсон гэх агуулгатай баримтыг үйлдэж түүнээс 150,0 сая төгрөгийг хэд хэдэн удаагийн гүйлгээгээр хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 2 жилийн дотор график гарган төлж дуусгах утгатай нөхцөлийг оруулсан.

...*******ийн хувьд тухайн 2019 оны тохиролцоо гэх баримтыг үйлдэхдээ түүний сэдэл, хандлага нь намайг аргагүй байдалд оруулж байгаад үнэ цэнэ бүхий хөрөнгийг хямдхан үнээр өөрийн болгож чадлаа гэж бодож байсан гэж харагддаг. *******тэй хийсэн 2019 оны тохиролцоо гэх баримт бичиг нь хууль тогтоомжид заасан бүхий л шаардлагыг илтэд зөрчсөн бөгөөд хэзээ ч миний хүсэл зорилгын илэрхийлэл байгаагүй бөгөөд энэ нь мөн л урьд өмнө зөвхөн зээл авах зорилготой дүр үзүүлсэн арилжааны хэлцлүүдэд үндэслэсэн байсан нь маргаангүй нотлогддог.

Нотариатч ******* нь 2019 оны 11 сарын 04-ний өдөр гарын үсгийн үнэн зөв үйлдлийн төрлөөр Түрээсийн гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоо хэмээх баримт бичгийг гэрчилсэн. Нотариатын тухай хуульд зааснаар 46.2 Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална, 46.2.1 талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, 46.2.2 бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, 46.2.3 агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4 үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх үүргийг нотариатч үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах агуулгатай аливаа гэрээ хэлцэл гэрчлэх тохиолдолд хүлээхээр байгаа бөгөөд үүнийг гарын үсгийн үнэн зөвийн төрлөөр орлуулан үйлдэл хийх эрх нотариатчид олгогдоогүй.

Гэвч тухайн үйлдлийг хийхдээ нотариатч энэхүү зохицуулалт, хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй буюу ******* нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй байгаа хөрөнгийг өрөөл бусдаас худалдан авч байгаа утгатай хууль бус баримт бичгийг гэрчилсэн нь нотариатын тухай хууль тогтоомжид нийцээгүй.

...үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл нь гэрээ, хэлцлийн дотор агуулга, хэлбэрийн хувьд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагууд үйлчилдэг, тэдгээрийг дурдвал бичгээр хийгдсэн байх нотариатчаар (гарын үсэг үнэн зөв гэрчлэх үйлдлийн төрлөөс бус) гэрээ, хэлцлийн үнэн зөвийг гэрчлэх үйлдлийн тодорхой төрлөөр гэрчлэгдсэн байх, улсын бүртгэлд бүртгэгдсэний үндсэн дээр өмчлөх эрх шилжих, түүнчлэн худалдах худалдан авах гэрээний дагуу шилжих тохиолдолд, Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг, тодруулбал (1) өөрийн хууль ёсны өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгийг бусдад худалдах замаар шилжүүлэх, (2) хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан эрхтэй холбоотой шилжилт хийгдэх зэргээс ангид эрхийн доголдолгүй байх, (3) гэрээний гол нөхцөл болох үнэ, төлбөрийг, түүнчлэн гэрээтэй холбоотой харилцааны бүхий л үе шатанд Иргэний хуульд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим хангагдах, дээр дурдсан Нотариатын тухай хуульд зааснаар 46.2.1 талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан, 46.2.2 бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, 46.2.3 агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4 үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг гэрээний үнэн зөвийг гэрчлэх төрлийн үйлдэл хийхдээ нягтлан шалгасан байх шаардлагууд үйлчилдэг. Энэ нь мөн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 06 сарын 22-ний өдрийн Улсын дээд шүүхийн 17 дугаар тогтоолд тайлбарласнаар Энэ зүйлийн 42.4-т заасан бусад этгээд гэдэгт тухайн хэлцлийг гэрчлэх (гэрээний үнэн зөв үйлдлийн төрлөөр) хуулиар бүрэн эрх олгогдсон этгээдийг (нотариат) ойлгоно гэж заасантай нийцдэггүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах аливаа хэлцэл нотариатчаар зохих журмын дагуу гэрчлэгдсэн байх, улмаар тухайн хэлцэл нь улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага нь үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах (шинээр хийгдэх, үүргийг нэмж нэгтгэх, солих г.м) бүхий л төрлийн хэлцэлд үйлчилж болох талаар Улсын дээд шүүхийн дээрх тайлбар хүчин төгөлдөр байна. Иймд Нотариатын тухай хууль тогтоомж зөрчсөн дээрх үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2016 оны 10 сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үндэслэл болсон Арилжааны гэрээ, мөн өдөр 000 дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг, мөн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 2004 дугаарт бүртгэлтэй Арилжааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар дүр үзүүлсэн, өөр хэлцэл буюу түрээсийн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу, түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоог Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2019 оны 11 сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоог 305 дугаарт гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Өөр өөр газарт оршин суугаа (оршин байгаа) хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа (оршин байгаа) газрын шүүхэд гаргана гэж заасан, мөн нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагууд салшгүй харилцан хамааралтай, түүнчлэн Улсын дээд шүүхийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 001/ХТ2021/01520 дугаартай тогтоолоор урьд уг хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг мөр тодруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй талаар дүгнэгдсэн тул аль нэг хариуцагчийн хаягийн дагуу харьяаллын шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргалаа. Энэхүү хэрэг нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдээгүй болно гэжээ. / 1-р х.х-ийн 1-3 дугаар хуудас /

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч *******д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах үл хөдлөх эд хөрөнгө газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх эрхийг даалгах, түрээсийн гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоог хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох зэрэг дээрх нэхэмжлэлийн шаардлага дээр 2019 оны 01 сараас эхлэн 2025 оны 12 сарын 01 хүртэл хугацаа буюу 72 сарын барилгын сарын түрээсийн төлбөр 4,500,000*72 сар=324,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. /3-р х.х-ийн 69 дүгээр хуудас/

2. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ы шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

...Иргэн *******ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас 2019.11.04-ний өдрийн №305 дугаартай түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоог гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2019.11.04-ний өдөр иргэн *******, ******* нар нь талуудын хооронд 2016.11.01-ний өдөр 5 жилийн хугацаатайгаар байгуулагдсан Түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар нотариатчийн ажлын байранд ирсэн.

Тухайн үед талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон байсан бөгөөд талууд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул тооцоо нийлээд гэрээг дуусгавар болгож байгаагаа илэрхийлсэн.

Харин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн ******* нь *******ийн нэр дээр шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлэхдээ төлбөрийг төлөөгүй бөгөөд үүнийгээ одоо төлөхөөр талууд харилцан тохиролцсон тухайгаа илэрхийлсэн.

Талууд нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр төлөөгүй байхад шилжүүлсэн бөгөөд одоо төлбөрийг нь нөхөн төлөх гэж буй тухайгаа харилцан тохиролцсон, энэ талаар маргаагүй, талуудын хооронд 200 сая төгрөгийг төлөхтэй холбоотой харилцаа үүссэнийг баримтжуулах шаардлага үүссэн тул талуудын хүсэл зоригт нийцүүлэн тухайн тохиролцоог гарын үсгийн үйлдлээр гэрчилсэн.

Нэгэнт өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн тул талууд хоорондоо гэрээ, хэлцэл хийх боломжгүй, иймд энэхүү харилцааг гарын үсгийн үйлдлээр гэрчлэх талаар талуудад тайлбарласан бөгөөд талууд харилцан зөвшөөрсөн тул энэхүү үйлдлийг гэрчилсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...хэрвээ гэрээ, хэлцэл байсан бол... гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хөтлөх зааврын зүйл, заалтыг иш татсан нь үндэслэлгүй байна.

Учир нь энэхүү үйлдэл гарын үсгийн бүртгэлд авагдаж, Гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэв гэсэн баталгааны тэмдэг дарагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад байгаа болно. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10-т баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх нь нотариатын үйлдлийн бие даасан төрөл болохыг тодорхойлсон байдаг. Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлд 44.1 Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ, 44.4 Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсгээ зурна гэж заасан байна.

Нотариатын үйлдэл хийх зааврын 14, 14.1 Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална. Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилнэ, 14.5 Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг, нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь тус тус зуруулна гэж заасан байна.

2019.11.04-ний өдөр иргэн *******, ******* нар нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж, хэн нэгний дарамт шахалтанд авталгүйгээр хүсэлт зоригоо бүрэн илэрхийлэн, тухайн баримт бичигт өөрсдөө гарын үсгээ зурсан. Нотариатчийн зүгээс тэдгээрийн хурууны хээг цахим системд уншуулан хувийн байдлыг нь тогтоож, нотариатын үйлдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлдсэн болно.

2019.11.04-ний өдрийн №305 дугаарт Гарын үсэг гэрчилсэн нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй байх тул нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд иргэн *******ийн 2019.11.04-ний өдрийн №305 дугаартай Түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоог гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р х.х-ийн 51 дүгээр хуудас /

3. Хариуцагч *******ийн шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

3.1. ...Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг үл зөвшөөрч, тэдгээрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү тайлбарыг гаргаж байна.

Тэрээр 2019 оны 11 сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоотой ноцолдохын тулд л тухайн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар хандахдаа тохиролцоог буюу тооцоо нийлсэн акт-ын үндэслэл болсон бусад гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаарджээ. Ингэхдээ Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2.1-46.2.4 дэх заалтуудыг нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлээ болгожээ.

Хуулийн дээрх заалтууд ёсоор бол талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх зэргийг нотариатч нягтлан шалгах ёстой байсан байна.

Тэгэхээр нэхэмжлэгч нь дээрх 4 шаардлагыг зөрчигдсөн болохыг нотлох баримт нэхэмжлэлийн шаардлагадаа хавсаргаж ирүүлээгүй, ирүүлэх баримт ч байхгүй байгаа нь түүний энэ шаардлага хуулийн дээрх заалтуудтай уялдаж чадаж байна уу?, үгүй юу? гэдэгт дүгнэлт өгөх нөхцөлийг бүрдүүлж байна. Нэхэмжлэгчийн ...2016.10.20-ны өдрийн гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг нэгэнт шилжүүлсэн, эд хөрөнгөө алдахгүйн тулд гэсэн ганц үгээр талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх болон бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэхийг тухайн үед нотариатч нягтлаж үзэх нь бүү хэл өнөөдөр ч шүүх тогтооход нэлээд асуудал үүсэх нь ойлгомжтой.

Харин нэхэмжлэгчийн шаардлагын ерөнхий агуулгаас нь хөөж харвал агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, эсхүл үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх гэсэн 2 заалт руу чиглэсэн санаа явж байгаа нь доорх нөхцөл байдлуудаар үгүйсгэгдэнэ гэж үзэж байна.

1-т Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах талаарх үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлэл нь ...мөнгөний хэрэгцээ гарсан тул гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэл, тухайн үед тэрээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, хэрэг нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж байсан баримтууд, мөнгө хүлээн авсан баримт, тухайн үед өөр анхан шатны шүүхээс ял авч хориход байхдаа ээжээрээ дамжуулж надад ирүүлж байсан захиа (эхээр нь хавсаргав), түрээсийн гэрээний хугацаа дуусахаас ч өмнө түрээсийн байрыг бусдад худалдан борлуулахаар гуравдагч этгээдүүдтэй харилцаж байснаас харагдаж байгаа болно.

2-т Нэхэмжлэгчийн үүсэх үр дагаварт бодитой хандаж чадсан эсэх нь:

1. Хүчингүй болгуулах гээд байгаа 2019 оны 11 сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоогоор Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээгээ дуусгавар болгоод,

2. Түрээсийн зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан, 13 багт байрлах 300мкв үл хөдлөх хөрөнгийг иргэн ******* нь *******ээс буцаан шаардахаасаа татгалзахаа илэрхийлж,

3. Ингэснээрээ 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Арилжааны гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрийг нэгэнт шилжүүлсэн хүсэл зоригийн бүрэн илэрхийллээ дахин хүлээн зөвшөөрч,

4. Гэрээнээс үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээний Наймдугаар зүйлийн Түрээсийн гэрээний хугацаа дуусмагц үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний өмчлөгчид маргаангүйгээр буцааж өгнө гэсэн түрээслэгчийн үүргийг Арилжааны гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.4-ийн Зөрүү төлбөр болох 200,000,000 төгрөгийн үүргээр сольж,

5. Энэ үүргээ ...150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөгийг 2019.11.06-ны өдрийн дотор *******ийн ХААН банкны тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 50,000,000(тавин сая) төгрөгийг 2 жилийн дотор графикийн дагуу төлж дуусгахаар харилцан тохиролцсон зэргээс талууд үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандсаныг харуулж байгаа ба харин ингэж бодитой хандаж чадаагүйг харуулах үг, үйлдэл 2019 оны 11 сарын 04-ний өдөр нотариат дээр гаргаж байсан гэдгийг нэхэмжлэгч нотлож, үүнтэйгээ холбоотой баримт гаргаж өгч чадахгүй байгаа нь түүний нэхэмжлэлийн энэ шаардлага нь хэр хууль зүйн үндэслэлтэй байна вэ? гэдгийг бэлээхэн харуулж байгаа бөгөөд харин ч дээрх үйл явдал нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалттай нийцэж байна гэсэн дүгнэлт хийх хангалттай үндэслэл болно.

Ийм болохоор нэхэмжлэгчийн цаад санаа нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж байгаа тохиолдолд нотариатаар гэрчлүүлэх ёстой, энэ тохиолдолд гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх ёсгүй, гэрээний үнэн зөвийг гэрчлэх ёстой гэсэн үндэслэлийг гаргаж ирж байх шиг байна.

...Нэхэмжлэлийн шаардлага нь түрээсийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээний алинд нь үндэслээд байгаа нь ялгагдаж, талуудын хооронд хэдийн түрээсийн гэрээний харилцаа байсан, гэрээний үүрэг хэзээ дуусгавар болсон, түрээсийн гэрээний дагуу биелэгдээгүй үүрэг байгаа эсэх нь тодорч, түрээсийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээний хоорондын харилцаа холбооноос үүссэн талуудын хүсэлт зоригийн өөрчлөлтөд дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл гарч ирнэ гэж үзэж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээс дүгнээд үзвэл талууд:

1. 2016 оны 10 сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-ийн Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэсэн заалтын дагуу,

2. Ү-******* дугаартай, Дархан-Уул ,Дархан, 13 багт байрлах 300 мкв үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өнөөдрийн нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******д шилжүүлснээр,

3. Уг гэрээний Гуравдугаар зүйлийн 3.9-д заасанчлан тухайн гэрээ хүчин төгөлдөр болж,

4. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-д зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгө *******ийн өмч болсноос хойш,

5. Өмнөх өмчлөгч түүнийгээ бусдад дахин шилжүүлэх эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй тул,

6. Үүнээс хойш Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсгийн Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэсэн заалт ёсоор,

7. Нэгэнт өмчлөх эрхийг шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнийн зөрүүг,

8. Арилжааны гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.3 дахь заалтын дагуу 200,000,000 төгрөгөөр тохиролцсон нь,

9. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-ын Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно, 198.5-ын Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна, 198.6-ын Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ...зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн заалтуудыг үндэслэж,

10. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр илэрхийлсэн гэж үзнэ гэсэн заалтуудыг удирдлага болгон *******ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ. / 1-р х.х-ийн 56-57 дугаар хуудас /

3.2. Хариуцагч ******* нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2019 оны 11 сараас эхлэн 2025 оны 12 дугаар сарын 1 хүртэл хугацаа буюу 72 сарын барилгын сарын түрээсийн төлбөр 4,500,000х72сар=342,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэсэн Хүсэлтийг танай шүүхэд ирүүлжээ.

Энэ нь хуульд заасан хэлбэрээсээ эхлээд нэхэмжлэл гэж үзэхэд учир дутагдалтай, нэхэмжлэлийн бүрдүүлбэр ч хангагдаагүй хүсэлт байгаа болохоор шүүх хүлээн авч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу... шийдвэрлэх ч хууль зүйн боломжгүй юм. Би өмнө нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоо-той ноцолдохын тулд л тухайн гэрээг ...гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах...-аар хандахдаа энэ тохиролцоог буюу тооцоо нийлсэн акт-ын үндэслэл болсон бусад гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарласан. Нэгэнт нэхэмжлэгчийн үндсэн шаардлагын хууль зүйн үндэслэл нь өөрөө хэнийг боловч, түүний дотор шүүхийг ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан шаардлагаас хальж болохгүйтэй нийлэхээс өөр гарцгүй болгож байгаа юм.

Мөн түүнчлэн энэ нэмэгдүүлсэн шаардлагаа хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэснээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлоогүй байгаа нь ч энэ нэмэгдүүлсэн шаардлага гэгчийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг бий болгож байна.

Иймд нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэмэгдүүлсэн шаардлага гэгчийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ. /3-р х.х 79 дүгээр хуудас /

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.3, 56.6, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, хариуцагч ******* нарт холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1643 дугаарт бүртгэлтэй Арилжааны гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1642 дугаарт бүртгэлтэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 10 сарын 20-ны өдөр байгуулсан, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2004 дугаарт бүртгэлтэй Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 0 дугаартай газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг *******д даалгах, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоог хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 305 дугаарт гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, гэрээнээс учирсан хохирол 251,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4,604,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 365,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож... шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлын агуулга:

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү.

5.1. Уг хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2021/01520 дугаартай тогтоолоор шийдвэрлэхдээ ХЯНАВАЛ хэсгийн 1 дүгээр заалтаар, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зарим гомдлыг хангаж, ...хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэхдээ, хяналтын шатны шүүхээс маш тодорхой дүгнэлтүүдийг өгсөн...

5.2. Нэхэмжлэгч ******* энэхүү тогтоолын дагуу буюу өөрийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгээр ийнхүү хангагдсаны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ чухам аль хэлцлийг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж буй талаар, аль хэлцэл нь ямар үр дагаврыг үүсгэж буй талаар, өмчлөх эрхээ дүр үзүүлсэн арилжааны гэрээгээр хариуцагчид алдсаны дараагаар өмчлөгчийн хувьд хүсэл зоригоо хэрэгжүүлэх боломжгүй байдал үүссэн нөхцөл байдал, үүнтэй холбоотойгоо хуулийн илэрхий тодорхой заалтууд хэрхэн зөрчигдөж буй талаар дэлгэрэнгүй тайлбарлаж нэхэмжлэлээ гаргасан ба шүүх хуралдаанд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан.

5.3.1. Тодруулбал, хууль зүйн үндэслэлийн хувьд: ...Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2021/01520 дугаар дээрх тогтоолд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг анхаарч, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх нь шүүхийн үүрэг юм. Энэ үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ба энэ нь нь хэрэг хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна, шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах зайлшгүй ажиллагааг хийгээгүй нь диспозитив зарчимд нийцээгүй гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч нь "... миний 300 сая төгрөгийн үнэтэй хөрөнгийг хямдхан үнээр өөрийн болгох зорилгоор, аргагүй байдлыг ашиглан шилжүүлэн авсан...гэж тайлбар гаргаснаас үзэхэд гэрээний үнийн талаар маргасан эсвэл хэлцлийг анхнаасаа хүчин төгөлдөр бус эсвэл хүчин төгөлдөр бусд тооцуулах аль нь болох, нэхэмжлэгч юу хүссэнийг тодруулах нь зүйтэй байжээ хэмээн тодорхой дүгнэж, уг хэргийг шийдвэрлэхэд баримтлах, анхаарах асуудлыг тодорхойлсон байхад эдгээрийг баримтлахгүй, нэхэмжлэлийн үндэслэлийг анхаарахгүй, хуульд нийцсэн эрх зүйн дүгнэлт өгөх үүргийг биелүүлэхгүй алдаа гаргасан гэж үзэж байна.

5.3.2. ...Арилжих гэрээний талаар дүгнэлт өгч байгаад түүнийг шууд газар эзэмших гэрээнд үйлчлэх дүгнэлт болгон өөр өөр гэрээтэй хамаарах шаардлагуудыг хамтад нь хэрэгсэхгүй болгосон байх ба ингэхдээ газар эзэмших гэрээ нь нотариатын бүртгэлд бүртгэгдсэн, түүний дагуу эзэмших эрх нэгэнт *******д шилжсэн бодит үйл баримттай тохирохгүй, илтэд алдаатай хууль зүйн дүгнэлт болжээ. Нэгэнт хариуцагч Т.Батцэнгэл нь уг арилжих хэлцэл болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг ажлын байр түрээслэх харилцааны төлбөрийг бөөнд нь төлөхийн тулд хийсэн хэлцэл болохыг удаа дараа, өөрөө хүлээн зөвшөөрсөн тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэл тогтоогдсон бөгөөд анхан шатанд үүнийг зохих журмаар үнэлж, холбогдох хууль тогтоомжийг баримтлаагүй байна.

5.3.3. Анхан шатны шүүх мөн уг хэлцлийн огноог 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2004 дугаарт бүртгэгдсэн нотариатын баталгааны тэмдэг дарагдсаныг авч үзэлгүй, 2016 оны 10 дугаар сард байгуулагдсан гэж буруу дүгнэсэн байдаг.

5.3.4. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 000154930 дугаартай газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг *******д даалгах шаардлага нь дээрх агуулгаар бүрэн хангагдах үндэстэй байх боловч уг шаардлагыг мөн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

5.3.5. Арилжааны гэрээ, түрээсийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэрэг нь бүгд өөр өөр хүсэл зориг, гэрээний төрөл, нөхцөл бүхий, хуулийн тусгайлсан, хэлбэрийн шаардлага бүхий хэлцлүүд байх бөгөөд ******* нь "арилжих гэрээ", түрээсийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр өөртөө авсан хөрөнгө, газрыг *******тэй хүсэл зоригоо чөлөөт байдлаар эрх тэгш, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлсэн, өмчлөгчийн эрх саадгүй хэрэгжих боломжтой үед хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэж боломжгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тод харагдаж байна.

5.3.6. үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах аливаа хэлцэл нотариатчаар зохих журмын дагуу гэрчлэгдсэн байх, улмаар тухайн хэлцэл нь улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага нь үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах /шинээр хийгдэх, үүргийг нэмж нэгтгэх, солих г.м./ бүхий л төрлийн хэлцэлд үйлчилж болох талаар Улсын Дээд шүүхийн дээрх тайлбар хүчин төгөлдөр байна. Иймд нотариатын тухай хууль тогтоомж зөрчсөн дээрх үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй юм.

5.3.7. Т.Батцэнгэлээс өөрт учирсан хохирол 251,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүрэгтэйгээс холбоотойгоос бусад хохирол нэхэмжлэх тохиолдолд гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэхээр заасныг баримтлаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1,4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нь хэргийн шийдэл хэрхэн гарахаас үл хамааран, тухайн шийдвэр гаргах ажиллагаа нь хуульд заасан журамд бүрэн нийцсэн байх эрх зүйн баталгаа буюу Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн илэрхийлэл билээ. Гэм хорыг хууль зүйн үндэслэлийг шүүгч дангаар бус, гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгчийг оролцуулан шийдвэрлэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэж заасантай нийцсэн эсэх нь эргэлзээтэй болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /3-р х.х-ийн 123-129/

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

3.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо хохирол гаргуулахаар шаардлага гаргасныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр хуульд заасныг баримтлаагүй, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна гэж дурдсан байгаа боловч хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах, түүнтэй холбоотой хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар шаардаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан

-2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1643 дугаарт бүртгэлтэй Арилжааны гэрээ,

-2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1642 дугаарт бүртгэлтэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,

- 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2004 дугаарт бүртгэлтэй Арилжааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

- Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 0 дугаартай газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг *******д даалгах,

- 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоог хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай,

-хариуцагч *******т холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоог 305 дугаарт гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээнээс учирсан хохирлыг түрээсийн төлбөрөөр тооцон 324,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уг шаардлагаа багасгаж, 251,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

5.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байх бөгөөд хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ ...би анх *******ийн өмчлөлийн байранд хэвлэлийн үйл ажиллагаа эрхлэхээр, түрээсийн төлбөрөө өвөл мкв-ыг нь 9000 төгрөгөөр, зун 8000 төгрөгөөр түрээсийн төлбөрөө тохирсон. ******* нь мөнгөний хэрэг гараад байна, та бөөнд нь өгөх боломж байна уу гэхээр нь байхгүй гэтэл би танд үл хөдлөх хөрөнгөө шилжүүлье та банкаар хөөцөлд надад зээл гарахгүй гэсэн тул арилжааны гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. ...2019 онд намайг дуудаад 200,000,000 төгрөг зээл аваад өгчих, худалдах, худалдан авах гэрээ байгуулъя гэхээр нь нотариат дээр очоод гэрээ байгуулж, би банкнаас 200 сая төгрөг авч өгсөн ба түүний хэлснээр бүх гэрээ хэлцлийг байгуулсан. Одоо банкинд зээлээ төлөөд явж байна. Би хөрөнгийг худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж,

6.Хариуцагч Г.Хишигбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ... 2019 оны 11 сарын 04-ний өдөр иргэн *******, ******* нар нь талуудын хооронд 2016 оны 11 сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатайгаар байгуулагдсан түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар ирсэн. Тухайн үед талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсон байсан бөгөөд талууд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул тооцоо нийлээд гэрээг дуусгавар болгож байгаагаа илэрхийлсэн. Харин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн ******* нь *******ийн нэр дээр шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлэхдээ төлбөрийг төлөөгүй бөгөөд үүнийгээ одоо төлөхөөр талууд харилцан тохиролцсон тухайгаа илэрхийлсэн тул гарын үсэг-ийн үйлдлээр гэрчилсэн. Нэгэнт өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн тул талууд хоорондоо хэлцэл хийх боломжгүй, иймд энэхүү харилцааг гарын үсэг-ийн үйлдлээр гэрчлэх талаар талуудад тайлбарласан бөгөөд харилцан зөвшөөрсөн тул гэрчилсэн. Энэ нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй гэж тус тус тайлбарласан байна.

            Хэргээс судлан үзвэл:

7. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2016.10.20-ны өдрийн 20,000,000 төгрөгийн болон 350,000,000 төгрөгийн арилжааны гэрээ, мөн өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016.11.01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2019.01.04-ний өдрийн түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай гэрээ, нийт 5 гэрээ бичгээр байгуулагдсан байна. /хх-ийн 20-28/

8. Хариуцагч ******* нь 2016.10.20-ны өдрийн 20,000,000 төгрөгийн гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, ХААИС-ийн баруун талд, үйлчилгээний зориулалттай, 300 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, уг хаягт байрлах 638 м.кв талбайтай газраас 273 мкв талбай бүхий газрын эзэмшигч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогджээ. /1хх-ийн 125-250, 2хх-ийн 1-169/

9. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин талуудад гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх, гэрээг хуульд зааснаар байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, түүнээс үүдэн гарах үр дагаварыг арилгах, улмаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нотариатч нь гэрээ, хэлцлийг гарын үсгийн үнэн зөвөөр гэрчилсэн зэрэг нь маргааны зүйл болжээ.

10. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь анх үйлчилгээний зориулалттай 300 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр тохирч 2016 оны 11 сарын 01-ний өдөр Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.2-т Түрээсийн байр нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, ХААИС баруун урд байрлах 449 мкв, 1 давхарт байрлах, түрээсийн гэрээний хугацаа 5 жил байна, гэрээний 5.1-д түрээсийн төлбөр Х/01-нээс IY/30-ны хооронд 1 мкв нь 9000 төгрөг, Y/01-нээс IX/30-ны хооронд 8000 төгрөг төлнө гэж заажээ.

11. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан.

12. Талууд дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч *******ийн эзэмшилд 300 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн эзэмшүүлсэн, улмаар нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар төлбөрийг сар бүр төлж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлсэн, гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

13. Нэхэмжлэгч нь арилжааны гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд нь хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргажээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны №17 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг хэлнэ гэж тайлбарлажээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд анх түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн төлбөрийг бөөнөөр нь авах зорилгоор арилжааны гэрээ байгуулж, банкнаас зээл авахын тулд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 50,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд мараагүй зэргээс үзэхэд тэдний хооронд байгуулсан арилжааны гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл"  гэж үзэхээр байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

14. Нэхэмжлэгч нь ******* өөрөө л авахгүй бол, өөр боломжит худалдан авагч нарт шилжүүлэх боломжийг олгохгүй байсан тул аргагүй эрхэнд ажлын байр түрээслэх гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр *******д худалдахаар тохиролцож, 150,000,000 төгрөгийг хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, үлдэх 50,000,000 төгрөгийг 2 жилийн дотор график гарган төлж дуусгахаар тохиролцсон. Энэ үйлдлийг аргагүй байдлын улмаас хийсэн ба үүгээрээ *******ийг өмчлөгч биш болохыг хөтөлбөргүй нотлох баримтыг авч үлдсэн, уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж тайлбарласан.

15.Талуудын хооронд 2016.11.01-ний өдөр байгуулсан Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ-ний 6.1-д түрээсийн хугацаа 2016.11.01-2019.11.01-ний өдөр хүртэл байх болно гэж, гэрээний Нэмэлт нөхцөлд ...түрээсийн гэрээний хугацаа дуусмагц үл хөдлөх бүртгэлийн гэрчилгээг өмчлөгчид маргаангүйгээр эргүүлэн өгнө гэж тохиролцжээ.

16. Дээрх гэрээнд заасан хугацаа дуусгавар болмогц талууд 2019.11.04-ний өдөр түрээсийн гэрээг дуусгавар болгож, түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах тохиролцоог хийж, хариуцагч нь 150,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

17. 2016.11.01-ний өдөр байгуулсан Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ-нд зааснаар гэрээний хугацаа дуусгавар болмогц үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчид буцаан шилжүүлэхээр талууд тохиролцсон атлаа нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зоригоо илэрхийлж, улмаар худалдсан эд хөрөнгийн төлбөрөөс 150,000,000 төгрөгийг авсан байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зоригийн илэрхийлэл байсан, ямар нэгэн дарамт шахалт, аргагүй байдалд орсны улмаас уг хэлцлийг хийсэн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээг дуусгавар болгож, түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хэлцлийг ямар нэгэн дарамт шахалт, аргагүй байдалд орсны улмаас хийсэн болох нь баримтаар нотлогдоогүй, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар нэхэмжлэгч *******т үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

18. Талууд 2019.11.04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлээгүй, харин өмнөх 2016.10.20-ны өдрийн гэрээний дагуу хариуцагч *******д шилжүүлсэн өмчлөх эрхийг хэвээр үлдээхээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тохиролцож, төлбөрөөс 150,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйл, 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн гэж үзнэ.

19. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх талуудын хооронд гарын үсгийн үнэн зөвийг гэрчилснээр эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэвэл зохих үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар үүрэг дуусгавар болсон гэх агуулгаар дүгнэсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримт, талуудын тохиролцооноос дүгнэхэд түрээсийн гэрээний хугацаа дууссан, түрээсийн төлбөрийн үлдэгдэл байхгүй талаар талууд тооцоо нийлж, өмнөх гэрээг дүгнэсэн байдлаа дээр дурдсан 2019.11.04-ний өдрийн тохиролцоогоор илэрхийлсэн, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах өөр хэлцэл хийгдэхээр хүсэл зоригоо илэрхийлж, талууд тус хэлцлийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдэл 50,000,000 төгрөг байгаа болох нь тогтоогдож байгаа боловч энэхүү үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг үүсгэхгүй.

20. Нэхэмжлэгчийн гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагын тухайд дүгнэхэд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Талууд, нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр төлөөгүй байхад шилжүүлсэн бөгөөд одоо төлбөрийг нь нөхөн төлөх гэж буй тухайгаа харилцан тохиролцсон, энэ талаар маргаагүй, талуудын хооронд 200 сая төгрөгийг төлөхтэй холбоотой харилцаа үүссэнийг баримтжуулах шаардлага үүссэн тул талуудын хүсэл зоригт нийцүүлэн тухайн тохиролцоог гарын үсгийн үйлдлээр гэрчилсэн. Нэгэнт өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн тул талууд хоорондоо гэрээ, хэлцэл хийх боломжгүй, иймд энэхүү харилцааг гарын үсгийн үйлдлээр гэрчлэх талаар талуудад тайлбарласан бөгөөд талууд харилцан зөвшөөрсөн тул энэхүү үйлдлийг гэрчилсэн гэж тайлбарлан маргасан.

20.1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргах эрхтэй.

            Дээрх хуульд зааснаар шүүх нотариатчийн үйлдэл хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх үүрэгтэй бөгөөд нотариатч нь талуудын хооронд харилцан тохиролцсон түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоог Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ. гэж, 44.4-т Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлд гарын үсгээ зурна гэж тус тус заасны дагуу гарын үсэг гэрчилсэн үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй.

            Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

21. Нэхэмжлэгч нь дээрх гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулсны улмаас учирсан хохиролд тооцон 2019 оны 11 сарын 04-ний өдрөөс 2026 оны 01 сарын 04-ний өдөр хүртэл 74 сар, сарын 4,000,000 төгрөг ( 74 х 4,000,000) 324,000,000 төгрөг гэж тодорхойлж шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 251,300,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгжсэн байдал, хэрэгт авагдсан баримтуудаар дээрх хуульд заасан хохирол нөхөн төлөх нөхцөл байдал тогтоогдоогүй, үндэслэл бий болоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл үндэслэл бүхий болсон байна.

22. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцож, 365,000 төгрөгийг илүү төлсөн гэж буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн алдааг залруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тооцон төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5,382,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

23. Иймд дээрх үндэслэлээр анхан шаатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 307/ШШ2026/00317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус зааснаар ... нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж ,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,382,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,308,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.ОЮУНЦЭЦЭГ

             ШҮҮГЧИД    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН