Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1542

 

 

 

 

 

 

 

 

 

“Модун” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00189 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Модун” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Отгонжаргалд холбогдох

                                                                                          

Түрээсийн гэрээний үүрэгт 20 053 954 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Анхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн Ч.Отгонжаргалтай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Барилга мега стор" худалдаа, үйлчилгээний төвийн В1 давхрын өргөтгөлийн хэсэгт байрлах 60 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний талбайг нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар 1 сарын 3 300 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Ч.Отгонжаргал нь түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсээ төлбөрөө төлж байгаад 2015 оны 10 дугаар сараас түрээсийн төлбөрөө төлөхөө байж гэрээнд заасан үүргээ биелүүлэхээ больсон. Гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч төлөхгүй байгаа тул шүүхэд хандсан. 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл төлөөгүй байгаа түрээсийн үндсэн төлбөр болох 16 224 130 төгрөг, мөн гэрээний 9.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам телөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувь буюу алданги 3 829 824 төгрөг буюу нийт 20 053 954 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчтай байгуулсан түрээсийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сараас эхлэн cap бүр 2 400 000 төгрөг байхаар тохиролцсон. Ч.Отгонжаргал нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал нийт 6 сарын төлбөрийг огт төлөөгүй. Хариу тайлбартаа хэлээд байгаа 3 800 000 төгрөг нь хэзээ төлсөн, ямар төлбөр гэдгийг мэдэхгүй. Тийм баримт ч хэрэгт нотлох баримтаар байхгүй. Нэхэмжлэлд зааснаас өмнөх хугацааны түрээсийн төлсөн төлбөрөө ярьж байх шиг байна. Иймд түрээсийн төлбөр болон алдангийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Модун” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Барилга мега стор" худалдаа үйлчилгээний төвийн В1 давхрын өргөтгөлийн хэсэгт байрлах 60 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний талбайг нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар 1 сарын 3 300 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа эхний 6 capдаа сар бүр 2 700 000 төгрөг төлж байгаад 2014 оны 6 дугаар сараас cap бүр түрээсийн төлбөрт 2 400 000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Ингээд үйл ажиллагаа явуулж байтал 2015 оны 4 дүгээр сараас орлого эрс муудаж улмаар 2015 оны 10 дугаар сард түрээсийн төлбөрийг сарын 1 800 000 төгрөг болгох санал тавьсан боловч хүлээж аваагүй. Түрээсийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сараас орлогоос хамаарч бага багаар төлж байгаад 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 3 800 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. Цайны газрыг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хааж битүүмжилсэн ба буцааж 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн боловч буцаагаад хаасан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

                 Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Ч.Отгонжаргалаас 14 400 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Модун” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 5 653 954 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Модун" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 229 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Модун” ХХК-д олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч “Модун” ХХК нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөр болох 14 000 000 төгрөгийг төлөөгүй хэмээн бичиж маргасан байна. Миний бие уг хугацаанд 3 800 000 төгрөгийг Д.Өлзийсайхан гэгч хүнээр төлүүлсэн. Гэтэл “Модун” ХХК нь намайг өөрийн биеэр төлөөгүй байна хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагаасаа уг мөнгийг хасаагүй байна. Анхан шатны шүүх “Модун” ХХК-ийн нэгэн адил “өөрийн биеэр төлөөгүй” гэсэн үндэслэлээр 3 800 000 төгрөгийг хасч тооцоогүй байна. Би нэхэмжилж буй 14 000 000 төгрөгөөс 10 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдсэн 3 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоосон 14 000 000 төгрөгийг 10 200 000 төгрөг болгон хасч тооцож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Модун” ХХК нь хариуцагч Ч.Отгонжаргалд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 20 053 954 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр  түрээслэгч “Модун” ХХК нь “Барилга мега стор” худалдааны төвийн В1 давхрын өргөтгөлийн хэсэгт байрлах 60 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний талбайг нийтийн хоолны үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч Ч.Отгонжаргал нь сарын 3 300 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч Ч.Отгонжаргал нь гэрээний зүйлийг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүртэл түрээслэсэн, 2015 оны 10 дугаар сараас түрээсийн төлбөрийг сарын 2 400 000 төгрөг болгон бууруулсан талаар талууд маргаагүй ба анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусах хүртэлх нийт 6 сарын төлбөр төлөөгүй хэмээн дүгнэж хариуцагчаас 14 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийх журамтай бөгөөд талууд түрээсийн гэрээг үргэлжлүүлэн бичгээр байгуулаагүй тул алданги шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлээс алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч Ч.Отгонжаргал нь 3 800 000 төгрөгийг төлсөн гэж маргаж байгаа боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлд хамаарах  уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

           

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00189 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА   

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ