Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0303

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.К нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал Г.Э 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/7304 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, “К” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг үндэслэлгүйгээр зогсоосон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, гэрээ байгуулах эрхийг нээж өгөхийг тус яаманд даалгах”-ыг хүсчээ. 

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4, 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 55.3.1, 55.3.3, 55.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 6-1/7304 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, “К” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг үндэслэлгүйгээр зогсоосон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрхийг нээж өгөхийг тус яаманд даалгаж” шийдвэрлэжээ. 

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхийн шийдвэр нь илт ашиг сонирхлын зөрчилтэй болсон.

Миний бие шүүгч О.О татгалзан гаргах тухай хүсэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Б гаргасан. Уг асуудлыг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн 123 дугаар захирамжид “нэхэмжлэгч нь найз нөхдийн холбоотой болох нь холбогдох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгчийг татгалзан гаргах үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн.

Гэтэл шүүгч О.О болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтэд талууд хоорондоо гэр бүлийн найз нөхдийн харилцаатай болохыг хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан байхад түүнийг үл харгалзан татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхисон нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч хараат бусаар шийдвэр гаргах нөхцөлийг алдагдуулж илт ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гарахад нөлөөлсөн.

Шүүх хурал 4 цаг үргэлжилж Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэтгэлцээний явцад тайлбар гаргаж оролцсон боловч шүүхийн шийдвэрт бүрэн тусгаагүй, тусгасан зарим хэсэгт миний гаргасан тайлбарыг илт мушгиж өөрчилж оруулсан. Тухайлбал Сангийн яам нь гомдлыг Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 3.6-д заасны дагуу “гомдлын хүрээнд” хянан үздэг гэж тайлбарласан байтал шүүхийн шийдвэрт “Сангийн яам баримтын хүрээнд шалгадаг гэж тайлбарласан” гэж илт мушгин, түүнд үндэслэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан байна.

Мөн “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна” гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс хэлээгүй үгийг хэлсэн мэтээр шийдвэрт тусгаж үндэслэсэн.

2.Шүүхийн шийдвэрт “...“Б” ХХК-ийн гомдлыг Сангийн яам 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/7304 дүгээр албан бичгээр тендерийг хүчингүй болгож” гэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /цаашид “Хууль” гэх/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасан. Сангийн яам Хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар гомдлын хүрээнд гомдлыг хянаж 55.3 дахь хэсэгт заасан аль нэг шийдвэрийг гаргадаг бөгөөд үүнд тендерийг хүчингүй болгох асуудал тусгагдаагүй юм. Өөрөөр хэлбэл Сангийн яам тендерийг хүчингүй болгох эрхгүй, харин хуульд зааснаар захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох эрх эдэлдэг бөгөөд эдгээр хоёр нь хоёр өөр бөгөөд тусдаа эрх зүйн үр дагавар бүхий ойлголт юм. Сангийн яам 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/7304 дүгээр албан бичгээр тендерийг хүчингүй болгоогүй харин эрх бүхий байгууллага буюу Авто тээврийн үндэсний төвөөс тодруулга хийж дахин үнэлгээ хийх тухай шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо нь тухайн эргэлзээтэй асуудлыг нягтлан шалгасны үндсэн дээр дахин шийдвэр гаргах бөгөөд өмнөх шийдвэрээ хэвээр үлдээх эсхүл түүнийг өөрчлөх боломжтой.

3.Шүүхийн шийдвэрт “...Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 5.1.12, 5.2-т зааснаар баримт бичгийг эрх бүхий газраас шаардаж авах боломжтой байна” гэж дүгнэжээ. Шүүхээс үндэслэсэн журмын 5.1.12 дахь заалт нь Сангийн яамны эрх хэмжээг заасан хэсэг бөгөөд тендерт оролцогчдоос бус зөвхөн захиалагчаас шаардаж авах материалын жагсаалт юм. Энэхүү заалтын хүрээнд Сангийн яам захиалагчаас тендер зохион байгуулах, шалгаруулахтай холбоотой баримт бичгийн бүрдлийг шаардан авч гомдлыг хянах шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Харин тендерт оролцогчдоос ирүүлээгүй баримт бичгийг шаардан авах боломжгүй юм.

Мөн 5.2-т “холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно” гэж заасан бөгөөд энэхүү заалт нь “заавал авах” гэсэн утгатай биш юм.

Хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Сангийн яам гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд үүнд тендерийг түдгэлзүүлсэн тухай захиалагчийн албан бичгээр мэдэгдэх, тендер шалгаруулалттай холбоотой журмын 5.1-д заасан холбогдох баримт бичгүүдийг гаргуулж авах зэрэг хугацаанууд ордог.

Түүнчлэн тендерт оролцогчийн ирүүлсэн баримт бичигтэй холбоотой албан бичгээр тодруулах шаардлагатай асуудлыг албан тушаалтны тайлбараар авах боломжгүй юм. Иймд Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийг арилгасны үндсэн дээр буюу тендерт оролцогчоос ирүүлсэн баримт бичгийг хянан шалгах үүргээ биелүүлээгүй зөрчлийг арилгасны үндсэн тендер шалгаруулалтыг явуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Мөн Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу тендер ирүүлсэн компаниудын нэг болох “Б” ХХК-ийн гомдлын дагуу тухайн компанийн эрх ашиг зөрчигдсөн эсэх, өрсөлдөх тэгш боломжоор хангагдах, тухайн тендерийг үнэн зөв үнэлэх чиг үүргийг захиалагч буюу Үнэлгээний хороо хариуцлагатай хийсэн эсэхийг тодруулахаар 6-1/7304 дүгээр албан бичгээр даалгавар өгсөн.

4.Шүүхийн шийдвэрт “...“К” ХХК-д мэдэгдэлгүй шийдвэрлэсэн нь хууль бус болно” гэжээ. Сангийн яам нь тендер шалгаруулалтыг “К” ХХК бус “Б” ХХК-ийн гомдлоор хянан үзсэн. Өөрөөр хэлбэл захиалагчаас “Биндэгноров” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд заасан тухайн компанийн тендерээс татгалзах шалтгаан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг хянан үзсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно”, 95 дугаар зүйлийн 95.1.3-т “захиргааны байгууллага нь шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулна” гэж заасан. Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлэсэн нь

-тус яамны төлөвлөсөн шийдвэр нь тендерийг хүчингүй болгоогүй, “К” ХХК-ийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгохыг даалгаагүй, “Б” ХХК-ийг сонгохыг даалгаагүй учраас ашиг сонирхол нь хөндөгдсөн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд “К” ХХК-ийг оролцуулах шаардлагатай гэж үзээгүй,

-“К” ХХК-иас гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул түүнийг оролцуулаагүй болно.

5.Захиалагч буюу Үнэлгээний хороо нь Сангийн яамны шийдвэрийг хүлээн авсны дараа тендерийг хянан үзэж хэрэв “Б” ХХК-иас татгалзсан үндэслэл нь үндэслэлтэй гэж үзвэл “К” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрээ хэвээр үлдээж улмаар гэрээ байгуулах боломжтой байсан. Гэтэл Үнэлгээний хороо нь Авто тээврийн үндэсний төвөөс тодруулга авахад Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс архив, лавлагааны тасгийн архивын мэргэжилтэн Р.С 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 66 дугаартай лавлагаа гаргаж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн байх ба уг бичгийн хавсралтаар “Б” ХХК-иас татгалзах үндэслэл болсон .......... дугаартай тээврийн хэрэгсэл нь “Өрмийн” гэсэн зориулалттай буюу захиалагчаас тавьсан шаардлагыг хангасан тухай лавлагааг хүргүүлжээ. Үүний дагуу Үнэлгээний хороо нь “Б” ХХК “шаардлагад нийцсэн” тендер гэж үзэн дахин үнэлэхэд “шаардлагад нийцсэн” компаниуд буюу “Б” ХХК, “К” ХХК-иудыг Хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т заасны дагуу 2 дахь шатанд үнэлэхэд “хамгийн бага харьцуулах үнэ” ирүүлсэн “Б” ХХК шалгарчээ.

Гэтэл шүүхээс энэхүү чухал холбоотой нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд бүрдүүлээгүй.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. Нэхэмжлэгчээс “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин хянах нэхэмжлэл шүүхэд гаргаагүй байхад шүүхээс “Б” ХХК-иас захиалагчаас хүргүүлсэн тендерийн материалыг хянаж тендер нь захиалагчаас тавьсан шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргасан нь хуулийн энэхүү заалтыг зөрчсөн.

7.Шүүхийн шийдвэрт “...“Б” ХХК-ийн техникийн чадавхтай болохоо нотолж ирүүлсэн техник нь кран байхад өрмийн машинтай гэсэн мэдээллийг ирүүлсэн нь зөрчил байхад Сангийн яам уг байдалд дүгнэлт өгөөгүй байх бөгөөд шүүхээс явуулсан ажиллагаагаар цуглуулсан нотлох баримт болох гаалийн мэдүүлэг, техникийн улсын гэрчилгээнд “кран” автомашин гэж бүртгэгдсэн байхад...” гэжээ. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дурдсанчлан “Б” ХХК нь “өрмийн машинтай гэсэн мэдээллийг” захиалагчид буюу Үнэлгээний хороонд хүргүүлсэн байх бөгөөд Үнэлгээний хорооны дүгнэлт болон тендерт оролцогч “Б” ХХК-ийн гомдолд дурдсан мэдээлэл нь зөрчсөн тул Үнэлгээний хороонд энэ байдлыг эрх бүхий этгээдээс тодруулсны үндсэн дээр хянан үзэхийг даалгасан.

8.Шүүхийн шийдвэрт “...“Б” ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тендерийн Үнэлгээний хороог буруутгаж “манай компанийг хууль бусаар шалгаруулаагүй” гэж илт хууль бус гомдол гаргаж байхад Сангийн яам бодитой дүгнэлт гаргалгүйгээр тендерийн шаардлага хангаагүй тендер ирүүлсэн компанийн гомдлоор ...шийдвэрлэсэн” гэжээ. Сангийн яам нь Хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу тендерт оролцогчийн гомдлыг хүлээн авч хянан үздэг. Ингэхдээ тухайн гомдол нь илт хууль бус бол гомдол хүлээж авахгүй гэсэн зохицуулалт байхгүй, мөн тендерийн шаардлага хангаагүй тендер ирүүлсэн компани гомдол гаргасан нь захиалагчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн гомдол нь “илт хууль бус” гэж урьдаас тогтоох боломжгүй юм.

9.Хугацааны хувьд захиалагч нь www.tenger.gov.mn гэсэн хаягаар тендерээ урилгыг байрлуулсан бөгөөд /зарыг бүх хүн үзэх боломжтой/ энэхүү тендерийн урилгад

-Тендер зарласан огноо: 2019-08-02,

-Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна гэж тодорхой заажээ. Үүнийг шүүх хуралдааны үед дэлгэцээр тодорхой харуулан шүүхэд тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийн тайлбар гаргаж буй хуучин болон шинэ хуулийн үйлчлэл гэсэн асуудал нь үндэслэлгүй бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлт үйлчлэх юм.

Мөн энэхүү хугацааны асуудал нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд харин нэхэмжлэгчээс Сангийн яаманд гаргасан гомдлыг хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Сангийн яамны шийдвэрт хамааралтай юм.

Нэхэмжлэгч Сангийн яамнаас түүний гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрт маргаагүй энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчсөн.

10.Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “гэрээ байгуулах эрхийг нээж өгөхийг тус яаманд даалгасугай” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар гомдлыг хянаж үзээд Сангийн яам дараах шийдвэрийг гаргадаг. Үүнд

-55.3.1.энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;

-55.3.2.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах;

-55.3.3.зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах. Мөн Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар “захиалагч” гэрээ байгуулах эрх олгодог. Сангийн яам захиалагч биш бөгөөд хуулиар эрх хэмжээ олгоогүй асуудлаар шийдвэр гаргах буюу “эрх нээж өгөх” боломжгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг тухайн тендерийг захиалагч гаргах эрхтэй атал шүүхээс “К” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг үндэслэлгүйгээр зогсоосон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, гэрээ байгуулах эрхийг нээж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянаад:

-захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;

-тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах;

-зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах шийдвэр гаргахаас бус нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон дээрх шийдвэрийг Сангийн яам гаргах эрхгүй.

Тендерийн үнэлгээний хороо Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газраас зарласан ТӨБЗГ-2019/XVI.1.21 “Тайширын УЦС-аас аймгийн төв рүү татах 110 кВ-ын ЦДАШ, дэд станц Говь-Алтай/ эрчим хүчний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “К” ХХК-ийг шалгаруулсаны дагуу захиалагч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-2/3579 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрхийг нэхэмжлэгчид олгосон боловч уг тендерийн оролцогч “Б” ХХК-иас гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/7304 дугаар шийдвэрээр “…тус компанийн тендерт ирүүлсэн ...... улсын дугаартай автомашины фото зургаас үзэхэд өрөмдлөг хийх зориулалттай машин байх тул Авто тээврийн үндэсний төвөөс тодруулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэдэгдсэн”,

-Уг мэдэгдлийн дагуу Үнэлгээний хороо тендерийн үнэлгээг дахин хийж, “Б” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсны дагуу захиалагчаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А-2/3984 албан бичгээр тус түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон,

-Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “К” ХХК-иас гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 6-1/8038 дугаар албан бичигт “захиалагч тендер шалгаруулалтын нээлтийг 2019.09.06-ны өдөр хийсэн бөгөөд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа 2019.11.05-ны өдөр дуусч, тендер бүхэлдээ хүчингүй болсон байх тул гомдлыг хянан үзэх боломжгүй байна…” гээд  тендер хүчинтэй байх хугацаа дууссан байхад дээрх байдлаар гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр хууль зөрчсөн болохыг дурдсан,

-Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-2/4466 дугаар албан бичгээр “Б” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлд хандаж Сангийн яамнаас дээрх байдлаар тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсныг мэдэгдсэн,

-“Б” ХХК-иас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1-2020/01 дүгээр албан бичгээр Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газарт хандаж “..тендерийн хүчинтэй хугацаа дуусч, тендер хүчингүй болсон тул тендерийн баталгаа цуцлуулах хүсэлтийг Төрийн банкинд гаргаж өгөх хүсэлтийг гаргасан,

-Шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 1222 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан “Б” ХХК-иас мөн оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1-2020/09 дүгээр албан бичгээр шүүхэд гаргасан хүсэлтдээ “…тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тендерийг хүчингүй болгосонтой холбогдуулан түншлэлийг шалгаруулсан гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүчингүй болсон гэж ойлгож байгаагаа, мөн эрх бүхий байгуулллагын шийдвэрийг үндэслэн уг тендерээс татгалзан, тендерийн баталгааг цуцалсан…” болохоо илэрхийлж, улмаар гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж үзсэн байна.

Бодит байдалд тендер шалгаруулалт, тендерт оролцогчдын гомдлыг хянасан процесс цаг хугацааны хувьд дээрх дарааллаар явагдсан байхад зөвхөн эхний тендер шалгаруулалтаар өөрт нь гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны шийдвэрт хамаарах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн хэрэгжих бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, мөн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Учир нь Сангийн яамны 2010 оны 6-1/7304 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаас гадна нэхэмжлэлийн бусад шаардлага болох “К” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг үндэслэлгүйгээр зогсоосон хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрхийг нээх гэдэг нь хууль зүйн хувьд шийдвэрлэх боломжтой “шаардлага” мөн эсэхэд үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр хариуцагчид хуулиар олгоогүй шийдвэр гаргахыг даалгасан нь хууль бус болжээ.

Түүнээс гадна шүүгчийн дээр дурдсан захирамжаар “К” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэхээс 4 хоногийн өмнө буюу 14-ний өдөр Үнэлгээний хороо тендерийн үнэлгээг дахин хийж, “Б” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан,

-захиргааны хэрэг үүсгэснээс хойш 2 хоногийн дараа буюу 20-ны өдөр уг түншлэлд гэрээ байгуулах эрхийг захиалагчаас олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад, мөн тендерийн хүчинтэй хугацаа дууссан талаар захиалагчаас мэдэгдсэний дагуу түншлэл тухайн тендерээс татгалзсан болохоо илэрхийлсэн байхад, 

-мөн уг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас хянаагүй энэ тохиолдолд зөвхөн хариуцагчийн 2019 оны 6-1/7304 дугаар шийдвэрийг хүчингүй болгосноор процессийн хувьд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагаварт хүргэхгүй.

Түүнчлэн хууль зүйн хувьд Сангийн яамны энэхүү шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн төдийгүй тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид мэдэгдсэнийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь тендерийн үнэлгээний хорооноос “Б” ХХК, “Д” ХХК-ийн түншлэлийг шалгаруулаагүй шалтгаан болох түншлэлээс тендерт санал болгосон ...... улсын дугаартай KIA RHINO маркийн автомашин тендерийн баримтын бичигт заасан “өрмийн автомашин” гэсэн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Авто тээврийн үндэсний төвөөс дахин тодруулсаны үндсэн дээр үнэлгээ хийхийг мэдэгдсэн нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасантай нийцжээ.

Хариуцагч энэхүү шийдвэрээрээ гомдол гаргасан түншлэлийг шалгаруулах чиглэлийг захиалагчид өгөөгүй, харин ч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “кран”, тусгай тэмдэглэлд “өрмийн зориулалттай” гэж зөрүүтэй бичсэн, автомашины фото зургаас харахад өрөмдлөг хийх зориулалттай байсантай холбогдуулан энэ байдлыг холбогдох мэргэжлийн байгууллагаас дахин тодруулах шаардлагатай гэж дүгнэснийг “гомдлын хүрээнд зөрчлийг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй” гэж үзэхгүй.

Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд ялагчийг оролцуулах үүргийг хуулиар хүлээлгээгүй, тэр тусмаа энэ тохиолдолд “К” ХХК-ийг оролцуулаагүй нь маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Дашрамд, нэхэмжлэгч “К” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа хуульд нийцүүлэн зөвтгөж, дахин гаргахад энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ту хай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасныг баримтлан “К” ХХК-ийн Сангийн яаманд холбогдуулж гаргасан “Гомдол хянасан тухай” 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/7304 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,  тус компанитай гэрээ байгуулах эрхийг үндэслэлгүйгээр зогсоосон Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрхийг нээж өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН