Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 534

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
    
Хэргийн индекс 156/2016/00534/И

               Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
              Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг, Саригийн 10-16 тоотод оршин суух, Адилбишийн Гантулгад  холбогдох
              4 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                             
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч  Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга П.Оростогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
  Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг, Саригийн 10-16 тоотод оршин суух, Адилбишийн Гантулга нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлөөр саатуулагдсан ба саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4 150 төгрөг /дөрвөн мянган нэг зуун тавин/ төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч  А.Гантулга нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
  Миний бие нэхэмжилсэн 4 150 төгрөгийг Төрийн сангийн 180000955 тоот дансанд төлсөн баримтыг ирүүлсэн байна.

 Шүүх  хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч А.Гантулга нь 4 150 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч 4 150 төгрөгийг маргаангүйгээр бүрэн хэмжээгээр төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
 
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон            
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч А.Гантулга нь саатуулах байрны төлбөрт 4 150 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
           2. Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг анхааруулсугай.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигчид нь  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР