| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0768/э |
| Дугаар | 821 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 821
2019 09 16 2019/ШЦТ/821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
хохирогч: Э.Нармандах;
шинжээч: С.Одончимэг;
шүүгдэгч: Б.Тогтохбуян, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярмагнайгийн Тогтохбуянд холбогдох 1809053150492 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар байрны 229 тоотод оршин суух (Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 100 айл гудамжны 4 дүгээр байрны 40 тоотод оршин суух бүртгэлтэй), ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЕЮ83120214 регистерийн дугаартай, Боржигон овогт Баярмагнайгийн Тогтохбуян.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Тогтохбуян нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн замын эсрэг талд хохирогч Э.Нармандахыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Тогтохбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар ярьсан тул одоо нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Э.Нармандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Б.Тогтохбуянтай муудалцсан юм. Тухайн үед хоорондоо юм ярьж байгаад л муудалцсан байсан. Ингээд Улсын их дэлгүүрийн зүүн урд талын автобусны буудал орчим машинаасаа буугаад байрны аркны орчим бие биенээ цохисон. Гэтэл Б.Тогтохбуян миний дух хэсэг рүү хатуу зүйлээр цохисон. Нэг мэдэхэд гэмтэл дээр сэрсэн. Тухайн үед согтуу байсан болохоор ”орж, гараад” байсан. Миний ойлгосноор тоосго, замын боржуур чулуу гэж адилхан л цутгаж хольж хийсэн хатуу биетэй зүйл. Одоо санахад тухайн үед 2 цагдаа ирээд Б.Тогтохбуянгийн намайг цохисон зүйлийг үзүүлхэд “явган хүний замын хавтан чулуу” байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг цохиж гэмтээсэн хүн нь Б.Тогтохбуян мөн юм гэв.
Шинжээч эмч С.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Нармандахын биед учирсан гэмтэл нь дух хэсэг ил шархтай, цаана нь гадна ялтас 1,6 см цөмөрсөн, цаанаа хоёрлосон хугаралтай гэмтэл юм. Энэ нь духны хөндийн өмнөд хугарал биш, духны ясны цөмөрсөн хугарал юм. Ийм учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Нармандах /хх-ийн 7-8/, гэрч Х.Алтангэрэл /хх-ийн 13/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13968 тоот дүгнэлт /хх-ийн 16/, шинжээч эмч С.Одончимэгийн мэдүүлэг /хх-ийн 17-19/, ГССҮТ-ийн өвчний түүх /хх-ийн 56-62/, Б.Тогтохбуянгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 26-27/, Шинжээч томилж, шинжилгээ хийх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/, Б.Тогтохбуянгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-34/ зэрэг болно..
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Тогтохбуян 2018 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Улсын их дэлгүүрийн зүүн урд байрлах байрнуудын арк орчим Э.Нармандахын “архи уухаараа дууддаггүй, найз шиг байж чаддаггүй” гэж хэлсэн үгнээс үүдэлтэй хэрүүл маргааны улмаас Э.Нармандахыг явган хүний замын хавтан чулуугаар толгойд нь цохиж хүнд гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Нармандахын /хх-ийн 7-8/: ”...2018 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Тогтохбуян, Аагий нарын хамт 1 дүгээр хороололд нэрийг нь мэдэхгүй нэг пабд 1 шил “Финланд” нэртэй архи уучихаад тухайн газраас гараад дуудлагын жолооч аваад явцгаасан. Тэгээд Улсын их дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр Тогтохбуянтай маргалдсан чинь Тогтохбуян “би нэг тэсрэх цаг нь болсон шүү” гэсэн. Тэгээд бид 2 машинаас буугаад барьцалдаж авхад газраас тоосго аваад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохьчихоод Улсын их дэлгүүрийн зүгт зугтсан. ...Миний дух цөмөрсөн, уруул язарсан, тархиндаа гэмтэл авсан” гэх мэдүүлгээр,
гэрч Х.Алтангэрэлийн /хх-ийн 13/: “...Тогтохбуян, Нармандах нар хоорондоо хэрүүл хийж барьцалдаж аваад байхаар нь би салгаад гайгүй болохоор нь машиныг нь замаас холдуулж зогсоол руу тавьчихаад буцаад хүрээд иртэл Нармандахын толгой хагарсан байсан...” гэх мэдүүлгээр,
Э.Нармандахын биед “дух ясны ил хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, уруул, духны шарх” зэрэг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13968 тоот дүгнэлтээр /хх-ийн 16/,
дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч С.Одончимэгийн /хх-ийн 17-19/: “...Э.Нармандахын биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүн газар унах үед үүсэх боломжгүй. Дух хэсэгт ямар нэгэн хүч үйлчилж байж уг гэмтэл нь үүсэх боломжтой. Мөн хүний гараар цохиход үүсэх боломжгүй. Чулуу, мод зэрэг хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр үүсэх боломжтой. ...духны ясны зүүн талд духны хөндийн гадна талд 1,6 см цөмөрсөн хугарал нь духны хөндийн өмнөд хугарал биш юм. Духны ясны цөмөрсөн хугарал юм...Мөн зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлгээр болон мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч өөрийг нь зодож гэмтээсэн хүнийг шууд зааж мэдүүлсэн, хохирогчийн толгой хагарч цус гарсан байдалтай байсан, хохирогч, шүүгдэгч нар маргаж муудалцсан болохыг гэрч баталж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “гэмт хэрэг гарсан байдал, хохирогчийг тоосго эсхүл замын боржуур алинаар нь цохисон эсэх, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, шинжээч дүгнэлт гаргахдаа хууль зөрчсөн” гэх агуулгатай хүсэлт гомдол гаргаж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Хохирогч тухайн үед өөрийг нь цохиж гэмтээсэн зүйлийн талаар “тоосго, замын боржуур чулуу” адилхан хатуу биет, чулуу гэсэн ойлголтоор мэдүүлгээ өгч байсан, шүүх хуралдааны явцад “явган хүний замын хавтан чулуу” байсан талаар мэдүүлж буй нь утгын зөрүүгүй, хохирогчийн биед учирсан гэмтэл чулуу, мод зэрэг хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой талаар шинжээч тодорхой мэдүүлсэн байх тул энэ талаархи гомдол үндэслэлгүй.
Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлж, шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгадаг учиртай.
Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулж, энэ талаархи баримтыг шинжилгээний байгууллагын архивт хадгалдаг.
Ийм учраас “Э.Нармандахын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор” хийсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, мөрдөгчөөс тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, худал дүгнэлт гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдаж байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийг “явган хүний замын хавтан чулуугаар” зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн Б.Тогтохбуянгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Тогтохбуянгийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Нармандах “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, биеийн эрүүл мэнд сайн байгаа...” гэх тул шүүгдэгчээс нэмж гаргуулах зардалгүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Тогтхбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хуульд нийцүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баярмагнайгийн Тогтохбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тогтохбуянг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тогтохбуянд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Тогтохбуян урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тогтохбуянд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тогтохбуянд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ