| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2024/001516/и |
| Дугаар | 209/МА2026/00025 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 209/МА2026/00025
“*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 307/ШШ2026/00552 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 97,027,755.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , тэдгээрийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:
1.1. “... Зээлдэгч “*******” ХХК нь *******тай 2013 оны 09 сарын 26-ны өдөр ДХ-13/005 тоот зээлийн гэрээг байгуулан 1,900,000,000 төгрөгийг 17 сарын хугацаатайгаар 12 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 09 сарын 20-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 45,940,981.20 төгрөг, зээлийн хүү 45,327,968.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,758,806.03 төгрөг, нийт 97,027,755.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, болон хуримтлагдсан хүүгийн төлбөр, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 97,027,755.91 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэжээ. / 1-р хх-ийн 1 дүгээр хуудас/
1.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Насанбат нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“...”*******” ХХК болон “*******” ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ДХ-13/005 тоот барьцааны гэрээнд заасны дагуу иргэн *******, Н.Байгальмаа, *******, *******, ******* нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны тоотод байрлах, 54м.кв талбай, орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 97,027,755.91 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 46 дугаар хуудас/
2. Хариуцагчийн төлөөлөгч ы шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
“...Тухайн үед 2013 оны 09 сард ******* ах надтай уулзаад танай барилгын тусгай зөвшөөрөлтэй “*******” ХХК-ийн нэр дээр зээл авах хэрэгтэй байна. Уг зээл нь баталгаатай *******ны удирдах хүмүүс хамтран авч байгаа дэд хөтөлбөрийн зээл гэж байсан юм. Ингээд дахин дахин гуйгаад байхаар нь 2013.09.26-ны өдөр ******* дээр очиж манай компанийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан 1,900,000,000 төгрөг, 17 сарын хугацаатай жилийн 12 хувийн хүүтэй зээл авсан нь үнэн болно. Энэ зээлийг би аваагүй бөгөөд харин миний тусгай зөвшөөрөлтэй “*******” ХХК-ийг ашиглаж н.Батболд, н.Баярсайхан нар барилга барина гэж авсан. Өөрөөр хэлбэл зээлийг дээрх хүмүүс авсан учраас тэд барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийг өөрсдөө олж ирсэн. ******* өөрийн эзэмшлийн Сатурн комплекс, 3 тооны орон сууц тавьсан. Энд миний нэг ч хөрөнгө байхгүй. Зээл авснаас хойш зээл болоод зээлийн хүүг зээл авсан эдгээр хүмүүс төлж байсан, төлөхдөө над руу шилжүүлж, би төлж байсан. Яагаад гэвэл миний нэр дээр зээл гарсан учраас. Ингэж байсаар 2015.03.18-ны өдөр “Royal plaza” ХХК манай компанид хүсэлт илгээж дээрх зээлээс үлдсэн хэсэг болох 1,357,220,825.02 төгрөгийг бүрэн хариуцаж төлөхөөр №ТБШЭШ-15/01 “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” гэдэг гэрээ (банктай хамтарсан гурвалсан гэрээ) хийж, бүх төлбөрийг зээлийг өөрсдөө төлөхөөр болсон. Албан ёсны гэрээ байгаа болно.
Өөрөөр хэлбэл зээлдэгч нар авсан зээлээ надаар дамжуулахгүйгээр өөрсдөө төлөх болж дээрх гэрээг хийсэн. Түүнээс юу гэж би ийм их зээл авсан байхад миний өмнөөс өөр хүмүүс миний зээлийг өмнөөс чинь төлж өгнө гэх вэ. Энэ гэрээг *******ны захирал Royal plaza ХХК-ийг төлөөлж ерөнхий менежер нартай гэрээ хийсэн. Ийм учраас 2015.03.18-ны өдрөөс хойш миний бие энэ зээлтэй холбоотой мэдээлэл огт аваагүй байтал 2021 онд банкнаас зээлийн үлдэгдэл байна гэж хэлэхэд нь би энэ зээлийг аваагүй манай компанийн нэр дээр зээл өөр хүмүүс авсан зээлээ төлж байгаа талаар тайлбарлахад тухайн банкны ажилтан нь зээл танай компанийн нэр дээр гарсан байна, та ямар ч байсан энэ удаа 5,000,000 төгрөг хийчих гэсэн хүү, алданги тооцохгүй дараа нь тэр хүмүүстэйгээ учраа ол гэсэн. Тэгээд дахин дахин дуудаад байхаар нь би 5 сая төгрөг төлөөд дараа нь *******ыг сураглаад олоогүй. Түүнээс хойш банкнаас яриагүй учир би тэд нарыг учраа олсон гэж ойлгосон. Иймд би зээл аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ. / 1-р х.х-ийн 42-43 дугаар хуудас/
2.1. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
...“*******” ХХК нь зээлийн гэрээний үүргийг хүлээх субъект биш. Компани үйл ажиллагаанд 1,900,000,000.0 төгрөг зарцуулаагүй бөгөөд төлөлт нь ч манай санхүүгээс гараагүй, гэрээний зориулалтын дагуу дэд хөтөлбөр ч хэрэгжүүлээгүй.
Мөн гэрээний хавсралтын дагуу хүү төлөх эх үүсвэр, хүчин чадал тухайн үед байсан эсэх нь эргэлзээтэй, гэрээний салшгүй хэсэг болсон барьцааны зүйл ч манайд огт хамааралгүй. Энэ талаар маргаан үүсэх тохиолдолд гэрээний зүйлийн зарцуулалтын талаар аудитын шалгалт хийлгэх болно. Зээлийн төлөлтийг манайхаар дамжуулан авсан хүмүүс нь төлж байснаас хүндрэл үүсэж, өөрсдөө төлбөрөө шууд хариуцна гэснээс үүдэлтэйгээр зээл авсан талууд хүлээн зөвшөөрч 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “ шаардах эрх шилжүүлэх гэрээ “ -г манайхтай адил “ зээлийн гэрээ"-г байгуулж талууд, энэ гэрээний зүйлийг ашигласан тал, зээл олгосон банкны хооронд хийгдсэнээр “ *******” ХХК зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн.
- Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд өөртөө шилжүүлэн авах болон үүрэг гүйцэтгэх эрхийг тодорхойлсон бөгөөд талуудын байгуулсан гэрээ хууль зөрчөөгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэл зорилгод нийцсэн байсан.
-Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүргийг солихоор болж, өрийг хүлээн авсан тухай баримт бичиг үйлдсэнээр мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болох ёстой.
- “Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-ний гуравдагч талаас гэсний 5-д “" ХКК нэр байгаа бөгөөд гэрээний оролцогчдыг хамтад нь талууд гэж нэрлэн, 2.2 -т зааснаар гэрээ байгуулсан өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл гэх 1,142,101,139.35 төгрөг, хүү 207,733,331.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,386,354.25 төгрөгийн хамт үүрэг гүйцэтгэгч болох гуравдагч этгээд “” ХХК хүлээн авч, шилжүүлэн авсан зээл, түүний өр төлбөрийг банкинд бүрэн төлж барагдуулах замаар түүнтэй холбоотой шаардах эрхийг шилжүүлэн авсан.
Гэрээний 3.1-д дээрх гэрээний 2.2-т заасан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тухайд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож хуримтлуулах ажиллагааг зогсоосон бөгөөд өөрөөр хэлбэл үлдэгдэл гэх 1,357,220,825.02 төгрөгөөс бусад үлдэгдэл зээл, зээлийн өр төлбөр байгаа үед өөрсдөө хариуцахаар заасан бөгөөд “*******” ХХК-ийн хувьд тухайн үедээ нэхэмжлэгч банкинд өөр зээл, төлбөр байгаагүй болно.
Энэхүү зээлийн гэрээний үүрэгт “*******” ХХК хамааралгүй болсон ч “” ХХК-ийн шилжүүлэн авсан өр 6,467,170,000.00 төгрөг гэдгийг гэрээний 3.1-т тодорхой заан, 3.3 -т дээрх төлбөрт 2104 м.кв газрын эрхийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байгааг дурдаж байна. Иймд шаардах эрх шилжүүлэн авах гэрээгээр “Зээлийн гэрээ" -ний үүргийг хариуцахаар “” ХХК хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй , нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /1-р х.х-ийн 48-49 дүгээр хуудас/
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
“...Нэхэмжлэгч *******наас 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ДХ13-005 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн зээл, зээлийн хүү 97,027,755.91 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө гэх өмчлөгч ******* нарын Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр хороолол тоот 54 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.
3.1. Зээлийн гэрээний үүргийн талаар: ...гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл, хуульд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлийг гэрээнд зааснаар эрх хэмжээний хүрээнд барьцаа хөрөнгийг хураан авах, эсхүл шүүхэд хандаж эрх ашгаа хамгаалуулах ёстой. Гэтэл зээлийн гэрээний 8.3-д “гэрээг цуцлах бол банк нь барьцааны зүйлсээс өөрт учирсан хохирлыг гаргуулах”, 9.4-д “шүүхээр шийдвэрлүүлэх” зэрэг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
3.2. Барьцааны гэрээний зүйл болох 54 мкв орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2013 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн ДХ-13/005-02 тоот барьцааны гэрээний зүйл болох Дархан Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр хороолол тоот 54 мкв 4 өрөө орон сууц нь 5 өмчлөгчтэй бөгөөд Иргэний хуулийн 126.1- д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болно.
Барьцааны гэрээний 2.1-ийн жагсаалтын 3-т энэ талаар маш тодорхой дурдаж, өмчлөгчдийн тоог зааж өгсөн. Гэрээний 2.10.1-д зааснаар барьцааны гэрээг үйлдэж байх цаг хугацаанд барьцааны зүйл нь аливаа гуравдагч этгээдийн барьцаа, нэхэмжлэл үүсээгүй хуулийн шаардлага хангасан байх хэдий ч 6.1-д зааснаар энэ гэрээ нь Монгол Улсын хуульд нийцүүлэн үйлдэгдсэн гэрээ биш болно. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар “Барьцааны Гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд бүртгэл баталгаажаагүй болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Барьцааны гэрээ болон барьцаалбар дахь улсын бүртгэгчийн дардсаар бүртгэл хийгдсэн гэж үзвэл Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан хуулийн заалтыг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” буюу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Иймээс нэхэмжлэгч “” ХХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 160.1.6-д заасан хуулийн үндэслэлд хамаарах тул барьцааны эрх дуусгавар болж, барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар *******ын эхнэр, гэрлэгчидтэй хамт амьдарч байсан гэр бүлийн бусад гишүүд буюу хүүхдүүд нь гэр бүлийн дундын хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй тул “” ХХК- ийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэмэлтээр хийгдсэн ДХ-13/005-02 тоот барьцааны гэрээг байгуулах үед барьцааны зүйл болох 54 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалуулах тухай зөвшөөрлийг бичгээр өгч, нотариатчаар гэрчлүүлэх байсан. Иймд ДХ-13/005-02 барьцааны гэрээ болон 4783 тоот барьцаалбар нь хүчин төгөлдөр бус юм.
Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр буюу 120,000,000 төгрөгөөр үнэлсэн. Барьцааны гэрээ үйлдэгдэхээс 1 жилийн өмнө буюу 2012 онд тухайн орон сууц нь 30,000,000 төгрөгийн үнэлгээгээр зээлийн гэрээний барьцааны зүйл болж байсан байна.
Барьцааны гэрээний 4.1.4-т “барьцааны зүйлийн ашиглалт, хадгалалтад хяналт тавих, шалгах”, 4.1,5-д “үүрэг хүлээгч батлан даалтын гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлэн авч, шүүхийн бус аргаар худалдан борлуулах”, 5.2.3-д “барьцааны зүйлийг худалдах ажиллагааг эхлүүлэх”, 5.3-т “шүүхийн бус журмаар худалдах” гэх мэт ажиллагааг эхлүүлээгүй, мэдэгдээгүй учраас өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль ёсны өмчлөгч нар нь өөрийн орон сууцандаа амьдарч байгаа.
3.3. ... Зээлийн төлбөрийн тодорхой хэсэг үлдсэн гэж гэрээний талууд үзэн, харилцан зөвшөөрсөн бол өмнөх зээлийн гэрээний хугацаа дууссаныг тэмдэглээд талууд гэрээний зүйлийн хэмжээ өөрчлөгдөн багассан гэдгээ тохиролцон, үлдэгдэл зээлийн гэрээний үүрэг, түүнийг төлж дуусгах хугацаа, сар бүрд төлөх тооцоолол зэргийг шинэчлэн хийж, барьцаалбарыг үргэлжлүүлэх эсэхийг тодорхой шийдэж гэрээнд тусгаагүй, хэрэгжүүлээгүй тул шаардах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн дуусгавар болсон буюу 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 9 жил өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны гэрээнд болон хуульд заасан дээрх олон үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /1-р х.х-ийн 183-186 дугаар хуудас/
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 236 дугаар зүйлийн 236.2, 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох 97,027,755.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 713,300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:
“...Анхан шатны шүүх 2015.03.18-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зөв дүгнэлт хийсэн хэдий ч уг гэрээний гол зорилго, зохицуулалтын талаар илтэд буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн.
Тодруулбал “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний 3.1 дэх заалтад “...гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан зээл, зээлийн өр төлбөрөөс бусад зээл, зээлийн өр төлбөрийн үлдэгдэлд үл хамаарах бөгөөд тэрхүү бусад үлдэгдэл зээл, зээлийн өр төлбөртэй холбоотой Зээлдэгч нарын гэрээнд заасан эрх үүрэг нь хэвээр хадгалагдана...” гэж гэрээнд заасан. Гэрээний энэхүү заалт нь “*******” ХХК-ийн нийт зээлээс 1,357,220,825.02 төгрөгийг л зөвхөн шилжүүлэн авахаар тохиролцсон буюу 2013.09.26-ны өдрийн ДХ-13/005 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл зээл, хүү болон үүрэг “*******” ХХК-д хэвээр хадгалагдана гэдгийг зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл 2015.03.18-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” нь “” ХХК-ийн зээлийн 1,357,220,825.02 төгрөгийн хүрээнд “” ХХК нь шилжүүлэн авсан бөгөөд үлдэгдэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү-д хамаарахгүй болохыг гэрээний 3.1 дэх заалтад тусгасан байна.
“*******” ХХК-ийн 2013.09.26-ны өдрийн ДХ-13/005 дугаартай 1,900,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шилжүүлсэн авсан бус харин 1,357,220,825.02 төгрөгийг зөвхөн шилжүүлэн авахаар тохиролцсон гэрээ болно.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дугаар талд “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”- ний 3.1 дэх заалтын шүүхийн шийдвэрт хэсэгчлэн авч гэрээний заалтыг хариуцагчид ашигтай байдлаар тайлбарласан байна. Гэтэл гэрээний 3.1 дэх заалт нь зөвхөн шилжүүлэн авсан нэр бүхий долоон зээлдэгчийн “...6,467,170,000.00 төгрөгийн хүрээнд хүү болон нэмэгдүүлэн хүү зогсоно...” гэсэн гэрээний заалт юм. Энэхүү гэрээний заалтыг бүрэн гүйцэд тусгалгүйгээр хариуцагчид ашигтай хэсгийг хэсэгчлэн авч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болгосон байна.
5.1. 2013.10.09-ний өдрийн ДХ-13/005-02 дугаартай “Барьцааны гэрээ” нь “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай” хуульд болон “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам” (Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011.01.17-ны өдрийн 38 дугаартай тушаалын 1 -р хавсралтаар баталсан) -д тус тус заасны дагуу барьцаалбарыг үйлдсэн. Гэрээ байгуулагдсан 2013 онд улсын бүртгэгч нь бүртгэлийн үйл ажиллагааг дээрх хууль болон журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан.
“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.3.1 дэх хэсэгт “...мэдүүлгийг хүлээн авахаас татгалзан буцааж болно. Энэ тохиолдолд ямар нэг бичилт тэмдэглэгээ хийхгүй...” гэж, 3.7 дэх хэсэгт “...хүлээн авсан тэмдэг дарна...” гэж тус тус заасан байна. 2013.10.09-ний өдрийн ДХ-13/005-02 дугаартай “Барьцааны гэрээ” нь нотариатаар баталгаажуулан улсын бүртгэгчийн “П”дугаартай тэмдэг дарагдсан болно.
Дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу нотариат болон улсын бүртгэгч нар нь тамга тэмдгээр баталгаажсан барьцааны гэрээ нь одоо болтол хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэлийг барьцаа хөрөнгөөр хангах нь хуульд нийцэхээр байна. Өөрөөр хэлбэл тус шийдвэрийн 8 дугаар талд “...гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн, уг гэрээнд улсын бүртгэгчийн тэмдэг дарагдсан...” байна хэмээн зөв дүгнэлт хийсэн хэрнээ уг гэрээг хүчингүй гэсэн нь хуульд нийцэхгүй байна.
5.2. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар 3 жилийн хугацаатай байх бөгөөд мөн хуулийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцохоор заагдсан байдаг. Нэхэмжлэгчийн шаардах эрх нь зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс үүсэх бөгөөд хариуцагч нь 2015.03.19-ний өдөр 1,357,220,825.02 төгрөг, 2015.05.29- ний өдөр 519,423,170.28 төгрөг, 2016.06.24-ний өдөр 247,833,685.46 төгрөг, 2018.12.24-ний өдөр 4,497,000.00 төгрөг, 2019.05.23-ны өдөр 5,097,0.00 төгрөг, 2020.02.28-ны өдөр 495,000.00 төгрөг, 2021.10.11-ний өдөр 5,000,000.00 төгрөг (хавтаст хэргийн 18 дах тал)-ийн зээл, зээлийн хүүг төлж байсан. Энэ нь Иргэний хуулийн 79.1-д “...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заагдсанд хамаарах бөгөөд мөн хуулийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж тодорхой тусгагдсан байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан мэтээр тайлбарлах нь үндэслэлгүй байна.
Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /1-р х.х-ийн 249-2 дүгээр хуудас /
6. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:
“... Зээлийн гэрээний талаар гэрээний зүйл 1,900,000,000.0 төгрөгийг “Эргэлтийн хөрөнгийн" зориулалтаар анхнаасаа олгоогүй.
Зээлийг “*******” ХХК-д эргэлийн хөрөнгийн зориулалтаар “хүсэлтийх” нь дагуу бусад ААН, иргэнд олгодог шалгуураа хангасан гэж үзээд олгосон гэж үзвэл гэрээний дагуу хавсралт ёсоор 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2015 оны 02 дугаар сарын 25 хүртэл хугацаанд 4 удаагийн төлөлтөөр 1,900,000,000.0 төгрөгийг буюу хүүд 17 сарын хугацаанд сар бүр 18,000,000-20,000,000 төгрөгөөр хүү төлөх эх үүсвэр, хүчин чадал тухайн үед байсан эсэх нь эргэлзээтэй мөн эргэн төлөх эх үүсвэрээ банк судалж, “олгохгүй” байж болох байсан санхүүгийн түүхтэй байхад олгосон нь уг зээлийг манайхаар дамжуулан авах зорилготой учраас гэдэг нь нотлогдоно.
Гэрээний хугацаанд гэрээний зүйлийг ашигласан тал, зээл олгосон банкны хооронд “ эрх шилжүүлэх “ гэрээ хийгдсэнээр “ *******” ХХК зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн бөгөөд ******* гэрээгээр шилжүүлсэн гэх эргэлтийн хөрөнгийн зээлийг өөр этгээд ашигласан, буцаан төлөх хугацаа болоод “ Шаардах эрх шилжүүлэх гэрээ “ байгуулсан гэдгээ ч мэдэж байсан.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүргийг солихоор болж, өрийг хүлээн авсан тухай баримт бичиг үйлдсэнээр мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болох ёстой.
Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний Гуравдагч талаас гэсний 5-д “” ХХК нэр байгаа бөгөөд гэрээний оролцогчдыг хамтад нь талууд гэж нэрлэн, 2.2 -т зааснаар гэрээ байгуулсан өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл гэх 1 142 101 139.35 төгрөг, хүү 207,733,331.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,386,354.25 төгрөг гэж тодорхой заасан байгаа, энэ заалтад гэрээ байгуулах үеийн үлдэгдлээс зарим хэсгийг шилжүүлсэн, “*******” ХХК-д төлөх төлбөр үлдсэн талаар “заалт”, өгүүлбэр байхгүй.
-Гэрээний 3.1-д дээрх гэрээний 2.2-т заасан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тухайд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож хуримтлуулах ажиллагааг зогсоосон бөгөөд өөрөөр хэлбэл үлдэгдэл гэх 1,357,220,825.02 төгрөгөөс БУСАД үлдэгдэл зээл, зээлийн өр төлбөр байгаа үед өөрсдөө хариуцахаар заасан .
3-1-т заасан “ БУСАД “ зээл гэдэг нь “ “ ХХК-ийн тухайн үеийн нэхэмжлэгч банкинд өөр зээл, төлбөр байгаа тохиолдол гэж ойлгогдох буюу ДХ 13-005 тоот гэрээнээс өөр зээл гэж уншигдана .
Иймд нэхэмжлэгчийн “ зээлийн үнийн дүнг тодорхой тусгаж өгсөн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд “ Шаардах эрх шилжүүлэх гэрээ “ байгуулсан өдрийн үлдэгдлээр тооцоогүй, төлбөл зохих үлдэгдэл хэсгийг тусгасан гэж үзэж байгаа бол ХХК-ийн өөрөө хариуцах төлбөрийн үлдэгдэл хэд байгааг тодорхойлж, тухайн дүнгээр Зээлийн гэрээг шинэчлэн , хүү, төлбөл зохих хугацаа, барьцаа хөрөнгө зэргийг тохиролцоогүй .
Учир нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ДХ-13-005 тоот Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, зээлийн гэрээний үүргийг өөр этгээд хариуцахаар болсон буюу “ “ ХХК-ийн шилжүүлэн авсан нийт өр 6 467 170,000.00 төгрөг гэдгийг гэрээний 3.1-т тодорхой заан, 3.3 -т дээрх төлбөрт 2104 мкв газрын эрхийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцсон хувь байгаагаас үзвэл барьцаа хөрөнгө ч солигдсон, мөн өрийг шилжүүлж байгаа тохиолдолд барьцааны гэрээг шинэчлэн хийх Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124-3-т зааснаар барьцаалуулагч харилцаагаа үргэлжлүүлэх эсэхийг тодруулах боломж олгоогүй .
Иймд “шаардах эрх“ шилжүүлэн авах гэрээгээр “ Зээлийн гэрээ” -ний үүргийг хариуцахаар “ “ ХХК хүлээн авснаар зээл төлөх үүрэггүй болсон үүнээс хойш шаардаж байгаагүй, үлдэгдэл төлбөр байсан эсэхийг тодорхойлж шинэчлэн гэрээ хийгээгүй ДХ-13-005 гэрээгээр нэхэмжлэгч талд шаардах эрх үүсэхгүй.
Шаардах эрхийг хүлээн авсан “ " ХХК гэрээний 3.7- д зааснаар “ Зээлийн гэрээний эрх , үүрэгтэй холбоотойгоор зээл, зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бол шаардах эрхтэй.
2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн үндэслэл нь “Шаардах эрх шилжүүлэх гэрээнд" эрх шилжүүлэн авсан “Роял Плаза” ХХК-д эрх шилжүүлэхтэй холбоотой зардал төлөхөөр заасан бөгөөд газар шилжүүлэх үед гарсан зардал гэж ойлгосон мөн зээл авсан гүйцэтгэх удирдлага болох хүмүүстэй уулзахад “танайхтай хамааралгүй шт” гэсэн, үүнээс хойш шаардаагүй.
ДХ-13-005 тоот “Зээлийн гэрээг” банкны шалгуур, журмын дагуу байгуулаагүй, гэрээний зүйл болох 1,900,000,000,0 төгрөгийг “Дархан Бүрэн” ХХК ашиглаагүй учраас “Шаардах эрх шилжүүлэх” гэрээгээр “” ХХК авч, төлбөрийг барагдуулахаар болсон, уг гэрээнд гэрээ байгуулах өдрийн ДХ-13-005 тоот зээлийн гэрээний үлдэгдэл зээлийн зарим хэсгийг хариуцаж байгаа болон “ Дархан Бүрэн “ ХХК-д үүрэг үлдсэн талаар дурдаагүй, үүрэг үлдсэн бол зээлийн болон барьцааны гэрээг шинэчлэн хийгээгүй, үлдсэн үүрэг байсан бол хэдийнээс эхлэн шаардах байсан нь тодорхойгүй болно.
Иймд дээрх хуулийн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар хэвээр бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн *******, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:
“... Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр “*******” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг “Роял Плаза” ХХК шилжүүлэн авснаар “*******” ХХК-ийн зээлийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон байна.
Ийнхүү “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулснаас хойш банкны зүгээс холбогдоогүй ба дээрх гэрээний 3.1-д зааснаар зээлдэгч нарын банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулж тооцох үйл ажиллагааг энэ гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн зогсооно гэснээр өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, 236.2-т энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заасан тул нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.
******* нь 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ДХ-13/005-02 дугаартай “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр гэрээ гэж гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ДХ-13/005-02 дугаартай “Барьцааны гэрээ” нь хүчин төгөлдөр бус гэрээ болно.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 2.1, 3.1, 3.2-т заасан зохицуулалтаас гадна мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж заасан байхад *******, Б.Ган- Эрдэнэ, *******, ******* нараас дээрх хуульд заасны дагуу зөвшөөрөл аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -т Барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т заасныг тусгана гэсэн заалт болон бусад шаардлагыг хангаагүй нь нотлох баримтаас харагдана.
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс барьцаа хөрөнгө болох ******* нарын өмчлөлтэй, улсын бүртгэлийн Ү-2003009266 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 01 хороолол, 13-р байрны тоот хаягт байрлах 54 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг гаргаж ирүүлсэн баримтаар уг орон сууц нь *******ны барьцаанд бүртгэлгүй байна.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульчлагдсан байна.
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлээс ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон бусад баримтаар “Барьцааны гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлэх үйл явц нь анхнаасаа хуулийн шаардлага хангаагүй бөгөөд уг гэрээ нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус гэрээ болох нь тогтоогдож байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.02.12-ны өдрийн 307/ШШ2026/00552 дугаартай шийдвэр нь хууль зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 97,027,755.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2013 оны 09 сарын 26-ны өдөр 1,900,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 10 сарын 09-ний өдөр барьцааны гэрээ тус тус байгуулагдсан болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй. /1 дүгээр хх-ийн 8-13 дугаар хуудас/
5. Харин нэхэмжлэгч нь 2015 оны 03 сарын 18-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч “*******” ХХК-ийн төлөх ёстой дүнгээс үндсэн зээлийн төлбөрт 1,142,101,139.35 төгрөг, хүүгийн төлбөрт 207,733,331.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,386,354.25 төгрөг, нийт 1,357,220,825.02 төгрөгийг төлөх үүргийг “” ХХК шилжүүлэн авч төлсөн тул үлдэгдэл үндсэн төлбөр 45,940,981.20 төгрөг, хүү 45,327,968.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,758,806.03 төгрөг, нийт 97,027,755.91 төгрөгийг “*******” ХХК нь төлөх үүрэгтэй, хөөн хэлэлцэх хугацаа хариуцагч “*******” ХХК нь хамгийн сүүлд 2021 оны 10 сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийн төлөлт хийснээр тасалдаж, шинээр тоологдсон тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж, хариуцагч “*******” ХХК нь тус шаардах эрх шилжүүлэх гэрээгээр бүх өр төлбөрийг гуравдагч этгээд шилжүүлэн авсан тул зээлийн төлбөр байхгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, анхнаасаа энэ зээлийг банкны хамаарал бүхий этгээдүүд өөрсдөө авч, манай компанийн тусгай зөвшөөрлийг ашиглах зорилгоор тус компанийн нэр дээр зээл авсан учир хариуцагчийн зүгээс 5,000,000 төгрөгөөс өөр төлөлт огт хийж байгаагүй тул зээлийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тус барьцааны гэрээ улсын бүртгэлд баталгаажилт хийгдээгүй, барьцааны гэрээг байгуулахдаа хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг аваагүй тул хүчин төгөлдөр бус гэж тус тус маргадаг болно.
6. Анхан шатны шүүх 2015 оны 03 сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,142,101,139.35 төгрөг, үндсэн хүү 207,733,331.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,386,354.25 төгрөг нийт 1,357,220,825.02 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлснээр гэрээний 2.2, 2.3, 2.4-т заасан зээлдэгч нарын өмнөөс зээлийн үлдэгдэл төлбөр тооцоог “” ХХК төлж барагдуулж, улмаар зээлдэгч “*******” ХХК-ийн банктай байгуулсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг дуусгавар болсон, 2021 оны 10 сарын 11-ний өдөр хариуцагч “*******” ХХК нь 5,000,000 төгрөг төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбар гаргаж байгаа боловч 2013 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 02 сарын 25-ны өдөр дууссан, талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус дүгнэж шийдвэрлэжээ.
7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон боловч 2015 оны 03 сарын 18-ны өдрийн гэрээний агуулга, үүрэг дуусгавар болсон эсэх, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа зэрэг талуудын маргааны зүйлийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тал бүрээс нь харьцуулан үзэж дүгнэлт хийгээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
7.1. Хэрэгт авагдсан 2015 оны 03 сарын 18-ны өдрийн №ТБШЭШ-15/01 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр “Рояал плаза” ХХК нь “*******” ХХК-ийн зээлдэгч нарын өр төлбөрийг тус банкинд төлөхөөр тохирсон байх бөгөөд гэрээний 2.2-т: “Энэхүү гэрээ байгуулсан өдрийн байдлаар зээлдэгч нарын дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн дагуу банканд төлбөл зохих зээл, зээлийн өр төлбөрийн үлдэгдлээс дараах зээл, зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцсон болно. Үүнд: 5. “*******” ХХК үндсэн зээл 1,142,101,139.35 төгрөг, зээлийн хүү 207,733,331.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,386,354.25 төгрөг нийт 1,357,220,825.02 төгрөг”, гэрээний 2.4-т: “Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д заасан хүсэлтийг үндэслэн Банк зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу үүссэн зарим эрх үүрэг, зээл, зээлийн өр төлбөрийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч нь шилжүүлэн авсан зээл, зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахыг үүгээр хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон болно. Гэрээний 3.1-т: ... шилжүүлэн авч буй зээл, зээлийн өр төлбөрийн тухайд зээлдэгч нарын банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлуулж тооцох үйл ажиллагааг энэ гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн зогсооно. Энэхүү заалт нь зээлдэгч нарын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан зээл, зээлийн өр төлбөрөөс бусад зээл, зээлийн өр төлбөрийн үлдэгдэлд үл хамаарах бөгөөд тэрхүү бусад үлдэгдэл зээл, зээлийн өр төлбөртэй холбоотой зээлдэгч нарын гэрээнд заасан эрх, үүрэг нь хэвээр хадгалагдана” гэж тус тус заажээ. /1 дүгээр хх-ийн 70-72 дугаар хуудас/
7.2. Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, “*******” ХХК-ийн зээлийн дансны хуулгаар 2015 оны 03 сарын 18-ны өдрийн гэрээ байгуулагдах үед хариуцагч “*******” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,899,999,982.48 төгрөг байсан, 2015 оны 03 сарын 19-ний өдөр нийт дээр дурдсан гэрээнд заасны дагуу “Рояал плаза” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлснээр зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 757,898,843.13 төгрөг байсан болох нь тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 18, 84-105 дугаар хуудас/
7.3. Мөн хүү тооцооллын хүснэгт, “*******” ХХК-ийн зээлийн дансны хуулгаар 2015 оны 05 сарын 29-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 497,898,843.13 төгрөг, 2016 оны 06 сарын 24-ний өдөр 209,059,018.80 төгрөг, 2021 оны 10 сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус төлөгдөж, үндсэн зээлийн үлдэгдэл 45,940,981.20 төгрөг болсон, мөн энэ хугацаанд 2018 оны 12 сарын 24-ний өдөр хүүнд 1,396,392.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,100,607.72 төгрөг, 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүүнд 4,588,090.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,409.82 төгрөг тус тус төлөгдсөн байна. /1 дүгээр хх-ийн 18, 84, 93, 99 дүгээр хуудас/
8. Дээрх баримтуудаас дүгнэхэд хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч “*******” ХХК-д өмнө хүлээсэн зээлийн гэрээний дагуу төлөх өр төлбөрөөс зарим хэсгийг буюу үндсэн зээлийн үлдэгдлээс 1,142,101,139.35 төгрөг, зээлийн хүүнээс 207,733,331.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 7,386,354.25 төгрөг нийт 1,357,220,825.02 төгрөгийг “Рояал плаза” ХХК төлөхөөр үүрэг хүлээж, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан өр шилжүүлэн авах гэрээ байгуулсан байна.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл нийт 1,357,220,825.02 төгрөг байсан, энэхүү төлбөрийг “Рояал плаза” ХХК газар эзэмших эрхийг банканд шилжүүлэх замаар төлж барагдуулсан буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан үндэслэлээр үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
9. Хэрэгт авагдсан баримтаар өр шилжүүлэн авсан этгээд нь тус гэрээний дагуу шилжүүлэн авсан хэмжээгээр үүргээ биелүүлсэн байх бөгөөд түүнээс хойш хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч банк дахь зээлийн данснаас удаа дараагийн /хянавал хэсгийн 7.3-т заасан/ төлбөр төлөгдөж, улмаар үндсэн зээлийн үлдэгдэл 45,940,981.20 төгрөг байгаа болох нь тогтоогдсон, хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр түүний өмгөөлөгч гаргасан тайлбартаа тус зээлийг авах зорилгогүй байсан, банкны хамаарал бүхий этгээд хариуцагч компанийн тусгай зөвшөөрлийг ашиглах зорилгоор түүний нэрээр зээл авсан, зээлийг тухайн этгээдүүд манай компаниар дамжуулж төлдөг байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь “*******” ХХК-ийг банктай байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
10. Хариуцагч тал гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусгавар болсон гэж маргаж байгаа боловч талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 02 сарын 25-ны өдөр дууссан, түүнээс хойш 2015 оны 03 сарын 18-ны өдөр “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу 2015 оны 03 сарын 19-ний өдөр төлбөр төлөгдсөн, мөн “*******” ХХК-ийн зээлийн дансаар 2015 оны 05 сарын 29, 2016 оны 06 сарын 24, 2018 оны 12 сарын 24, 2019 оны 05 сарын 23, 2021 оны 10 сарын 11-ний өдрүүдэд тус тус үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөгдсөн байдлаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хамгийн сүүлийн төлөлт хийсэн 2021 оны 10 сарын 11-ний өдрөөс тоолоход 2024 оны 10 сарын 11-ний өдөр дуусахаар байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд 2024 оны 09 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 45,940,981.20 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцсэн байна гэж үзэв.
11. Харин хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагын тухайд дүгнэхэд өр шилжүүлэн авах гэрээг банк гуравдагч этгээдтэй байгуулснаар хариуцагч “*******” ХХК-ийн зээлийн үүрэгт өөрчлөлт орсон, зээлийн гэрээний хугацаа дууссан байх бөгөөд банк болон хариуцагч “*******” ХХК-тай зээлийн үүргийн өөрчлөлтийн талаар буюу үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь “Рояал плаза” ХХК-тай байгуулсан “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний 3.1-т “*******” ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэвээр үргэлжлэхээр заасан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг зээлийн гэрээний талуудын бичгээр байгуулсан тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй юм.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 9.5-д гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг талууд гэрээ байгуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн зарим өрийг гуравдагч этгээдэд шилжүүлсэнтэй холбоотой өөрчлөлтийг бичгийн хэлбэрээр талууд тохиролцоогүй атлаа хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасантай нийцээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн хүү 45,327,968.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,758,806.03 төгрөг, нийт 51,086,774.71 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
12. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд анхан шатны шүүхээс тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тус байгууллагын лавлагаагаар тогтоогдсон, гэрээ хийгдсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй гэж үзэж тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл хэрэгт барьцааны гэрээний эх хувь авагдсан байгаа бөгөөд тус барьцааны гэрээнд 2013 оны 10 сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн тэмдэглэгээ хийж, улсын бүртгэгчийн тэмдэг дарагдсан байгаа боловч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Дархан сумын 16 дугаар баг, 13 байрны тоотод байрлах, 54 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2003009266 дугаар бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн “*******” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний бүртгэл гараагүй байна. /1 дүгээр хх-ийн 60-61, 193-195 дугаар хуудас/
Нөгөө талаас Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т “Өрийг шилжүүлснээр батлан даагч болон барьцаалуулагч харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан бол шаардлагыг хангахад чиглэгдсэн барьцаа, батлан даалт, баталгаа, банкны баталгаа дуусгавар болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч банк гуравдагч этгээдэд хариуцагч “*******” ХХК-ийн өрийг шилжүүлэхдээ барьцаалуулагч нарт барьцаа хөрөнгийн талаар мэдэгдсэн, тохиролцоо хийсэн үйл баримт тогтоогдоогүйгээс барьцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
13. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 45,940,981.20 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох нийт 51,086,774.71 төгрөгийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 307/ШШ2026/00552 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 45,940,981.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 51,086,774.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 713,300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 387,655 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 713,289 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
М.ОЮУНЦЭЦЭГ