Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 825

 

 

 

 

 

 

 

 

 

    2019       09         18                                     2019/ШЦТ/825

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: О.Доржмаа:

шүүгдэгч: О.Энхдөл, Д.Отгонтөгс, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамдинсүрэнгийн Отгонтөгс,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ойсовын Энхдөл нарт холбогдох эрүүгийн 1909000000772 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1-115 тоотод оршин суух, урьд:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 547 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 5000 төгрөгөөр торгох ялаар,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 417 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар (цагдан хоригдсон 16 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялыг 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон) тус тус шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, ЦЖ80052515 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт Дамдинсүрэнгийн Отгонтөгс,

 

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 3-47 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, гавъяа шагналгүй, ЧВ82040919 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Энхдөл овогт Ойсовын Энхдөл.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Отгонтөгс нь 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ДӨ ДЭ ЦЭ” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч 5-н шил архи, бэлэн 470.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

яллагдагч О.Энхдөл нь яллагдагч Д.Отгонтөгсийн 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ДӨ ДЭ ЦЭ” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч 5-н шил архи, бэлэн 470.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Энхдөл мэдүүлэхдээ: Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул одоо нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Отгонтөгс мэдүүлэхдээ: Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул одоо нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

                                                                                           

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Ариунзул /хх-ийн 17-18/, гэрч Ө.Оюунболд /хх-ийн20/, гэрч Ц.Арвайбаатар /хх-ийн 24-25/, гэрч Б.Ганхүү /хх-ийн 28/, гэрч Л.Отгонсүрэн /хх-ийн 29/ нарын мэдүүлэг, О.Энхдөлийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/, Д.Отгонтөгсийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-7/, Д.Отгонтөгсийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 83-88/, О.Энхдөлийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 67-76/, хохирогч Ц.Ариунзулын хүсэлт /хх-ийн 99/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.09.05-ны өдрийн №4/19319 албан бичиг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Отгонтөгс нь 2019 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг “ДӨ ДЭ ЦЭ” нэртэй хүнсний дэлгүүрийн дээврээр дамжин нууцаар нэвтэрч 5 шил архи, бэлэн 470.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан,

 

шүүгдэгч О.Энхдөл нь Д.Отгонтөгсөд “манай дэлгүүр байгаа юм, ороод архи авчих” гэх зэргээр итгүүлэн ятгаж, Д.Отгонтөгсийг дээр нэр дурьдсан хүнсний дэлгүүрт нэвтрэн орж нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг авахад өдөөж, зориуд хүргэсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ц.Ариунзулын /хх-ийн 17-18/: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 19 дүгээр гудамжинд байх “Дө Дэ Цэ” дэлгүүрийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түрээслэн ажиллуулж байгаа. Тэгтэл 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө дэлгүүрийн дээврээр дамжин яндангийн хажуу талаар дэлгүүр лүү доош ороод эд зүйл хулгайлсан байсан. Тийм учир цагдаад хандсан юм...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ө.Оюунболдын /хх-ийн20/: “...Хүнсний дэлгүүр дээрээ ирээд таксины жолоочид мөнгө авч өгөх гээд дэлгүүрээ онгойлгосон чинь манай дэлгүүрийн орлого байхгүй байсан...Ээгий гэх залуутай таарсан чинь “нэг шил архи зээлчих” гэхээр нь би “үгүй” гэж хариулаад зогсож байсан чинь дахиад Ээгий гэх залуу намайг дуудаад байхаар нь “яасан?” гэж асуусан чинь “би танай дэлгүүр лүү орсон залууг танина” гэж хариулсан. Тэгээд байж байгаад “би танай дэлгүүрээс 5-н ширхэг “Ерөөл” хүн оруулаад авсан шүү, уучлаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Арвайбаатарын /хх-ийн 24-25/: “...Маргааш нь сураг сонсох үед Энхдөл нь Отгонтөгс, Шараа нарыг дагуулж гараад өөрөө өмнө нь ажилладаг байсан дэлгүүр лүү Отгонтөгсийг оруулсан юм байна лээ, би тэгж дуулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Ганхүүгийн /хх-ийн 28/: ”...2019 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 03 цагийн үед манай гэрийн хаалга нүдээд, тэгээд би хаалгаа тайлаад өгөх үед Отгонтөгс, Шараа 2 хоёр шил 0,75 литрийн “Ерөөл” архи барьсан орж ирсэн. Тэгээд хамт архи ууя гэсэн. Тэгэхээр нь би “ах нь “Ерөөл” архинаас чинь уухгүй” гэж хэлсэн. Тэгтэл Отгонтөгс мөнгө гаргаж ирээд манай охинд зайрмаг авч идээрэй гэж хэлээд мөнгө өгсөн. Тэгээд надаас “танайх хоол унд байгаа юу?” гэж асуугаад намайг “хоол аваад ирээч” гэсэн...Сүүлд дуулахад Энхдөлийн ээжийн ажиллуулдаг байсан дэлгүүр лүү орж хулгай хийсэн юм байна лээ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Отгонсүрэнгийн /хх-ийн 29/: “...Намайг өглөө ирсэн чинь “дэлгүүр лүү О.Энхдөл орсон гэнээ, хүнд зааж өгөөд хүнээр оруулсан байна лээ” гэж дуулсан. Өөрөө хэлэхдээ “согтуу байсан, дэлгүүр лүү энүүгээр ордог гэж хэлж зааж өгсөн, би өөрөө бол ороогүй. Би “архи аваад гараад ир” гэж хэлсэн” гэсэн”...” гэх мэдүүлгээр,

 

О.Энхдөлийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 60-61/: “...Би архи нэмж уух гээд дэлгүүр орж архи авна гэсэн санааг гаргасан юм. Тэгээд Отгонтөгсийг дотогш оруулсан...Отгонтөгсөд “ингэж ордог юм“ гэж зааж өгөөд, бид 2 дээврийн гурвалжин хэсэг рүү ордог хаалгыг нь онгойлгоод, дээврээр нь дамжаад яндангийн хажуу талаар дээврийг нь цөмлөөд Отгонтөгсийг оруулсан юм...” гэх мэдүүлгээр,

 

Д.Отгонтөгсийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 79-80/: “...Энхдөл нь надад “энэ дэлгүүр рүү ороод 1 шил архи авъя” гэж хэлсэн...Энхдөл зааж өгөөд бид 2 дээвэр рүү дамжин хамт гарсан.. Яндангийн хажуу талаар доош буугаад ор гэж зааж өгөөд тэгээд би ганцаараа орсон. Энхдөл нь “манай дэлгүүр байгаа юм, ингээд орчихдог юм” гэж зааж өгсөн учраас би орох болсон юм...” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авахад шүүгдэгч нар хамтран оролцсоныг өөрсдөө болон гэрч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүгдэгч нар нь  санаатайгаар нэгдэж буюу,  Д.Отгонтөгс нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авах үйлдлийг шууд гүйцэтгэж оролцсон, Д.Энхдөл нь Д.Отгонтөгсийг дээрх байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авах үйлдлийг хийхэд зориуд хүргэж оролцож буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар хулгайлсан эд зүйлсийн үнийг хохирогчид буцаан төлсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Энхдөл, Д.Отгонтөгс нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Энхдөл, Д.Отгонтөгс  нарт хорих ял оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн , гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн  дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Мөн шүүгдэгч Д.Отгонтөгс нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу зохих ялыг нэмж нэгтгэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

         

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Дамдинсүрэнгийн Отгонтөгсийг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Энхдөл овогт Ойсовын Энхдөлийг  бусадтай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг хатгагчаар хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Отгонтөгсийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Энхдөлийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2,  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонтөгсөд энэ тогтоолоор оногдуулсан  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Отгонтөгсийн биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 1 жил 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхдөл, Д.Отгонтөгс нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч О.Энхдөл, Д.Отгонтөгс нар урьд цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Энхдөл, Д.Отгонтөгс нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Энхдөл, Д.Отгонтөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ