Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2026/00026

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                               

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 307/ШШ2026/00464 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой нэг удаагийн тэтгэмж 43,680,000 төгрөг, цалингийн зөрүү 16,201,591 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 19,358,040 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын бичилт хийхийг даалгуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

   “... Миний бие “*******” ТӨХХК-нд анх Буудайн сан байх үеэс буюу 1999 оноос эхлэн ажилласан бөгөөд тус байгууллагад тасралтгүй нийт 25 жил ажилласан. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаартай *******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах тухай тушаалаар “*******” ТӨХХК-ийн Санхүүгийн хэлтэст нягтлан бодогчоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилогдсон бөгөөд мөн өдөртөө өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаснаар “*******” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/42 дугаартай тушаалаар хөдөлмөрийн харилцааг цуцалж, өндөр насны тэтгэвэрт гаргасан.

“*******” ТӨХХК-ийн 2023 онд баталсан Хөдөлмөрийн дотоод журамд байгууллагад 20 буюу түүнээс дээш жил тасралтгүй ажилласан хүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад 16 сарын цалинтай тэнцэх хэмжээний 2,730,000*16=43,680,000 төгрөгийн тэтгэмж олгохоор заасан атал энэхүү тэтгэмжийг олгохгүй миний эрхийг зөрчиж байна.

Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.3-ыг зөрчиж, 2023 оны 08 дугаар сард баталсан Хөдөлмөрийн дотоод журмаа өөрчлөхдөө хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэмжээг бууруулж, харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулж гаргах хуулийн заалтыг зөрчиж баталсан тул ******* ТӨХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Гүйцэтгэх захирлын 09 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.7.2 зүйлийн 8-д заасан Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтныг “*******” ТӨХХК-д ажилласан хугацаагаар тооцож 1 удаагийн тэтгэмж олгоно гэсэн заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Миний би Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийн дагуу хуучин ажилдаа буюу “*******” ТӨХХК-ийн Санхүүгийн хэлтэст нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 1188 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин 60,249 төгрөгөөр тооцож гаргуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг гаргах үед миний 1 сарын дундаж цалин 1,240,980 төгрөг байсан.

Харин 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөө аж ахуйн дэмжих сан нь өөрчлөн байгуулагдаж “*******” ТӨХХК болсон бөгөөд ийнхүү өөрчлөгдсөнөөр нягтлан бодогч албан тушаалын үндсэн цалин 2,300,000 төгрөг болсон бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс цалингийн шатлалаа шинэчлэн тогтоож нягтлан бодогчийн үндсэн цалин 2,730,000 төгрөг болсон болно.

Хэрэв миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдаж хохироогүй бол дээрх цалинг авч байх байсан учир 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цалин 2,300,000 төгрөг, ажлын 299 хоног /1 өдрийн цалингийн дундаж 109,524 төгрөг, үүнээс өмнөх шүүхийн шийдвэрээр авсан цалингийн дунджийг хасвал 109,524-60,249=49,275 төгрөг/ 49,275*299=14,733,225 төгрөг, цалингийн шатлал нэмэгдэж үндсэн цалин 2,730,000 төгрөг болсон 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны цалингийн зөрүүг тооцоход ажлын хоног 23, 1 өдрийн цалингийн зөрүү 63,842 төгрөг, нийт 1,468,366 төгрөг, бүгд 16,201,591 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

******* ТӨХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 156 хоногийн хугацааны цалин /2,730,000 төгрөгөөр тооцоход 1 өдрийн дундаж цалин 124,090 төгрөг учир 156x124,090=19,358,040/ 19,358,040 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч миний бие өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотойгоор 16 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж /2,730,000x16/ 43,680,000 төгрөг, ажилгүй байсан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 19,358,040 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 16,201,591 төгрөг, нийт 79,239,631 төгрөг гаргуулж, “*******” ТӨХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Гүйцэтгэх захирлын 09 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.7.2 зүйлийн 8-д заасан Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтныг ******* ТӨХХК-д ажилласан хугацаагаар тооцож 1 удаагийн тэтгэмж олгоно гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү. Нийгмийн даатгалын бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ. / 1-р х.х-ийн 1-3, 86-87 дугаар хуудас /

2. Хариуцагч талын анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын агуулга:

“...”*******” ТӨХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны тогтоолоор шинээр байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд өмнөх сангуудын хүний нөөцийн асуудлыг хариуцах эрх зүйн үүрэг хүлээгээгүй. Засгийн газрын тухайн тогтоолоор зөвхөн өр, авлагын асуудлыг манай байгууллагад шилжүүлсэн болохоос биш, ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг залгамжлан хариуцах зохицуулалт тусгагдаагүй болно. Гэсэн хэдий ч, нэхэмжлэгч *******ыг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор манай байгууллагын зүгээс түүнийг ажилдаа орохыг удаа дараа мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирэлгүй байсаар, ирсэн даруйдаа тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан. Ажил олгогчийн зүгээс зөвхөн “*******” ТӨХХК-д ажилласан хугацаанд ногдох тэтгэмжийг олгох боломжтой, нэхэмжлэлийн бусад шаардлага үндэслэлгүй гэжээ. / 2-р х.х-ийн 19 дугаар хуудас/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагчаас өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой нэг удаагийн тэтгэмжид 43,680,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговорт 9,338,595 төгрөг, нийт 53,018,595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,221,036 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч “*******” ТӨХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******н давж заалдах гомдлын агуулга:

“Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. а. . ...Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасны дагуу “*******” ТӨХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 394 дүгээр тогтоолоор буюу “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-г татан буулгахаас даруй 2 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд юм.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т “Өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан” гэх заалтыг барьж шийдэх үндэслэлтэй буюу өөрчлөн байгуулагдсан биш “*******” ТӨХХК нь шинээр байгуулагдсан, “Хөдөө аж ахуйг дэмжих сан” нь татан буугдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дараах хувь, хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөөр халсанд тооцно" гэж заасны дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ажилчдыг бөөнөөр халсан тушаалаар харагдаж байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй буруу зүйлчилсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2- т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтуудыг зөрчиж байна.

б. Монгол Улсын Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн 269 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт .... Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгасугай.... 2 дахь хэсэгт Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буугдсантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болон “*******” ТӨХХК-д бүрэн шилжүүлэх... гэж заасан. Энэ нь ИХШХШТХ-ийн 31.3 “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ” гэсэн ойлголт биш юм. Учир нь Хөдөө аж ахуйн дэмжих сангийн ажлын албаны үйл ажиллагааг зогсоосон асуудал бус татан буулгаж буй асуудал, нөгөөтээгүүр Засгийн газрын тогтоолд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбоотойгоор зөвхөн сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг шилжүүлэх тухай зааснаас бус хүний нөөц болон бусад эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлсэн асуудал биш юм. Өөрөөр хэлбэл Хөдөө аж ахуйг дэмжих сан гэдэг байгууллагын үйл ажиллагаа нь Тусгай сангийн тухай хуульд зааснаар ашгийн төлөөх бус, “*******” ТӨХХК нь Компаний тухай хуульд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хууль зүйн статусын хувьд нэгийн эрх, үүрэг, хариуцлагыг нөгөөд шууд шилжүүлэх ямар ч боломжгүй байгууллагууд юм. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих ажлын албаны хүний нөөц болон бусад үйл ажиллагааг “*******” ТӨХХК хүлээн аваагүй болно.

4.2. ҮНДЭСЛЭХ НЬ: хэсгийн 6-д заасан хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

а. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ” гэж заасны дагуу “*******” ТӨХХК-ийн бүх ажилчдын саналыг үндэслэн байгууллагын дотоод журамд бүхэлд нь өөрчлөлтийг оруулсан. Уг дотоод журмыг байгууллагын нээлттэй самбар болон ажилчдын нийт цахим нэгдсэн групп-т байршуулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа байгууллагын бүх нийтээр санал гаргаж хүлээн зөвшөөрч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй дотоод журмыг үнэлж үзэлгүй, зөвхөн хэргийн материалд хөдөлмөрийн дотоод журмыг батлахдаа тэтгэмж олгох нөхцөлийг өөрчилсөн шалтгаан, үндэслэл нь тодорхойгүй, дээрх заалтыг өөрчлөхдөө ажилчдын саналыг харгалзсан эсэх, хөдөлмөрийн дотоод журмаа нийт ажилтанд танилцуулсан эсэх талаарх баримт байхгүй байгаа нь хариуцагч байгууллага дотоод журам батлахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй гэж үзэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

“*******” ТӨХХК нь 2023 онд баталсан дотоод журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахад үйл ажиллагааны онцлог болон бусад нөхцөлүүдээр дотоод журам нь ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааг зохицуулахад маргаан үүсгэж байсан тул дотоод журмыг бүхэлд нь өөрчлөх талаар нийт ажилчдын саналыг авч, уг саналын дагуу 2025 онд дотоод журмыг шинэчлэн баталсан. Уг дотоод журам шинэчлэн батлагдахтай холбоотойгоор тус байгууллагын Төв болон орон нутгийн 6 салбарын нийт 123 ажилтан, албан хаагчаас саналыг авч, батлагдсан журмыг хүргүүлэн ажилласан. Энэхүү дотоод журам нь Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн 269 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буугдсантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болон “*******” ТӨХХК-д бүрэн шилжүүлэх гэсэн заалттай уялдуулан ажил олгогч, ажилтан нарын саналыг үндэслэн гаргасан. Иймд хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт буюу 7.7.2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.3. ҮНДЭСЛЭХ НЬ: хэсгийн 7-д заасан хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Энэхүү зүйлчлэл нь учир дутагдалтай бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00782 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болж тус шийдвэрийн биелэлтийг хангуулахаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гүйцэтгэх хуудас бичигдэн ажиллагаа явагдсанаар 71,575,812 төгрөгийг нэхэмжлэгчид олгосноор гүйцэтгэх хуудас хаагдсан байна. Учир нь: тус шүүхийн шийдвэр мөн гүйцэтгэх хуудас ажилгүй байсан үеийн цалингаас гадна ажилд эргүүлэн томилохыг даалгасан байсан боловч ажилдаа оролгүй гүйцэтгэх хуудсыг хаалгасан байгаа нь анхнаасаа ажилдаа буцаж орох бодолгүй хугацаа явуулж байгаад тэтгэврийн хугацаагаа хүргэх бодолтой байсныг харуулж байна. Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг ажилдаа орохыг удаа дараа шаардсан хэдий ч ирээгүй, ороогүй гэдэг тайлбарыг баталж байна. Иймээс энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нэг талыг барьсан төрийн эрх барих дээд байгууллага болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг үгүйсгэсэн шийдвэр гарсан гэж үзэж байна. Төрийн оролцоотой байгууллагын алба хаагчийн үүргээ зөрчсөн үйлдлийг дэмжсэн шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /2-р х.х-ийн 28-31 дүгээр хуудас /

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ТӨХХК-д холбогдуулан хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой нэг удаагийн тэтгэмж 43,680,000 төгрөг, цалингийн зөрүү 16,201,591 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 19,358,040 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь 2001 оны 11 сарын 20-ны өдрөөс Хөдөө аж ахуйн сангийн агуулахын эрхлэгчээр, 2004 оны 7 дугаар сараас тариалан эрхлэлтийг дэмжих сан, 2020 оны 02 дугаар сараас Хөдөө аж ахуйг дэмжих санд тус тус ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00782 дугаартай шийдвэрээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосны дагуу “*******” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 сарын 23-ны өдрийн Б/41 дугаартай тушаалаар “*******” ТӨХХК-ийн санхүүгийн хэлтэст нягтлан бодогчийн ажилд томилж, мөн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 сарын 24-ний өдрийн Б/42 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, түүнд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдсон.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын дээр дурдсан шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлсний зөрүү 16,201,591 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоогдох хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 19,358,040 төгрөг гаргуулах шаардлагыг дээр дурдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн дундаж цалин болох 60,249 төгрөгөөр тооцож, 9,338,595 төгрөгийг олгож, үлдэх 10,019,445 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд эдгээр шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэлд зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй.

6. Харин зохигчдын маргааны зүйл нь “*******” ТӨХХК-д хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгө, өр төлбөр, авлага шилжсэнтэй холбоотойгоор хүний нөөцийн асуудал хамаарах эсэх, улмаар *******ын Хөдөө аж ахуйг дэмжих санд ажиллаж байсан хугацаа тус байгууллагад ажилласан хугацаанд тооцогдох эсэх, тэтгэмжийн хэмжээ зэрэг байна.

7. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 87 дугаартай “Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор Тариаланг дэмжих сан, мал хамгаалах сан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих санг нэгтгэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсний үндсэн дээр Засгийн газрын 2020 оны 1 сарын 8-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, орон тооны хязгаарыг баталсан.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 04 сарын 21-ний өдрийн хуулиар “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-г татан буулгаж, хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Монгол Улсын Их хурлын 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг “*******” ТӨХХК-д бүрэн шилжүүлэх, тус компанитай холбоотой арга хэмжээнүүдийг авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дугаартай тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаж, сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг тус компанид бүрэн шилжүүлсэн байна.

Хариуцагч “*******” ТӨХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор байгуулагдсан байна.

8. Мөн хэрэгт авагдсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2023 оны 07 сарын 19-ний өдрийн А/160 дугаартай тушаалаар тус сан татан буугдсан гэх үндэслэлээр ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх бөгөөд “*******” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 сарын 24-ний өдрийн Б/01 дугаартай “Ажилтан, албан хаагчдыг ажилд томилох, хөдөлмөрийн түр гэрээ байгуулах тухай” тушаалаар тодорхой албан тушаалуудад нэр бүхий хүмүүсийг томилсон байна.

Өөрөөр хэлбэл Хөдөө аж ахуйг дэмжих санд ажиллаж байсан зарим хүмүүсийг тус компанид томилсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Хөдөө аж ахуйг дэмжих санд ажиллаж байсан хүмүүсийг тус корпорацид ажилд томилсон, түүний нэг нь би ...” гэж тайлбарладаг болно.

9. Хэрэгт авагдсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2022 оны 11 сарын 30-ны өдрийн А/228 дугаартай тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журамд тус сангаас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажилласан жилээс хамаарсан хэмжээгээр 1 удаагийн тэтгэмж олгохоор заасан бөгөөд үүнд Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон мал хамгаалах санд ажилласан жилийг нэмж тооцохоор, мөн “*******” ТӨХХК-ийн захирлын 2023 оны 08 сарын 03-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 7.7.2-т мөн дээр заасантай адил нөхцөлөөр тэтгэмж олгох, мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба болон мал хамгаалах санд ажилласан жилийг нэмж тооцохоор заасан байжээ. /1 дүгээр хх-ийн 117-126, 138-145 дугаар хуудас/

10. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00782 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******ыг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн байна гэж үзээд тус сангийн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаж, тус сангийн хөрөнгө, өр төлбөр, авлагыг “*******” ТӨХХК-д бүрэн шилжүүлэхээр заасан тул хариуцагч “*******” ТӨХХК *******ыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалын үр дагаварыг хариуцах ёстой гэж дүгнэж шийдвэрлэсний дагуу “*******” ТӨХХК нь *******ыг ажилд томилсон. /1 дүгээр хх-ийн 8, 10-13 дугаар хуудас/

11. Дээрх үйл баримтаас үндэслэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаа, чиг үүрэг, түүнчлэн  түүний хөрөнгө, өр төлбөр, авлага “*******” ТӨХХК-д шилжиж байгаа үйл явц нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ” гэж заасанд хамаарч байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Энэ агуулгаараа “*******” ТӨХХК нь байгуулагдсаны дараа хүний нөөцөө хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд ажиллаж байсан  хүмүүсээс бүрдүүлсэн, улмаар хөдөлмөрийн дотоод журамд хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд ажиллаж байсан ажилчдын ажилласан жилийг тус байгууллагад ажилласан жилд нэмж тооцохоор зохицуулж байжээ гэж үзэхээр байна.

12. Иймд “*******” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 сарын 30-ны өдрийн А/09 тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 7.7.2-ийн 8 дугаарт “Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтныг “*******” ТӨХХК-д ажилласан хугацаагаар тооцож 1 удаагийн тэтгэмж олгоно” гэж зааж, нэхэмжлэгч *******д өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотойгоор 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хөдөлмөрийн дотоод журамд тавигдах зохих шаардлагуудыг хангаагүй гэж дүгнэж, тус заалтыг хүчин төгөлдөр бусад тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4-т тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч *******д өмнө үйлчилж байсан дотоод журамд зааснаар ажилтанд нэг удаагийн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үеийн нэг сарын үндсэн цалингаар тооцож, нийт 16 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр буюу 43,680,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгосон нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч тал хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дээрх байдлаар шинэчлэн тогтоохдоо хуульд заасан журам, шаардлагыг хангасан эсэхээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 307/ШШ2026/00464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 423,043 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      Б.ЭРДЭНЭХИШИГ                          

                                                                                                             М.ОЮУНЦЭЦЭГ