| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2019/1373/Э |
| Дугаар | 1449 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч М.Үүрийнтуяа,
хохирогч Г.Сандаг-Очир
шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох эрүүгийн 1906 03871 1697 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Г, 1968 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 11 дүгээр гудамж 132б тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ....................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их-Дарь Эхийн 1 дүгээр гудамжны 61 тоотод “архи ууж байхад хөлрүү өшиглөж хөөсөн” гэх шалтгаанаар иргэн Т.Сандаг-Очиртой маргалдан улмаар Т.Сандаг-Очирын толгой хэсэг рүү архины шилээр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Гын өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогчийн хойд эцэгтэй гудамжид таарахад "нэг насны хүмүүс байна даа, архи авах гэхэд мөнгө дутчихлаа” гэж хэлсэн. Би тухайн үед айл хайгаад явж байсан учир тэр хэдээс асуухад мэдэхгүй байсан. Бид нар замд таарсан дэлгүүрээс архи авах гэхэд байхгүй байсан учир өөр дэлгүүрээс 0.750 литрийн архи аваад хохирогчийн гэрт очсон байсан. Би тухайн үедээ сайн мэдээгүй. Хойд эцэг нь надад нэрээ хэлж, бид нар танилцаад авч ирсэн архиа хувааж уугаад сууж байх үед хохирогч орж ирээд над руу дайрсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Архи дуусангуут би явсан. Би маргааш өдөр нь нөгөө айлаа дахин хайж явахад өчигдөр хамт архи уусан жижгэвтэр биетэй бордуу царайтай залуутай таарсан. Тэгээд нөгөө залуу, бид хоёр нэг шил архи хувааж уугаад ярьж хөөрөөд сууж байх үед хохирогч гаднаас орж ирээд намайг хэл амаар доромжилж агсам тавиад байхаар нь би архины шилээр хохирогчийн тархины баруун талд нэг удаа цохисон. Хохирогч гартаа барьж байсан үзүүртэй зүйлээр нүүр лүү цохисон. Тэгээд цус нөж болсон байх үед цагдаа, түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирээд хохирогчийг насилкон дээр хэвтүүлээд тэр дор нь түүний нүүрэнд оёо тавьсан. Би тухайн үед их сандарч, наашаа цаашаа гүйгээд л байсан. Би өөрийнхөө өмсөж байсан цэнхэр өнгийн цамцаар нүүрнээс гарсан цусаа дарсан. Миний цамц тэр чигтээ цус болсон байсан. Цагдаа хохирогч, бид хоёроос мэдүүлгээ аваад, намайг 110 дүгээр баривчилгааны төв рүү авч явсан. Баривчилгааны төвд хоригдож байх үед нэг өрөөнд хамт байсан хүн “таны нүүрээс цус гарч байна” гэж хэлээд хаалга нүдээд “энд хүн үхлээ” гэж хэлэхэд эмч ирсэн. Миний нүүрийг үзээд “чиний нүүрэн дээр нүх гарсан байна, тухайн газарт эмчээрээ оёо хийлгэхгүй яасан юм бэ, чи ямар гүргэр юм бэ” гэж хэлээд миний нүүрийг шахаж байтал гаднаас эмэгтэй цагдаа орж ирээд болиулж, 103 түргэн тусламжид дуудлага өгсөн. Түргэн тусламж шөнийн 01 цагийн үед ирээд намайг авч явсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр авч очоод шууд оёдол хийсэн. Шөнийн 03 цагийн үед эмнэлгээс гарсан. Надад мөнгө байхгүй учир би Алтан-Өлгий рүү гэртээ алхаж харьсан. Би хохирогчийг танихгүй учир шууд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сандаг-Очирын өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ ирэхэд манай аав тасарсан унтаж байсан ба шүүгдэгч манай гэрт сууж байсан. Манай аав харвалт өгсөн юм. Өмнө нь аавын эд зүйл алга болсон юм. Би “таньж мэдэхгүй хүн манай гэрээр орж гарахгүй шүү, зарим нэг хувцас хунар алга болсон” гэж хэлээд шүүгдэгчийг гэрээсээ хөөж явуулсан. Гэтэл маргааш өдөр нь шүүгдэгч миний унтдаг орон дээр сууж байснаа “чи өчигдөр намайг цохьсон уу” гэж хэлээд миний зүүн шанаа луу цохисон. Миний нүүрээс цус алдсан. Би “эмч дуудахгүй” гэхэд ах “чи ийм аймаар болсон байж яагаад эмч дуудахгүй гээд байгаа юм бэу гэж хэлээд түргэн дуудсан. Шууд манай гэрт миний нүүрэн дээр 25 оёо тавьсан. Чихний ар талыг оёогүй үлдээсэн. Би сүүлд Гэмтлийн эмнэлэг дээр очиж боолт хийлгэсэн. Шүүгдэгчийн толгойг оёх гэхэд утас нь дууссан. Би хөдөө том оврын автомашин жолооддог. Тухайн үедээ шөнө унтаж чадахгүй байсан учир ээж надад сорвины тос, тархи амраадаг эм худалдан авч өгсөн. Шүүгдэгч надад эм тарианы төлбөрт нэг ч төгрөг өгөөгүй. Манай гэрийг олж очоод архи уусан мөртлөө намайг цохисны дараа нэг ч удаа ирж уулзаагүй. Одоо миний биеийн байдал дажгүй байна. Би эм тарианы хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Надад өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Сандаг-Очирын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд юм яриад сууж байтал үл таних ах тэр архины шилийг аваад миний толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд таягаар хүзүү хэсэг рүү нь 1 удаа цохисон. Миний зүүн шанаа зүсэгдсэн. ...Миний хойд эцэг Эрдэнэбаатар гудамжинд архи уусан халамцуу явж байгаад намайг зодсон хүнтэй ахиж архи уухаар амбаартаа дагуулж орж ирсэн юм байна лээ.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6-8 дугаар тал/
Гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг гэрт нь ороход Сандаг-Очир “Отгоо ахаа, энэ намайг ингэчихлээ” гээд үл таних залуу руу заасан. Сандаг-Очирын нүүр нь цус болчихсон, архины шил шалан дээр хагарчихсан, битүү цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8102 дугаар “Г.Сандаг-Очирын биед зүүн хацар, чамархай, шанаа, эрүү, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт зүсэгдсэн шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 16 дугаар тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа,
/хх-ийн 26 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их-Дарь Эхийн 1 дүгээр гудамжны 61 тоотод “архи ууж байхад хөлрүү өшиглөж хөөсөн” гэх шалтгаанаар иргэн Т.Сандаг-Очиртой маргалдан улмаар Т.Сандаг-Очирын толгой хэсэг рүү архины шилээр цохиж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Гын өгсөн: “...Тэгээд нөгөө залуу, бид хоёр нэг шил архи хувааж уугаад ярьж хөөрөөд сууж байх үед хохирогч гаднаас орж ирээд намайг хэл амаар доромжилж агсам тавиад байхаар нь би архины шилээр хохирогчийн тархины баруун талд нэг удаа цохисон. Хохирогч гартаа барьж байсан үзүүртэй зүйлээр нүүр лүү цохисон. Тэгээд цус нөж болсон байх үед цагдаа, түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирээд хохирогчийг насилкон дээр хэвтүүлээд тэр дор нь түүний нүүрэнд оёо тавьсан.” гэх,
Мөн хохирогч Г.Сандаг-Очирын өгсөн “2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ ирэхэд манай аав тасарсан унтаж байсан ба шүүгдэгч манай гэрт сууж байсан. Манай аав харвалт өгсөн юм. Өмнө нь аавын эд зүйл алга болсон юм. Би “таньж мэдэхгүй хүн манай гэрээр орж гарахгүй шүү, зарим нэг хувцас хунар алга болсон” гэж хэлээд шүүгдэгчийг гэрээсээ хөөж явуулсан. Гэтэл маргааш өдөр нь шүүгдэгч миний унтдаг орон дээр сууж байснаа “чи өчигдөр намайг цохьсон уу” гэж хэлээд миний зүүн шанаа луу цохисон. Миний нүүрээс цус алдсан. Би “эмч дуудахгүй” гэхэд ах “чи ийм аймаар болсон байж яагаад эмч дуудахгүй гээд байгаа юм бэу гэж хэлээд түргэн дуудсан. Шууд манай гэрт миний нүүрэн дээр 25 оёо тавьсан. Чихний ар талыг оёогүй үлдээсэн. Би сүүлд Гэмтлийн эмнэлэг дээр очиж боолт хийлгэсэн. Шүүгдэгчийн толгойг оёх гэхэд утас нь дууссан. Би хөдөө том оврын автомашин жолооддог. Тухайн үедээ шөнө унтаж чадахгүй байсан учир ээж надад сорвины тос, тархи амраадаг эм худалдан авч өгсөн. Шүүгдэгч надад эм тарианы төлбөрт нэг ч төгрөг өгөөгүй. Манай гэрийг олж очоод архи уусан мөртлөө намайг цохисны дараа нэг ч удаа ирж уулзаагүй. Одоо миний биеийн байдал дажгүй байна. Би эм тарианы хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна.” гэх,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Сандаг-Очирын өгсөн “...Тэгээд юм яриад сууж байтал үл таних ах тэр архины шилийг аваад миний толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд таягаар хүзүү хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд хамт байсан хүмүүс салгаад манай ах цагдаа, түргэн тусламж дуудсан. Ямар шалтгааны улмаас маргаан үүссэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед хойд аав Эрдэнэбаатар, Батбаяр ах, түүний эхнэр байсан. Гэхдээ бүгд согтуу байсан болохоор санахгүй байгаа байх. Миний зүүн шанаа зүсэгдсэн. ...Миний хойд эцэг Эрдэнэбаатар гудамжинд архи уусан халамцуу явж байгаад намайг зодсон хүнтэй ахиж архи уухаар амбаартаа дагуулж орж ирсэн юм байна лээ. Тэрний дараа би хойд аавын амбаарт ороод хойд аавд хандан янз бүрийн хүмүүс цуглуулаад гэж хэлээд хөөсөн чинь намайг ууж байсан архиныхаа шилээр толгой руу нэг удаа цохиод шил нь хагараад зүүн шанаа хэсэг зүссэн, дараа нь гараараа нүүрэн тус газар нэг удаа цохиж 1 шүд хугалсан. Би тэр хүнийг огт танихгүй. Хөөснөөс болоод намайг цохиж зодсон.” гэх /хх-6-8/,
Мөн гэрч Д.Отгонбаярын өгсөн “...Намайг гэрт нь ороход Сандаг-Очир “Отгоо ахаа, энэ намайг ингэчихлээ” гээд үл таних залуу руу заасан. Сандаг-Очирын нүүр нь цус болчихсон, архины шил шалан дээр хагарчихсан, битүү цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Сандаг-Очироос юу болсон талаар асуухад “Намайг зүгээр сууж байтал гэнэт архины шилээр толгой дундуур хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сандаг-Очирыг зодсон залууд хандаж “Гэмтэл явж оёул, эмчилгээний төлбөр мөнгийг нь одоо яах юм бэ?” гэж хэлтэл тэр залуу “би яваандаа төлбөр мөнгийг нь өгнө, одоо надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Сандаг-Очир надад хандаж “хүний мууг үзэх гээд яах вэ, төлбөр мөнгөө зохицоод эндээ салъя” гэхээр нь би “энэ хүнийг би танихгүй, гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй учраас цагдаад дуудлага өгье” гэж хэлээд би 102 луу утасдаж дуудлага өгсөн юм.” гэх /хх-12/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8102 дугаар дүгнэлт /хх-15/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Г нь хохирогч Г.Сандаг-Очирын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Г.Сандаг-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохирол болох эмчилгээний зардал 504.900 төгрөгийг нэхэмжилж, шүүх хуралдаанд “Монос” эмийн сангийн 3 ширхэг зарлагын баримтыг гарган өгсөн бөгөөд уг бичмэл нотлох баримтаар хохирогч нь эм, тариа, тос авахад нийт 504.900 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчээс гэм хорын хохиролд нийт 504.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Сандаг-Очирт олгох үндэслэлтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Гад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч А.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Г урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүүхдийн овогт Авирмэдийн А.Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гад 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар А.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлйн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Гаас хохирогч Г.Сандаг-Очирын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардал болох 504.900 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Сандаг-Очирт олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Гад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ