Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 209/МА2026/00027

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 307/ШШ2026/00970 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

   ...******* миний бие *******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгч авахаар болж ******* гэдэг хүнтэй уулзахад өмгөөллийн хөлс 12,000,000 төгрөг, байрны үнийн дүнгийн 10 хувь байдаг, би их үнэтэй өмгөөлдөг, шүүгч байсан гэх зэргээр ярьж, өмгөөлөгчийн ажлын хөлс 12,000,000 төгрөг болно гэсний дагуу би 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөгийн гүйлгээгээр 2 удаа, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөн 2,500,000 төгрөгийн гүйлгээгээр 2 удаа, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. /******* нь буцаан шилжүүлсэн/. ******* нь итгэмжлэл авах хэрэгтэй гэсний дагуу Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч *******аас 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 0493 дугаартай итгэмжлэлийг гэрчлүүлсэн. Тухайн үед өмгөөлөгч авч байна гэж ойлгож итгэмжлэлд гарын үсэг зурсан. Гэтэл ******* нь өмгөөлөгч биш байсныг сүүлд нь мэдсэн.

Түүнийг өмгөөлөгч гэж ойлгож олгосон итгэмжлэл миний хүсэл зоригт нийцээгүй буюу миний хүссэн үр дагаварт хүргээгүй. Өөрөөр хэлбэл миний бие мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зорилгоор, түүнийг өмгөөлөгч гэж бодож итгэмжлэл олгосон болно.

******* нь өмгөөлөгч биш, өмгөөлөгчийн хувиар төлөөлүүлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч мэдэж байсан ч Нотариатын тухай хуулийн 31.1.4 дэх заалтыг үндэслэн нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүргээ нотариатч биелүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4-т Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж зааснаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй этгээд ийм эрхтэй мэтээр иргэнээс хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэж төлбөр авч, түүнийг шүүхэд төлөөлөхөөр хийсэн хэлцэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Миний бие шүүх хуралдаа орох гэхэд ******* чи орох шаардлагагүй, би өөрөө ороод болчихно гэсэн тул би болох юм байна гэж ойлгож хуралдаа ороогүй болно.

Гэтэл ******* нь тухайн хэргийн нэхэмжлэгч *******ын надтай ярьсан аудио бичлэгийг шүүхэд өгнө гэж флашинд хуулуулж авсныг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй. Худалдаж авсан байрны тохижилтод зориулж худалдан авсан гал тогооны зарим тавилгын баримтаа авч шүүхэд өгье гэхэд хэрэггүй гээд баримт авхуулаагүй. Надад байсан байрны тохижилтод зориулж худалдан авсан эд зүйлсийн И-баримтыг шүүхэд нотлох баримтаар сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгнө гэж надаас авсан боловч сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд өгөөгүй байсан.

Түүний шүүхэд өгөөгүй энэ баримтын үнийн дүн 31,000,000 төгрөг болно. Эдгээр баримт нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гол баримт байсан. Хэрэв энэ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бол шүүх баримтуудыг үнэлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас энэ баримтаар нотлогдох хэсгийг хангаж, 31,000,000 төгрөгийг *******оос гаргуулж надад олгохоор шүүхийн шийдвэртээ тусгах байсан.

Мөн шүүхэд гаргаж өгөөгүй флаш дээр ******* байраа чи өөртөө авч үлд гэх зэргээр нэг бус удаа хэлсэн яриа бичигдсэн. Энэ баримтыг хэрэв нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бол баримтыг шүүх хэрхэн үнэлэх, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх байсан уу гээд *******ын үйлдлээс болж миний бие маш их хохирсон.

Хэрэв нотариатч анхнаасаа хуульд нийцээгүй хэлцлийг гэрчлэхээс татгалзах үүргээ биелүүлсэн бол би өмгөөлөгчийн эрхгүй хүнд итгэмжлэл олгоо ч уу, үгүй ч үү? Цаашлаад өөр өмгөөлөгч сонгох, өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодорхойлох, ямар ямар нотлох баримтуудыг шүүхэд гарган өгөх байсан гээд нотариатчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй энэ бүхэн шууд холбоотой.

Холбогдох хууль тогтоомж зөрчиж үйлдсэн нотариатын үйлдлийг шүүх хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн хувьд гэм хор учруулсан этгээдээс дээр дурдсан 31,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэх нөхцөл болно.

Нотариатын тухай хууль зөрчиж гэрчилсэн итгэмжлэлийг хууль бус болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нь уг итгэмжлэлийг үндэслэн шүүхэд төлөөлсөн төлөөлөгчөөс гэм хорын төлбөрөө нэхэмжлэх урьдчилсан, бие даасан хамгаалалтын хэрэгсэл болох юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *******гаас *******д олгосон 0493 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. / х.х-ийн 1-3 дугаар хуудас/

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

...Үйлчлүүлэгч *******гийн хүсэлтээр 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0493 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн. Иргэний хуулийн 67.3-т зааснаар хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч нь өөрт ойр байрлах нотариатад хандан хүсэлт гаргаж хүчингүй болгох эрхтэй, боломжтой.

Төлөөлүүлэгч нь төлөөлөгчөө өөрөө сонгох бүрэн эрхтэй. Төлөөлөгчийн байдлыг нотариатч мэдэн үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй, боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. / х.х-ийн 28 дугаар хуудас /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн нотариатч *******д холбогдуулан гаргасан итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж... шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар иргэнийг хэлцэлд төлөөлөх эрх нээлттэй байдаг бол шүүхийн маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх харилцаанд тухайн төлөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.2, Өмгөөллийн тухай хуулийн 7.1 болон 7.4 дэх хэсгүүдэд заасан Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан байхыг шаардана.

******* нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй байж хариуцагч *******гаас өмгөөллийн хөлс гэж 12,000,000 төгрөг авч шүүхэд төлөөлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно" гэж заасныг зөрчсөн.

Шүүхэд өмгөөлөгчийн хувиар үйлчлүүлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлүүлэгчийг шүүхэд төлөөлсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл болно.

Энэ хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл ч мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтыг зөрчсөн тул Нотариатын тухай хуулийн 31.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 307/ШШ2026/00970 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *******гаас *******д олгосон 0493 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /х.х-ийн 71 дүгээр хуудас /

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигч талуудын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн боловч талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ ******* өмгөөлөгч биш, өмгөөлөгчийн хувиар төлөөлүүлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч мэдэж байсан ч Нотариатын тухай хуулийн 31.1.4 дэх заалтыг үндэслэн нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүргээ нотариатч биелүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4-т Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж зааснаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй этгээд ийм эрхтэй мэтээр иргэнээс хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэж төлбөр авч, түүнийг шүүхэд төлөөлөхөөр хийсэн хэлцэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж,

   хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Төлөөлүүлэгч нь төлөөлөгчөө өөрөө сонгох бүрэн эрхтэй. Төлөөлөгчийн байдлыг нотариатч мэдэн үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж тус тус тайлбарлан, маргажээ.

4. Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0493 дугаартай итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* нь *******ын нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг төлөөлөгч *******д итгэмжлэлээр олгосон байх бөгөөд тус итгэмжлэлийг Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч ******* гэрчилсэн байна.

5.Дээрх итгэмжлэлийн дагуу төлөөлөгч ******* нь *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээний зүйл болох 48,864,900 төгрөгийг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөр *******, Г.Ганчилгүн нарыг нэмж бүртгүүлэхийг *******од даалгаж, эд хөрөнгийн даатгалд төлсөн 990,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч *******г төлөөлөн оролцжээ.

6. Тус иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/01649 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэрийг  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 209/МА2025/00009 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2025/00394 дугаартай тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж заасан. 

Нэхэмжлэгч ******* нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ыг өөрийгөө төлөөлүүлэн оролцуулах бодит хүсэл зоригтой байсан, түүний үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

8.Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ….” гэж, 41.2.-т “Төлөөлөгчид эрх олгосон үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх, эсхүл итгэмжлэлийг бусдад шилжүүлэх бол энэ тухай итгэмжлэлд тусгайлан заах бөгөөд ийнхүү заагаагүй бол төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шилжүүлсэн итгэмжлэлийг гэрчлэхийг хориглоно.” гэж, 41.3-т  “Нотариатч итгэмжлэл олгохдоо Иргэний хуулийн 62.6, 64.5-д заасан хугацааг баримтлах ба хугацаатай олгох итгэмжлэлд хугацааг тоо болон үсгээр бичнэ.” гэж тус тус заасан.

 Нотариатч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *******гаас *******д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг гэрчлэхдээ дээрх хуульд заасан шаардлагыг хангаж, итгэмжлэл гэрчлэх үйлдэл хийснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

9. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар нотариатч нь аливаа нотариатын үйлдлийг хийхдээ үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх, итгэмжлэлийн хувьд итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг тайлбарлах үүрэгтэй гэжээ.

Нотариатч нь дээрх хуульд зааснаар үйлчлүүлэгчид эрх үүрэг тайлбарлах үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон хэдий ч энэ нь итгэмжлэлийг хүчингүй болгох, төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

10. Түүнчлэн нэхэмжлэгч нь нотариатч анхнаасаа хуульд нийцээгүй хэлцлийг гэрчлэхээс татгалзах үүргээ биелүүлсэн бол өмгөөлөгчийн эрхгүй этгээдэд итгэмжлэл олгохгүй байх байсан гэж тайлбарласан байх боловч Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлүүдэд энэхүү тайлбарт дурдсан үндэслэл хамаарахгүй байна.

Нөгөө талаас нотариатч нь дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хуульд зааснаас өөр үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй. 

Өөрөөр хэлбэл нотариатч нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу хуульд заасан журмыг баримтлан итгэмжлэл гэрчлэх үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийн 31.1.4-т заасан үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, улмаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн өмнө үүргээ биелүүлсэн эсэх нь тухайн үеийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

11. Анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.3-т тус тус заасныг баримталсан нь оновчгүй болсон байна. 

Өөрөөр хэлбэл Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т нотариатч үйлдэл хийхээс татгалзах тохиолдлуудыг зөрчвөл шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр тухайн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцохоор заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалт нь шаардах эрхийн үндэслэл болж байна.

12.  Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 307/ШШ2026/00970 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан ...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ОЮУНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН                          

                                                                                                             Г.МЯГМАРСҮРЭН