Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/119

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Н.Мөнхбат

Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Ариунжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.А-д холбогдох 1816002740005 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.А нь 2018 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах BSB электрон барааны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, 11.239.000 төгрөгийн гар утаснууд хулгайлсан,

Мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Говь-Алтай аймаг дахь цагдан хорих байрнаас гадуур авч гарах хугацаанд санаатайгаар оргон зайлсан гэх гэмт хэрэгүүдэд холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруутайд тооцох .

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед мөрдөгч Х, Л хоёр ирээд зам шалгалт гэж хэлээд аваад гарсан. Цагдан хорих байрны хашаанаас гарангуутаа чи Дэгжин салоноос хулгайлсан 32 инчийн зурагтаа хаана зарсан юм бэ? заагаад өг гэж хэлээд Х эргэж хараад асууж байсан. Тэгээд би зурагт хулгай хийгээгүй гэж хэлэхэд өөрийнхөө барьж байсан дэвтрийг над руу шидээд битгий худлаа шаагаад байгаарай чамайг эрүүлжүүлэх байранд авч очоод хэргийг чинь хүлээлгэж болно шүү, чи цагдаа нарт их гомдол бичиж өгдөг гэсэн, тэгээд хаа хол явдаг юм бэ гэж хэлсэн. Л эргэж хараад зурагтаа ханаа зарсныг хэлчих тэгвэл чамайг буцааж цагдан хорих байранд чинь хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь би 9 сард өвлийн хувцасгүй болоод ааваас асууж байгаад гэрийнхээ зурагтыг зарсан байсанг тэр хоёрт зааж өгөөд тэгээд цагдаа дээр очоод Х нь гараад явсан. Л нь ажилтай байна гэж байж байгаад Э М хоёрыг дуудаад хүлээлгэж өгсөн. Нөгөө хоёр нь надаас чи тэр гуталнуудыг хаанаас авсан гэсэн. Нэг нь ягаанаас хэдэн сарын хэдний өдөр хулгай орсон тийм тийм хэргүүд байгаа. Тэрийг чам дээр хүлээлгэнэ гэж хэлсэн. Өдөржингөө Л, Э, М нар мэдүүлэг авах гэж дайрч, зарим нь мэдүүлэг авсан. 11 сарын мэдүүлэг харуулаад чи энэ мэдүүлгийнхээ дагуу мэдүүлэг өг гэж хэлсэн. Тэгээд маршрут шалгалтаар явсан тэмдэглэл дээр гарын үсэг зур гэхээр нь би гарын үсэг зурсан. Орой 5 цаг хүртэл тэнд байсан. Л оройхон хулгай хийсэн юмнуудаа гаргаж өгөхгүй бол гэрт чинь очиж гаргуулна гэж хэлээд намайг ахмад П хамт гаргасан. Ахмад П бид хоёр гараад Л-ийн цагаан машины хажууд зогссон чинь гарч ирэхгүй байсан. Тэгээд чи даарч байгаа байлгүй хоёулаа эрүүлжүүлэх байранд ороод байж байя, тэнд дулаахан гэсэн. Тэнд ороод намайг эрүүлжүүлэх байрны сандал дээр суулгасан. Өөрөө цаашаа хамгийн цаана байсан сургалтын өрөө гэсэн өрөө рүү орсон. Тэр хойгуур нь би гэрт оччих байх гэж бодоод нойлынх нь цонхоор гараад явсан. Хойшоо яваад аав дээр очих гээд Ц эгчийнд очиход аав чинь байхгүй Улаанбаатар хот явсан гэж хэлсэн. Миний гар утсыг зурагтны дээд талд тавьсан байхаар нь утсаа аваад манай аавын ахын хүүхэд Заяа-Оролцоо гээд байдаг. Аавыг иртэл тэднийд очоод байж байя гэж бодоод тэднийд очиход Амбуу ах байгаагүй. Танайд хүн байгаа юм уу гэхэд ах эгч хоёр байна. Хүүхдүүд нь бүгд ирсэн байна гэсэн. Тэгээд би сим картыг нь аваад хавар намрын куртиктай даараад байхаар нь куртик бас авсан. Хажуу талд нь байдаг хуучин цэцэрлэг дотор сууж байгаад оройхон даараад байхаар нь авга ах Д рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд байж байгаад Д ах буцааж залгаад хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ? гэхээр нь би цагдаа нар зодож дарамтлаад байхаар нь цагдаа нараас зугтаагаад явж байна гэсэн. Яг хаана явж байгаа юм бэ? гэхээр ногоон байрны дээд талд явж байна гэхэд манайд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь жоохон байж байгаад яваад очъё гэж хэлсэн. Ахынд очиход ах удалгүй гарч яваад жоохон байж байгаад хоёр цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд нөгөө хоёр цагдаа нь намайг аваад явсан гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 139-143-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 151-154, 167-168, 172-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 219-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан "...Хэрэг бүртгэлтийн 181600165 тоот хэргийн гэрч Н.А-д 1-ээс 6 хүртэл дугаарласан 6 тооны эрэгтэй хүний зураг үзүүлэхэд 2 дугаартай зургийг 2018 оны 07 сарын 22-ны өдөр Шинэ-Алтай захын 56 тоот дэлгүүрт байхад надад Самсунг Галакси жи-2 маркийн шаргал өнгийн гар утсыг 80.000 төгрөгөөр худалдсан хүн мөн байна гэж зааж байв. Гэрч Н.Ариунаагийн мөн байна гэж зааж байгаа 2 дугаартай Э.А нь тус гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд болно. Гэрч Н.А нь 2 дугаартай Э.А-н зургийг үсний засалт хэлбэр болон царайны төрхөөр таньсан гэж хэлэв..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 155-163-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан "...Таньж олуулах ажиллагааг 1А, 2Б гэсэн 2 ширхэг цаасан дээр нэр дурьдагдсан дарааллаар байрлуулсан бөгөөд тухайн зургийг гэрч Л.С-д харуулахад 1А гэсэн зургийн 3 дугаар дээр тэмдэглэгдсэн зургийг, 2Б дугаартай зургийн 5 дээр тэмдэглэгдсэн зургийг харж заасан бөгөөд энэ залуугийн зураг адилхан харагдаж байна гэхдээ энэ зураг дээр их үстэй байна. Харин надтай таарах үедээ үсээ засуулсан байсан юм гэж тайлбарлав. Мөн гэрч Л.С нь одоо санаж байхад тэр залуу өөрийгөө Говь-Алтай аймгаас ирсэн гэж байсан бөгөөд бид 2 замдаа Говь-Алтай аймгийн сайхан газар нутагтай талаар ярилцаж явсан юм..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 173-177-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А-ийн "...Би 2018 оны 07 сарын 17-ны өглөө 11 цагт дэлгүүрээ нээж дотогш ортол үүдэн талд байх цонх онгорхой хөшиг нь нээгдсэн, дэлгүүрийн шалаар зарж байсан гар утаснуудын хайрцаг сав хөглөрсөн, миний суудаг ширээний шургуулгыг онгойлгож сандайлсан байсан. Тус утас дотор самсунг галакси жи -2 утас 2018 оны загвар 2 ширхэг тус бүрийн үнэ 399.000 төгрөг, самсунг галакси жи -3 утас 2016 оны загвар 4 ширхэг тус бүрийн үнэ 399.000 төгрөг, самсунг галакси жи -7 шинэ загварын утас 5 ширхэг тус бүрийн үнэ 579.000 төгрөг, самсунг галакси жи -7 утас 2017 оны загвар 2 ширхэг тус бүрийн үнэ 499.000 төгрөг, самсунг галакси жи -5 утас 2017 оны загвар 2 ширхэг тус бүрийн үнэ 629.000 төгрөг, самсунг галакси жи -3 утас 2016 оны загвар 2 ширхэг тус бүрийн үнэ 399.000 төгрөг, самсунг галакси жи -6 утас 1 ширхэг 739.000 төгрөг, самсунг галакси жи -4 утас 1 ширхэг үнэ 579.000 төгрөг, нийт 11.239.000 төгрөгийн хохирол учирсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.А-ийн "...2018 оны 07 сарын 22-ны өдөр 14-15 цагийн хооронд 15-20 насны цагаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн саравчтай малгай өмссөн хүүхэд орж ирээд эгчээ гар утас авах уу? Манай аав надад утас өгч явуулсан, би өөрөө гар утастай юм, надад илүү байгаа юм гээд жи-2 маркийн гар утас 80.000 төгрөгөөр надад зарчихаад явсан юм...тухайн залуу нь 5-7 см урт хар үстэй, цагаан царайтай, хүний нүдэнд туссан царайтай залуу байсан юм. Намайг утсыг нь худалдаж авч байхад тухайн залуу нь хар өнгийн малгайгаа аваад үсээ янзлах үед нь царайг нь сайн харсан юм...утас худалдаж авсан 80.000 төгрөгөө гаргуулж авсан тохиолдолд санал, хүсэлт байхгүй..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 184-185-р хуудас/,

Н.А-ийн гэрчээр өгсөн "...2018 оны 07 сарын 22-ны өдөр 14-15 цагийн хооронд Шинэ Алтай зах дээр өөрийн 56 тоот дэлгүүртээ сууж байтал цагаан өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн саравчтай малгай өмссөн дунд зэргийн нуруутай цагаан царайтай залуу орж ирээд би эндээс жи-2 маркын утас худалдаад авчихсан байсан чинь аав надад бас нэг утас өгөөд явуулчихсан байна. Надад мөнгөний хэрэг болоод байна. Та энэ утсыг хямдхан 80.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Тэгээд намайг яаруулсаар байгаад 80.000 төгрөгөөр зарчихаад яваад өгсөн...би тус гар утсанд өөрийн 98302662 дугаар, 86776116 дугааруудыг хийж ашигласан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 188-190-р хуудас/,

Гэрч Д.Б-ын "...би 2018 оны 07 сарын 16-ны шөнийн 23 цагт ах Д.А-ийн хамтаар Оргил баг 48-р байрны 3-21 тоотод үйл ажиллагаа явуулдаг БСБ цахилгаан барааны дэлгүүрээ хаагаад явсан юм.... дэлгүүрийн баруун тийш харсан 2 цонхны хойд талын цонхны порчик нь онгойсон, лангуун дээр байсан шургуулгатай эд зүйлийг эмх цэгцгүй болгож бүх зүйлийг тарааж орхисон байсан...манай дэлгүүрээс 21 ширхэг Самсунг Галакси маркийн гар утаснууд алдагдсан...нийт 11.239.000 төгрөгийн хохирол учирсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 198-199-р хуудас/,

Гэрч Ц.Г-ийн "...миний бие 2018 оны 07 сарын 27-ны өдөр Нарантуул зах дээр цагны зай сольдог наймаа хийдэг миний хажуу талд зогсдог 40 орчим насны зүс үл таних 1 залуугаас 35272509392850 имай кодтой гар утсыг 70.000 төгрөгөөр авч ашигласан..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 203-р хуудас/,

Гэрч Ж.А-ийн "...миний бие 2018 оны 08 сарын 10-ны өдөр Нарантуул зах дээрээс гар утас зардаг хүнээс 280.000 төгрөгөөр жи-7 маркийн бор шаргал корпустай 352725099392850 имай кодтой шинэвтэр гар утсыг худалдан авч 88958278 дугаарыг хийж ашигласан..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 204-р хуудас/,

Гэрч Л.С-ийн "...2018 оны 08 сарын 05-наас 07-ны хооронд байх цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. 3, 4 дүгээр хорооллын тэнд Ахуй үйлчилгээний автобусны буудал дээр таксинд явах гээд зогсож байхад нэлээд цэвэрхэн царайтай, гайгүй сайхан хувцасласан чинээлэг айлын хүүхэд байх гэмээр нэг залуу таксинд суусан. Тэр залуу Улиастай явна, би тэр газрыг мэдэхгүй, та тэр газрыг мэдэх үү? Гэсэн. Би мэднэ гэхэд Улиастайн цаана Хужирбулан гэх газарт манай найз охин байгаа, намайг дуудсан гэж хэлсэн. Тэгэхдээ тэр залуу манай найз охин өөрөө машинтай боловч архи уусан байна. Намайг такси бариад ир гэж хэлсэн гэсэн. Тэр хүүхэд нилээд яриатай хүүхэд байсан бөгөөд би тэр залууд таксины мөнгө нилээд их гарна гэдгийг хэлсэн чинь мөнгө чухал биш гэсэн бөгөөд замдаа явахдаа Хужирбулан хүрэхэд 20.000 орчим төгрөг гарна гэдгийг хэлэхэд мөнгө хүрэхгүй юм байна гэж хэлээд ботаникийн эцэс дээр буусан. Нөгөө хүүхэд дэлгүүр лүү яваад орсон түүнийг би харсан. Би тухайн газраас буцаж яваад чулуун овооны тойрог дээр ирэхэд машины ар талд гар утас байгааг харсан. Тэгээд буцаж ботаникийн буудал дээр ирээд нөгөө хүүхдийг хайсан боловч олоогүй..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 208-209-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 208-209-р хуудас/,

Гэрч Ц.Х-ын "...2018 оны 12-р сарын 06-ны өдөр би хэрэг бүртгэлтийн 181600274 дугаартай хэрэгт гэрч Э.Аптандөлийн хулгайлсан гэх 32 инчийн ВSВ маркын зурагтыг хаана зарсан талаар нь мэдүүлэгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсээс Эрүүгийн ахлах мөрдөгч, ахмад М.Л-ийн хамт прокурорын зөвшөөрлөөр авч явсан юм. Тэгээд Э.А хулгайлсан 32 инчийн зурагтыг П гэх хүнээс түр хураан авч Цагдаагийн газар ирэх үед Эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч М.Л нь гэрч Э.А-өөс мэдүүлэг авахаар дагуулж явсан юм. Тэгээд 18 цагийн үед Э.А-ийг оргосон талаар мэдсэн юм...Мэдүүлэгийн газар дээр нь шалгах зорилгоор өдрийн 13 цагийн үед авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн цагдан хорих байрнаас авч гарсан юм...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээр эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулан ажилласан... Би Э.А-ийг цохиж зодож дарамталсан зүйл байхгүй. Цагдаагийн газрын түр саатуулах байрны нойлын цонхоор гарч зугтсан...Хэсгийн төлөөлөгч ахмад Т.П тухайн үед дагуулж явсан юм...Яг хэдэн цагаас авчирч хүлээлгэн өгнө гэсэн зүйлгүй байсан юм..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 36-37-р хуудас/,

Гэрч Т.П-н "...2018 оны 12 сарын 06-ны өдөр би ажил дээр Эрүүгийн ахлах төлөөлөгч, хошууч М.Л-ийн өрөөнд байж байхад Э.А-ийг цагдан хорихоос гаргасан төлөөлөгч нар уулзаад яваад байсан. Мөрдөгч, ахмад Ц.Х бас уулзаад байсан. Би цагдан хорихоос гаргаагүй. Тэгээд 17 цаг 30 минутын үед эрүүгийн ахлах төлөөлөгч М.Л намайг Э.А-ийг дагуулаад гарч бай, хулгай хийсэн пүүзнүүдийг нь гэрээс нь дагуулж очиж гаргаж авна гэж хэлсэн. Тэгээд дагуулж гараад эрүүгийн ахлахын хувийн авто машинд сууж байсан. Машинд эрүүгийн ахлахыг хүлээгээд 30 орчим минут болсон. Машин хүйтэн байсан тул хоёулаа дотор дулаахан байж байя гээд эрүүлжүүлэх саатуулах байранд түр орсон. Тэгээд ороод үүдний коридорт сууж байгаад Э.А-ийг нойл оръё гэхээр нь нойл руу явуулсан. Гадаа нь 3 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь хаалгыг нь татсан. Цоожтой байсан. Хаалгыг эвдээд онгойлгуулж ороход байхгүй байсан. Цонх онгорхой байсан. Тэгээд эрүүгийн ахлах Л хошууч ирж таарсан. Тэгээд гадуур эрэн хайж эхэлсэн. Цонх нь гаднаасаа ямар нэг хамгаалалтгүй байсан. Хойд толгой, найз нөхөд хань харилцааг нь тогтоож, төрсөн эцэг Э-тэй нь утсаар холбогдсон, очих магадлалтай газруудаар нь эрж хайсны эцэст цагдаагийн алба хаагч нар олсон..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч Т.Г-ы "...2018 оны 12 сарын 06-ны орой гэртээ амарч байхад Цагдаагийн газрын жижүүрийн 7048102 дугаарын утаснааас залгаж Ц-111 дохиогоор цугларахаар болсон гэж мэдэгдээд албаны бэлэн байдлаа ханган Цагдаагийн газарт 20 цаг 50 минутанд ирсэн. Тэгээд яллагдагч Э.А нь оргосон тул эрүүгийн ахлах, хошууч Л, ахлагч Б нарын хамт чиглэл авч эрэн хайж яваад 06 цаг өнгөрч байхад Алтандөлийг хамаатных нь гадаа отолт зохион байгуулан баривчилсан юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-р хуудас/,

Гэрч Б.Б-н "...2018 оны 12-р сарын 06-ны өдөр 18 цагийн үед эрүүгийн ахлах төлөөлөгч, хошууч Л над руу залгаад хаана байна, ажил дээр хурдан ирэх тушаал өгсөн юм. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв болон очиж болох бүх газраар нь бас аймгийн байрнуудын подвол зэрэг газраар хайсан юм. Авга ахынх нь гэрт ирэх үед нь дайчлан баривчилсан юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч Г.О-ийн "...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би эрүүлжүүлэх, баривчлах байран дээр жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан. Тухайн өдрийн 17 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. Цагдаагийн ахмад Т.П улаан цамцтай залууг гаднаас дагуулж орж ирсэн. Уг залууг коридорийн сандал дээр суулгачихаад цаашаа үзлэгийн өрөө лүү орсон. Орж гарч ирчихээд миний суулгасан залуу хаачсан бэ? Гэж надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хариулсан. Тэгээд нөгөө залуу нь алга болчихсон байсан...А нь 00-ийн өрөөнд ороод цонхоор нь гараад явчихсан байсан. Тухайн үед би жижүүрт гарч байсан болохоор 00-ийн өрөөг түлхүүрээр онгойлгоход цаад талын порчикны цонх нь онгорхой байж байсан. 00-ийн өрөөний цонх хамгаалалтын төмөр байхгүй байсан..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 44-45-р хуудас/,

Гэрч Л.М-ний "...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би эрүүлжүүлэх, баривчлах байранд жижүүрт гарч байсан. Тухайн өдрийн 17 цагийн уед байх цагийг нь сайн санахгүй байна. Жилийн эцсийн тайлан, мэдээ гаргаад сууж байхад гаднаас цагдаагийн ахмад Т.П орж ирсэн. Тухайн үед ганцаараа манай өрөөнд орж ирсэн. Тэгээд удалгүй П коридорт сууж оайсан хүнийг үзсэн үү гэж асуусан. Тэгэхээр нь би үзээгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь коридорт сууж байсан улаан цамцтай залуу алга болчихсон байна гэхээр нь би хойд талын засмал дээр П цагдаагийн газрын урд хаалгаар гарч хайгаад олоогүй...П гаднаас дагуулж орж ирээд коридорт сууж байсан юм байна лээ. Тэгсэн нөгөө залуу нь манай ажилчдын 00-ийн өрөөрүү ороод дотроосоо цоожлоод цонхоор гарч явсан гэж байсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47-р хуудас/,

Гэрч С.О-ын "...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Намайг жижүүрт гарч байхад дэд дарга П, А-ийг зам шалгалтаар авч явна гэж хэлсэн бөгөөд хошууч Л, ахмад Х нар ирж авч явсан...2018 оны 12 сарын 06-ны өдөр 12 цаг 40 минутанд авч явсан бөгөөд маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагт хүлээлгэн өгсөн...Тухайн үед Цагдаагийн газрын хашаанаас оргосон гэж байсан..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 48-49-р хуудас/,

Гэрч Г.У-ийн "...2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр цагдан хорих байранд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед зам шалгалтаар хошууч Л, ахмад Х нарт хүлээлгэн өгсөн...2018 оны 12 сарын 06-ны өдөр 12 цаг 40 минутанд хүлээлгэн өгч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагт хүлээн авсан... Цагдаагийн газрын хашаанаас оргосон гэж байсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч Б.Ц-ын "...2018 он 12 сарын 06-ны өдөр 18 цагийн үед манай гэрт А орж ирсэн. Тухайн үед би Алтандөлөөс чи яав, юу болов? Гэж асуухад А нь юм хэлэлгүй телевизний хажууд цэнэглэж байсан 1рhonе-5 маркийн гар утсыг аваад гарсан. Тэгээд аваад гарахаар нь би араас нь гарч харахад хашааны үүдэнд 1 такситай ирсэн байсан. Тэр таксиндаа суугаад явсан. Би тухайн үед их л яарч яваа юм байлгүй гэж бодсон..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52-53-р хуудас/,

Гэрч Д.З-ийн "...2018 он 12 сарын 06-ны өдөр гэртээ байж байхад 18 цагийн үед манай гэрийн үүдийг хүн цохихоор нь онгойлгож өгөхөд үүдэнд А зогсож байсан. Тэгээд надаас Амбуу байгаа юу гэж асуухад нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд хаана байгаа гэж асуухаар нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгаа гэж хэлсэн. Тэгээд танайд хүн байгаа юм уу гэж асуухад би байгаа гэж хэлэхэд хариу хэлээгүй байх сайн санахгүй байна...Надаас куртик, юнител 88700542 дугаарын сим карт авсан. Хавар намрын улаан куртиктэй байсан. Куртикээ түр өгчих гэхээр нь би өөрийн өмсдөг хар хөх өнгийн куртикээ өгсөн...Тухайн үед надаас илүү сим байна уу гэхээр нь би Ад өгсөн...Надаас мөнгө асуусан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би таксидаад явж байна. Таксины 2000 төгрөг байна уу гэхээр нь байхгүй гэж хэлээд явуулсан..." гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 54-55-р хуудас/,

Гэрч М.Л-гийн "....2018 оны 12 сарын 06-ны өдөр Алтандөлийг Дэгжин салоноос 32 инчийн LCD зурагт хулгайд алдагдсан гэх хэрэг бүртгэлтийн 181600274 дугаартай хэрэг дээр зам шалгалтын маршрут шалгах, бусад төрлийн гэмт үйлдийг шалгаж, тогтоох зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байрнаас 12 цаг 40 минутанд мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Ц.Х-ын хамт зам шалгалтыг хийж, зурагт зарсан газраас хулгайд алдагдсан зурагтыг хураан авч, Гутал шоп дэлгүүрээс пүүз хулгайлсан үйлдэлд өөрийнх нь гэрээс пүүзийг нь эд мөрийн баримтаар хураан авахаар гарах үед Э.А нь бие засмаар байна гэхээр нь Чандмань сумын хэсгийн төлөөлөгч П-н хамт саатуулах байрны 00 оруулах үед саатуулах байрны 00-ийн өрөөг дотроос нь цоожлоод цонхоор нь гараад зугатчихсан байсан. ..өглөөний 06 цаг 30 минутын орчимд баривчилсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-57-р хуудас/,

Гэрч Ч.Д-йн "...2018 он 12 сарын 06-ны өдрийн орой 19 цагийн үед байх манай хажуу талын айлыг 2 цагдаа цохисон юм. Тэгэхээр нь хаалгаа онгойлгоод хажуу айлын хүнээс хүн орж ирсэн үү гэж асууж байсан. Би өмнө нь А-ийг оргосон талаар сонсчихсон байсан болохоор тэр 2 цагдаад ирвэл манайд ирнэ. Гэхдээ надаас айгаад ирэхгүй байх гэж хэлэхэд тэр цагдаа нар буцаад яваад өгсөн. тэгээд шөнө 03 цагийн үед манай хөршийн хаалгыг хүмүүс цохиод байхаар нь цонхоор харахад цагдаа нар ирчихсэн байсан. Удалгүй манай хаалгыг цохихоор нь би хаалгаа нээж өгсөн. тэгээд бас 2 цагдаа орж ирээд А орж ирсэн үү гэж асуухаар нь би жаахан уурлангуй та нар хүн унтуулахгүй хаалга үүд цохилоо гэхэд манай ахлах тантай уулзъя гэхээр нь би гадаа гарч очиход машин дотор өөрийгөө Л гэж танилцуулсан. Би тэр хүнийг өмнө нь зүс харж байснаас биш танихгүй. Тэгээд ах минь А оргочихлоо гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирэхээс 20 минутын өмнө юнителийн дугаар дохисон байсан. Тэгээд би гэнэт тэрийг санаад хэлэхэд ямар дугаараас залгаж уу гэхэд утсан дээрх дугаараа үзүүлэхэд өө наадах чинь А-ийн дугаар мөн байна та залгаадах гэхээр нь залгахад А утсаа авахаар би, чи хаагуур яваад байгаа юм гэж асуухад А би гудамжинд явж байна, гадуур нил цагдаа байна гэж хэлэхэд би манайд наашаа хүрээд ир гэхэд А танайхаар цагдаа байгаа юу гэхэд би юу гэж манайд цагдаа байх юм хүрээд ир гэж хэлэхэд А за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд манай хажуу айлд 2 цагдаа оруулаад А-йг ирэхээр нь араас нь орж ирэхээр болсон. Тэгээд би гэртээ орж ирээд нилээд удсан бөгөөд би унтаж чадахгүй санаа зовоод, амиа хорлочихвий гэж бодоод санаа зовоод байсан. Түүнээс хойш цаг гарангийн дараа А манайд ирсэн. Тэгэхээр нь би А-тэй чи одоо хаагуур юу хийгээд яваад байгаа юм гээд саатуулаад яриа өдөөд цагдаа нарыг хүлээгээд байж байхад орж ирэхгүй байхаар нь хажуу айлаасаа тамхи асуугаадахъя гэж хэлээд цагдаа нарт хэлчихээд тамхи оруулж авч ирж өгөөд удалгүй 2 цагдаа ороод ирэхээр нь би наад хүүхдээ тамхийг нь татуулчих гэж хэлсэн. Тэгээд тэр 2 ахлахаа дуудаад А-йг аваад явсан...чи яагаад ингэж байгаа юм гэж хэлэхэд хариулахгүй байсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд 2018 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах BSB электрон барааны дэлгүүрээс гар утас алдагдаж нийт 11.239.000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Э.А үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт би энэ хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч уг дэлгүүрээс алдагдсан улмаар эд мөрийн баримтаар хураагдсан гар утаснууд болон уг гар утаснуудыг ашиглаж байсан  иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мэдүүлэг, гэрч Ж.А, Л.С нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр уг гэмт хэргийг Э.А үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийг 3 хүн үйлдсэн байж болзошгүй гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан хэдий ч шүүгдэгч Э.А-ийн үйлдлийг тусгаарлаж шүүхэд шилжүүлсэн байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, түүнийг бусдын эд хөрөнгийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Дээрхи үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 11.239.000 төгрөгийг Э.А-өөс гаргуулж хохирогч Д.А-д80.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.А--д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.А-ийг  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Говь-Алтай аймаг дахь цагдан хорих байрнаас гадуур авч гарах хугацаанд санаатайгаар оргон зайлсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Хэргийн нөхцөл байдал болон гэрч нарын мэдүүлэгүүдээр шүүгдэгч Э.А-ийг мөрдөгч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 40 минутад цагдан хорих байрнаас прокурорын зөвшөөрлөөр авч яваад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч Э.А нь 17 цаг 30 минутын үед тус аймгийн Цагдаагийн газрын байрнаас оргожээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д “баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол” гэж заасан байна. Улсын яллагч нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт ....мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Говь-Алтай аймаг дахь цагдан хорих байрнаас гадуур авч гарах хугацаанд санаатайгаар оргон зайлсан...гэж бичжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 32.10 дугаар зүйлийн 4 хэсгийн 4.1 д заасан заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Учир нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг бичиж уг шинжээрээ Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар зүйлчлэгдэх болохыг тусгахаар хуульчилсан байна. Гэтэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт гэмт хэргийн товч утгыг бичсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлд  хаанаас оргосон болохыг хуульчилж заагаагүй боловч хуулийн агуулгаас үзэхэд цагдан хорих байр, хорих ангиас оргосон үйлдэл хамаарахаар ойлгогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул шүүгдэгч Э.А-н рхи үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Түүнчлэн тухайн өдөр шүүгдэгч Э.А-ийг цагдан хорих байрнаас гаргаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ямар ч хоол, унд өгөөгүй бөгөөд үйлдээгүй хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хүнлэг бус харьцсан байж  болзошгүй зэрэг шалтгаан, нөхцөл байдлын улмаас уг үйлдлийг хийсэн байх үндэслэл хэргийн нөхцөл байдлаас харагдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.     

   

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

 

Шүүгдэгч Э.А нь бусдын эд хөрөнгийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Улсын яллагчийн шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай  хорих ангийн ялын тооцоо, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/593 дугаартай албан тоотоор шүүгдэгч Э.А нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих  ялаас  11 сарын хорих ялыг эдлээгүй бөгөөд энэ гэмт хэрэгт нийт 111 хоног цагдан хоригдсон байх тул Э.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 30-31-нд Ховд аймаг дахь 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас шилжүүлж Говь-Алтай аймагт цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорьсон 1 хоногийг нэмж нийт цагдан хоригдсон 112 хоног байна.

Шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй харин 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт  заасан  энэ хуулийн тусгай ангийн                                         нэг  бүлэгт заасан санаатай гэмт хэргийг  хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.

Хохирогч Д.А-ийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утаснууд нь хуучирсан тул авахгүй гэсэн санал гаргасан, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гар утаснуудад үнэлгээ тогтоогоогүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн саналыг харгалзаж гэмт хэргийн улмаар учруулсан хохиролоо нөхөн төлөх боломж олгох зорилгоор эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг гар утсыг шүүгдэгч Э.А-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлөөгүй, шүүгдэгч Э.А-өөс 11.239.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-нд,  80.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.А нарт тус тус олгож, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалын баримт хавтас хэрэгт ирээгүй, Э.А нь энэ хэрэгт нийт 112 хоног цагдан хоригдсон, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2,  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.А-ийг 2 жилийн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.А--д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэхь хэсэгт  зааснаар ялтан Э.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих  ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ялыг нэмж, биелэн эдлэх ялыг 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Э.А-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 112 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

7. Ялтан Э.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар

ялтан Э.А-өс 11.239.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-д,  80.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.А нарт тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Жи-7 маркын гар утас 2 ширхэг, Жи-2 маркын гар утас 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  ялтан Э.А-д олгож, мөн эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

10. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, ялтанаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан энэ хэрэгт нийт 112 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдөөгүй, ялтан Э.А-ийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА