| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2026/02538/и |
| Дугаар | 209/МА2026/00029 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 209/МА2026/00029
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 307/ШШ2026/01113 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “5,951,181 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцанд ус алдсанаас учирсан хохирол гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна.
3. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “*******” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг үндэслэн ус алдсанаас учирсан хохирол 1,924,900 төгрөг, үнэлгээний хөлс 163,000 төгрөг, нийт 2,088,500 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 11 сарын 10-ны өдөр хохирлын хэмжээг бодит гарсан зардлаар тооцож, өмнөх дүн дээр зөрүү 2,477,300 төгрөг гаргуулахаар, мөн 2026 оны 02 сарын 06-ны өдөр паркетан шал солиулах зардалд өмнө нэхэмжилсэн дүн дээр нэмээд 1,035,581 төгрөг, шинжээчийн зардал 350,000 төгрөг нийт 1,385,581 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
4. Анхан шатны шүүх тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.4-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 09 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 18 тоотод байрлах *******ийн өмчлөлийн орон сууцны доторх паарны таглаа буудсанаас их хэмжээний ус алдаж, доод айл руу нэвтэрсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэж, хариуцагч *******ээс 4,224,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, паркетан шал солих зардалд 1,726,581 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд шалыг солиулаагүй талаар тайлбар гаргасан тул уг хохирлыг учирсан бодит хохиролд тооцохгүйгээр 1,726,581 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. Нэхэмжлэгч тал шүүхийн журмаар шинжээчийн үнэлгээг гаргуулаагүй, өөрсдөө гаргуулсан зардал 163,600 төгрөгийг хохиролд тооцсоныг зөвшөөрөхгүй, “*******” ТӨХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргахад хүлээн аваагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж хэргийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг дараах үндэслэлээр гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
4.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар *******ийн өмчлөлийн орон сууцны дотор байрлах радиоторын хий авагчаас ус алдсан, түүний улмаас нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн орон сууцанд хохирол учирсан зэрэг үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
Харин хариуцагч тал шүүхэд анх гаргасан тайлбартаа тус үйл явдал болохоос өмнө “*******” ТӨХК-д дуудлага өгч, сантехникийн гэмтлүүдээ засварлуулсан байсан гэх үндэслэлээр өөрийн санаатай болон буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учраагүй тул хохирол хариуцах үндэслэлгүй гэж маргасан бөгөөд шүүх хуралдаан дээр паркетан шал солиход гарах зардал 1,726,581 төгрөгийг хасаад үлдэх 4,224,600 төгрөгийн тал хувийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
4.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т: "хэрэглэгч" гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээд гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй.
Иймд анхан шатны шүүхээс хариуцагч ******* нь дээрх үүргээ биелүүлээгүйгээс бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж, нэхэмжлэгчээс хохирлыг арилгахад гарсан бодит зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасантай нийцсэн байна.
4.3. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо хамтран хариуцагчаар ******* ТӨХК-ийг татуулах хүсэлтийг шүүх хангаагүй гэсэн байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч талаас тус хүсэлтийг гаргаагүй байх бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт тус байгууллагыг буруутай гэж дурдсан байгааг бичгээр хүсэлт гаргасан гэж үзэхгүй.
Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.1-т тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй гэж заасан.
4.4. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж хохирлын хэмжээг бууруулаагүй гэх агуулгаар гомдол гаргасан байх боловч энэхүү нөхцөл байдал тус хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлэгт
тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан.
Тус иргэний хэргийн тухайд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг бөгөөд мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.5-д: “Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 10 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч тал 2025 оны 11 сарын 10, 2026 оны 02 сарын 06-ны өдрүүдэд тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Нэгэнт шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байх тул энэхүү үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй бөгөөд энэ талаар зохигчид гомдол гаргаагүй болно.
Иймд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг, тус хэрэгт ажиллагаа явуулах журмыг энэхүү бүлэгт нарийвчлан зохицуулсан байгаа тохиолдолд ерөнхий журмыг баримтлахгүй болохыг цаашид энэ төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа анхаарахыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 307/ШШ2026/01113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
М.ОЮУНЦЭЦЭГ