| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0719/э |
| Дугаар | 832 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., 12.1.2.5., |
| Улсын яллагч | Д.Мөнхгоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 832
2019 09 20 2019/ШЦТ/832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
улсын яллагч: Д.Мөнхтогоо;
шүүгдэгч: П.Алтанбаяр, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг;
шүүгдэгч: Ч.Батсүх, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа;
шүүгдэгч: М.Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас П.Алтанбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан гэмт хэрэгт, Ч.Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, М.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709012550042 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 43 дугаар гудамжны 920 тоотод оршин суух, урьд:
-Цэргийн шүүхийн 1981 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б, 64 дүгээр зүйлийн Б, 174 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, АИХ-ын тэргүүлэгчдийн 198 дугаар зарлигаар өршөөн суллагдсан,
-Сүхбаатарын районы ардын шүүхийн 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 317 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 63 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1983 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-Сүхбаатарын районы ардын шүүхийн 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 324 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 618 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 2 сар 10 хоногийн ялыг тэнсэн суллагдсан,
-Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 191 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 359 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 412 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар нийт 2 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
-Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 220 дугаар зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар бүгд 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 218 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, гавъяа шагналгүй, ХЕ63100510 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Илжигэн овогт Чимэддоржийн Батсүх;
2. Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эх 37 дугаар гудамжны 1940 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөм 24 дүгээр гудамжны 119 тоотод оршин суух, урьд:
-1993 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Баянзүрх-Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар бүгд 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 706 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 418 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 16 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, гавъяа шагналгүй, ЦИ75080111 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Зэрэг овогт Пунцагийн Алтанбаяр;
3. Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, модны үйлдвэрийн суурь машинч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун туруун 7 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, урьд:
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 251 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 3944 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 16 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,
-Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, (Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 197 дугаар магадлалаар хүчингүй болгосон) гавъяа шагналгүй, ЧЖ66113078 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Магсаржавын Эрдэнэ.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч П.Алтанбаяр нь М.Эрдэнэ, Ч.Батсүх нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 61 тоотод хохирогч Д.Энхээгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан,
Яллагдагч Ч.Батсүх нь М.Эрдэнэ, П.Алтанбаяр нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 61 тоотод хохирогч Д.Энхээгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан,
мөн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 362 тоотод оршин суух иргэн О.Ичинноровын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Самсунг” маркийн зурагт, хүлээн авагч төхөөрөмж, орны бүтээлэг, хонины мах зэрэг эд зүйл хулгайлж, 783.000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч М.Эрдэнэ нь Ч.Батсүх, П.Алтанбаяр нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 61 тоотод хохирогч Д.Энхээгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 2-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, Мэлхий хадны урд байрлах бэлэг дурсгалын зүйлс зардаг Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 3.550.900 төгрөгийн эд зүйлсийг Б.Саранцэцэгийн эзэмшлийн 46-43 УБК улсын дугаартай “Хюндэй гринжер” маркийн автомашин ашиглан хулгайлсан,
2017 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 107 тоотод ажиллуулдаг хохирогч Ц.Мөнхчимэгийн кафед нэвтэрч 335.150 төгрөгийн 26 нэр төрлийн хүнсний барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан,
2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” худалдааны төвийн гадна талын авто машины зогсоолд байрлуулсан хохирогч А.Мөнхжаргалын эзэмшлийн 73-01 УНС улсын дугаартай “Хюндэй Портер” маркийн авто машины бүхээгнээс 1 хайрцаг бэлэн гоймон, 3 хайрцаг кофе зэрэг эд зүйлийг 15-39 УБЭ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашин ашиглан хулгайлж, 691.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 4.585.150 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Алтанбаяр мэдүүлэхдээ: 2017 оны 9 сарын 20-нд өглөө 32 дугаар буудлын “Сод” төвийн орчим Ч.Батсүх, М.Эрдэнэ бид 3 архи уугаад сууж байхад нэг эмэгтэй нэг залуутай хамт ирсэн юм. М.Эрдэнэ тэр эмэгтэйд хандаж “архи уух уу?” гэж асуухад “тэгье” гээд бидний ууж байсан архинаас 2-3 татсан. Ингээд тэр эмэгтэй бид 3-ыг дагаад Ч.Батсүхийнд очсон юм. Гэртээ очоод Ч.Батсүх хойд талын эгчийнхээ гэрт орсон, М.Эрдэнэ архи авахаар явсан. Тэр эмэгтэй бид 2 үлдсэн юм. Тэр эмэгтэй “нөхөр маань өнгөрөөд 6 жил болсон” гээд бид 2 харилцан тохироод бэлгийн харьцаанд ороод, ойр зуурын юм яриад байж байтал Ч.Батсүх, М.Эрдэнэ 2 ирсэн. Тэгээд бид нар банштай цай, архи уугаад сууж байсан. Гэтэл нөгөө эмэгтэй агсам тавиад “би буриад хүүхэн байна” гээд Р.Чойномын шүлэг уншаад байхаар нь би уурлаад 2 удаа цохисон, дээрээс нь дараад зодсон нь үнэн. Би тэр эмэгтэйг ганцаараа зодсон, Ч.Батсүх, М.Эрдэнэ 2 огт зодоогүй, хүчиндээгүй. Тэр эмэгтэй өөрөө надтай унтья гэж зөвшөөрсөн. Хохирогч гэх хүн “500.000 төгрөг өгчих, тэгээд би өргөдлөө буцаагаад авчихна” гэж хэлж байсан. Ч.Батсүх, М.Эрдэнэ бид 3 хүчиндээгүй. Би тэр эмэгтэйг зодсон, тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээнэ. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөв ярьсан тул өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Батсүх мэдүүлэхдээ: Намайг хүчингийн хэрэгт буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн үед архи уугаад “тасраад” унтсан байсан. Нэг сэрсэн чинь л нэг хүүхэн орилоод байсан. Тэгэхээр нь “манай хажууд байдаг эгч, хүүхдүүд сонслоо, наад хүүхнээ дуугүй болгооч” гэж л хэлсэн. Би “тасраад” унасан байсан тул янз бүрийн юм хийх тэнхэл ч байгаагүй. Ингээд 7 хоногийн дараа П.Алтанбаяр бид 2-ыг цагдаагаас барьж авсан. Харин айлын гэрээс хулгай хийснээ бол зөвшөөрнө. Мөрдөн байцаалтын үед хангалттай ярьсан тул өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эрдэнэ мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 20-нд П.Алтанбаяр, Ч.Батсүх бид 3 уулзаад 0,75 граммын архи аваад ууж байтал нэг эмэгтэй хажуунаас хараад байсан. Тэр эмэгтэй шил, лааз түүдэг бололтой эрэгтэй хүнтэй хамт байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйгээс “архи уух уу?” гэж асуутал “ууя” гэсэн. Ингээд бид нар Ч.Батсүхийн гэр рүү явцгаасан юм. Тэр эмэгтэй замдаа П.Алтанбаярыг сугадаад сүрхий явсан. Ч.Батсүхийн гэрт очоод намайг байхгүй үед П.Алтанбаяртай бэлгийн харилцаанд орсон байсан. Бид нар архи уугаад архи дуусаагүй байтал тэр эмэгтэй гэнэт агсам тавьж эхэлсэн. Би 1-2 цагийн үед хүнтэй уулзах байсан болохоор архи бага уусан юм. Тэр эмэгтэй хэл, уран зохиолын багш юм байна лээ. Хэрэгт шал худлаа мэдүүлэг өгсөн байсан. Хаа хамаагүй детектив зохиол шиг юм хэрэгт ярьсан байна лээ. П.Алтанбаярт зодуулсандаа гомдоод л тийм мэдүүлэг өгсөн байх. Харин хаа очиж Р.Чойномын шүлэг уншаад, сайхан дуу дуулдаг хүүхэн байсан. Би тэр эмэгтэйтэй бэлгийн харилцаанд ороогүй. Тэр эмэгтэй өөрөө л “би түрийндээ хутгатай явдаг, буриад басган шүү” энэ тэр гээд агсам тавиад байсан. Иймд хүчингийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хулгайн хэргийн тухайд гэвэл урьд Авдрантад хамт байсан Т.Цогбадрахтай тааралдсан юм. Т.Цогбадрах “хүүхэдтэй болсон” гээд намайг дайлж цайлж байсан. Ингээд “2 дахь хүүхэд нь төрөх гэж байгаа, буруу байрлалтай байна. 500.000 төгрөг хэрэгтэй байна” гэж зовлон яриад байхаар нь би 200 грамм архи уусан байсандаа халаад, өрөвдөөд дагуулаад Тэрэлж рүү гараад явсан юм. Би хулгай хийсэн нь үнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэсэн зүйл ангийг бол зөвшөөрнө. Харин авто машин хэрэглэж хулгай хийсэн гэдэг дээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Т.Цогбадрах хамт явсан. Хулгайлсан эд зүйлсийг Баруун салаанд айлд аваачиж буулгасан, хамт явсан хүн. “Машин камерт орчоод байна. Би 2 нялх хүүхэдтэй” гээд гуйгаад байхаар нь л би ганцаараа хэргээ хүлээсэн юм.
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хулгайн хэргийг үнэндээ согтуу байсан болохоор яг сайн санадаггүй юм. Мөрдөн байцаагчтай тохиролцоод л очиж, үзсэн. “Оргилуун” худалдааны төвийн үүдэнд бараа хүргэлтийн ачаатай машин руу ороод нэг бүтэн хайрцаг кофе, 1 хайрцаг бэлэн гоймон авсан нь үнэн. Яллах дүгнэлтэд намайг олон удаа шоронгоор явсан шиг харагдаад байх шиг байна, үнэндээ бол 2 удаа тэнсэн, 2 удаа хорих ял авсан л хүн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 9/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-19/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 22-23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 25/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 26-28/, гэрч Т.Эрдэнэсувд /1хх-ийн 43-45/, гэрч Ч.Алтанцэцэг /1хх-ийн 46-49/, гэрч Х.Должинжав /1хх-ийн 50/, гэрч Д.Баярмагнай /1хх-ийн 51/, гэрч Г.Ганболд /1хх-ийн 52-53/, гэрч Г.Наранцэцэг /1хх-ийн 54-55/, гэрч Х.Ачбуян /1хх-ийн 56-58/, гэрч М.Энхтайван /1хх-ийн 59/, гэрч Н.Нарангэрэл /1хх-ийн 60-62/ нарын мэдүүлэг, нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-ийн 63-69/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн116-118, 135-137, 149-151/, хохирогч Д.Энхээгийн мэдүүлэг /1хх-ийн 31-42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №11998 дүгнэлт, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 9011 дугаар биологийн шинжилгээ, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 9010 дугаар бактериологийн шинжилгээ /1хх-ийн 71-73/, мөн хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12842, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9571 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 77-78/, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9838, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13210 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 80-81/, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9833, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13209 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 83-84/, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9396 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 87-88/, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9391 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 93/, шинжээч эмч Т.Танягийн мэдүүлэг /1хх-ийн 104-106/, хохирогч О.Ичинноров /1хх-ийн 194/, гэрч Д.Бадарч /1хх-ийн 197-198/ нарын мэдүүлэг, Ч.Батсүхийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 220-222/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 182-189/, эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх-ийн 206/, хохирогч Ж.Пүрэвхүүгийн мэдүүлэг /2хх-ийн 7-8/, М.Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 98-101/, гэрч Б.Туяа /2хх-ийн 21/, гэрч Б.Отгонтуяа /2хх-ийн 22/ нарын мэдүүлэг, Т.Цогбадрахын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 36-37/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 247-250/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 56-57/, хохирогч А.Мөнхжаргалын мэдүүлэг /2хх-ийн 92/, М.Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 98-101/, А.Базарвааний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 130-132/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 37/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 88-89/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 3хх-ийн 26-29/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 115-116/, хохирогч Ц.Мөнхчимэгийн мэдүүлэг /3хх-ийн 60-62/, гэрч Р.Ганболдын мэдүүлэг /3хх-ийн 63/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/449 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 68-69/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 71-72/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 56-59/, Ч.Батсүхийн хувийн байдлын талаархи баримтууд /2хх-ийн 112-145/, П.Алтанбаярын хувийн байдлын талаархи баримтууд /2хх-ийн 146-164/, М.Эрдэнийн хувийн байдлын талаархи баримтууд /2хх-ийн 165-202/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 220, 5хх-ийн 113/, тээврийн хэрэгслийн лавлагаа /4хх-ийн 218-219, 5хх-ийн 116-117/, гэрч Б.Мэнд-Амар /4хх-ийн 209-210/, гэрч Б.Саранцэцэг /4хх-ийн 213-215/ нарын мэдүүлэг, хохирогч Ж.Пүрэвхүүгийн хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Алтанбаяр, Ч.Батсүх, М.Эрдэнэ нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамжны 61 тоотод иргэн Д.Энхээгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр хурьцал үйлдсэн, иргэн Д.Энхээд бэлгийн замын халдварт трихомониаз өвчин халдаасан,
шүүгдэгч Ч.Батсүх нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 362 тоотод оршин суух иргэн О.Ичинноровын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж нэвтрэн орж 43 инчийн “Самсунг” маркийн телевизор, хүлээн авагч төхөөрөмж, орны бүтээлэг, хонины мах зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 783.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч М.Эрдэнэ нь нийт 3 удаагийн үйлдлээр буюу 2017 оны 06 дугаар сарын 2-ны шөнө автомашин ашиглан Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг, “Мэлхий хад”-ны урд байрлах бэлэг дурсгалын зүйлс зардаг Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж нэвтрэн орж, 3.550.900 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2017 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 107 тоотод байрлах иргэн Ц.Мөнхчимэгийн ажиллуулдаг кафед нэвтэрч 335.150 төгрөгийн үнэ бүхий 26 нэр төрлийн хүнсний барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, “Оргилуун” худалдааны төвийн гадна талын авто машины зогсоолд байрлуулсан иргэн А.Мөнхжаргалын эзэмшлийн 7301 УНС дугаартай “Хюндэй Портер” маркийн авто машины бүхээгээс 1 хайрцаг бэлэн гоймон, 3 хайрцаг кофе зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 691.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Энхээгийн /1хх-ийн 31-42/: “...Намайг архи уухгүй гэхэд архиар шахсан. Арай залуувтар бор залуу нь гэрийн хаалгыг дотроос нь түгжээд намайг орон дээр дарж унагаасан. Би эсэргүүцэж ноцолдож “болиочээ” гэж гуйсан. Тэгтэл нөгөө 2 хажуунаас орж ирж 2 гар, 2 хөлийг татаж намайг зодож, миний хувцаснуудыг тайлж нүцгэлсэн...Тэр бор залуу нь эхлээд өмдөө шувтлаад миний дээр гараад эрхтэнээ минийх рүү хийх гэсэн боловч эрхтэн нь босоогүй байсан, тэр залуу “минийхийг хөхөж тавиул” гээд байсан. Энэ үед хөгшин нь хажууд өмдөө тайлчихсан, нөгөө шар залуу нь бүх хувцасаа тайлаад хажуунаас намайг зодоод, ер нь бүгд намайг зодож балбаад байсан... Дараа нь хөгшин нь миний дээр гарсан, эрхтэнээ угласан. Энэ үед нөгөө 2 залуу нь миний гар хөлийг татаж өгөөд намайг нүүр нүдгүй зодоод байсан. Саарал өмдтэй шар залуу нь “та нар муусайнууд тавьж чадахгүй байна, одоо миний ээлж” гээд байсан. Тэр шар залуу нь... миний дээр гараад эрхтэнээ минийх рүү хийгээд хөдөлж байгаад дур тавьсан байх...Тэр хүмүүсийг өмдөө тайлсан байсныг харахад бүгдийнх нь бэлэг эрхтэн нь хэвийн биш урд тээрхий хэсгээрээ бүдүүн цагираг хэлбэртэй бэлцийсэн, нүд халтирам байсан...” гэх мэдүүлгээр,
Д.Энхээгийн биед “нүүр, хүзүү, цээж, баруун дал, зүүн бугалга, шуу, бугуй, баруун шуу, баруун, зүүн гуя, баруун хөлийн өвдөг, шилбэ, тавхай, шагайн үенд цус хуралт, баруун гарын алга, баруун өвдөгт зулгаралт, уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд Д.Энхээгийн үтрээнээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн,…Д.Энхээ нь бэлгийн замын өвөрмөц бус трихомонадын гаралтай үрэвсэл өвчтэй...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №11998, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 9011 дугаар биологийн шинжилгээ, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 9010 дугаар бактериологийн шинжилгээ зэргээр /1хх-ийн 71-73/,
мөн хүрээлэнгийн “М.Эрдэнэ нь бэлгийн чадвартай байна...М.Эрдэнэ нь бэлгийн замын заг хүйтэн болон өвөрмөц бус бэлгийн замын трихомонад өвчтэй байна. Уг өвчнүүд нь архаг үе шатандаа байна. М.Эрдэнийн цус нь А /II/ бүлгийн цусны харьяалалтай байна” гэх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12842, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9571 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр /1хх-ийн 77-78/,
“...П.Алтанбаяр нь бэлгийн харьцаанд орох чадвартай...П.Алтанбаяр нь бэлгийн замын үрэвсэлт трихомониаз өвчтэй байна. Уг өвчин нь архаг үе шатандаа байна. П.Алтанбаярын цус нь АВО системээр О /I/ бүлгийн харьяалалтай байна...Дээрх өвчин нь бэлгийн замаар халдварлана...” гэсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9838, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13210 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр /1хх-ийн 80-81/,
“...Ч.Батсүх нь бэлгийн харьцаанд орох чадвартай...Ч.Батсүх нь бэлгийн замын өвөрмөц бус үрэвсэлт трихомониаз өвчтэй байна. Уг өвчин нь архаг үе шатандаа байна. П.Алтанбаярын цус нь АВО системээр АВ /IҮ/ бүлгийн харьяалалтай байна...Дээрх өвчин нь бэлгийн замаар халдварлана...” гэсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9833, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13209 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр /1хх-ийн 83-84/,
“...хохирогч Д.Энхээгийн үтрээнээс авсан гэх 9011 дугаартай арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар П.Алтанбаярын завжнаас авсан гэх 4470 дугаартай арчдаст илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9396 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 87-88/,
шинжээч эмч Т.Танягийн /1хх-ийн 104-106/: “...Хохирогч Д.Энхээгийн дүгнэлтээс харахад үтрээнээс авсан наалдцанд трихомониад илэрсэн мөн лейкоцит (цагаан эс) нь 5-6 ширхэг нүдэнд харагдаж байсан байна. Энэ нь Д.Энхээг халдварт өвчин аваад удаагүй байгааг илэрхийлж байна. Болсон хэргийн товч утгаас харахад 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бусдад хүчиндүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгсөн байна. Тиймээс Д.Энхээ нь хүчиндүүлсний улмаар уг өвчний халдварыг хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд авсан байх боломжтой... Трихомониад өвчний нууц үе нь дунджаар 24 цагаас 3 хоногийн дотор явагддаг...Эрдэнээгийн дүгнэлтээс үзхэд архаг заг хүйтэн гэдэг өнгөний өвчтэй мөн давхар архаг трихомониад өвчтэй байна...Заг хүйтэн өвчний нууц үе нь 24 цагаас 72 цагийн хооронд байдаг юм...Өвчин нь нууц үедээ байгаа тул өвчний клиникийн шинж тэмдэг нь илэрдэггүй, тийм учираас бэлгийн харьцаанд орсон тохиолдолд хохирогч нь халдвар авсан ч илэрэх боломжгүй, зарим үед 24 цагаас дээш хугацаанд шинж тэмдэг илэрч ингэхдээ зарим тохиолдолд 72 цагаас дээш хугацаанд илэрдэг. Зарим тохиолдолд нууц үе нь уртасч болно. Энэ нь тухайн хүний биеийн эсэргүүцэх чадвар, нянгийн хоруу чанараас хамаардаг...” гэх мэдүүлгээр,
хохирогч О.Ичинноровын /1хх-ийн 194/: “... 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 08 цагт гэрээсээ эхнэр, хүүхдийн хамт явсан. Манай гэр бүлийнхэн хадам ээжийн гэрт хоносон бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 9-362Г тоотод хулгай орсон байна” гэж цагдаагийн газраас залгасан юм. Гэртээ ирэхэд цоожинд эвдрэл байхгүй, цүүг нь хаалганы модноос нь салгаад эвдэлсэн байсан бөгөөд гэрт байсан 43 инчийн “Самсунг” маркийн зурагт, тоон хүлээн авагч, гутал, мах зэрэг зүйлсийг гадаа гаргаж тавьсан байсныг бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Бадарчийн /1хх-ийн 197-198/: “... Би өчигдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед хашаагаа цэвэрлэж байтал хажуу айлын нохой хуцаад байхаар нь хашааны хаалгаар шагайгаад хартал цагаан тортой юм барьсан эрэгтэй хүн манай хөршийн хашаагаар явж ороод, буцаад гарч ирж нүүрсний амбаар руу шагайсан. Тэгэхээр нь гудамжинд зогсож байсан баруун айлын хүүхнийг гуйгаад “цагдаа дуудаад өгөөч ээ, хажуу айлд хүн орчихсон байна” гэж хэлтэл цагдаа дуудахаар машинтайгаа явсан...” гэх мэдүүлгээр,
Ч.Батсүхийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 220-222/: “...Би ганцаараа энэ айлын гэрийн дотор талын хаалгыг татаж ороод телевизор, хүлээн авагч, удирдлага, эвэр шиг өнгөтэй хутга, орны бүтээлэг хулгайлах гэж гэрээс нь зөөж гаргаж байгаад Алтанбаярт “айл ухчихлаа унаа олоод ир” гэж хэлэх гэж яваад хэлж амжихгүй цагдаад баригдсан...Алтанбаяр тухайн үед намайг хулгай хийснийг мэдэж амжаагүй, би ч хэлж амжаагүй байсан...” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 182-189/, эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх-ийн 206/ зэргээр,
хохирогч Ж.Пүрэвхүүгийн /2хх-ийн 7-8/: “... 2017 оны 06 дугаар сарын 01-ний 00 цагийн үед дэлгүүр болон цайны газраа хаагаад хаалгуудыг цоожлоод амарцгаасан. Маргааш өглөө 09 цагийн үед бэлэг дурсгалын дэлгүүрээ нээх гэтэл хаалганы цоож нь байхгүй байхаар нь дотогшоо яваад ортол зардаг бэлэг дурсгалын бараанууд алга болсон байсан... Ингээд шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлгээр,
М.Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 98-101/: “...Би нилээн согтуу байсан тул ямар эд зүйл авснаа санахгүй байна...Тухайн үед Цогбадрах надтай цуг хулгай хийгээгүй...” гэх мэдүүлгээр,
энэ хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан Т.Цогбадрахын /2хх-ийн 36-37/: “...2017 оны 06 дугаар сарын 01-ний 23 цаг 30 минутын үед “Бөхийн өргөө” дээр байх ажил дээрээ байхад урьд өмнө шоронд хамт ял эдэлж байсан Эрдэнээ ирээд “дүү машин чинь байна уу, Тэрэлж орчихоод ирье. Чамд 80.000 төгрөг өгье” гэхээр нь зөвшөөрсөн...Тэрэлжид очтол Мэлхий хадны хажууханд байх “Art shop” дэлгүүрийн хажууд Эрдэнээ ах “зогсож бай” гэхээр нь зогсоод “Эрдэнээ ахаа та надад 40.000 төгрөг өгчих, би ингээд буцлаа” гэхэд “чи наанаа байж бай” гээд машинаас буугаад явсан удалгүй буцаж ирэхдээ баахан малгай барьчихсан ирээд арын хаалга онгойлгоод сандал дээр малгайнуудаа тавихаар нь “ах та юу оруулж ирээд байна” гэж хэлээд дотороо хулгайн эд зүйл авчирлаа гэж бодоод “за ахаа наад малгайнуудаа аваад буу, би таниас мөнгө авахгүй” гэхэд Эрдэнээ ах “би чамайг ална шүү, танай гэрийг мэднэ араас чинь очоод танай гэрийнхэнийг хөөрхөн шоглоно шүү” гэсэн...Би хулгай хийсэн зүйлээс нь юу ч аваагүй...” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 247-250/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /5хх-ийн 56-57/,
хохирогч А.Мөнхжаргалын /2хх-ийн 92/, “... Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6-н буудал орчим байх “Оргилуун” төвийн үүдэнд “Бимекс” ХХК-ний 73-01 УНС улсын дугаартай Портер маркийн машинаа тавиад замын эсрэг “Олз бадрах” дэлгүүр лүү, хамт явсан Өлзий-Орших нь “Жасмин” төв рүү тус тусдаа бараа өгөхөөр явсан бөгөөд буцаж иртэл машины тээшинд байсан 3 хайрцаг “Хаан кофе”, 1 хайрцаг бэлэн гоймон зэрэг эд зүйл алдагдсан байсан. Улаан куртиктэй эрэгтэй хүн машины тээш рүү орж эд зүйл авч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлгээр,
М.Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 98-101/: “...Би их олон өдөр тасралтгүй архи уугаад явж байсан...Архи уугаад явж байхдаа Базарвааньтай тааралдсан. Тэгээд машинд нь суугаад явж байхдаа дэлгүүрийн гадаа зогсож байсан ачааны машинаас 3 хайрцаг эд зүйл аваад Базарвааний машинд хийсэн...Дараа нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаар тухайн дэлгүүрийг зааж өгөөд түр тавьсан байсан барааг нь байцаагчид хүлээлгэн өгсөн...Энэ хэрэгт Базарваань ямар нэг оролцоо байхгүй...” гэх мэдүүлгээр,
энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байсан А.Базарвааний /3хх-ийн 130-132/: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн орчим ганцаараа 1535 УБЭ дугаартай шаргал өнгийн “Приус 20” маркийн автомашинтай хүнээс юм авчихаад 7 буудал руу явж байхад Эрдэнэ гэх өмнө нь шоронд хамт байсан ах такси барих гээд зогсож байхаар нь зогссон...Эрдэнэ ах “ахыгаа жоохон дөхүүлээд өгчих, хүнээс мөнгө төгрөг авна” гэхээр нь би машиндаа суулгаад 6 буудлын тэнд явж байхад Эрдэнэ ах “энд зогсчих” гэхээр нь 6 буудлын автобусны буудал дээр зогсоход Эрдэнэ ах ганцаараа буугаад зам хөндлөн гүйгээд гарсан...Хамт явж байсан эрэгтэй нь “Эрдэнэ ах чинь зам гарчихлаа, машинаа эргүүлээд зогсчих” гэхээр нь би машинаа эргүүлээд дэлгүүрийн үүдэнд зогсоход Эрдэнэ ах бараа борлуулдаг тэвштэй машинаас 2 явалтаар 3 хайрцагтай эд зүйл машины хойд хаалгаар оруулж ирэхээр нь би “юу юм бэ, энэ чинь хулгайн юм биш биз дээ” гэхэд Эрдэнэ ах “зүгээр зүгээр би түрүүн эзэнтэй нь уулзсан, яв яв” гэхээр нь хөдлөөд хойд замаар явсаар байгаад хороолол орсон...” гэх мэдүүлгээр,
“... Хар өнгийн саравчтай малгайтай, улаан хар өнгийн өвлийн куртиктай, хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй 73-01 УНС улсын дугаартай цагаан өнгийн тэвштэй “Портер” машин руу ганцаараа очив. Уг автомашины хойд тэвшний хаалгыг онгойлгож дотогш орж 2 хайрцагтай эд зүйл аваад тухайн боронзон бор өнгийн приус 20 маркийн автомашины хойд хаалгаар хийв...” гэх камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /3хх-ийн 37/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /2хх-ийн 88-89/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр / 3хх-ийн 26-29/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /4хх-ийн 115-116/,
хохирогч Ц.Мөнхчимэгийн /3хх-ийн 60-62/: “...2017 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 22 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 107 тоот кафегаа хаагаад жижүүрт “явлаа” гэдгээ хэлээд гарсан...Манай кафегаас нийт 26 нэр төрлийн хүнсний бараанууд алдагдсан байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Р.Ганболдын /3хх-ийн 63/: “... Би харуулын үүрэг гүйцэтгэх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 27-ны 02 цагт гадна орчинг эргэхэд зөрчил илрээгүй. Ингээд 4 цагт гадна орчинг эргэхэд шинээр нээгдсэн цайны газрын нэг вакум цонх нь онгорхой байхаар нь тэр цонхыг би гараараа татаж бага зэрэг хааж орхиод буцаад байрандаа ороод 6 цагт гадаа гарахад нэг согтуу эрэгтэй хүн цонхоор зугтаагаад би араас нь гүйж барьж аваад цагдаад дуудлага өгөх гэсэн чинь утас цэнэггүй байсан. Тэр залууг сургуулийн гадаа суулгаад ороод гараад ирэхэд алга болчихсон байсан...” гэх мэдүүлгээр,
“...Шинжилгээнд тэнцэж байгаа №2 дугаартай гарын мөр нь санд МN004400000325 гэсэн дугаараар бүртгэгдсэн Магсаржав овогтой Эрдэнээгийн зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/449 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /3хх-ийн 68-69/ болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 71-72/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 56-59/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдөөс “...Д.Алтанбаяр, М.Эрдэнэ, Ч.Батсүх нар хүчиндэх гэмт хэргийг үйлдээгүй; М.Эрдэнэ хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэхгүй; М.Эрдэнийн холбогдсон хулгайлах гэмт хэрэгт Т.Цогбадрах, А.Базарваань нарыг хамтатган шалгах…” зэрэг санал гаргасан боловч шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар няцаалт өгсөн болно.
Хохирогч Д.Энхээ анх шүүгдэгч нартай хэрхэн уулзаж, танилцсан болон өөрийг нь зодож, хүчирхийлэхэд П.Алтанбаяр, Ч.Батсүх, М.Эрдэнэ нар хэрхэн ямар байдалтай, хэн нь ямар үйлдэл хийж байсныг дэлгэрэнгүй ярьж, тэдний “олон жил шоронгоор явсан гэх яриа, биеийн болон бэлэг эрхтэний шинж байдлыг” тодорхой гэрчилсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудтай тохирч байна.
Мөн “заг хүйтэн өвчний нууц үе нь 24 цагаас 72 цагийн хооронд байдаг, уг өвчин нь нууц үедээ байхдаа бэлгийн харьцаанд орсон тохиолдолд халдвар авсан ч илэрэх боломжгүй, тухайн хүний биеийн эсэргүүцэх чадвар, нянгийн хоруу чанараас хамаарч 72 цагаас дээш хугацаанд илэрч болох, зарим тохиолдолд нууц үе нь уртасч болох” талаар шинжээч тодорхой мэдүүлснийг дурьдах нь зүйтэй.
Тэгэхээр шүүгдэгч нарын “Д.Энхээг бүлэглэн хүчиндээгүй, хэрэв хүчиндсэн бол заг хүйтэн өвчин илэрэх ёстой” гэсэн нь дээрх байдлаар няцаагдаж П.Алтанбаяр, Ч.Батсүх, М.Эрдэнэ нар энэ хэргийн талаар бодитой биш мэдүүлэг өгч байна гэж шүүх дүгнэх үндэслэл болов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан бөгөөд М.Эрдэнийн машин механизм ашиглан хулгай хийсэн гэх гэмт хэрэгт Т.Цогбадрах, А.Базарваань нарыг тухайн үед холбогдуулан шалгаж, тэднийг гэмт хэрэгт хамтран оролцсон нь хангалттай тогтоогдоогүй үндэслэлээр холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон.
Үүнээс гадна Т.Цогбадрах, А.Базарваань нар шүүгдэгч М.Эрдэнийн хулгайлсан эд зүйлсийн эх үүсвэрийг нуун далдлах, түүнийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор хулгайлсан эд зүйлсийг өөрчлөх, нуун далдлах зэргээр оролцсон гэх нөхцөл байдал ч тогтоогдохгүй байна. Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ түргэтгэх, авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэхэд Т.Цогбадрах, В.Базарваань нарын тухайн үед жолоодож явсан автомашиныг ашиглаж байгаагаар шүүгдэгч М.Эрдэнийн үйлдэл, сэдэлт, зорилго нь тодорхойлогдож байгаа болно.
Иймд шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан санал, гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж буй П.Алтанбаяр, Ч.Батсүх, М.Эрдэнэ нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан “бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” гэмт хэргийн шинжийг, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Ч.Батсүхийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй М.Эрдэнийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Энхээ нь монетан ээмэг, хиймэл шүдний 204.000 төгрөгийг хүлээж авсан бөгөөд харин “гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэх боловч энэ талаархи баримтуудыг хэрэгт хавсаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Хохирогч О.Ичинноров хулгайд алдсан эд зүйлсээ биет байдлаар буцааж хүлээн авсан тул шүүгдэгч Ч.Батсүхийг түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогч Ж.Пүрэвхүү “3.500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бичгийг шүүхэд ирүүлсэн, хохирогч А.Мөнхжаргал хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан тул дээрх хохирогч нарт шүүгдэгч М.Эрдэнэ нэмж төлөх төлбөргүй болно.
Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 335.150 төгрөгийг шүүгдэгч М.Эрдэнээс гаргуулж хохирогч Ц.Мөнхчимэгт олгох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч М.Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар өөр хүний эзэмшилд байх тул хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө орлогоос буюу нийт 13.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Эрдэнээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх тогтов.
Шүүхээс шүүгдэгч П.Алтанбаяр, Ч.Батсүх, М.Эрдэнэ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу М.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан төрөл, хэмжээний дотор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан төрөл, хэмжээний дотор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ч.Батсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан төрөл, хэмжээний дотор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, П.Алтанбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан төрөл, хэмжээний дотор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Дээрх байдлаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.Батсүх, М.Эрдэнэ нарын нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж тэднийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хуульд нийцүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Илжигэн овогт Чимэддоржийн Батсүх, Зэрэг овогт Пунцагийн Алтанбаяр, Боржигон овогт Магсаржавын Эрдэнэ нарыг бүлэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Илжигэн овогт Чимэддоржийн Батсүхийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Боржигон овогт Магсаржавын Эрдэнийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Батсүхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч П.Алтанбаярыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч М.Эрдэнийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Батсүхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Эрдэнийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Батсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн Ч.Батсүхийн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн М.Эрдэнийн нийт эдлэх ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батсүх, П.Алтанбаяр, М.Эрдэнэ нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батсүхийн урьд цагдан хоригдсон 298 хоногийг, шүүгдэгч М.Эрдэнийн урьд цагдан хоригдсон 623 хоногийг, шүүгдэгч П.Алтанбаярын урьд цагдан хоригдсон 2 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч П.Алтанбаяр, Ч.Батсүх нар бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.
7. Хохирогч Д.Энхээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч М.Эрдэнээс нийт 335.150 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Мөнхчимэгт олгож, шүүгдэгч М.Эрдэнэ нь хохирогч Ж.Пүрэвхүү, А.Мөнхжаргал нар төлөх төлбөргүйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос нийт 13.000.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Алтанбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Ч.Батсүх, М.Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Алтанбаяр, Ч.Батсүх, М.Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ