Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/01244

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/02924 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний аав ******* ******* ТӨХК-ийн засварын цехэд ажиллаж байгаад 2017.09.01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан. ******* ТӨХК-аас түүний ажилласан жил, компанид оруулсан хувь нэмрийг нь үнэлж компанийн захиалгаар баригдаж байгаа орон сууц худалдан авах ажилтнуудын нэрсийн жагсаалтад оруулж 6,480,000 төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосноор ******* дүүргийн ******* хороо, *******ы ******* блокийн ******* орцны ******* давхрын ******* хаягтай, ******* м.кв талбайтай 56,099,560 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууцыг захиалан ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Аав маань орон сууцны үлдэгдэл төлбөрийг зээлд хамрагдан төлөх боломжгүй буюу тэтгэвэрт гарах хугацаа болсон тул орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг надад шилжүүлэхийг байгууллагаас зөвшөөрсний дагуу би орон сууц захиалан бариулах гэрээг хариуцагчтай шинэчлэн байгуулж, үнийг бүрэн төлсөн. Гэвч орон сууц нь 2022.08-р сард ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан, би 2022.10 сард орон сууцандаа орсон боловч өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Иймд *******г Хан-Уул дүүргийн 03-р хороо, *******ы *******ийн *******-р байрны ******* хаягтай ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь орон сууцны төлбөрт 41,000,000 төгрөг дутуу төлсөн. Мөн гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй. ******* нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний заалтыг ноцтой зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч *******г ******* дүүргийн ******* хороо, *******ы *******ийн *******-р байрны, ******* хаягтай ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 508,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх шийдвэртээ чухам юуг үндэслэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн баримталсан Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан зохицуулалтаас харахад нэхэмжлэгч нь юуны өмнө өөрийгөө өмчлөгч гэдгээ нотлох ёстой.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйл буюу ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэнийг харуулах энэ заалтыг баримталсан боловч ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж маш тодорхой заасан. Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ хэрхэн яаж биелүүлснийг нэхэмжлэгч мөн нэхэмжлэлдээ дурдаж, шүүх мөн шийдвэрийн үндэслэл болгосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.01-ний өдрийн 2089 дугаар магадлалаар нэгэнт тогтоосон. Харин нэхэмжлэгч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх хуулийн шаардлагыг хэрхэн биелүүлсэн нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүх хуулийн дээрх заалтыг баримталж шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна.

Хамгийн ноцтой асуудал бол 2022.08 сард гүйцэтгэгч компани үүргээ биелүүлсэн байхад 2024.03.19-ний өдөр хүртэл нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг-ээ биелүүлээгүй 25,620,000 төгрөг дутуу байсан тухай баримтаа нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөөр байтал түүнийг үүргээ биелүүлсэн гэж үзсэнд маш их гайхаж байна. Түүнийг ******* ГҮТББ нь 2024.03.19-ний 06/24 тоот албан бичгийн хавсралтад заасан 830,776,840 төгрөгийн үлдэгдлийн дүнд 28 дахь мөрний 25,620,000 төгрөгийг оруулж байсан атлаа 2026.03.11-ний өдөр шүүхэд ирүүлсэн 01/2026 тоот албан бичигт ******* 2022.10.12-ны өдөр "*******" ГҮТББ-ын дансанд 25,620,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2024.08.22-ны өдөр 315,969,180 төгрөгийн гүйлгээнд орж шилжсэн гэсэн зөрөөтэй баримтыг үл анзаарч шийдвэр гаргаж байгааг үндэслэлтэй гэж зөвшөөрөх хууль зүйн боломж олгож байна. Шүүх энэ мэтчилэн гэрээний талууд төлбөрийн үүргээ дурын этгээдэд шилжүүлснийг төлбөрийн үүргээ биелүүлсэн гэх хууль бус практик тогтоож байгаад харамсаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэргийн 117-р талд авагдсан баримтаар хариуцагч байгууллагаас ******* ТӨХК-д хандан ******* ГҮТББ-ийн дансанд төвлөрсөн 603,000,000 төгрөг манай байгууллагад шилжиж орсон, одоогийн байдлаар 305,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн албан бичгийг илгээсэн. Захиалагчаас 25,000,000 төгрөгийг хүлээж аваагүй боловч ******* ГҮТББ-ийн дансаар дамжуулан 2022.08.22-ны өдөр 315,969,180 төгрөгийг хариуцагч хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлөх ёстой 25,000,000 төгрөг нь 315,969,180 төгрөгт багтаж төлөгдсөн тул гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, *******ы *******ийн *******-р байрны ******* хаягтай, ******* м.кв талбай бүхий ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч орон сууцны үнээс 41,000,000 төгрөгийг дутуу төлснөөс гадна үнийг гэрээний хугацаанд төлөлгүй гэрээг ноцтой зөрчсөн гэсэн тайлбарыг гарган маргажээ.

Харин нэхэмжлэгч орон сууцны үнэд 30,480,000 төгрөг төлсөн, хариуцагч орон сууцыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн болон нэхэмжлэгч 2022.10 сараас орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтад зохигч маргаагүй байна.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсон, маргаанд үл хамаарах заалтыг шийдвэрт баримталсныг залруулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

4.******* ТӨХК нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Эрчим хүчний салбарын ажилтнуудын орон сууцны хорооллыг ******* ТӨХК-ийн ажилтнуудын ашиглаж байсан нийтийн сууцыг буулган тус 1,4 га газар дээр ажилтнуудын орон сууц барих зорилгоор байгууллагын ажилтнуудын гишүүнчлэлтэй ******* ГҮТББ-ыг байгуулж, уг ажлыг хариуцуулжээ. Энэ ажлын хүрээнд ажилтнуудын орон сууц барих гүйцэтгэгчээр ******* ХХК шалгарч, ******* ГҮТББ-тай 2017.05.24-ний өдөр гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ******* ТӨХК-аас миний аав *******ыг байгууллагын захиалгаар бариулж буй хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авах жагсалтад оруулсан ч аав тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул би орон сууц захиалгын гэрээг шилжүүлсэн авсан гэж тайлбарлаж, хариуцагч ******* ХХК-тай 2021.01.20-ны өдөр байгуулсан ******* дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь ******* дүүргийн ******* хороо, *******ы *******ийн *******-р байрны ******* хаягтай ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь орон сууцны 56,099,560 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

5.Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн барьж буй 2021.02-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ******* орон сууцны барилгаас ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцыг худалдан авах гэрээг байгуулсан нь ажил гүйцэтгэх гэрээний агуулга, шинжид хамаарахгүй юм.

Бэлэн болоогүй буюу ирээдүйд бий болох нийтийн зориулалттай орон сууцыг худалдан авах гэрээ нь барилгын ажил дууссан эсэхээс үл хамаарч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээнд хамаарна. Худалдагчийн хувьд барилгын зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрөл, төсөв зэргийг өөрөө шийдвэрлэж, ирээдүйд баригдаж бэлэн болох орон сууцыг худалдахаар сонирхогч этгээдтэй гэрээ байгуулсан нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх эрх худалдан авагчид үүсэхгүй.

Учир нь худалдан авагч тухайн барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрлийг авах, барилгын ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх болон барилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, хохирлыг хариуцах зэрэг барилга захиалагчийн үүргийг хүлээхгүй, харин тодорхой хэмжээ, тоот бүхий орон сууц худалдан авагчийн хувьд гэрээний хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг эрх нь худалдан авагчийг ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэж дүгнэх үндэслэлийг бий болгохгүй.

Мөн зохигчийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ өмчийн эрхийн харилцаанд хамаарах Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон нь хууль хэрэглээний алдаатай болсон байх тул шийдвэрт уг зүйлийг хассан өөрчлөлт оруулна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулна.

 

6.Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.4-д 2021.2-р сард барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулна гэж, 2.1-д орон сууцны үнэ 56,099,560 төгрөг гэж, 2.2-т захиалагч ажилтан орон сууцны төлбөрт 30,480,000 төгрөг төлсөн гэж, 2.3-т үлдэгдэл төлбөр болох 25,619,560 төгрөгийг төлнө гэж тохиролцжээ. Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн тухай тайлбарлаж, нэхэмжлэлээ нотолж 2022.10.12-ны өдөр үлдэгдэл 25,620,000 төгрөгийг ******* ГҮТББ-ийн дансанд төлсөн нь хэрэгт авагдсан ХААН банк ХК-ийн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна.

Мөн хэрэгт ******* ГҮТББ-ийн 2024.03.19-ний өдрийн ******* тоот албан бичгийн хавсралт, мөн тус ТББ-ын шүүхэд ирүүлсэн 2026.03.11-ний өдрийн 01/2026, 02/2026 тоот албан бичиг, дансны хуулга зэрэг баримтаар ******* ТӨХК-ийн ажилтнуудын орон сууцны үнэ төлснийг Байрны үнэ төлсөн гэсэн жагсаалт үйлдэн хариуцагч ******* ХХК-тай байгуулсан 2-270/15 тоот гэрээний дагуу ******* ГҮТББ-аас тус компанид 2024.08.22-ны өдөр шилжүүлсэн 315,969,180 төгрөгт багтсан гэж дурджээ. Энэ жагсаалтаас 2021 онд төлбөр төлсөн хэсгийн 135-рт нэхэмжлэгчийг 25,620,000 төгрөг төлсөн гэж тэмдэглэжээ.

Эдгээр баримтыг хариуцагч үгүйсгэн маргаагүйн зэрэгцээ хариуцагчаас ******* ХХК-д хандан 2022.01.22-ны өдөр хүргүүлсэн ******* дугаартай албан бичигт ГҮТТБ дансанд хуримтлагдаж байгаа захиалагч ажилчдын төлбөрийг шилжүүлэх ажлыг түргэн шуурхай байлгахад анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн нь дээрх байдлаар орон сууц захиалсан ажилтнууд төлбөрөө ******* ГҮТББ-аар дамжуулан хариуцагч компанид шилжүүлдэг ажил хэргийн харилцаа тогтсон гэж үзэхээр байна. Мөн хариуцагч орон сууцыг 2022 онд ашиглалтад оруулсан боловч нэхэмжлэгч 2024 он хүртэл төлбөрөө бүрэн төлөөгүй байсан буюу гэрээний үүргийн зөрчил үүссэн тухай гомдолд дурдсан ч талууд энэ үндэслэлээр гэрээнээс татгалзан гэрээг дуусгавар болгосон үйл баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар орон сууцны үнийг төлсний үр дагавар хариуцагчид үүсэх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ тухай хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

7.Зохигчийн байгуулсан гэрээний 3.1.6-д зааснаар захиалагч орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүссэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хан-Уул дүүргийн 3-р хороо, *******ы *******ийн *******-р байрны ******* хаягтай, ******* м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гарган өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв боловч ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотой дээрх ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******гийн өмчлөлд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх үр дагаварт нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж тусгана.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон нэхэмжлэгч *******г маргаж буй орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлтийг нэмж оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/02924 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******г ******* дүүргийн ******* хороо, *******ы *******ийн *******-р байрны ******* хаягтай ******* м.кв талбай бүхий ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 508,650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

Э.ЭНЭБИШ