| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0641/э |
| Дугаар | 834 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Хашбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 834
2019 09 20 2019/ШЦТ/834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Ц.Хашбаатар;
хохирогч: О.Төртулга;
шүүгдэгч: Ө.Чимэдрэгзэн, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өлзий-Утасын Чимэдрэгзэнд холбогдох эрүүгийн 1903006260310 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжны 1606 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, АИ89020917 регистерийн дугаартай, Боржигон овогт Өлзий-Утасын Чимэдрэгзэн.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ө.Чимэдрэгзэн нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбайн зүүн урд уулзварт Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ийн эзэмшлийн “Дэү Би Эс-106” маркийн 1750 УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18. “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Төртулгыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Чимэдрэгзэн мэдүүлэхдээ: Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хийгээд явж байсан. Тухайн үед Багшийн дээдийн уулзвараас Баруун дөрвөн зам талруугаа явж байсан. Миний хойно явж байсан автобус ард ойртсон байсан болохоор би их яарч байсан. Би явган хүний гарц дээр хүмүүс зогсож байхыг харсан. Тэр хүмүүсийг зам гарах гэж байхад нь зөөлнөөр дуут дохио өгсөн. Тэр хүмүүс надад зам тавьж өгсөн. Харин хохирогч чихэвчээр хөгжим сонсож байсан болохоор дуут дохио өгөхийг сонсоогүй байх. Намайг дуут дохио өгөөд явж байхад улбар шар гэрэл асаж байсан. Хохирогч О.Төртулгыг мөргөхөд улаан гэрэл ассан юм. Явган зорчигч нар ухрахаар нь “энэ хүмүүс зам тавиад өгсөн юм чинь энэ гэрлээр амжаад оръё” гэсэн бодолтой явж байсан. Тэгээд би хохирогчийг мөргөсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Төртулга мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хичээлдээ явж байхдаа Засгийн газрын ордны зүүн гар талын уулзвар дээр зам гарах гээд зогсож байсан. Намайг зам гарах гээд зогсож байхад миний хажуу талд хоёр хүн зогсож байсан. Ногоон гэрэл асаад хүмүүс гарцаар гарч байсан. Миний урдаас хоёр хүн эгцэлж алхсан. Миний хажууд зогсож байсан хоёр хүн гарахаар нь би хажуу талд нь дагаж алхаж байсан. Явган хүний гарцны ногоон гэрэл ассан тул би замын хөдөлгөөнд орсон. Тухайн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл ассан байсан гэж ойлгож байна. Би хөлөө нэг алхам тавиад 2 дахь алхам дээр “түс” гээд л хажуу талаас юм орж ирсэн. Би автобусыг анзаарч харж амжаагүй. Миний харах орчин хязгаарлагдаж байсан. Энэ бүхнийг би сүүлд камерийн бичлэг дээрээс харсан. Одоо юм мартдаг болсон. Толгойдоо эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж эмчилгээ, оношилгоо хийлгэж чадахгүй байна. Миний дагзны ард тал, баруун хөл, зүүн талын хөмсөг дээр мэдэгдэхүйц сорви үлдсэн. Иймд Солонгос улс руу эмчилгээнд явах, сорви арилгах, толгойн зураг авахуулах, хөлний зураг авахуулах зэрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, хохирогч О.Төртулга /хх-ийн 19-20/, гэрч Ж.Сэмжидмаа /хх-ийн 29/, Г.Эрдэмбилэг /хх-ийн 31/, С.Олзвой /хх-ийн 32/, Ө.Найдан /хх-ийн 33/, нарын мэдүүлэг, Ө.Чимэдрэгзэнгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6886, 865 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 37, 40-41/, Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 045327 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-52/, Ө.Чимэдрэгзэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 76-93/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Чимэдрэгзэн нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Сүхбаатарын талбайн зүүн урд уулзварт Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Дэү Би Эс-106” маркийн 1750 УНБ дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18. “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, явган зорчигч О.Төртулгыг мөргөж хүнд гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч О.Төртулгын /хх-ийн 19-20/: “... 2019 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбайн зүүн урд уулзвараар хойноосоо урагшаа чигтээ явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан. Би ногоон гэрэл асахаар нь хартал зүүн гар талд хоёр охин зам хөндлөн алхах шиг болохоор нь дагаад хоёр алхахад “түс” хийх дуу чимээ гарсан. Нэг сэртэл цагдаа “битгий хөдлөөрэй, чи аймаар их цус алдсан” гээд миний толгойг боож байсан. ...Намайг зам хөндлөн гарахад ногоон гэрлэн дохио асч байсан. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Сэмжидмаагийн /хх-ийн 29/: “... 2019 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн орчимд би гадаад хэргийн яамны гадаа сандал дээр суугаад хэсэг амарч байтал “түс, тас” хийх чимээ сонсогдсон. Хартал Сүхбаатарын талбайн уулзварын хойд явган хүний гарцан дээр шар өнгийн 17-50 УБН дугаартай автобус явган зорчигч мөргөөд, хүн нь явган хүний гарцны баруун талд хэвтэж байсан. ...Би өөрийнхөө утсаар 102-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Эрдэмбилэгийн /хх-ийн 31/: “... 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би Сангийн яам дээр хуралтай байсан. Өглөө 09 цагийн орчимд Сүхбаатарын талбайн уулзварын урдаас хойшоо чигтээ гэрлэн дохио дээр зогсож байтал ногоон гэрэл асаад зам хөндлөн гарсан. Тал дунд нь иртэл нэгдүгээр эгнээгээр нэг автобус нэлээн хурдтай сигналдаад ороод ирсэн. Дуут дохио сонсоод зам хөндлөн гарах гэж байсан хүмүүс бүгд ухарсан. Мөргүүлсэн залуу өөрөө чихэвчтэй явж байсан болохоор сигнал сонсохгүй хоёр алхаад тэр залууг нөгөө автобус хамаад явсан. Би зам хөндлөн гараад очиход гарцнаас 1-2 метрийн зайд автобусанд мөргүүлсэн залуу баруун талаараа газарт шидэгдсэн байсан. Толгойноос нь цус гараад тогтохгүй байсан. Би өөрийнхөө утсаар цагдаа болон 103 дуудсан...” гэх мэдүүлгээр,
Ө.Чимэдрэгзэнгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 65/: “... Би зам тээврийн осол гаргаж хүн гэмтээсэндээ маш их гэмшиж байна. Би нэн даруй хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлж, эмчилгээнд нь тус дэм болох болов уу гээд 1.000.000 төгрөг өгсөн. ...гэмшиж байна...” гэх мэдүүлгээр,
О.Төртулгын биед “суурь ясны их далавч, дух ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн дух, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хөмсөг, дагзны хуйханд няцарсан шарх, зүүн хацар, дух, зүүн чамархай, дагз, хүзүү, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хацар, эрүү, зүүн тохой, 4,5-р хуруунд зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдэх, шинэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6886 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 37/,
мөн хүрээлэнгийн “О.Төртулгын биед “суурь ясны их далавч, дух ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн дух, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн хөмсөг, дагзны хуйханд няцарсан шарх, зүүн хацар, дух, зүүн чамархай, дагз, хүзүү, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, хацар, эрүү, зүүн тохой, 4,5-р хуруунд зулгаралт” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, авто осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 865 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 40-41/ болон Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 045327 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-52/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгээр тус тус тогтоосон, гэрч нар тухайн осол болох үед явган хүний хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан байсныг мэдүүлцгээсэн, зам тээврийн ослын улмаас хохирогч хүнд гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ө.Чимэдрэгзэн нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18. “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчиж буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл дохио ассан үед явган хүний гарцын өмнө зогсолгүйгээр явган хүний гарц руу нэвтрэн орж уг гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж зам тээврийн осол гарган, хүнийг хүнд гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүгдэгч Ө.Чимэдрэгзэнгийн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч О.Төртулгаас энэ хэрэгт нийт 535.000 төгрөгийн гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Ө.Чимэдрэгзэнгээс гэм хорын хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 1.140.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн тул түүнээс нэмж гаргуулах зардалгүй болно.
Харин хохирогч О.Төртулга нь “эмчилгээ хийлгэхэд 9.000.000 төгрөг шаардлагатай” гэх боловч энэ таалархи нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Иргэний нэхэмжлэгч Т.Ууганбаяр нь “...манай компанид учирсан 180.000 төгрөгийн хохирлыг Ө.Чимэдрэгзэнгээс нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэсэн байр суурийг шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч нь Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн иргэний хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ө.Чимэдрэгзэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хуульд нийцүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдан ирсэн Ө.Чимэдрэгзэнгийн жолоочийн ¹675120 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Өлзий-Утасын Чимэдрэгзэнг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ө.Чимэдрэгзэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Чимэдрэгзэнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Чимэдрэгзэнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг нь тоолсугай.
5. Шүүгдэгч Ө.Чимэдрэгзэн нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдан ирсэн Ө.Чимэдрэгзэнгийн жолоочийн ¹675120 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Ө.Чимэдрэгзэн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Хохирогч О.Төртулгын нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Чимэдрэгзэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Чимэдрэгзэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ