| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 191/2026/00457/И |
| Дугаар | 210/МА2026/01292 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/01292
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03172 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Хадгаламж зээлийн хоршооны дарга бөгөөд 2017.09-р сард банкнаас зээл гарахгүй байна, манай хоршоогоор дамжуулан иргэд мөнгө их зээлж байгаа, мөнгө байвал над руу шилжүүлчих, би 10 хувийн хүүтэй өсгөж өгье гэж хэлснээр нь би түүнд итгэн 2017.09.10-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тэрээр зээлсэн мөнгөө өгдөггүй, нэхэхээр зээлдэгч нараас мөнгө орж ирэхээр удахгүй өгнө гэж аргацаадаг. Би түүнээс олон удаа зээлийг нэхсэн ч тэрээр сүүлдээ утсаа авахаа больсон. Зээлсэн мөнгөө хүүтэй өгнө гэдэгт итгэн би мөнгө зээлдүүлсэн бөгөөд гэрээг бичгээр хийдэг болохыг мэдэхгүй зөвхөн түүнд итгэж зээлдүүлсэн. Иймд хариуцагч *******д зээлдүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь *******ыг 2017 онд хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байсныг мэддэг байсан. ******* нь 2017 онд зээл гаргах гэсэн, танай хоршоогоор дамжуулан хүнд зээлдүүлье гэхэд нь би зөвшөөрөөгүй ба *******-ны талаар тайлбарлаж өгсөн. Гэтэл наадах чинь надад ашиггүй байна, ******* нээгээд өгөөч гэснээр нь бичиг баримтыг нь бэлдэж өгсөн. Хэсэг хугацааны дараа гэрээ гэхгүйгээр найдвартай хүнд зээл гаргамаар байна гээд, энэ үеэр манай нягтлан байсан эмэгтэйн манай дүү махны лангуунд зээл өгдөг ашигтай юм байна лээ гэснийг сонсон зээл гаргая, чи судал гээд тэр хоёрын дунд яриа болж үлдсэн. Түүнээс биш би зээл гаргаж өгье гэж мөнгө аваагүй. Тэрээр өөрөө зээл гаргаад надад ашиг өгөөд яваарай гэж харилцсан хүнтэйгээ холбоо тогтоон хоорондоо мөнгө өгч авч байсан гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч *******аас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгчээс хууль бус үйлдэл хийж байсан эсэх талаар асууж, хууль бус үйлдэл хийх ёстой байсан мэтээр үзжээ. Нэхэмжлэгчийг энэ олон жилийн хугацаанд яагаад түүнийг олж уулзаагүй, мөнгөө нэхээгүй талаар шаардсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй, зээлдэгчийн хаягийг мэдэхгүй, нэхэмжлэгчийн утасны дугаарыг блоклосон, зөвхөн түүнтэй хааяа тааралдахдаа мөнгөө аман байдлаар шаардахад мөнгөгүй байна, удахгүй өгнө гэдэгт нь итгэсээр өдий хүрсэн тухай тайлбарыг хариуцагч зөвшөөрснийг шүүх шийдвэртээ тусгаагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэж гаргана гэснийг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зээлийг 2 сарын өмнө төлөхгүй гэдгээ мэдэгдсэн гэсэн тайлбарыг 2 сарын хугацаатай зээл олгогдсон гэж үзэн хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгөө нэхэхдээ гэрийн хаягийг олох, зээлтэй холбоотой баримтыг гаргуулан авах, зээлээ хэрхэн яаж төлөхийг бичгээр гаргуулан авах зохицуулалтгүй, өөрөөр хэлбэл бусдын эрх чөлөөнд шууд халдах, хязгаарлах эрхгүй тул зээлдэгчийн мөнгөтэй болохоор өгнө гэсэнд нэхэмжлэгч итгэж ирснийг хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан. Шүүх хуралдаанд хариуцагч нь зээлийг хугацаагүй авсан тухайгаа тайлбарласныг шүүх хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээг авхуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2026.02.25-ны өдрийн шүүх хуралдааны үед хүсэлтээ тодруулах шаардлагатай гэж, тодруулан шүүгчийн туслахын вайбер дугаар /96112448/-т илгээж, энэ тухай туслахад мэдэгдсэн бөгөөд шүүгчийн туслах 13.27 минутад хүсэлтийг хүлээн авсан, анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ гэж шүүгчийн туслах хэлсэн ч шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй нь процессын алдаа болжээ.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Би нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, энэ тухай ******* өөрөө мэдэж байгаа, удаа дараа намайг гүтгэж байгааг нь анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж гомдолтой гэдгээ илэрхийлсэн. Би нэхэмжлэгчээс зээл аваагүй учраас зээлийн гэрээ болон хугацаа тохироогүй. Миний хэлсэн нь зөвхөн хоршоо байгуулахтай холбоотой санал, яриа байсан бөгөөд нэхэмжлэлд тусгасан агуулга нь бодит байдалд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь хэнд зээл олгосноо өөрөө сайн мэдэж байгаа гэж үзэж байна. Гэтэл өөр этгээдтэй үүсгэсэн зээлээ надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Мөн хэргийн явцад надаас тайлбар гаргуулах талаар мэдэгдээгүй. Иймд би тайлбар гаргах шаардлагагүй гэж ойлгож байсан. Намайг гүтгээд худлаа яриад байгаа болохоор давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэг нь хариуцагчийн Хаан банкны ******* тоот дансанд 2017.09.10-ны өдөр 30,000,000 төгрөгийг түр зээл *******гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ. Хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгчээс зээлж аваагүй, зөвхөн өөрийн дансаар дамжуулан бусдад шилжүүлсэн тухай тайлбараа нотлоогүй байх тул нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаа үүсгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд хэрэв энэ тухай хугацаа тогтоогоогүй бол мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасны дагуу зээлдүүлэгчийн шаардсанаас хойш 1 сарын дотор зээлийг буцаан төлөх үүрэгтэй. Зохигч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүйд маргаагүй тул зээл олгосон 2017.09.10-ны өдрөөс эхлэн хэлэлцэн тохиролцсон хугацааны эцэст зээлийг буцаан төлөх үүрэг хариуцагчид үүснэ.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч тал уг зээлийг 2 сарын хугацаатай хариуцагчид зээлдүүлсэн тухай тайлбарласныг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ. Иймээс хариуцагч зээлийг 2017.11.10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид буцаан төлөх, ийнхүү төлөөгүй бол энэ хугацаа өнгөрсний дараах өдрөөс эхлэн нэхэмжлэгч зээлээ төлөхийг шаардах байжээ.
Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг эсэргүүцэж, хариуцагч зээлийг хугацаагүй авсан тухай тайлбарласныг шүүх анхаараагүй гэсэн гомдол нь хариуцагчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоогүй буюу хариуцагч зээлийг хүлээн зөвшөөрч гэрээний хугацааны тухай тайлбарыг шүүхэд гаргаагүй байх тул энэ тухай гомдлыг хангахгүй.
6.Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үр дагаврыг бий болгох тул хариуцагч зээлийг буцаан төлөхөөс татгалзах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хариуцагчаас зээлийг шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжгүй байсан буюу хариуцагч олддоггүй, харилцах боломжгүй, зээлийг төлнө гэсэнд итгэж хүлээсэн, хариуцагчийг эрэн хайх эрх бүхий этгээд биш гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэний хувьд өөрийн үйлдлийн үр дагаврыг өөрөө хариуцах бөгөөд энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй явдалд бусдыг буруутгах үндэслэлгүй. Аливаа этгээд өөрийн эрх, ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авах, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх нь Монгол Улсад хэн бүхэнд нээлттэй, энэ төрлийн харилцаанд тусгай шаардлага тавигддаггүй болно.
Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.
7.Тус шүүхийн шүүгчийн 2026.02.25-ны өдрийн ******* дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангахгүй орхижээ. Нэхэмжлэгч энэ тухай хүсэлтийг шүүхэд дахин гаргаагүй байх тул хүсэлтээ тодруулан дахин гаргасныг шүүх шийдвэрлээгүй тухай гомдол хэргийн байдалд нийцэхгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ