| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00565/И |
| Дугаар | 544 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 544
2016 оны 10 сарын 10 өдөр Дугаар 156/ШШ2016/00544
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00565/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Айргийн Энгэр гудамжны 10-04 тоотод оршин суух, иргэн Жадик керей овогт Сахитын Меруелхан /РД:СР59031713/-ны нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Меруелхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие 1982 оны 6 дугаар сарын 28-нд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр төгссөн. Монгол улсын Хөдөө аж ахуйн яамны шийдвэрээр Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт хувиарлагдаж улмаар тус аймгийн Өмнөдэлгэр сумын мал эмнэлгийн тасагт 1982 оны 7 дугаар сарын 20-нд малын бага эмчээр ажилд орсон. Тус сумын Наран бригадад 1982 оны 7 дугаар сарын 20-ноос 1989 оны 8 дугаар сар хүртэл, “Талын булаг” бригадад 1989 оны 8 дугаар сараас 1991 оны 6 дугаар сар хүртэл, сумын мал эмнэлгийн тасагт 1991 оны 6 дугаар сараас 1998 оны 2 дугаар сар хүртэл ажиллаж байх үед Монгол улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн №71 тоот тогтоол гарч төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газар болж ажилгүй болсон. Хэнтий аймгийн архивын газраас 1982 оноос 1985 он хүртэл архивын лавлагаа авах гэсэн боловч материал олдохгүй байна. Харин 1986 оноос 1997 он хүртлэх цалингийн тодорхойлолт байгааг баталгаажуулж авлаа.
Иймд миний 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тотгоож өгнө үү гэжээ./хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Меруелхан нь 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Наран”, “Талын-булаг” бригадуудад малын санитарч, малын бага эмчээр тус тус ажиллаж байсныг хэрэгт цугласан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Жадик керей овогт Сахитын Меруелхан нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Наран, Талын-булаг бригадуудад 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малын санитарч, малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч С.Меруелханы ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Жадик керей овогт Сахитын Меруелхан нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Наран, Талын-булаг бригадуудад 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малын санитарч, малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 25, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 4-5х/, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 1998 оны №71, 1998 оны №158, 1б/1226,1327 дугаартай тогтоол /хх-ийн 6-11х/, №60726 дугаартай “Ардын хувьсгалын 90 жилийн медалийн үнэмлэх /хх-ийн 20х/, 2010 оны №135 дугаартай хүнс хөдөө аж ахуйн, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтны үнэмлэх /хх-ийн 21х/, 2012 оны №157 дугаартай нутгийн удирдлагын тэргүүний ажилтаны үнэмлэх /хх-ийн 23х/, №034568 дугаартай хөдөлмөрийн хүндэт медалийн үнэмлэх /хх-ийн 24х/, гэрэл зургууд /хх-ийн 25-26х/, гэрч Ш.Гантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 26-27х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жадик керей овогт Сахитын Меруелханыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Наран, Талын-булаг бригадуудад 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малын санитарч, малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Меруелхан улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР