Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2026/00028

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 307/ШШ2026/01039 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Цалин хөлс болон мөнгөн тэтгэмж нийт 25,113,345.92 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

******* миний бие нь “******* ТӨХК-д 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хангамж хариуцсан менежерийн ажилд орсон.

2025 оны 11 дүгээр сарын 28-нд ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орсон өдөр компанийн гүйцэтгэх захирал дээд шатны байгууллагаас энэ ондоо багтаан бүтцийн өөрчлөлт хийх тухай саналаа ирүүлэх тухай чиглэл өгсөн ба энэ талаар санал авч ажиллаж байгаа эцсийн шийд гараагүй байна гэж байсан боловч 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 заалт, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1 заалт буюу ажлын байр хасагдан, орон тоог цөөлж ажлаас халах тушаал гарган ажлын байр хасагдан, орон тоог цөөлөх тухай мэдэгдэл урьдчилан өгөлгүй шууд ажлаас халсан.

Тухайн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээний тодорхой хэд хэдэн заалтыг зөрчиж байсан тул энэ талаар миний бие компанийн гүйцэтгэх захирал болон компанийн хуулийн ажилтанд хандахад хөдөлмөрийн хуулийн 78.1.4 эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр гаргаж байгаа шийдвэр тул дээрх Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээний үндэслэл, заалтын шаардлагыг биелүүлэх боломжгүй гэх буюу гаргасан шийдвэр нь зөрчилтэй тайлбар өгсөн ба шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Гэтэл эрх бүхий байгууллагын шийдвэрт /МУ-ын ЗГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар хуралдааны тэмдэглэл/ орон тоог цомхотгох эсхүл ажлын байраар хангах тухай шийдвэр байдаг тул миний бие доорх үндэслэл бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4. Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй заалтын дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой заалтыг зөрчсөнөөс ажиллаагүй буюу ажиллах ёстой байсан 1 сарын дундаж цалин 4,375,763.92 төгрөг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн тухай заалтыг тус компанийн 2024 оны 02 дугаар сарын 26-нд батлагдсан хамтын гэрээгээр хөдөлмөрийн нөхцөлийг дээрдүүлж заахдаа хамтын гэрээний “Тав. Нийгмийн асуудлын талаар заалтад 5.7.-д Компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор уг ажилтанд дундаж цалин хөлсийг тус станцад 1-4 жил ажилласан бол 4 сараар ... бодож мөнгөн тэтгэмж олгоно” гэсэн заалтын дагуу 20,737,582.00 төгрөгийн тэтгэмж; нийт 25,113,345.92 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 2.4, 12.3, 12.4 заалтуудыг болон бусад хууль тогтоомжийг тус тус үндэслэн хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ. /х.х-ийн 1-2 дугаар хуудас/

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

... 1.1. Монгол улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэлээр "Төрийн өмчит хуулийн этгээдийн өмчийн удирдлага, засаглал, хяналтын тогтолцоог сайжруулах, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалтад засаглал, ил тод байдал, комплаенсын болон гүйцэтгэлийн үнэлгээ, дотоод аудитын хяналт хариуцсан удирдлагын чиг үүргийг бий болгож" гэж даалгасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-1/2134 дугаар албан бичгээр Эрчим хүчний яаманд Засгийн газрын тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай үүрэг өгөгдсөн байдаг. Үүний дагуу иргэн *******тай гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б-314 дугаар тушаалаар хангамж хариуцсан менежерээр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан.

1.2. Монгол улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар хуралдааны тэмдэглэлд "Төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгаж цомхон бүтэцтэй, орон тоог цөөлөх замаар төсөв хэмнэх .... менежерүүдийн орон тоог цомхотгож, орон тоог цөөлөх асуудлыг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шуурхай зохион байгуулахыг ..." Төрийн өмчийн бодлого зохицуулах газарт даалгасан байдаг. Үүний дагуу хангамж хариуцсан менежерийн албан тушаалд ажиллаж байсан иргэн *******ын хөдөлмөр эрхлэлтийг харилцааг хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 буюу эрх бүхий байгууллагаас шаардсан үндэслэлээр дуусгавар болгосон.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл буюу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалтуудад заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэх шаардлага нь үндэслэлгүй байна.

Ажил олгогч нь *******тай Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх заалтад ажил олгогч 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох үүрэггүй гэж үзэж байна. Тэгээд ч Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрийн 5.17, компанийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2025-2026 оны хамтын гэрээний 5.6-д зааснаар Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдах тохиолдолд уг ажилтанд салбарт 1 жилээс 4 жил хүртэл хугацаанд ажилласан бол 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгоно" гэж заасан. Гэтэл иргэн ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 18 өдөр томилогдож, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноор 7 сар 12 хоног ажилласан болно. Иймд иргэн Э. Энхбаярын ажилласан хугацаа 1 жилд хүрэхгүй байгаа тул салбарын хамтын хэлэлцээр, компанийн хамтын гэрээнд заасан үндэслэлээр тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байна

 Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх заалтын дагуу олгох 30 хоногийн цалин болон хамтын гэрээний дагуу олгогдох тэтгэмж болох 25,113,345.92 төгрөгийг хууль тогтоомжийн дагуу гаргаж өгөх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.

******* нь ажиллаж байх хугацаандаа уг Засгийн газраас чиг үүрэг болгосон төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалтад засаглал, ил тод байдал, комплаенсын болон гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах чиглэлийн бодитой, үр дүнтэй ажил хийгээгүй бөгөөд, ажлын тайлан ч гаргаж өгөөгүй.

Эрчим хүчний салбар хэмжээнд тавигдсан менежерүүдэд манай салбарын нийт ажилтнууд шаардлагагүй албан тушаал хэмээн удаа дараа ҮЭХ-д мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан.

Компани нь Б-825 дугаар тушаалаар иргэн *******ын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ХТХ-ийн 78.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгосон буюу өөрөөр хэлбэл тушаалын зорилго бүхий заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4-т нийцсэн байгаа. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3 менежерийн албан тушаалыг дуусгавар болох тушаалыг Захиргаа удирдлагын хэлтсийн бүтээмжийн мэргэжилтэн Т.Уянга нь тухайн үед хуульчаар ажилласан байсан ******* надаар хянуулахаар телеграммаар явуулсан байдаг. Уг тушаалыг хянаад захирал батлаад нарийн бичиг гаргах ёстой байтал хуульч миний бие ******* тушаалаа нэхэж байна гэхээр нь шууд л өөрөө 1 хувийг хэвлээд захиралд өгсөн. Ингэхдээ тушаалыг гүйцэт сайн хянаагүй "хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1-т "Компани болон түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн" гэсэн заалтыг авч процессын алдаа гаргасан. Компанийн 2025 оны архивын материал болон ABLE программд тушаал хянасан, боловсруулсан гээд бүх процесс харагдах бөгөөд нөгөө 2 менежерийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалаас харж болно гэжээ. / х.х-ийн 47-48 дугаар хуудас /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ТӨХК-аас 5,850,318 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 19,263,027.92 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,517 төгрөгөөс 84,962 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 198,555 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108,555 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж... шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлын агуулга:

******* би Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “*******” ТӨХК-д:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй заалтын дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой үүргээ биелүүлээгүй тул 80.5 дахь заалтын дагуу 1 сарын олговор,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1 заалт болон 2024 оны 02 дугаар сарын 26-нд батлагдсан хамтын гэрээний 5.7-д “Компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор уг ажилтанд дундаж цалин хөлсийг тус станцад 1-4 жил ажилласан бол 4 сараар ... бодож мөнгөн тэтгэмж олгоно” гэсэн заалтын дагуу 4 сарын тэтгэмж тус тус нэхэмжилж оролцсон.

Тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 307/ШШ2026/01039 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5. -Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 82.3. - Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /х.х-ийн 194 дүгээр хуудас /

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

3. Нэхэмжлэгч ******* нь “*******” ТӨХК-д холбогдуулан цалин, тэтгэмж нийт 25,113,345.92 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой заалтыг зөрчсөнөөс ажиллаагүй буюу ажиллах ёстой байсан 1 сарын дундаж цалин 4,375,763.92 төгрөг, компанийн дотоод журамд заасны дагуу мөнгөн тэтгэмж 20,737,582 төгрөг нийт 25,113,345.92 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...ажилтан *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууллийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллагаас шаардсан үндэслэлээр дуусгавар болгосон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсаны тэтгэмж олгох үүрэггүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Хэргээс судлан үзвэл:

4. ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор компанийн орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж,  компанийн орон тооны дээд хязгаар 470 байсныг багасгаж, 462 орон тоотой байхаар тогтоож, хяналт, төлөвлөлт хариуцсан менежерүүд болон хангамж үйлчилгээ хариуцсан менежерийн ажил, албан тушаалыг хасаж шийдвэрлэсэн байна.

5. Үүний дагуу тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б-827 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр Хангамж үйлчилгээ хариуцсан менежер *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон байна.

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч байгууллага нь эрх бүхий байгууллагын шаардлагаар бүтэц, орон тоондоо өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ын эрхэлж байсан хангамж үйлчилгээ хариуцсан менежерийн ажлын байр хасагдсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, харин ажил олгогч нь дээрх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй тул ажиллаагүй буюу ажиллах ёстой байсан 1 сарын дундаж цалин, мөн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу мөнгөн тэтгэмж гаргуулах тухай асуудлаар маргасан байна.  

7. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т “эрх бүхий байгууллага шаардсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж, 80 дугаар зүйлийн 80.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нь гэрээ дуусгавар болох үйл явц бөгөөд үүнд ажилтан, ажил олгогчийн аль нэгний санаачилгаар цуцлах үндэслэлийг бүхэлд нь багтаадаг ерөнхий ойлголт юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу "цуцлах" нь талуудын (ажилтан эсвэл ажил олгогч) санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож буй нэг талын үйлдэл бол, "дуусгавар болох" нь талуудын хүсэл зоригоос үл хамааран хуульд заасан нөхцөл байдал үүссэнээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зогсох ойлголт гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нь аль нэг талын санаачилгаар гэрээг цуцлах болон хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох нөхцлүүдийг бүхэлд нь багтаасан өргөн агуулга бүхий ойлголт юм.

Хэдийгээр харицагч байгууллага болох ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасан үндэслэлийг тусгаагүй ч агуулгын хувьд ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Дээрх үндэслэлээр ажил олгогч нь нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 8. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Энэ хуулийн ...80.1.1...-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч 82.1.1-82.1.4-т заасан хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.” гэж, 82 дугаар зүйлийн 82.1.1-д “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр нэг удаа ажил олгогч тэтгэмж олгоно” гэж заасан

Нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр дуусгавар болгосон гэж дүгнэсэн тул дээрх хуульд заасан үндэслэлээр 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Анхан шатны шүүх 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтын 2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 2025 оны 09, 10, 11 саруудын цалингийн дунджаар тооцож, сарын дундаж цалин 5,850,318 төгрөгийг хариуцагч ******* ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

 9. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т “Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно.” гэж, ******* ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2024 оны хамтын гэрээний 5.7-д “Компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор уг ажилтанд дундаж цалин хөлсийг тус станцад 1-4 жил ажилласан бол 4 сараар ...бодож мөнгөн тэтгэмж олгоно” гэж заажээ. /хх-ийн 150-160/

10.Нэхэмжлэгч ******* нь тус байгууллагад хангамж хариуцсан менежерээр 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 7 сар 12 хоног ажилласан байх тул ******* ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2024 оны хамтын гэрээний 5.7-д заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т заасны дагуу нэхэмжлэгч *******т мөнгөн тэтгэмж 20,737,582 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2.1.5, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасан.

  Хариуцагч тал дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа хэдий ч талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул ажиллаагүй 1 сарын хугацааны цалинг олгох үндэслэлгүй байна.

            12. Түүнчлэн анхан шатны шүүх зохигч талуудаас ирүүлсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал нь өөр хоорондоо зөрүүтэй, ажил олгогч нь алдаатай тушаалыг засварласан хувийг ажилтанд гардуулж өгөөгүй, мэдэгдээгүй гэж дүгнэн ажилтанд албан ёсоор гардуулсан тушаалыг хүчин төгөлдөр гэж дүгнэсэнийг буруутгах боломжгүй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 307/ШШ2026/01039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 254,265 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                     

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ОЮУНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Б.ЭРДЭНЭХИШИГ            

                                                                                                             Г.МЯГМАРСҮРЭН