| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01527/и |
| Дугаар | 209/МА2026/00030 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 209/МА2026/00030
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 307/ШШ2026/00862 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “49,999,000 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагч Ч.Лувсанжамбын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:
“...Миний бие 2019 оны 10 дугаар сард ******* гэх хуурай дүүдээ миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн, Дархан сумын, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ******* тоот 82.15 мкв 2 өрөө байраа зарах гэж байгаа тухайгаа хэлж байсан.
Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* над руу залгаад тухайн байрыг зарах хүн олчихлоо би борлуулаад өгье гэж хэлээд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз дүү гэх ******* гэж хүн дээр байр худалдан борлуулах итгэмжлэл хийлгэн авсан.
******* нь байрыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бусдад 88.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа мөнгийг минь өгөхгүй алга болсон. Үүний дагуу би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж уг хэргийг шалгуулсан. Хэргийг шалгаж байх явцад яллагдагчаар татагдсан байсан ******* нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нас барж, уг эрүүгийн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан байсан ******* байрны мөнгөнөөс 49,999,000 төгрөгийг өөрийн дансаар авсан байсан. Иймд миний бие Дархан-Уул аймгийн, Дархан сумын, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ******* тоот 2 өрөө байрыг 88.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан үнээс 49,999,000 төгрөгийг авсан иргэний хариуцагчаар татагдсан байсан *******ас гаргуулах хүсэлтэй байна” гэжээ. /хх-ийн 1-2 дугаар хуудас/
2. Хариуцагч Ч.Лувсанжамбын шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
“...Миний бие нэхэмжлэл гаргасан *******той бизнесийн болон хувийн харилцаа байхгүй бөгөөд сайн мэдэхгүй.
Харин талийгаач *******тэй хамтран ажилладаг байсан юм. ******* нь *******ийг манай ах гэдэг байсан. Нэхэмжлэлд дурдсан байрны төлбөртэй холбоотой асуудал өмнө ер байгаагүй бөгөөд өмнөх жилээс эхлэн цагдаа шүүхийн асуудал үүсэж өр төлбөр яригдах болсон.
Миний хувьд тус байрыг худалдан борлуулж өгсөн нь үнэн бөгөөд *******тэй өглөг авлага тооцоотой, харилцан тохиролцон өөрт ногдох, өөрийн гаргасан төлбөр тооцоог аваад л явсан болно. Түүнээс хойш ч олон жил сар хамтран ажиллаж ирсэн. Одоо ч төлбөр тооцоо эцэслээгүй миний хувьд талийгаач *******гээс авлагатай байгаа.
Тухайн байрыг зарах үед барьцаанд тавьсан байсан бөгөөд барьцаанаас чөлөөлөхөд миний бие 30 сая төгрөгийг бэлнээр олж зээлийг хаахад оруулж байсан. Мөн байрыг зарах үед /өмнө, эсвэл дараахан/ *******ид 10 сая төгрөгийг өгч байсан. Автомашин хүртэл ******* руу өгч л байсан /олон жил өнгөрсөн ямар дансаар яаж өгч байснаа одоо нотолж чадахгүй байгаа болохоос биш/.
Учир байдлаа хэлсээр атал цагдаа прокурор нь яагаад намайг төлбөр тооцооны хариуцагчаар татаж байгаа, ******* нь яагаад намайг шүүхэд өгч байгааг ойлгохгүй байгаа. Миний хувьд дээрх төлбөрийг төлөх ёсгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д тус тус зааснаар хариуцагч *******ас 49,999,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Ч.Лувсанжамбын давж заалдах гомдлын агуулга:
“Хариуцагч ******* нь Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч *******ид шилжүүлэн өгсөн тул 49,999,000 төгрөгийг төлбөрийг төлөгдсөнд тооцох үндэслэлтэй гэж маргасан.
Анхан шатны шүүх ...хариуцагчийн Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслээр 49,999,000 төгрөгийн өр төлбөрийг хаасан тухай тайлбарыг үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Хариуцагчийн тайлбарыг нотлох доорх баримтууд хэрэгт авагдсан. Үүнд: Эрүүгийн хэрэгт гэрч *******: Тухайн үед ******* ах чиний энэ хүүтэй мөнгөний хүү нь өсөөд бүр болохоо байлаа. Тийм учраас яаралтай энэ мөнгийг хаахгүй бол болохоо байлаа. Тийм учраас яаралтай энэ мөнгийг хаахгүй бол болохоо байлаа гээд тухайн байрын бодуулж өгч байсан асуудал байгаа юмаа.
2021 оны 08 сард Хүслийн хотхоноос 45,000,000 төгрөгийн үнэтэй Mercedes Benz ******* ДАХ гэсэн хар өнгийн машиныг ******* ахын нэр дээр шилжүүлж байрны мөнгөнөөс хасуулна гэж ярьж тохиролцоод өгсөн. 2019 онд Лил минерал гэх компаниас авлагаа авсныхаа дараа байрын тооцоогоо хаая гэж ******* ахтай ярьж байсан. Одоо болтол Лил минерал ХХК-иас авлагаа авч чадахгүй байна. Арматур нийлүүлж байсан асуудал байхгүй. *******: ******* оюу экспресс компанид актив гарден төслөөс 95,000,000 төгрөгийг Велпайр машин бартераар орж ирээд бор нуурын арматурын үйлдвэрт өгөөд оронд нь арматур аваад тэр мөнгийг нь Хүслийн хотхонд аваачиж өгөөд Mercedes Benz ******* ДАХ Клюгер гэх 2 машин авсан. 45,000,000 төгрөгийг той ярьж хасуулахаар болсон” нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл.
Мөн хэрэгт авагдсан "" ХХК-ийн санхүүгийн албаны 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн арлын дугаар бүхий Mercedes Benz Е350 маркийн автомашиныг манай байгууллагаас *******д бартерын буюу бараа ажил үйлчилгээний тооцоонд тооцон өгсөн нь үнэн болно. Тус машин нь манай байгууллагад мөн бартераар буюу байрны төлбөр тооцоогоор орж ирсэн юм. Манай байгууллагад тус машин ирэх үед машины өмчлөгч нь байр захиалагч Б.Баттулгын эхнэр буюу тын нэр дээр гэрчилгээтэй байсан. Энэхүү машиныг манай байгууллагад өгсөн. Төлбөр тооцоонд нь орон сууц захиалсан. Тус машины өмчлөх эрхийн бичиг баримтыг манай байгууллага өөрийн нэр рүү шилжүүлэн аваагүй. Манай зүгээс хүсэлт гарган *******д шууд өгөхөөр болсон. ******* нь өөрийн нэр рүү шилжүүлж авалгүй мөн өөрийн хүсэлтээр ******* руу итгэмжлэл хийж өгсөн болно" гэх тодорхойлолт, /хх 30 х/
"" ХХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн "Дархан-Уул аймгийн Дархан сум, 12р баг, 14-р хороолол, Хүслийн хотхоны 216 айлын орон сууцны 8-р байр, , тоот, 41,35 м.кв 2 өрөө байрны 57,890,000 төгрөгийн үнэд тооцож бартераар ДАХ маркийн машиныг авч, уг машинаа *******д шилжүүлэн өгч байсан нь үнэн болно" гэх тодорхойлолт, /хх 169х/
, т нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-168/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 8-1- дугаартай "" ХХК болон нарын хооронд байгуулагдсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх31-32/, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1012 дугаартай таас Д. ид олгосон итгэмжлэл /хх / зэрэг баримтуудаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг "" ХХК-иас бартераар орж ирсэн маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч *******ид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба эрүүгийн хэрэгч гэрч ******* нь “...Хүслийн хотхоноос 45,000,000 төгрөгийн үнэтэй Mercedes Benz ******* ДАХ гэсэн хар өнгийн машиныг ахын нэр дээр шилжүүлж байрны мөнгөнөөс хасуулна” гэх мэдүүлгийг 2 удаа тогтвортой мэдүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч *******ийн эрүүгийн хэрэгт өгсөн “... манай Оюу Экспресс ХХК нь ...Тоуоtа Velfire маркийн автомашиныг Лил минериал ХХК-д өгч, Лил минериал ХХК-иас армутороо авч Хүслийн хотхонд нийлүүлсэн юм шиг байна лээ тэгээд Хүслийн хотхоноос арматурын бартерт авсан Mercedes Benz Е350 маркийн автомашин нь дээрх журмаар орж ирсэн байгаа юм” гэх мэдүүлгийг нотлох Оюу Экспресс ХХК болон Лил минериал ХХК-ийн хооронд Тоуоtа Velfire маркийн автомашиныг шилжүүлж арматур авсан болон уг арматуроо Хүслийн хотхонд шилжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Дээрх нотлох баримтаар доорх үйл баримт тогтоогддог. Үүнд:
1. Хүслийн хотхон төслийг хэрэгжүүлсэн "" ХХК-иас хариуцагч *******д Mercedes Benz маркийн автомашиныг шилжүүлсэн байна.
2. ******* нь уг Mercedes Benz маркийн автомашиныг *******ид шилжүүлсэн байх ба уг машиныг хүлээж авсан талаар нэхэмжлэгч нь маргаагүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь Тоуоtа Velfire маркийн автомашиныг Лил минериал ХХК-д өгч, Лил минериал ХХК-иас арматур авч Хүслийн хотхонд нийлүүлэн, уг арматурын төлбөрт Mercedes Benz маркийн автомашиныг хүлээж авсан талаар буюу хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Иймд хариуцагчийн Ч.Лувсанжамбын татгалзлыг үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байх тул анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /х.х-ийн 185-186 дугаар хуудас/
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцыг худалдан борлуулсан үнээс үндэслэлгүйгээр авсан 49,999,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх хариуцагч нь 49,999,900 төгрөгийг хууль болон гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчид шилжүүлсэн Mercedes Benz E350 маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн орон сууцны үнэд тооцон шилжүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хууль хэрэглээний хувьд тухайн хэргийн үйл баримтад илүү нийцсэн хуулийн зохицуулалтыг баримтлаагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
5. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 82,15 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* нь бусдад худалдан борлуулж өгөхөөр тохирч, улмаар 2019 оны 10 сарын 13-ны өдөр орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийг 2 жилийн хугацаатайгаар *******оос *******д олгосны дагуу тус орон сууцыг бусдад 88,000,000 төгрөгөөр худалдсан, 2020 оны 02 сарын 19-ний өдөр уг мөнгө Э.Мөнх-Эрдэнийн Голомт банк дахь дугаар дансанд орсон, мөн өдрөө 49,999,000 төгрөг хариуцагч Ч.Лувсанжамбын Хаан банк дахь дансанд шилжсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
6. Дээрх асуудлаар нэхэмжлэгч ******* эрх бүхий байгууллагад гомдол гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 12 сарын 11-ний өдрийн дугаартай тогтоолоор *******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар, мөн прокурорын 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор Ч.Лувсанжамбыг иргэний хариуцагчаар тус тус татаж холбогдох ажиллагааг хийсэн, Прокурорын 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор яллагдагч нас барсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагч ******* нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ид 2021 оны 08 сарын 16-ны өдөр Mercedes benz 350 маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн боловч түүний үнийг өгөөгүй тул машины үнэ 50,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүгчийн 2025 оны 08 сарын 21-ний өдрийн 307/ШЗ2025/06222 дугаартай захирамжаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн шаардлагатай нэг эрх зүйн харилцааны төрөл бус, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хооронд харилцан холбоо байгаа гэж үзэх үндэслэл тодорхой бус байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
8. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүхэд өгсөн тайлбартаа “Миний хувьд тус байрыг худалдан борлуулж өгсөн нь үнэн бөгөөд *******тэй өглөг, авлага, тооцоотой, харилцан тохирсон өөрт ногдох өөрийн гаргасан төлбөр тооцоог авсан, тус байрыг барьцаанаас чөлөөлөхөд 30,000,000 төгрөгийг төлж байсан, *******ид машин, 10,000,000 төгрөг шилжүүлж байсан...” гэж, давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага болох 49,999,000 төгрөг нэхэмжлэгчид өмнө шилжүүлсэн автомашины үнэ нь харилцан шаардлага бүхий үүрэг тул тооцож дуусгавар болох үндэслэл бий болсон гэж тус тус тайлбарлаж байна.
9. Анхан шатны шүүх хариуцагч мөнгө төлж тус орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, Mercedes benz Е350 маркийн тээврийн хэрэгслийг орон сууцны төлбөрт тооцон шилжүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
10. Хариуцагч С.Лувсанжамба нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдан борлуулах талаар нэхэмжлэгчтэй тохирсон ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, мөн нэхэмжлэгч нь орон сууцыг захиран зарцуулах эрх олгоогүй байхад *******тэй тохирсон гэх үндэслэлээр орон сууцыг бусдад барьцаалан зээл авсан, тус зээлээс 34,000,000 төгрөгийг өөрийн хийж гүйцэтгэж байсан ажилд оруулсан талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа мэдүүлсэн атлаа шүүхэд болон шүүх хуралдаанд орон сууцыг худалдсан үнээс 49,999,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан үндэслэлээ тус орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхөд өгсөн мөнгө болон *******гээс авсан авлагадаа буцаан авсан гэж, мөн нэхэмжлэгчид өөрийн ажлын хөлсөнд авсан автомашинаа шилжүүлэн өгсөн бөгөөд үүний үнийг орон сууцны үнээс хасахаар тохирсон гэх зэргээр өөр өөр үндэслэлээр тайлбар гаргасан.
11. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг дүгнэж, хариуцагч Ч.Лувсанжамбыг 49,999,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталсан нь учир дутагдалтай болсон байна.
11.1. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах зохицуулалт буюу тухайн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь бусдын өмнө үүрэг хүлээсэн гэж итгэсэн итгэлийн үндсэн дээр хөрөнгөө шилжүүлэн өгсөн байгаа бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1.2-т зааснаар шаардах эрх үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх, үүрэг үүсээгүй байгаа тохиолдлыг ойлгохоор байна.
11.2. Харин талуудын хооронд ямар нэгэн суурь хэлцэл байхгүй, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг олж авсан тохиолдолд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар шаардах эрх үүсэхээр байна.
Өөрөөр хэлбэл тус хэрэг маргааны тухайд зохигчдын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, нэхэмжлэгч нь хөрөнгөө хариуцагчид шилжүүлэн өгсөн байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж байна гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.3-т: “Эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохиролд тооцно” гэж заасны дагуу орон сууцны үнэ 49,999,000 төгрөгийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ид төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй алдааг мөн давж заалдах шатны шүүхээс залруулав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтаас гадна улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтын аль тохирохыг баримтлах нь зүйтэй.
13. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 307/ШШ2026/00862 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.3-д тус тус зааснаар хариуцагч *******ас 49,999,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэж нэмж, тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
М.ОЮУНЦЭЦЭГ