Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2019ШЦТ/121

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Равдангийн Ц-д холбогдох 1916002320143 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Р.Ц 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Баянхонгор аймаг явах замын чиглэлд байрлах морь барианы газар төв замруу нийлсэн шороон зам дээр 78-44 УНҮ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Х.Э-ийг мөргөж зүүн талын эгэм ясны далд хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Р.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 10-ны өдөр морь үзчихээд яараад явж байсан. Олон машин хөдлөөд цуваа үүсгээд явж байсан. Урд талын машинаас урд чинь том чулуу байна, жоохон ухраад баруун тийш дараад гарахгүй бол болохгүй юм байна гэсэн. Тэгээд ийш тийшээ харахад ямарч машин байгаагүй. Би сигнал дараад мөн ээжээр харуулаад ухрах үйлдэл хийхэд камерт хүн ороод ирсэн. Тэгээд хэл амаар доромжлоод цагдаа дуудна хүлээж байгаараа гэж хэлсэн. Тэгээд тэр хүн алга болчихсон. Би уулзаад учираа олчихьё гээд хүлээж байгаад буугаад ард талынхаа машины хүнээс надад шүргүүлсэн хүүхэд эмэгтэй 2 хаачсан бэ гэж асуутал гайгүй юм байлгүй урагшаа 2 хүүхдээ аваад гүйчихлээ гэсэн. Тэр үед наадмын олон хоногийн амралт байсан. 16-нд ажил орсон тэгээд ирэхэд чи зугтаасан гээд нэг эрэгтэй доромжилсон. 16-нд гэмтлийн эмнэлэгт дагуулаад үзүүлэхэд хүүхдийн эгэм бороолоод эдгэрсэн байсан. Ээж хүү 2-г дагуулаад эход үзүүлсэн. Хэрэгтэй эм тариаг нь авч өгсөн. Энэ миний буруутай үйлдлээс болсон учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-н өгсөн “...Тус өдөр Говь-Алтай аймгийн баяр наадам болж байсан бөгөөд 14 цагийн үед соёолон насны морьд уралдаж ирэх байсан юм. Соёолон насны морьдын уралдаан үзчихээд буцаад машинаа үлдээсэн зүгрүү би 2 хүүгээ аваад явсан. Тэгэж явахдаа бага хүүгээ баруун гараараа тэврээд, томхүүгээ зүүн гараараа хөтлөөд явж байсан. Мөн тэр үед соёолон насны морь үзчихээд буцаад аймаг явж байсан машинууд түгжрээд зогссон байхаар нь бид гурав машин дундуур сүлжээд явж байтал саарал өнгөтэй, Тоёота приус 20 маркийн машин ухарч ирээд намайг болон манай том хүү Э-ийг мөргөн арын машинтай хавчсан. Би бага хүүгээ тэврээд явж байсан учир машинд мөргүүлээгүй, бага хүү 2 настай..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Гэрч Б.М-ийн өгсөн "...Р.Ц-д би өөрийн эзэмшлийн 78-44
УНҮ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдан
борлуулсан. Тухайн үед нэрээ шилжүүлэх гэхэд "таалагдах улсын дугаар байхгүй
байна" гээд шилжүүлэн аваагүй. Бид хоёр ямар нэгэн гэрээ, нотариатын газраар
ороогүй хоорондоо тохироод худалдан борлуулсан.  Бид хоёрын дунд мөнгөний
асуудал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

Гэрч Г.Ц-ын өгсөн "...Тухайн үед Р.Ц машин барьж явж
байсан, урд талын машинаас л байх "ухраадах" гэхэд Р.Ц ухрах шиг болсон.
Ард нэг эмэгтэй хүн шил цохисон, тэр эмэгтэй ирээд Р.Ц руу баахан орилж
байгаад яваад өгсөн юм. Бид хэд замын хажуу руу гараад орой болтол хүлээгээд
ирэхгүй байхаар нь яваад өгсөн юм. Р.Ц-н хүүхэд бид гурав
явж байсан. Харин би машины арын суудалд сууж байсан, зээгээ унтуулаад явж
байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 222 дугаартай шинжээчийн "...Х.Э-ийн биед гэмтэл учирсан байна. Х.Э-ийн биед зүүн талын эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар  арниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн "...Жолооч Р.Ц   нь   Монгол   Улсын   Замын   хөдөлгөөний   дүрмийн   10.14   "Бусдад   саад
учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг
зөвшөөрнө.   Шаардлагатай  тохиолдолд ухрах үйлдлийг бусдын  тусламжтайгаар
гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн
заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Х.Э, Б.Э
нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна..." гэсэн
дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт
үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Шүүгдэгч Р.Ц-н яллагдагчаар өгсөн "...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний  буруу..."   гэх  мэдүүлэг /хх-ийн  66 дугаар  хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Б.Э-н “цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн баримт/хх-99-рт/  зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Ц нь  нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-н мэдүүлэг,  гэрч Г.Ц-ын мэдүүлэг, шүүгдэгч Р.Ц-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Р.Ц-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Ц нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Р.Ц нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Р.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 / дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Р.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохиролд 320.000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-д оногдуулсан 460.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан хохирогчид 320.000 төгрөг төлсөн, ялтан нь бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  ялтан Р.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Р.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА