Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 547

 

2016 оны 10 сарын 11 өдөр     Дугаар 156/ШШ2016/00547
    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2016/00606/И
        Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Биндэр сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Тайж овогт Гомбын Хишигбуян /РД:СЖ50112666/-гийн нэхэмжлэлтэй
        Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Самдангийн Лувсанцэдэнгийн нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярсайхан, прокурор Ц.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Нэхэмжлэгч Г.Хишигбуян нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний ах Самдангийн Лувсанцэдэн нь 1906 онд төрсөн. 1938 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43,47 дугаар зүйлийн 10 жил хорих ялаар шийтгэгдсэн.
       Уг хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 106 дугаар магадлалаар цагаатгаж Зууны мэдээ сонины 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 109 дугаарт нөхөн олговрын нэхэмжлэгчээр зарлагдагдсан.
      Миний бие өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганжуурын Баярсайханаар уламжлуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг үндэслэн нөхөн олговорыг гаргаж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн харьяат Гомбо овогтой Хишигбуянгийн нэхэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.         Г.Хишигбуянгийн ах болох Самдан овогтой Лувсанцэдэн 1906 онд төрсөн Хийдэд шавилан суусан гавж цолтой 1938 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр баривчлагдсан. 1938 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 17 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн.  С.Лувсанцэдэн нь шийтгэгдсэн боловч яланд яваад эргэж ирээгүй, гэхдээ цаазалсан гэсэн бичиг олдоогүй. Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар тогтоолоор цагтаатгагдсан. Энэ талаар Цагаатгалын улсын комиссод өргөдөл бичиж материалуудыг цуглуулахад Зууны мэдээ сонины 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 147 дугаарт Самдан овогтой Лувсанцэдэнгийн нөхөн олговрыг  Гомбо овогтой Хишигбуян авах материал бүрдсэн байна гэж сонинд зарласан байдаг. Энэ зарласаны дагуу Гомбо овогтой Хишигбуян нь С.Лувсанцэдэн гэдэг хүний дүүгийн хүүхэд буюу ач дүү нь юм. Нөхөн олговрыг зохих журмын дагуу олгож өгнө үү.
Гомбын Хишигбуян нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтаар хэлмэгдэгчийн ач дүү мөн тул нөхөн олговор авах эрхтэй юм.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг үндэслэн нөхөн олговор болох 500.000 төгрөгийг Гомбын Хишигбуянд олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
 
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуоро Ц.Цэен-Ойдов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов би Монгол улсын прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31-т заасны дагуу Иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Самдан овогтой Лувсанцэдэн нь 1938 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр баривчлагдсан 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай хурлын тогтоол, шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар магадлалаар Бүгд найрамдах Монгол ард улсын, дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатнаас цагаатгагдсан байгаа. 2001 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхийн 145 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулж Пувсанцэрэн гэж нэрийг андуурсан байсныг Лувсанцэдэн болгож нэрийг нь залруулан өөрчилсөн байсан. 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхээс хэлмэгдэгч                С. Лувсанцэдэнтэй Гомбын Хишигбуян нь садан төрлийн холбоотой болохыг тогтоосон учраас нөхөн олговрыг Гомбын Хишигбуянд олгох нь зүйтэй байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т хэсэгт зааснаар 500000 /таван зуун мянга/ төгрөгийг олгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:
  Баян-Адарга сумын харъяат 1906 онд төрсөн, эрэгтэй, буриад Самдангийн Лувсанцэдэн нь улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөн “Ёнзонхамбын хувьсгалын эсэргүү хэрэгт оролцон, гишүүн элсүүлж, бослогод бэлтгэн, цуурхсан гэмт хэрэгт сэжиглэгдэн, 1938 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр баривчлагдаж, ДЯЯ-ны дэргэдэх Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор, шүүх цаазын бичгийн 43,47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ял шийтгүүлсэн байх ба БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай магадлалаар улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлж, хэлмэгдсэнийг нь тогтоон Самдангийн Лувсанцэдэнг цагаатгасан болох нь Үндэсний төв архивын архивын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №03-2/655, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №03-2/817,  2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №03-2/655 дугаартай архивын магадлагаанууд /хх-ийн 11-12х/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын  дарга Д.Авирмэдийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №02/3077 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 5х/, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1992 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн №106 дугаартай магадлал /хх-ийн 2-4х/, Монгол улсын дээд шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №145 дугаартай тогтоол /хх-ийн 6х/,  15274 дугаартай цагаатгалын үнэмлэх /хх-ийн 7х/, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг нийтэлсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Зууны мэдээ сонин /хх-ийн 14х/-ы дугаар, нэхэмжлэгч Гомбын Хишигбуяныг нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Самдангийн Лувсанцэдэн ач дүү болохыг тогтоосон Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 03 сарын 11-ний өдрийн 282б дугаартай шийдвэр /хх-ийн 10х/, Г.Хишигбуянгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Самдангийн Лувсанцэдэнгийн ач дүү нэхэмжлэгч Гомбын Хишигбуянд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн нөхөх олговрыг олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ Нь:

        1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газрын Санхүү тасгаас 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Самдангийн Лувсанцэдэнгийн ач дүү Гомбын Хишигбуян /РД:СЖ50112666/-д олгосугай.

        2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР