| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0654/э |
| Дугаар | 847 |
| Огноо | 2019-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 847
2019 09 24 2019/ШЦТ/847
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;
хохирогч: А.Оргилсайхан;
шүүгдэгч: Б.Лхагвасүрэн (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчуул овогт Бямбасүрэнгийн Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 1909025490864 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг Олон Улсын Их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 35 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УС99081850 регистерийн дугаартай, Харчуул овогт Бямбасүрэнгийн Лхагвасүрэн.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Бямбасүрэнгийн Лхагвасүрэн нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” төвийн ачааны лифтэн дотор иргэн А.Оргилсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Оргилсайхан мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгууллага нүүлгэж байгаад 9 давхарт гарсан. Би сандал өргөж байхад намайг Лхагвасүрэн “хурдал” гэхээр нь би “юу гэнээ” гэсэн чинь намайг заамдаад авсан. Бид хоёрыг нэг хүн салгасан. Лхагвасүрэн лифтэнд миний нүүрэн тус газар цохисон. Гэмтлийн эмнэлгээс “шүдний эмнэлэг яв” гэж хэлсэн. Шүдний эмнэлэг миний булгарсан шүдийг тогтоож өгсөн. Би гомдолтой байна. Юм идэж болохгүй байна. Шүдний тогтоогчтойгоо 1 жил явна гэж хэлсэн. Би нэмж 158.000 төгрөг нэхэмжилж байна. Лхагвасүрэн эхлээд 560.000 төгрөг эмчилгээнд өгсөн. Бүгдийг нь эмчилгээнд хэрэглэсэн. Намайг цаашдаа 600.000 төгрөгийн үнэтэй шүдний аппарат зүүвэл зүгээр болно гэсэн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/, хохирогч А.Оргилсайханны мэдүүлэг /хх-ийн 9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8028 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/,“Өрнөх зам” шүдний эмнэлэгийн үзлэгийн карт /хх-ийн 13-15/, Б.Лхагвасүрэнгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Б.Лхагвасүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-41/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Шангрилла Молл” дэлгүүрийн ачааны лифтэн дотор А.Оргилсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч А.Оргилсайханы /хх-ийн 9/: “... Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрилла Молл” дэлгүүрийн В1 давхараас 9 давхар руу оффис нүүлгэж байгаад 9 давхарын коридорт зогсож байхад хамт ажилладаг Б.Лхагвасүрэн гэх залуу намайг хэл амаар доромжлоод байсан. Лхагвасүрэн намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Пүрэвсайхан, нэрийг нь мэдэхгүй залуу хоёр “та хоёр боль боль” гээд салгасан. Б.Лхагвасүрэн намайг лифт рүү оруулж байгаад гараараа миний үүдэн шүд рүү цохисон. Би түрүүлээд В1 давхар луу буугаад байж байхад Б.Лхагвасүрэн миний араас бууж ирээд намайг “тохиролцьё” гээд гуйгаад байсан. Би Лхагвасүрэнд зодуулснаас болоод миний үүдэн хоёр шүд булгарч унасан...” гэх мэдүүлгээр,
Б.Лхагвасүрэнгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 29-30/: “... 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ажлын газрын залуу А.Оргилсайханд хандаж “түрдэг тэргээ лифтэнд хийчихээрэй” гэсэн чинь “мэдэж байна пизда минь” гэсэн. Би “юу гэнээ” гэсэн чинь намайг шууд заамдаад авсан. Бид хоёр заамдалцаж байгаад лифтэн дотор ороод хоорондоо маргалдсан. Намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Оргилсайханы уруул хэсэгт нь нэг удаа цохисон. ...Би тухайн гэмтлийг зүүн гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлгээр,
А.Оргилсайханы биед “баруун зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, булгарсан шүд бэхлэх эмчилгээний дараах байдал (шүдний гүүрэлсэн бэхэлгээ) дээд уруул, доод уруулын дотор салстын язарсан шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8028 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Лхагвасүрэнгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн асуудлын хувьд хохирогч А.Оргилсайханы нэхэмжилсэн шүдний эмчилгээний 158.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, уг хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харчуул овогт Бямбасүрэнгийн Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх зааснаар шүүгдэгч Б.Лхагвасүрэнгээс 158.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Оргилсайханд олгож, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лхагвасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ