| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 184/2024/09290/И |
| Дугаар | 210/МА2026/01148 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/01148
2026 05 20 210/МА2026/01148
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/01713 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10,250,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 “...*******" ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын №23/03 дугаартай тушаалаар “Үйл ажиллагаа хариуцсан захирал” албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээний хувийг өгөөгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлэн ажиллаж ирсэн. Ажиллах хугацаанд 2,750,000 төгрөгийн цалин өгсөн, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг төлөөгүй, мөн ажлаас халсан, чөлөөлсөн тухай тушаал танилцуулалгүйгээр ажлаас халсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг наадмын дараа мэдэгдсэн ба тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил удаа дараа гаргасан, хөдөлмөрийн гэрээнд ажилтныг хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохыг тушаалаас олж мэдсэн уг тушаал эрх зүйн болоод бодит байдалтай нийцэхгүй тушаал учир хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 10,250,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Нэхэмжлэгчийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс ажиллуулахаар тохирсон боловч "*******" ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж байсан "*******" хорооллын барилга дээр инженерээр ажиллаж байсан учир мөн сарын 08, 09, 10-ны өдөр ажлынхаа зай завсраар ирж, буцан ажилласан. Увс аймгийн Улаангом сумын төвд хийгдэх явган хүний замын ажил 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэхээр төлөвлөсөн. З.*******инженерийг хотоос авч ирүүлэн ажиллуулахаар тохиролцон тушаал гаргасан, ажил эхлэхээс өмнө 23-ны өдөр Увс аймагт ажиллахаар гүйцэтгэх захирал н.Солонго, туслах ажилтан н.Баттөгс, мужаан н.Амгаланбаатар, инженер З.*******нарыг захирал н.Батцэцэг авч явсан боловч ажил эхэлсэн үеэс инженер 3.*******ямар ч ажилд оролцоогүй, Увсынхан их хэл амтай хүмүүс, хадмууд энд байдаг тул хэл аманд ормооргүй байна гэх зэргээр шалтаг хэлээд захирлын машинд орж суучхаад ямар ч ажилд оролцоогүй, хамт олны зураг авхуулахад дуудаад ч бууж ирээгүй, маргааш өдрөөс ажил жигдрэхэд нутгийн танил найз нөхөдтэйгөө таарлаа, уулзлаа гэх шалтгаар байнга архи уусан байдалтай, түүнтэй 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд биечлэн уулзаж ажил таслахын сацуу архи ууж, гүйцэтгэх захирал н.Солонгыг унтаж амарч байхад нь хаалгаа тайлахыг шаардаж, гэрийнх нь бүслүүрийн хайчилж, гэрт орж бэлгийн дарамт үзүүлсэн зэргээс удирдлагын хүрээнд дуудан уулзахад танай компанид ажиллахгүй гээд тэр өдрөө машинаа унаад Улаанбаатар хот руу явсан, ажлын байраа 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр орхин явсан ч халагдсан тушаал шийдвэрээ авъя гэж нэг ч удаа хандаагүй өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байгаагүй атлаа Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийг ажлаас халагдсан өдрөөс хойш бүтэн 3 сар 22 хоногийн дараа гаргуулсан. 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 13 хоног ажилласан хугацааг хоногоор тооцон 2,750,000 төгрөгийн цалин олгосон, ажиллахдаа байнгын согтуурсныг гэрчлэх хүмүүсийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2023 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацааны цалинд 10,250,000 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
*******нэхэмжлэлтэй "*******" ХХК-д холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргав. Нэхэмжлэгч З.*******нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хариуцагч "*******" ХХК-д туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 04 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Харин анхан шатны шүүхээс түүнийг 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлаа орхин явсан болох нь гэрч *******ийн мэдүүлэг, ирцийн бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогдсон гэжээ.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан ******* нь тухайн нөхцөл байдлын үед ажил гүйцэтгэж байсан Увс аймагт огт очоогүй Улаанбаатар хотод ээжийгээ асраад байж байсан талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл тухайн ажлын байран дээр нэг ч удаа очиж байгаагүй этгээд нэхэмжлэгч З.Мөнх-Эрдэнийг хэзээ нь ажиллаад ажлын байраа хэзээ орхиж явсан болохыг тодорхойлох нь ямар ч боломжгүй зүйл юм. Түүнчлэн ирцийн бүртгэл гэх дэвтэр нь өдөр бүр тогтмол ирц бүртгэсэн байдал хамрагдахгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь өмнө хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргаж байсан эсэх түүнд нь ямар хариуцлага ногдуулж байсан эсэх нь мөн тодорхойгүй байхад сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.
Хариуцагч байгууллага нь З.*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг огт гардуулж өгөөгүй, тушаал гарсан эсэхийг ч мэдээгүй байхад хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн хугацааг 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс тоолсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсгүүдэд заасантай нийцэхгүй.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1713 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан 10,250,000 төгрөгийн цалин хөлсийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Зөвхөн шүүх хуралдааны явцад тайлбар хэлж байгаа боловч уг мөнгөн дүнг бодитоор авах ёстой байсан гэдгээ нотлох ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалтай холбоотой асуудал яригдаж байгаа боловч уг тушаалыг хүчин төгөлдөр бус гэж маргаж байсан. Учир нь тухайн баримт бичиг нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийг бус, өмнө мөрдөгдөж байсан хуулийн 21, 23 дугаар зүйлүүдийг үндэслэн боловсруулагдсан. Мөн тухайн үед ажиллаж байсан ******* нь хотод, өвчтэй эхээ асарч байсан тул ажлын шаардлагаар З.Мөнх-Эрдэнийг авч явах нөхцөл үүссэн бөгөөд уг тушаал 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Гэтэл нэхэмжлэгч өөрийгөө 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай нийцэхгүй. Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сард “*******” хотхонд инженерээр ажиллаж байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч зөвхөн 2023 оны 04 дүгээр сарын 8, 9, 10-ны өдрүүдэд түр хугацаагаар ирж, ажилтай танилцах байдлаар хүнтэй уулзан, ажлын нөхцөлтэй танилцлаа, ийм ажил хийх юм байна гэдгийг мэдэж авлаа гэж байсан атлаа тухайн хугацааг бүтэн ажилласан мэтээр тайлбарлаж, цалин нэхэмжилж байна. Харин 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажиллахаа больсон талаарх тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч тал няцааж чаддаггүй. Түүнчлэн 2023 оны 04 дүгээр сард “*******” хотхонд бүтэн сарын цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа нь тухайн хугацаанд өөр байгууллагад ажиллаж байсныг нотолж байна. Иймээс бодит байдалд манай байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, нийт 10 орчим хоног ажилласан. Гэтэл уг хугацаанд нэхэмжлэгч нь ажлын сахилга, дотоод журам зөрчих, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ажилдаа ирэх зэрэг асуудал удаа дараа гаргаж байсан. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд гүйцэтгэх захирлын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах нөхцөл үүссэн тул ажилчдын хурал зохион байгуулж, уг асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар улаан дэвтэрт тэмдэглэл болон үзлэг хийсэн баримтууд хэрэгт авагдсан. Тухайн хурлын үеэр удирдлагын зүгээс “ажлаа тогтвортой хийж, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх шаардлагатай, цаашид хамтран ажиллахад хүндрэл үүсэж байна” гэж мэдэгдэхэд нэхэмжлэгч нь “танайх шиг ийм балай ажлыг хийхгүй” гэж хэлэн, ажлын байраа орхиж явсан. Явахдаа автомашины бензин болон замын зардалд мөнгө авч явсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс манай байгууллагад тогтвортой ажилласан мэтээр тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр тухайн хугацаанд 2,750,000 төгрөгийн цалин, мөнгөн урамшуулал авч байсан атлаа “мөнгөгүй байна, хот руу явах шаардлагатай боллоо, танайд цаашид ажиллахгүй” гэж өөрөө мэдэгдэн, замын болон бензиний зардлын мөнгө авч явсан нь баримтаар нотлогддог. Мөн хөдөлмөрийн гэрээ албан ёсоор байгуулагдаагүй бөгөөд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлмөрийн гэрээ байгуулах боломж бүрдээгүй. Иймээс тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь ноцтой зөрчилтэй холбоотой буюу ажлын байранд удаа дараа согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн шинжтэй зохисгүй үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул холбогдох тушаал гарсан. Гэтэл нэхэмжлэгч нь байгууллагад ирж тушаалаа авах, “ажлаас үндэслэлгүй халсан” талаар гомдол гаргах зэрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар ажилтан өөрийн эрх зөрчигдсөн гэж үзвэл тухайн эрх нь зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх боломжтой болсон үеэс эхлэн хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад хандах үүрэгтэй. Тус зохицуулалтад зааснаар ажилтан гурван талт хороо болон шүүхэд 30 хоногийн дотор хандах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрөө ажлаа орхиж, хот руу явсан. Явах үедээ “ажлаас чөлөөлөх тушаалаа өг” гэж шаардаагүй, “би танайд үргэлжлүүлэн ажиллана” гэж мэдэгдээгүй, ямар нэгэн албан ёсны хүсэлт гаргалгүйгээр ажлаа хаяад явсан. Түүнээс хойш хаана байгаа нь тодорхойгүй, байгууллагатай холбоо бариагүй байдалтай байсан. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх хугацаа, журмыг огт мөрдөөгүй бөгөөд бүтэн 3 сар 22 хоног өнгөрсний дараа анх удаа гурван талт хороонд хандсан. Мөн нэхэмжлэгч “гурван талт хороонд хандсан” гэх баримт гаргаж өгдөг боловч уг баримтын агуулга нь өөрөө эргэлзээтэй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд маргалдагч талуудыг оролцуулан асуудлыг хэлэлцэнэ гэж заасан байдаг. Гэтэл тухайн хэлэлцүүлэгт маргалдагч талаас хэн ч оролцоогүй, мэдэгдэл аваагүй. Харин баримт дээр “маргалдагч тал оролцохоос татгалзсан”, “утсаар холбоо барихад Увс аймагт ажилтай байна гэж хэлсэн” гэх агуулга бичигдсэн Гэвч тухайн “маргалдагч тал” нь хэн байсан, ямар албан тушаалтай хүн байсан, хэдний өдөр, ямар утсаар холбогдсон талаар тодорхой мэдээлэл огт тусгагдаагүй. Иймээс эдгээр нь бодитой, үнэн зөв баримт гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэгт хуурамч шинжтэй баримт бүрдүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь бодит байдал дээр ажлаа гүйцэтгээгүй, өөрийн хүсэлтээр ажлаа орхин явсан болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь “тушаал, шийдвэрийг надад гардуулж өгөөгүй” гэж тайлбарлаж байгаа боловч тухайн асуудлын талаар өөрөө мэдэж байсан нь хэргийн үйл баримт болон тайлбаруудаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул уг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаалалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч З.*******нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10,250,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...Нэхэмжлэгчийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа ажлын байран дээрээ байхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хамт ажилласан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдсан, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах завдал гараагүй өөрөө ажлын байраа орхин явсан, хөдөлмөрийн маргаан таслах комисст хожим хандсан, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хэрэглэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хандсан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэж ...” маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №23/03 дугаартай тушаалаар, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаанд ажиллаж байсан З.Мөнх-Эрдэнийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн “Үйл ажиллагаа хариуцсан захирал”-ын албан тушаалд томилсон. /хх-3/
3.2. Улмаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалаар, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.5.4, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3, 8.1.4 дэх заасныг үндэслэн барилгын инженер ажилтай З.*******нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллахдаа удирдах албан тушаалтны өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхээс үндэслэлгүй татгалзсан үйлдэл эс үйлдэхүй хийх, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэх, архи хэрэглэсэн үедээ ажлын байранд зүй бус авирлах үйлдэл гаргаж “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасан “Ноцтой зөрчил” гаргасан тул 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. /хх-22/
3.3. “*******” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.2. Удирдлагын үүрэг даалгавар, тушаал шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй, 8.1.4. Ажлын өдөр, ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч З.*******дээрх зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан *******ийн мэдүүлэг, мөн ажилтнуудын ирц, ажил үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг бүртгэдэг дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч З.*******нь Увс аймагт ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа удирдах ажилтнаас өгсөн ямар үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлээгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь холбогдох баримтаар хэрхэн тогтоогдсон нь тодорхойгүй байна.
Иймд З.Мөнх-Эрдэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэхээр байна.
3.4. Гэвч хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхээр хуульд тусгайлан тогтоосон хугацааны зохицуулалт үйлчилдэг бөгөөд ажилтан нь эрх нь зөрчигдсөн талаар мэдсэн буюу мэдэх боломжтой болсон өдрөөс эхлэн хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, маргаанаа шийдвэрлүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь наадмын дараа ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн гэх ба хэргийн баримтаар нэхэмжлэгч нь “*******” ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд инженерээр ажиллаж, 2,750,000 төгрөгийн цалин авсан ба 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлын байраа орхиж явсан болох нь тогтоогдсон.
3.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор маргалдагч тал ...сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй,
Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн шийдвэрийг танилцуулаагүй, нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гомдлоо гаргаж, талууд харилцан тохиролцож чадаагүй улмаас маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон талаар хуралдааны тэмдэглэл гарсан байна. /хх-7-9/
Улмаар нэхэмжлэгч нь анх 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг буцаах захирамж гарч, нэхэмжлэгч шүүхэд дахин 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. /хх-1-2, 10/
Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь “*******” ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл инженерээр ажиллаж, 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлын байраа орхин явсан болох нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч өөрийгөө наадмын дараа ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн гэж тайлбарласан боловч уг тайлбар нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй.
4. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа эргэн орж ажиллаагүй, ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, түүнчлэн тухайн үеэс хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон талаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор маргалдагч тал ...сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй.
Иймд нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоологдож, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хандсан байх бөгөөд энэ нь хуульд заасан хугацаа өнгөрсний дараа гомдол гаргасан байна.
Түүнчлэн уг хугацааг сэргээх, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн маргаан урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан хугацааг хэтрүүлэн хандсан гэж үзэх бөгөөд хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч З.*******д хариуцагч байгууллага хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг огт гардуулж өгөөгүй, тушаал гарсан эсэхийг ч мэдээгүй байхад хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн хугацааг 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс тоолсон Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсгүүдэд заасантай нийцэхгүй гэх гомдол хангагдахгүй.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д “энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол;”, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.”, тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх заалтыг баримтлаагүй тул холбогдох зүйл, заалтыг баримталсан өөрчлөлт шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
6. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/01713 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад “158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ