Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2020/0020

 

 

“А” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн төлөөлөгч М.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Ц.А, Ч.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0756 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0756 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн 17.2-т тус тус заасныг баримтлан “А” ХХК-ийн “Татварын улсын байцаагч  нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 232018012 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...“А” ХХК-д 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 232018012 тоот шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан. Ингэхдээ Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл хэсэг заалтыг үндэслэн зөрчил гаргасан болохыг тогтоосон нь илт хууль бус гэж үзэж байна.

Учир нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэжээ.

Өөрөөр хэлбэл “А” ХХК-ийг зөрчил үйлдсэн эсэхийг шалган тогтоогоогүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэг заалтыг зөрчсөн болохыг дурдалгүй зүгээр л зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр торгууль оногдуулсан 232018012 тоот шийтгэлийн хуудас нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Зөрчлийн үндсэн шинж буюу бүрэлдэхүүний талаар Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид тодорхой заасан байдаг. Хавтаст хэрэгт дээр дурдсан бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж тогтоосон талаарх бичгийн нотлох баримт байхгүй болно.

Тиймээс 232018012 тоот шийтгэлийн хуудас, анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0756 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Гомдол гаргагч “А” ХХК-иас “Татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 232018012 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 232018012 дугаар шийтгэлийн хуудсаар “А” ХХК-ийн 2014-2016 оныг дуустал хугацааны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалтгалт хийж, нийт 244,746,114.10 төгрөгийн зөрчилд нийт 43,278,638.30 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг “А” ХХК нь “...шийтгэлийн хуудас нь утга агуулгын хувд илэрхий алдаатай, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргажээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, Монгол дээд сургуулийн захирал Н.Д-гийн гаргасан гомдол, татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу татварын улсын байцаагч нар нь “А” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, улмаар илрүүлсэн зөрчилд шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 дахь хэсэгт заасан зөрчил”, 7.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасантай нийцсэн байх төдийгүй хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчид төлбөр төлүүлэхээр тогтоосон шийтгэлийн хуудсыг илт хууль бус гэж үзэхгүй.

Тодруулбал, утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тухайн захиргааны актыг эрх зүйн мэдлэггүй, ердийн ухамсрын түвшинд хэн ч хараад хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийхүйц байхыг ойлгодог, түүнчлэн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг нь хувийн болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй гэсэн эрх зүйн үндсэн зарчимд нийцсэн байхыг ойлгоно.

Гэтэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 232018012 дугаар шийтгэлийн хуудсыг дээрх тайлбарт тодорхойлсон байдлаар дүгнэгдэх боломжгүй байна.

Түүнчлэн, хариуцагч татварын улсын байцаагч нарт “А” ХХК-ийн 2014-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийх эрхийг хуулиар олгосон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тиймээс анхан шатны шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 232018012 дугаар шийтгэлийн хуудас “илт хууль бус” байх шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэн тул гомдол гаргагчийн “...232018012 дугаар шийтгэлийн хуудас нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх “А” ХХК-ийн гомдлын шаардлагыг үндэслэл бүхий дүгнэж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу “А” ХХК-ийн зөрчил үйлдсэн цаг хугацааг харгалзан маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчилд холбогдох төлбөрийн зарим хэсэг болох торгууль, алданги, хүүг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан хугацаанд нийцүүлж өршөөн хэлтрүүлэхээр байжээ.

Тодруулбал, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж зааснаар гэмт хэргийн үйлдэл нь, эсхүл захиргааны зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан бол уг гэмт хэрэг болон захиргааны зөрчил нь ял шийтгүүлэхээс, захиргааны шийтгэлээс чөлөөлөгдөхөөр зохицуулсан.

Гэвч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “А" ХХК-ийн 2014-2015 онд гаргасан зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гарсан эсэхийг шүүх тооцох боломжгүй байх тул хариуцагч нарт тус зөрчилд ногдуулсан алданги, торгууль, хүүг дээрх хуульд нийцүүлэн гомдол гаргагчийг өршөөлд хамрагдах эсэхийг шийдвэрлэхийг даалгах нь зөв гэж шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0756 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 232018012 дугаар шийтгэлийн хуудсаар “А” ХХК-ийн 2014, 2015 онд гаргасан зөрчилд оногдуулсан алданги, торгууль, хүүг зохих журмын дагуу өршөөн хэлтрүүлэхийг хариуцагч нарт даалгасугай” гэж нэмж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН