Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1549

 

                                                     

 

 

 

 

 

 

 

Ц.Хандсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05057 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Хандсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Батсайханд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 57 850 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: А.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэрэндэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр А.Батсайхантай зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон ба тухайн өдрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 35 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн юм. Бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл зээлдэгч А.Батсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийг төлөөгүй, түүнээс зээл төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл биелүүлэхгүй байсан тул нийт 65 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Одоо үндсэн зээл 35 000 000 төгрөг, хүү 5 350 000 төгрөг, алданги 17 500 000 төгрөг нийт 57 850 000 төгрөг нэхэмжилж байна. Түүнчлэн талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан бөгөөд шүүхийн шийдвэрт хэрэв хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тусгах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар тайлбартаа: Миний бие Ц.Хандсүрэнгээс 35 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлийн хүүг төлж байсан. Зээлийн хүү төлж байсан баримтууд Ц.Хандсүрэнгийн дансны хуулгаас тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д тус тус зааснаар хариуцагч А.Батсайханаас 35 000 000 төгрөгийн үндсэн зээл, ашигласан хугацааны зээлийн хүү 3 850 000 төгрөг, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус үндэслэн 17 500 000 төгрөгийн алданги нийт 56 350 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Хандсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч А.Батсайхан нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байрны 75 тоот хаягт байрлах Ү-2204003793 тоот улсын бүртгэлийн дугаартай, 12 м,кв талбайтай 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хандсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөг, хариуцагч А.Батсайханаас 439 750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зээлийн хүү 3 850 000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Би зээлийн хүүнд 6 сарын туршид мөнгө төлсөн нь Ц.Хандсүрэнгийн дансны хуулгаар батлагдаж байхад надаас гэрээний хүү гэж өндөр дүнгээр төлүүлэхээр шийдсэнд гомдолтой. Ц.Хандсүрэн нь анх нэхэмжлэл гаргахдаа 6 сарын хүү нэхэж огт төлж байгаагүй мэтээр шүүхэд мэдүүлсэн. Гэвч миний хүсэлтээр дансны хуулгыг гаргуулсаны дараа нэхэж байгаа зээлийн хүүгээ багасгасныг шүүх анхаарахгүй байна. Шүүх хэрэгт авагдсан баримтаас үзвэл 4 550 000 төгрөг төлсөн байна гэж дүгнэн миний төлсөн дүнг багаар тооцсон нь буруу болсон байна. Би зээлийн хүүнд 6 050 000 төгрөг төлсөн байхад буруу тооцон шийдсэнд гомдолтой. Шүүх хуралдаанд орж зээлийн асуудлаа үнэн зөвөөр шийдүүлж чадаагүй учир танай шүүх зөвөөр шийднэ гэж найдаж байна. Иймд шүүхийн шийдвэрт зээлийн хүүнд 2 350 000 төгрөг төлөхөөр зөвтгөсөн өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Хандсүрэн нь хариуцагч А.Батсайханд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт нийт 65 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч Ц.Хандсүрэн нь 35 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч А.Батсайхан нь  6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7 дугаар тал/

 

            Мөн талууд 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар  хороолол, 5 дугаар байр, 75 тоотод байрлах, 12 м.кв, 1 өрөө, хариуцагч А.Батсайханы өмчлөлийн орон сууцыг барьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлжээ. /хх-ийн 8 дугаар тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, 282 дугаар дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүү төлөх, 232 дугаар зүйлийн 232.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анз төлөх талаар тохиролцоо хийгдсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба 35 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан талаар хариуцагч тайлбарласан ба энэ талаархи баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 7 дугаар тал/

 

“Хаан” банк дахь нэхэмжлэгч Ц.Хандсүрэнгийн эзэмшлийн дансны хуулгаар зээлийн гэрээний хугацаанд хариуцагч А.Батсайхан нь нийт 4 550 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн болох нь тогтоогдсон ба хариуцагч нь зээлийн хүүнд 6 050 000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн гаргасан энэхүү гомдол үндэслэлгүй болно.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч А.Батсайхан нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлд хамаарах үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул шүүх зээлийн үндсэн төлбөр 35 000 000 төгрөг, хүү 3  850 000 төгрөг, алданги 17 500 000 төгрөг нийт 56 350 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. 

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг баримталсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа тэр хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулав. /хх-ийн 10 дугаар тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/05057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “… 231 дүгээр зүйлийн 231.1.1 …”,

2 дахь заалтын “… 174 дүгээр зүйлийн 174.1 …” гэснийг тус тус хасч, 

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 439 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж  тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                                           

                             ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА                                                                                                    

                                                               Г.ДАВААДОРЖ