Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 548

 

2016 оны 10 сарын 17 өдөр     Дугаар 156/ШШ2016/00548
    Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00602/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баян-Адарга сумын 1 дүгээр багт оршин суух, иргэн Өндөр овогт Намсрайсүрэнгийн Нэргүй /РД:СВ63022303/-н нэхэмжлэлтэй
        Хүү Дамдинсүрэнгийн Батсайханаа асран хүмүүжүүлж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ НЬ:
         Нэхэмжлэгч Н.Нэргүй нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Миний бие Цэдэнгийн Дамдинсүрэнтэй 1982 онд гэр бүл болсон. 1982 оны 01 дүгээр сард хүү Д.Батбаяр, 1983 оны 9 дүгээр сард хүү Д.Батсайхан, 1987 оны 01 дүгээр сард хүү Д.Батдэлгэр, 1988 оны 5 дугаар сард хүү Д.Батдорж, 1993 оны 02 дугаар сард охин Д.Чанцаалайгаа төрснийг дүү Цэдэнгийн Жамбалсүрэнгийнхээс өргөж авсан.
         Тэр үед 5 хүүхэд төрүүлсэн бол алдарт эхийн 2-р одонгоор шагнагддаг байсан тул Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 105 дугаар зарлигаар “Алдарт-эх”-ийн 2 дугаар одонгоо авсан.
         2003 онд хүү Д.Батсайханаа 20 настайд нь зуурдаар алдсан. Тэр үед багийн даргаар ажиллаж байсан Г.Доржид төрсний гэрчилгээг нь өгсөн боловч эргээд авч чадалгүй байж байгаад багийн дарга Г.Дорж маань нас бараад төрсний гэрчилгээ нь олдохоо больсон. Одоо 4 хүүхэдтэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэсэн боловч охин Д.Чанцаалайг үрчилж авсан бүртгэл нь олдохгүй, мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Д.Батсайханы төрөлтийн болон нас барсны лавлагааг үндэслэхгүй, хуульд заавал төрсний гэрчилгээг материалд авах шаардлагатай гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэртээ гарч чадахгүй байна. Аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс нас барсан хүүхдээ 9 нас хүртэл асарч хүмүүжүүлснээ шүүхээр тогтоолгуулж байж тэтгэвэр гарч болно гэж зөвлөсөн.
Иймд улсын бүртгэлийн хэлтсээс авсан Д.Батсайханы төрөлт, нас баралтын лавлагаа, бусад нотлох баримтыг үндэслэн хүү Д.Батсайханаа 18 нас хүртэл нь асарч хүмүүжүүлж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ./хх-ийн 1, 11х/
          
       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад               

                                                                                                                                                       
ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч Өндөр овогт Намсрайсүрэнгийн Нэргүй нь өөрийн төрсөн хүү болох Дамдинсүрэн овогтой Батсайханыг насанд хүртэл нь асран хүмүүжүүлж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч Н.Нэргүйн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

                Нэхэмжлэгч Өндөр овогт Намсрайсүрэнгийн Нэргүй нь өөрийн төрсөн хүү болох Дамдинсүрэн овогтой Батсайхан агсаныг 18 нас хүртэл нь асран хүмүүжүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны №4464 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2х/, 2016 оны №4463 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2х/, №1410614 дугаартай иргэний паспорт /хх-ийн 5х/, №187455 дугаартай “Алдарт эх” 2 одонгийн үнэмлэх /хх-ийн 11х/, гэрч Ш.Цэрмаа, Г.Баатарчулуун нарын мэдүүлэг /хх-ийн 14-15х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.
      
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч Өндөр овогт Намсрайсүрэнгийн Нэргүй /РД:СВ63022303/ нь өөрийн төрсөн хүү болох Дамдинсүрэн овогтой Батсайхан /РД:СВ83083019/ агсаныг 18 нас хүртэл нь асран хүмүүжүүлж байсан болохыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Нэргүйгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР