Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01231

 

 

 

    2026           05            27                                       210/МА2026/01231

                                               

 

О.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/03140 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.*******д холбогдох,

Гэм хорын хохиролд 1,473,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагчийн төлөөлөгч Н.Одгэрэл, М.Энхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. О.******* миний эзэмшлийн 2018 оны Land cruiser 200 GXR маркийн *******улсын дугаартай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Nissan leaf маркийн ******* улсын дугаартай авто машины жолооч болох Н.******* нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Н.******* нь мөргөсөн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч замын цагдаад ослын дуудлага өгөхгүй байхыг удаа дараа гуйж, мөн автомашин болон жолоочийн хариуцлагын даатгал нь дууссан тухайгаа хэлсэн.

1.2. Тухайн үед Н.*******, түүний ээж н.*******гийн хүсэлтээр замын цагдаагийн ослын дуудлага өгөөгүй. Миний унаж явсан автомашины гэмтлийг бүрэн төлж барагдуулахаа удаа дараа амласан. Тус хүмүүс нь амласан ёсондоо хүрч миний автомашиныг бүрэн засварлах хохиролгүй болгох асуудлаа шийдэж өгөхгүй утсаа авахгүй байсан тул Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргасан. Тэгээд би хохирлын үнэлгээ шаардлагатай гэсэн тул Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй ойрхон байсан “Ашид билгүүн” ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн. Автомашины хохирлын үнэлгээ 1,375,000 төгрөг, үнэлгээний хөлс 98,000 төгрөг, нийт 1,473,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Нэхэмжлэлд дурдсан зам тээврийн осолтой холбоотой камер шүүлгэж, шинжээч томилуулах хүсэлт болон гомдлыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд хариуцагч Н.******* нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байна.

2.2. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу автомашины өмчлөгч нь Голомт банк байгаа учраас маргаж байна. Замын ослын талаар болсон үйл явдлаа зөрүүтэй ярьдаг. Мөрдөгч *******энэ хэрэгт гэрчээр асуухад хэрэгт хэн нэгний гэм буруу тогтоогдоогүй гэдэг. Энэ хүн зам тээврийн ослын акт, үнэлгээний тайлангаа үндэслэл болгоод байдаг.  Гэтэл уг “Ашид билгүүн” гэх газар нь тусгай зөвшөөрөлтэй эсэх мөн хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийсэн эсэх тодорхойгүй. Актын тухайд нөхөн үзлэг хийсэн хийж, мөрдөгч Ч.Равдан нь тухайн газар дээр очоогүй гэдгээ хэлдэг. Осол гарсан гэдэгтэй маргахгүй ч гэм буруутай эсэх дээр тогтоогдоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******гаас гэм хорын хохиролд 1,473,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 38,518  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Н.*******гаас 38,518 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гэм буруугийн асуудал дээр маргаж байна. Тухайн ослыг шалгасан мөрдөгч Ч.Равдан нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Энэ хэрэгт хэний буруутай талаар одоо хүртэл тогтоогдоогүй" гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн яриад байгаа шиг үйл явдал болоод хариуцагч Н.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас уг осол болсон гэдэг нь огт тогтоогдоогүй болохыг гэрч Ц.Равдан өөрөө хүлээн зөвшөөрсөн. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй бөгөөд тухайн өргөдөл гомдлыг хүлээж авсны дараагаар мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй. Ослын актыг хөдлөнгийн гэрчийг байлгалгүйгээр нэхэмжлэгч О.*******ын хэлсний дагуу үйлдсэн байдаг. Замын хөдөлгөөний дүрэмд зөвхөн араас мөргөсөн машиныг гэм буруутай гэж үздэггүй бөгөөд урд явж байгаа машин гэнэт тоормос гишгэх тохиолдолд урд машины буруу байх тохиолдол байдаг.

4.2. Хэрэгт авагдсан  уг CD нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. CD буюу түүнд файл хэлбэрээр хадгалсан дуугүй богино бичлэг /нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн гэх боловч уг бичлэгийг гар утсанд үзлэг хийн бэхжүүлж аваагүй/-ийг шүүх хуралдааны явцад үзэж танилцсан зэрэг нь бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэж байна.

4.3. Нэхэмжлэгч О.*******ын осол болох үед унаж явсан гэх Ланд круйзер  /Land Cruiser GXR/ 200 маркийн *******улсын дугаартай автомашин нь Голомт банкны өмчлөлд байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Голомт банктай байгуулсан гэх зээлийн гэрээ, эсхүл өмчлөгчөөс олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байна. Нэхэмжлэгч О.*******ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

4.4. Хохирлын үнэлгээний тайлан гаргасан этгээд болох “Ашид Билгүүн” ХХК нь уг үнэлгээг хийх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй бөгөөд “Ашид Билгүүн” ХХК гэх хуулийн этгээдийн хийсэн хохирлын үнэлгээний тайланг хавсаргасан байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.15-д хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн этгээд, 5 дугаар зүйлийн 5.4-т хөрөнгийн үнэлгээний байгууллагаас үнэлгээчний эрх олгох энгийн зөвшөөрлөөр үнэлгээ хийхээр тус тус зохицуулсан байна. Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар “Ашид Билгүүн” ХХК нь үнэлгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байгаа нь уг хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах гомдлыг гаргаж байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1.Нарны замын баруун /Энхтайвангийн гүүрний талаасаа/ зүүн тийш чиглэж яваад замын цагдаагийн урд талын буюу Олимпын гүүр рүү гарч гүүрний үндсэн зам руу орох гэж туслах зам дээр дохио өгч зогсож байхад араас ирээд мөргөсөн учраас гэм буруутай гэж үзэж байна. Мөргөлдсөн цэг дээр мөрдөгч хэмжилтийг хийж ослын актыг үйлдсэн. Уг машиныг 2018 онд “Голомт банк” ХК-аас зээлээр худалдаж авсан бөгөөд зээлийн гэрээ, “Таван богд” ХХК-тай байгуулсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад очиход машины үнэлгээ хийлгээрэй гэх нь  цагдаагийн байгууллагатай хамгийн ойр байсан. “Ашид билгүүн” ХХК-аар үнэлүүлсэн. Үнэлгээний тайлан шаардлага хангахгүй байгаа гэдэг талаар мэдэхгүй. Миний зүгээс даатгалын компанид хандаагүй нь “миний буруу биш” гэж үзсэн учраас хандаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 1,473,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. Хариуцагч Н.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нарны замд ******* улсын дугаартай Nissan leaf маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа нэхэмжлэгч О.*******ын эзэмшлийн *******улсын дугаартай Land cruiser 200 GXR маркийн тээврийн хэрэгслийг зогсож байхад нь араас нь мөргөж нэхэмжлэгчид 1,473,000 төгрөгийн хохирол учирсан болох талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

3.2. Нэхэмжлэгч нь осол гарсны маргааш өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хандан гомдол гаргаж, Зам тээврийн осол, хэрэг гарсан газар хэмжилт хийж, Зам тээврийн осол дээр тогтоосон акт үйлдэн, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан гаргаж, холбогдох этгээдээс зөрчлийн талаар тайлбар мэдүүлэг авах зэрэг зохих ажиллагааг хийж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан.  

 

3.3. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр *******улсын дугаартай, Land cruiser 200 GXR маркийн тээврийн хэрэгсэл нь “Голомт банк” ХК-ийн, ******* улсын дугаартай, Nissan leaf тээврийн хэрэгсэл нь Б.*******гийн эзэмшилд бүртгэлтэй байна.

 

            4. Зам тээврийн осол болсон үйл баримтад талууд маргаагүй боловч хариуцагч гэм буруугүй гэж маргана.

           

4.1. Зам тээврийн ослын дараа талууд цагдаагийн байгууллагад болон даатгалын байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбараар ослын дараа хариуцагч тал хохирлыг барагдуулахаар болсон гэж, хариуцагчийн тайлбараар тус бүр өөрсдийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцахаар тохирсон гэж талууд өөрөө өөрөөр тайлбарлана.

 

Хариуцагч Н.******* цагдаагийн байгууллагаас осол болсон газарт нөхөн үзлэг хийхэд оролцоогүй, улмаар гэм буруугийн асуудалд маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, холбогдох этгээдээс асууж авсан тайлбар, осол гарах үед авсан фото зураг зэрэг бусад нотлох баримтуудаар хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч О.*******ын унаж явсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсэг “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх заалтыг Н.******* зөрчсөний улмаас уг осол гарсан нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Миний бие энэ хэргийн үйл явдлын хууль зүйн талын мэдлэг дутмаг учир хүн ёсны талаас авч үзлээ. Тухайн өдөр хоёулаа тохиролцоод хариуцагч утасны дугаараа нэхэмжлэгчид өгсөн нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж дүгнэн нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн дагуу олгох нь зүйтэй” гэх дүгнэлтийг үндэслэн хариуцагч Н.*******г зам тээврийн осол гаргасан гэм буруутайд тооцож, “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан, үнэлгээний ажлын хөлсний баримтыг үндэслэн гэм хорын хохиролд 1,473,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасантай нийцсэн байна. 

 

Иймд энэ хэрэгт хэний буруутай талаар одоо хүртэл тогтоогдоогүй гэж гэрч Ц.Равдан мэдүүлсэн, нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн, зөрчил шалгасан ажиллагаа хуульд нийцээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдахгүй. 

 

5. Гэм хорын хохирол шаардах маргаанд нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан этгээдийн хувьд өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж, ашиглаж байсан этгээд тул эд хөрөнгөд учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй. Мөн автомашины хохирлын үнэлгээний тайланг эрх бүхий этгээд гаргасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үзэн зөв, эргэлзээгүй баримт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна.

 

Иймд нэхэмжлэгч шаардах эрхгүй, хөрөнгийн үнэлгээний хийх эрхгүй этгээд хийсэн үнэлгээг зөвшөөрөхгүй гэх гомдол мөн үндэслэлгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/03140 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ