Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 848

 

 

 

 

 

 

 

 

 

    2019       09         24                                     2019/ШЦТ/848

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Т.Жавхлантөгс;

шүүгдэгч: Ц.Цэнддулам (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Цэдэндоржийн Цэнддуламд холбогдох эрүүгийн 1909033900965 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Цацаа” салонд үсчин ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 55 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЦД76072260 регистерийн дугаартай, Монгол овогт Цэдэндоржийн Цэнддулам.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Цэдэндоржийн Цэнддулам нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ямми” гэх нэртэй солонгос хоолны газарт 2019 оны 08 дугаар сарын 28-ны шөнө иргэн Д.Идэрнасантай маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цэнддулам мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Идэрнасан /хх-ийн 6/, гэрч Ц.Ганзул /хх-ийн 11-12/ нарын мэдүүлэг, Ц.Цэнддуламын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10407 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/, Ц.Цэнддуламын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-40/, Д.Идэрнасангийн хүсэлт /хх-ийн 44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд  болон хэрэгт авагдсан бусад бигийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Цэнддулам нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ямми” нэртэй Солонгос хоолны газарт Д.Идэрнасантай “тооцоо давхар уншууллаа” хэмээн маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Д.Идэрнасангийн /хх-ийн 6/: “... 2019 оны 08 дугаар сарын 28-ны орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Ямми” гэх нэртэй Солонгос хоолны газар ажлаа хийгээд байж байтал 10 дугаар ширээн дээр сууж байсан хүмүүс тооцоо хийх болсон. Тооцоогоо картаар хийсэн чинь үлдэгдэл нь хүрэлцэхгүй байсан. Тэгээд дахиад картыг нь уншуулсан чинь болохгүй байсан. Тэгтэл өөдөөс “юу яриад байгаа юм бэ, үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж байхгүй, чи давхар уншуулчихлаа” гээд над руу дайраад намайг үсдэж аваад нүүр самардаад, баруун гарыг самардаж, хэвлий рүү өшиглөж үсдээд бие засах өрөө рүү чирээд байсан... ” гэх мэдүүлгээр,

 

Ц.Цэнддуламын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27/: “... 2019 оны 08 дугаар сарын 28-ны орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Ямми” гэх нэртэй Солонгос хоолны газар би нөхөр болон Ганзулын хамт орж үйлчлүүлсэн. Тухайн газарт хоолоо идчихээд тооцоогоо хийх гэсэн чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Ганзул тооцоо хийсэн. Картанд мөнгө байх ёстой гээд тухайн барментай нь маргалдсан. Би маргалдаж байгаад үснээс нь зулгаагаад тухайн эмэгтэйгийн нүүрийг нь маажчихсан байсан..” гэх мэдүүлгээр,

Д.Идэрсайханы биед “баруун хацар, зулайн хуйханд шалбаралт, цус хуралт, хаван” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10407 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ц.Цэнддуламын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү шүүгдэгч Ц.Цэнддулам нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Идэрнасангийн “... 1.000.000 төгрөгийг бүрэн барагдуулсан тул цаашид гомдолгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Цэнддуламыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэнддулам нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол овогт Цэдэндоржийн Цэнддуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэнддуламыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Цэнддулам нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Цэнддулам урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цэнддуламд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ