Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00313

 

 

    2026           02         04                                       210/МА2026/00313                                        

 

“*******ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/14764 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*******” ГХОХХК-д холбогдох,

 

Харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн 2025 оны 02, 03 дугаар саруудын ажлын хөлс 12,135,483 төгрөг, алданги 1,024,490 төгрөг, нийт 13,159,973 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ГХОХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын ажлын хөлс, алданги 13,159,973 төгрөг гаргуулах шаардлагын үндэслээ Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ цуцлагдсан тул гэрээ цуцлахаас өмнөх хугацааны төлбөрт 12,135,483 төгрөг, гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул гэрээний 3.2-т зааснаар алданги 1,024,490 төгрөг гаргуулахаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөлгүй гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл, уг хэлцлийн дагуу үүрэг шаардах эрхгүй гэж маргажээ.

 

3. “*******” ХХК болон “*******” ГХОХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай”-гэрээг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаатай байгуулж, “*******” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах нүүрсний уурхайн аюулгүй байдлыг хангах, гэрээт харуул хамгаалалтын ажил үйлчилгээг үзүүлэх, хамгаалалтын ажилтны 1 сарын үйлчилгээний хөлс 1 хамгаалалтын албаны ажилтанд 2.200.000 төгрөг, нийт 3 хамгаалалтын алба хаагчид 6.600.000 төгрөг байхаар, “*******” ГХОХХК нь харуул хамгаалалтын үйлчилгээг авч, хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. /хх10-15/

 

4. Анхан шатны шүүх талуудын хоорондох “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээг “тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэгдэх гэрээг зөвшөөрөлгүй этгээдтэй байгуулсан” үндэслэлээр хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт нийцээгүй, тухайн маргаанд хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаантай ба хүчин төгөлдөр бус хэлцэл тул гэрээний үүрэг шаардахгүй гэх хариуцагчийн татгалзалд дараах эрх зүйн дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

 

5. Хэргийн баримтаар, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусаж сунгуулах хүсэлтээ Хууль зүй дотоод хэргийн яаманд удаа дараа гаргаж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар “*******” ХХК (Улсын бүртгэлийн дугаар:9011147119, регистрийн дугаар:5219272)-д харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгосон нь тогтоогдсон. /хх-61-65, 69/

5.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхэд хуульд тухайлан заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн, тийнхүү зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуулиар зохицуулсан, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байхыг шаардана. Хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн хэлцэл бүр энэ төрлийн хэлцэлд шууд хамаарахгүй, агуулгын хувьд байж болох хэлцэл хүчин төгөлдөр байх боломжтой.

5.2.Талууд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах үед нэхэмжлэгч “*******” ХХК-ийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгагдаагүй байсан үйл баримтад талууд маргаагүй, гагцхүү тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ Зөвшөөрлийн тухай хууль батлагдан, дагаж мөрдөх хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлснээр харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Цагдаагийн байгууллага бус Хууль зүй, дотоод хэргийн яам олгох болсонтой холбоотой хүсэлтээ тухайн байгууллагад гаргасан боловч гэрээний хугацаанд зөвшөөрөл олгогдоогүй, хожим олгогдсон байна.

 

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,  Зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт зааснаар харуул хамгаалалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зохицуулсан хэдий ч дээрх байдлаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байсан цаг хугацаанд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч талууд хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлж тохиролцон гэрээг байгуулсан явдал агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хамаарахгүй байна.

 

6.Талуудын хоорондох гэрээний тохиролцоо, оролцогчийн эрх үүрэг, гэрээний зүйлээс үзэхэд дээрх гэрээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний төрөлд хамаарч байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэг хүлээнэ.

6.1. Талууд гэрээг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан хэдий ч гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч үргэлжлүүлэн үйлчилгээг үзүүлж байсан, үүнийг хариуцагч “*******” ХХК эсэргүүцээгүй, мөн 2025 оны 1 дүгээр сарын ажлын хөлсийг төлсөн зэрэг бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрч байсан байх тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасан байна.

6.2. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнууд 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцсан объектыг орхиж явсан үйл баримтад зохигчид маргаагүй бөгөөд ийнхүү үйлчлүүлэгч талын объектыг орхиж явснаар тухайн өдрөөр талуудын хоорондох гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

6.3.Нэхэмжлэгч гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлсэн тул гэрээнд заасан хөлсөөр тооцож 2025 оны 02, 03 дугаар сарын үйлчилгээний хөлсөнд 12,135,483 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос “үйлчилгээний хөлсийг хариуцагчаас гаргуулаагүй” орхигдуулсан гэсэн хэсгийг хангана.

 

7. Талуудын хоорондох гэрээний 3.2-т “Үйлчлүүлэгч тал хамгаалалтын үйлчилгээний хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.3%-иар алданги тооцох буюу төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээг дангаар нь цуцлах эрхтэй” гэж тохиролцсон, уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх боловч дээр дурдсанаар талуудын хоорондох гэрээ цуцлагдсанаар түүнээс  хойших хугацаанд алданги шаардсан нь мөн хуулийн 232.6 дах хэсэгт нийцэхгүй тул алданги 1,024,490 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/14764 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ГХОХХК-аас 12,135,483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,024,490 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 223,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ГХОХХК-аас 209,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай”

 

2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч “*******” ГХОХХК-аас 209,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ