| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0645/э |
| Дугаар | 852 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 852
2019 09 25 2019/ШЦТ/852
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
улсын яллагч: С.Оюунжаргал /томилолтоор/;
хохирогч: З.Нямцэрэн;
шүүгдэгч: Л.Бадрал (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Лхагвын Бадралд холбогдох эрүүгийн 1903006190297 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ийгл” телевизид жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 4 дүгээр гудамжны 42 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ФМ84081817 регистерийн дугаартай, Боржгон овогт Лхагвын Бадрал.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Л.Бадрал нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гадаад хэргийн яамны хойд замд “Nissan Теаnа” маркийн 83-68 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан заалтыг зөрчсөний улмаас Д.Түмэнбаярын жолоодож явсан “Daewoo Bus 106” маркийн 23-64 УБЧ улсын дугаартай автобустай мөргөлдөж, зорчигч Г.Нямцэрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бадрал мэдүүлэхдээ: Тухайн өдөр би “Централ тауэр” орох гээд тасархай зураасаар эргэх гээд явж байсан. Машины толинд хархад автобус нилээн ард явж харагдсан. Би эргэсэн чинь гэнэт хажуунаас автобус ороод ирсэн. Автобусны хойд хэсэг нь миний машины буфер, крыло хоёрыг хамаад явсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нямцэрэн мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр автобусанд явж байгаад автобус огцом тоормозлоход унаж гэмтсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очсон “хагалгаанд ор” гэсэн. Би эдгэх болов уу гээд хагалгаанд орохгүй хүлээж байсан. Одоо болтол зүгээр болдоггүй. Хэрэв хагалгаанд орвол мөнгөө авмаар байна. Шүүх хурлаас өмнө 500.000 төгрөг өгсөн. Миний эмчилгээний зардал тэрнээс их гарч байгаа. Миний хөл гэмтсэн болохоор таягтай таксигаар явж байгаа. Эмчилгээний зардал 1.500.000 төгрөг болсон. Би одоо баримт авч ирээгүй. Хэрэгт хавсаргасан нь 781.528 төгрөгийн баримт байгаа. Ажилдаа хэдэн сар яваагүй. Энэ хугацааны цалингаа нэхэмжилж байна. Мөнгөө гаргуулж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12/, хохирогч З.Нямцэрэн /хх-ийн 25-28/, гэрч Д.Түмэнбаяр /хх-ийн 40/, Ж.Оюунзул /хх-ийн 42/ нарын мэдүүлэг, хохирлын баримтууд /хх-ийн 29-32, 43-48/, Л.Бадралын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33, 79-81/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-50/, “Кости-Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 52-53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7193 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 62-63/, Л.Бадралын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 68-74, 96-101/, иргэний нэхэмжлэгч Э.Мажаачамын мэдүүлэг /хх-ийн 85-87/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Бадрал нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 05 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Гадаад хэргийн яамны хойд замд “Nissan Теаnа” маркийн 8368 УБМ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан заалтыг зөрчсөний улмаас Д.Түмэнбаярын жолоодож явсан “Daewoo Bus 106” маркийн 2364 УБЧ дугаартай автобустай мөргөлдөж, автобусанд зорчиж явсан иргэн З.Нямцэрэнг хүндэвтэр гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
мөрдөгчөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12/,
хохирогч З.Нямцэрэнгийн /хх-ийн 27-28/: “... 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн орчимд 100-н айлаас алхаад 11 дүгээр хорооллоос автобусанд суугаад Зайсанд байдаг Хөдөө аж ахуйн их сургууль орох гээд явсан. Тэр үед би автобусны хойд талын хөндлөн төмөрөөс бариад зогсоод явж байсан. Тэгтэл Гадаад хэргийн яамны хойд замд миний суусан автобус нь гэнэт тоормоз гишгэх шиг болоод би урагшаа ханараад унасан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Түмэнбаярын /хх-ийн 40/: “... 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 12
цагийн орчим би Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮ газрын
эзэмшилд байдаг хөх алаг өнгийн “Дэү-106” маркийн 2364 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон кабиндаа хянагчгүйгээр “11 дүгээр хороолол-Зайсан” чиглэлд Багшийн дээд сургуулиас Зайсан орох гээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны
нутаг Гадаад хэргийн яамны хойд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун
чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40 орчим километр цагийн хурдтай явж байсан. Энэ үед 2 болон 3 дугаар эгнээний машинууд түгжрээд зогсож байсан.
Тэгтэл 2 дугаар эгнээнээс хар өнгийн “Ниссан Тиана” маркийн (улсын дугаар болон
серийг нь анзаараагүй) тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээ рүү орох гэж байгаад буцаад эгнээ рүүгээ дарахаар нь би цааш нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээд яваад ойрттол буцаад нэгдүгээр эгнээ рүү дараад ороод ирсэн. Би харсан даруйдаа тоормозоо гишгэж баруун гар тал руугаа дарахад замын хойд талын боржуранд автобусны баруун урд талын дугуй орж гяхтнуултал автобусны заалан дотор хүмүүс ханаралдаад унасан. Би тэр машинтай шүргэлцээд зогссон...” гэх мэдүүлгээр,
гэрч З.Оюунзулын /хх-ийн 42/: “... 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн орчим би ганцаараа Зайсанд найзындаа очих гээд Хөгжим бүжгийн сургуулийн автобусны буудлаас автобусанд суугаад голын хаалган дээр суугаад явж байтал автобус гэнэт тоормозлох шиг болоод хүмүүс газарт давхралдаад унасан. ...Би босож чадахгүй байхад хүмүүс намайг босгоод суудал тавьж өгсөн. Автобус нэг машинтай мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлгээр,
иргэний нэхэмжлэгч Э.Мажаачамын /хх-ийн 85-87/: “... Дэү-106 маркийн автобус манай Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮ газрын автобус юм. Манай автобусаны зүүн хажуу талын хэсэг нь эвдэрсэн. Үнэлгээгээр тогтоосон хохирлоо барагдуулвал гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлгээр,
иргэний нэхэмжлэгч Н.Батбаярын /хх-ийн 94/: “... Л.Бадрал нь манай байгууллагын “Ниссан теана” маркийн 8368 УБМ дугаартай машины эвдрэлийг засаж янзалсан тул түүнээс нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр,
З.Нямцэрэнгийн биед “баруун өвдөгний үеийн дотор холбоосны арын эвэрт урагдал, урд чагтан холбоосны суналт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсаныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7193 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 59/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар /хх-ийн 49-50/,
“...“Nissan Teana” маркийн 8368 УБМ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Бадрал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4 “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхлэж байр эзлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. “Daewoo bus-106” маркийн 2364 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч Д.Түмэнбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 62-63/ болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно
Шүүгдэгч Л.Бадрал нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо “байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн” улмаас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Л.Бадралын “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч З.Нямцэрэн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хор, эмчилгээний зардалтай холбоотойгоор баримтаар нийт 781.528 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх 281.528 төгрөгийг шүүгдэгч Л.Бадралаас гаргуулж хохирогч З.Нямцэрэнд олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч З.Нямцэрэн нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Мөн шүүгдэгчээс хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол 345.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч “Ийгл телевиз” ХХК “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг уг байгууллагад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Л.Бадралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бадрал нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржгон овогт Лхагвын Бадралыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бадрал торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Л.Бадрал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бадралаас 281.528 төгрөгийг гаргуулж хохирогч З.Нямцэрэнд, 345.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮ Газарт тус тус олгож, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч “Ийгл телевиз” ХХК-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч З.Нямцэрэн нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бадралд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ