Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2026/00245

 

 

    2026          01            28                                        210/МА2026/00245                                        

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/08415 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

 

85,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани *******орон сууц худалдан авахаар харилцан тохиролцож орон сууцны төлбөртөө цемент, автомашин болон 34,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Тухайн үед орон сууцны гэрчилгээ гараагүй байсан тул зөвхөн аман байдлаар тохиролцсон. *******нь *******орон сууцыг 2021.08.27-ны өдөр *******Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж Ашид консалтинг ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээгээ шилжүүлсэн байсан.

1.2. Бид ямар шалтгаанаар шилжсэн гэдгийг мэдээгүй учир *******болон *******, *******нарыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан.

1.3. Бид *******23,719,000 төгрөгийн үнэ бүхий цемент, мөн RX маркийн автомашин, түүний данс руу 34,000,000 төгрөг, нийт 85,620,000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг шилжүүлсэн ч *******манай компанид биш өөр этгээдэд орон сууц захиалгын гэрээг шилжүүлсэн тул бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу буюу бичгээр байгуулаагүй тул тухайн тохиролцоо хүчин төгөлдөр болж чадалгүй дуусгавар болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу *******нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хангаж өгнө үү. *******, *******нараас татгалзсан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хариуцагч *******нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийг тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирлын хэлсэн шийдвэрээр Нийслэлийн ******* хаягт байрлах 87.37 м.кв талбайтай орон сууцыг түүний эхнэр болох Д*******д 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх тухай гэрээгээр шилжүүлж өгсөн.

2.2. Тухайн орон сууцанд *******нь гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь *******ын эхнэр Д*******, хүүхэд *******, *******нарын нэр дээр бүртгэлтэй байдаг. Иймд хариуцагч *******нь 85,620,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч *******85,620,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, *******нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686,545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.1, 6.2, 7-д “*******” ХХК нь *******той хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хариуцагч **************, 87.37 мкв орон сууцыг худалдан авч, нийт 85,620,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэжээ.

4.2. Нэхэмжлэгч нь *******од уг орон сууцыг шилжүүлнэ гэсэн ямар нэг тохиролцоо байгаагүй. Харин *******нь нэхэмжлэгч компанитай байгуулсан тохиролцооны дагуу орон сууцыг “*******” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй байсан боловч компанийн зөвшөөрөлгүйгээр уг үл хөдлөхийг компанид хамааралгүй этгээдүүд болох Д*******, *******, *******нарт шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжилсэн. *******нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан хэлцлийг хийсэн нь “*******” ХХК болон *******нарын хооронд байгуулсан аман хэлцлээс тусдаа хэлцэл гэж үзнэ. *******“*******” ХХК-д хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй.

4.3. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг бараа бүтээгдэхүүн, автомашин болон мөнгөн хөрөнгөөр бүрэн төлсөн. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг бичгээр байгуулна, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавьсан. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасны дагуу хэлцлээр авсан зүйлээ харилцан буцааж өгнө. *******болон “*******” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээг бичгээр байгуулна, нотариатаар гэрчлүүлэх гэх агуулга бүхий гэрээ байсан. Талууд дээрх шаардлагыг хангаагүй учир авсан өгсөн зүйлээ буцаахыг анхан шатны шүүх дүгнээгүй.

4.4. *******нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд их хэмжээний хэлцэл хийхэд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл заавал шаардагдах эрх зүйн зохицуулалттай. Гэтэл *******нь “*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Компанийн тухай хуулийг зөрчиж, сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан.

4.5. Анхан шатны шүүх хариуцагч *******амаар тохиролцсон гэрээний дагуу үл хөдлөхийг шилжүүлсэн тул гэрээний үүргээ биелүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд уг үл хөдлөхийг *******од шилжүүлнэ гэсэн тохиролцоо байгааг нотлох баримт огт байхгүй. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд орон сууцны үнийг “*******” ХХК төлж, өмчлөх эрхийг *******ын эхнэр, хүүхдүүдийн нэр дээр шилжүүлнэ гэсэн амаар болон бичгээр тохиролцоо хийгдээгүй. Иймд хариуцагч нь авсан хөрөнгийнхөө оронд шилжүүлэх ёстой эд хөрөнгийг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.3-т зааснаар нэхэмжлэгч шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

4.6. Талуудын хооронд орон сууц худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө, эд хөрөнгө шилжүүлсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөхийг гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй үйлдэл гэж үзнэ.

Анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №1 зөвлөмжийг үл харгалзан, нотлох баримтыг ач холбогдол, хамаарал, шалтгаант холбооны үүднээс бодитой үнэлээгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө шилжүүлсэн тал уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

4.7. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь заалтуудыг зөрчиж, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна. Дээрх үндэслэлүүдээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08415 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэл тодорхой бус байна. Энэхүү хэргийн хариуцагч нь *******бөгөөд тэрээр “*******” ХХК-д 3 өрөө орон сууцыг бартер хэлбэрээр шилжүүлсэн нь баримтаар нотлогддог. *******компанид хохирол учруулсан эсэх асуудал нь *******хамааралгүй.

Зам, барилгын салбарт эд хөрөнгийг компанийн нэр дээр бүртгэлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэх практик түгээмэл байдаг. 150,000,000 төгрөгийн үнэтэй 3 өрөө орон сууцыг “*******” ХХК авсан нь нэхэмжлэлийн агуулга болон холбогдох баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэлд дурдсанаар тус компани *******төлбөр хийж, улмаар *******ын цалингаас суутган тооцохоор тохирч, орон сууцанд оруулсан болох нь харагдана. “*******” ХХК-ийн нягтлан бодогч н.Магсармаа, *******нар 2020 оны 05 дугаар сарын 27-нд тооцоо нийлж, 150,000,000 төгрөгөөс 85,000,000 төгрөгийг цемент, бэлэн мөнгө, автомашин зэрэг эд хөрөнгөөр төлсөн, үлдэгдэл 64,000,000 төгрөгийг авлагаар тооцсон байна. Үүнээс үзэхэд *******орон сууцыг авч, эрх бүхий этгээдийн шийдвэрээр *******ын эхнэр Д*******гийн нэр дээр шилжүүлсэн болох нь тогтоогдоно. *******тухайн үед “*******” ХХК-ийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байсан. Орон сууц шилжүүлэхэд 85,000,000 төгрөгийн төлбөр авсан талаар маргаангүй бөгөөд нэхэмжлэгч уг тооцоог баталгаажуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч *******, *******нараас татгалзсан бөгөөд хариуцагчийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Гэрч *******, *******нарын мэдүүлгээр орон сууцыг ажлын хөлсөнд олгосон талаар дурдсан бөгөөд “*******” ХХК үүнийг үгүйсгээгүй. Хөдөлмөрийн гэрээний 3.4-т 139,000,000 төгрөгийн үнэтэй орон сууц олгохоор заасан нь уг үүргээ биелүүлсэн байх боломжийг харуулж байна.

5.2. Компанид хохирол учруулсан, хөрөнгө завшсан гэх асуудал нь *******хамаарахгүй бөгөөд “*******” ХХК нь *******той хөдөлмөрийн болон компанийн дотоод харилцаатай холбоотой маргаанаа өөрөөр шийдвэрлэх боломжтой. Компанийн тухай хууль, менежментийн асуудал нь мөн *******холбоогүй.

Иймд *******нь эрх бүхий этгээдтэй хууль ёсны тохиролцоо хийж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нь түүнд хамаарахгүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******холбогдуулан “…орон сууц худалдах, худалдан авахаар тохиролцсон боловч *******орон сууцыг өөр этгээдэд шилжүүлсэн тул бичгээр гэрээ байгуулаагүй бидний тохиролцоо хүчин төгөлдөр болж чадаагүй дуусгавар болж, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр орон сууцны төлбөрт төлсөн 85,620,000 төгрөгийг буцаан гаргуулна” гэх шаардлага гаргасныг хариуцагч нь “...нэхэмжлэгч хуулийн этгээдийг тухайн үеийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн шийдвэрээр орон сууцыг түүний эхнэр Д*******д шилжүүлж өгсөн тул 85,620,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй…” гэж эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Хэргийн үйл баримтаас үзвэл, *******, 87.37 м.кв талбайтай орон сууцыг “*******” ХХК нь *******худалдаж авaхаар тохиролцож, 2020 оны 05 сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 сарын 05-ны өдрийн хооронд орон сууцны үнэд тооцон бараа материал, мөнгөн хөрөнгө, тээврийн хэрэгсэл шилжүүлэх зэргээр нийт 85,620,000 төгрөг *******төлсөн талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн, талууд энэ үйл баримтад маргаагүй. /1хх-13, 214-242/

3.2. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд *******нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс “*******” ХХК-д авто зам гүүрийн ерөнхий инженерээр, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 10 сарын 12-ны өдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан байна.

3.3. Хөдөлмөрийн гэрээний 3.4-т *******3 жилийн хугацаатай тус компанид авто замын гүүрийн ерөнхий инженерээр ажиллах бөгөөд компаниас нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажилтны зээлээр авч буй 2 өрөө орон сууцны төлбөртэй дүйцэх 139,000,000 төгрөгийг 2020 онд багтаан төлөхөөр тусгажээ. /1хх178-183/

3.4. Хариуцагч ******* нь худалдан авагч “*******” ХХК-ийн захирал *******зөвшөөрлөөр дээрх орон сууцыг тус компанийн ажилтан *******ын эзэмшилд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гэрч *******, *******нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх 1-2, 2хх 53-58/

3.5. *******“*******” ХХК-д 2020 оны 07 сарын 01-нээс ажилд ороод удаагүй орон сууцыг эзэмшлийг шилжүүлэн авч, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээний эрхийг хариуцагч *******нь *******ын эхнэр болох Д*******д шилжүүлж, орон сууцны үлдэгдэл төлбөрийг *******, *******нар хуучин байраа *******өмчлөлд шилжүүлэн, төлбөр тооцоо дууссан тул эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, *******тоотод байршилтай, 87.37 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Д*******, *******, *******нар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч *******, *******нарын мэдүүлэг, Орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /1хх 1-2, 186-187, 2хх-53-58/

 

4. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа инженерээр ажиллаж байсан *******од орон сууцыг шилжүүлж өгсөн боловч мөнгийг бидэнд буцаан төлөөгүй ажлаа хаяад явсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Мөн гэрч Д*******гийн мэдүүлгээр *******ыг “*******” ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байх цаг хугацаанд орон сууцыг өөрийнх нь эзэмшилд шилжүүлсэн гэх тайлбар зэргийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримт болох бөгөөд гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар давхар нотлогдоно.

 

5. Хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус компанийн гүйцэтгэх удирдлагаар *******2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, *******2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, *******2021 оны 10 сарын 12-ны өдөр тус тус томилогдсон, ******* ХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаартай тушаалаар *******ын ажиллаж байсан төсөл хөтөлбөр нь зогссон тул мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /1хх-4, 36/

 

6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл хариуцагч *******нь “*******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр орон сууцыг *******ын эзэмшил ашиглалтад шилжүүлж, дараа нь *******ын зөвшөөрлөөр эхнэр Д*******, тэдгээрийн хүүхдүүд болох ... нарын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

*******нь тус компанийн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байхдаа орон сууцны өмчлөх эрхийг эхнэр болон өөрийн хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрснийг “*******” ХХК-ийн өмнөөс шийдвэр гаргаж их хэмжээний хэлцэл хийхдээ компанийн хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй, компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч *******нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй боловч талууд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийллээ орон сууцны төлбөрт хоорондын тооцоог нийлэх, тээврийн хэрэгсэл болон мөнгө шилжүүлэх замаар үнийг төлж, орон сууцыг өөрийн ажилтны эзэмшил цаашлаад өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн нь талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзнэ. Энэ тохиолдолд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориг хэрэгжиж өмчлөл нэгэнт шилжсэн тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.   

 

7. Иймээс хариуцагчийг орон сууцыг “*******” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй байсан боловч компанийн зөвшөөрөлгүйгээр уг үл хөдлөхийг компанид хамааралгүй этгээдүүд болох Д*******, *******, *******нарт шилжүүлсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг харилцан буцаах, хариуцагч нь авсан хөрөнгийнхөө оронд шилжүүлэх ёстой эд хөрөнгийг шилжүүлээгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн, их хэмжээний хэлцэл хийхдээ компанийн хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй, компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/08415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 586,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

 

                 ШҮҮГЧИД                                 О.ОДГЭРЭЛ

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ