Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Т-т холбогдох эрүүгийн 1906 0404 11700 дугаартай хэргийг 2019 оны  8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Т, 1967 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, танкийн механик, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар хот дахь “Олон улсын дунд сургууль”-д харуул ажилтай гэх, ам бүл 2, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг Сургуулийн гудамж 1607 тоотод оршин суух, регистрийн ............. дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ч.Т  нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг Сургуулийн гудамж 1607 тоот гэртээ иргэн Д.Эрдэнэтөрийн толгойн тус газар архины шилээр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв өгсөн.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Ч.Тын яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Д.Эрдэнэтөрийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1607 тоотод найз болох Эрдэнэтөртэй 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд согтуудаа хоорондоо маргалдаж улмаар ууж байсан архины шилээр Эрдэнэтөрийн зүүн чих хэсэгт 1 удаа цохиход шил хагарч Эрдэнэтөрийн чихийг зүсэж гэмтээсэн. Хэрэг гардаг өдөр Эрдэнэтөр маш их согтсон байсан бөгөөд над руу дайрч агсараад байсан. Би хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26 дугаар тал/

Хохирогч Д.Эрдэнэтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед хөрш айлын залуу Ч.Тын гэрт орж бид хоёр “Хангай” нэртэй 0.75 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Тухайн үед би ядарсан байсан болохоор 2 дахь шил архийг хувааж ууж байгаад тасарсан. Тэгээд нэг сэрсэн чинь 103-ын түргэний тэрэгний машинд ухаан орсон. ...Ч.Т нь манай аавын шавь нь юм байгаа юм. Бие биенийгээ мэддэг болоод 10 гаран жил болж байна. ...би болсон асуудлыг санахгүй байна, тасарсан байсан. ...Ч.Т бид хоёр өмнө маргалдаж байгаагүй. ...Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5 дугаар тал/

Батлан Хамгаалахын Эмгэг Судлал Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 111 дүгээр:

“1. Д.Эрдэнэтөрт тархины доргилт, зүүн чамархай, зүүн чихний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “хөнгөн” зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 12 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 23 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 15 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 16 дугаар тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.                                                                                        

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Ч.Т  нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг Сургуулийн гудамж 1607 тоот гэртээ иргэн Д.Эрдэнэтөрийн толгойн тус газар архины шилээр 1 удаа цохиж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Мөрдөн байцаалтад Ч.Тын яллагдагчаар өгсөн “...Би хохирогч Д.Эрдэнэтөрийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1607 тоотод найз болох Эрдэнэтөртэй 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд согтуудаа хоорондоо маргалдаж улмаар ууж байсан архины шилээр Эрдэнэтөрийн зүүн чих хэсэгт 1 удаа цохиход шил хагарч Эрдэнэтөрийн чихийг зүсэж гэмтээсэн. Хэрэг гардаг өдөр Эрдэнэтөр маш их согтсон байсан бөгөөд над руу дайрч агсараад байсан. Би хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу.” гэх /хх-26/,

мөн хохирогч Д.Эрдэнэтөрийн өгсөн “2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед хөрш айлын залуу Ч.Тын гэрт орж бид хоёр “Хангай” нэртэй 0.75 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Тухайн үед би ядарсан байсан болохоор 2 дахь шил архийг хувааж ууж байгаад тасарсан. Тэгээд нэг сэрсэн чинь 103-ын түргэний тэрэгний машинд ухаан орсон. ...Ч.Т бид хоёр өмнө маргалдаж байгаагүй. ...Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /хх-5/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Батлан Хамгаалахын Эмгэг Судлал Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 111 дүгээр дүгнэлт /хх-12/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож  байх бөгөөд шүүгдэгч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Эрдэнэтөр нь мөрдөн байцаалтад гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд “нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй” гэж мэдүүлсэн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй, бэлэн мөнгө аваагүй, эм, тариаг авхуулсан” гэж тайлбар гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т “Шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр, эм, тариаг бүгдийг эмийн сангаас авч өгсөн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ч.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Тт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ч.Т нь ажил эрхэлдэг, өөрийн эзэмшил, өмчлөлд эд хөрөнгөтэй байх тул түүнд  оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох шаардлагагүй байх ба торгох ялыг шүүгдэгч Ч.Т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                                                                     

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Чойжамцын Ч.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Тт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ