Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00355

 

 

    2026           02            09                                         210/МА2026/00355                          

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09920 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, орон сууц болон тээврийн хэрэгслээс өөрт болон хүүхдэд оногдох хэсэг гаргуулах, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, тэжээн тэтгэх, зуслангийн байшин худалдан авахад зарцуулсан 33,212,596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч миний бие *******гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаатай 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд хариуцагч нь нэг ч удаа эцэг хүний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл хүүхдийн хэрэглээ болоод бусад зүйлд санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Орон сууцны зээл, хэрэглээний зардлыг би 100 хувь гаргаж байсан. 2019 оны 04 дүгээр сард *******надтай цуг Япон явахаар болж элчинд материал өгөхөөр дансны хуулгыг авахад орлогын гүйлгээ байхгүй, дансны үлдэгдэл хангалтгүй байсан тул надаас 10,000,000 төгрөг авч дансандаа хийж хуулгаа авах болсон ч нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд мөнгө автоматаар татагдсаар “*******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн 40,000,000 төгрөгийн өрөө надаар төлүүлсэн. Компани нь өргүй болсноор тэрээр маш олон тендерт орж ажил авч санхүүгийн байдал нь сэргэсэн бөгөөд би хамтын амьдралынхаа хугацаанд түүнд 200,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэрээр бизнесээ амжилттай эрхэлж, *******хувьд гэрийн эзэгтэйн үүргийг биелүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан.

1.2. Анх бид амьдарч эхлэхэд хариуцагч нь приус 20 маркийн суудлын автомашинаас өөр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй байсан. Миний хувьд 102.5 м.кв талбай бүхий 3 өрөө байр, 79,9 м.кв талбай бүхий 2 өрөө байр, 350 м.кв өмчилсөн газар, түүн дээр байрлах 240 м.кв төвийн шугамд холбогдсон 16 өрөө бүхий объект, 1400 м.кв газар, 125 м.кв дутуу баригдсан канад байшин, мөн 1 дүнзэн байшин, 20 тн контейнер, Ланд круйзер Прадо 150 маркийн автомашин, хадгаламж гэх мэт тодорхой хэмжээний хуримтлуулсан хөрөнгө болон хадгаламжтай бололцооны амьдралтай байсан. Хариуцагч нь надаар компанийнхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бизнесийн үйл ажиллагаа явуулах санхүүг надаас зээл тусламж хэлбэрээр авч ашиглан олон тендерт орж ажил авч "*******" ХХК болон Э.Болдбаатарын санхүүгийн байдал дээшилж эхэлсэн. 2020 оны 08 дугаар сард Хан-Уул дүүрэг, /хуучнаар 15 дугаар хороо/ 19 дүгээр хороо 54 дүгээр байр 20 тоот орон сууцыг бартераар авсан.

1.3. Ийнхүү хамтран амьдрах явцад бидний дундаас 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.*******о мэндэлсэн, тэрээр аавын үүргийг гүйцэтгэхгүй, хүү болоод нялх биетэй надад хайр халамж үзүүлэхгүй, ажилтай гэж хэлээд гараад явдаг байсан. 2021 оны 07 дугаар сарын дундуур өвчтэй байна, хүүхдээсээ тусдаа байя гээд шинэ байр руугаа яваад эргэж ирээгүй, холбоо бариагүй. Би түүн дээр очиход түүнийг согтуудаа найзтайгаа ярьж байсан яриаг сонсоод шоконд орж, гэрт нь орж чадалгүй буцсан юм. Энэ цаг үеэс түүний ярьж байсан бүхэн худал хуурмаг болохыг мэдэж өмнө 4 удаа гэр бүл зохиож байсан миний хүү түүний 6 дахь хүүхэд болохыг мэдэж маш их гомдож шоконд орж сэтгэл санааны гүн шаналалд орсон.

1.4. Иймд хүү Б.*******од хүүхдийн тэтгэлэгт 640,211,000 төгрөг гаргуулах, *******хамт амьдарч байснаа тогтоолгох, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 54 дүгээр байр 20 тоот орон сууцны үнэлгээ 159,000,000 төгрөгийг 3 хувааснаас хүү болон өөрт ногдох 106,000,000 төгрөг гаргуулах, хүү Б.*******ыг тэжээн тэтгэхэд гарсан 13,855,191 төгрөгийн 50 хувь болох 6,927,596 төгрөг, зуслангийн байшин худалдах авсан зардалд 26,285,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ниссан патрол *******улсын дугаартай авто машинаас өөрт болон хүүд оногдох хэсэг гаргуулах шаардлагаас татгалзсан гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие 2009 оноос одоог хүртэл Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж Хос Өргөө 1 хороолол 29а байр, 41 тоотод эхнэр Ганбаатар овогтой Солонготой гэр бүлээрээ амьдарч байна. Нэхэмжлэгч *******тай 2018 онд ангийн уулзалтын үеэр таарч, хааяа утсаар болон уулзалт хийж дотно харилцаанд орж байв. 2020 оны 11 дүгээр сард тэр жирэмсэн болсон талаараа мэдэгдсэн тул би 2021 оны 01 дүгээр сараас Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхон 206 байр, 30 тоотод хамт амьдрах болсон. Гэвч бидний ааш зан, амьдралын хэв маяг огт таараагүй, байнгын маргаан, хэрүүлтэй байсан тул 5 сарын хугацаанд эв түнжингүй байж, би гэртээ харьдаг байсан. Энэ хугацаанд *******төрж, би эмнэлэгт шулуун гэдэсний хорт хавдар гэсэн онош сонссон, 2021 оны 08 дугаар сарын 25-нд хагалгаанд орж, цус алдан эмчилгээ хийлгэсэн. Одоогоор *******өөрийн хүү, охин болон миний хүүхэд болох Болдбаатар овогтой *******отой хамт амьдарч байгаа. *******хүүтэй мөнгө зээлдэг байсан тул би өөрөө болон найз нөхдөдөө мөнгө зээлж тухай бүрд нь зээлсэн мөнгөө хүүтэй нь төлдөг байсан.

2.2. *******тогтмол орлогогүй тул 3 хүүхдээ тэжээхэд хүндрэлтэй байгаа тул хүү Б.*******ыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Маргаан бүхий байрыг 2019 оны 09 дүгээр сарын 20-нд ажлын гэрээгээр авсан авсан бөгөөд гэрээ хийхэд болон байр шилжүүлэн авахад ч би Г.Солонготой хамт амьдарч байсан тул *******тай холбогдох үндэслэлгүй. Автомашины тухайд би авах талаар ярилцаад үнэ тохиролцоогүй тул буцаасан тул энэ хэрэгт холбогдолгүй. *******тай 2021 оны 01-05 дугаар сар хүртэл хамт амьдарсан нь үнэн бөгөөд бусад худал мэдүүлгээс татгалзаж байна. Эцэст нь эдгээр бүх үйл явдалд миний буруу маш их байгаа гэдгийг ойлгож маш их харамсаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.*******ыг эх *******асрамжид байлгаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан хүү Б.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Эрдэнийн Болдбаатараас гаргуулан тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т заасныг баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч *******, хариуцагч *******нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдаж, 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-т заасныг баримтлан хариуцагч *******Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024274 дугаарт бүртгэгдсэн, *******хаягт байршилтай, орон сууцнаас өөрт болон хүүхдэд оногдох хэсэгт 106,000,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч *******нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч **************тээврийн хэрэгслээс оногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч *******татгалзсаныг баталж,

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч *******6,927,596 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,285,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/01939 дугаар шүүгчийн захирамжийн 2 дах заалт буюу гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг дуусгавар болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2022/23797 дугаар захирамжийн 5 дах заалт буюу Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэхийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 854,013 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж,

Хариуцагч *******улсын тэмдэгтийн хураамжид 188,299 төгрөг гаргуулан 62,508 төгрөгийг улсын орлогод, 125,791 төгрөгийг нэхэмжлэгчид олгож,

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, орон сууц болон тээврийн хэрэгслээс өөрт болон хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах, хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох, тэжээн тэтгэх, зуслангийн байшин худалдан авахад зарцуулсан 33,212,596 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09920 дугаар шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ шүүх хэрэгжүүлээгүй, хүүхдийн эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухайд хэрэг хянан шийдвэрлэх явцад шинжээч томилж, хүүхдийн 18 нас хүртэл гарах зайлшгүй гарах зардлыг тогтоосон. Хариуцагч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байсан. Шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулан асуулт асууж мэтгэлцэх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн ирээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг түүний эзгүйд шийдвэрлэж болно. Гэтэл уг хэрэгт нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулан мэтгэлцэх хүсэлт гаргасан байхад шүүх үүнийг үл тоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэгт шаардлагатай зардлыг шинжээч тогтоосон бөгөөд зорилго нь хариуцагчийг сар бүр тэтгэлэг төлүүлэх бус нэг удаагийн дүнгээр шийдвэрлэхэд оршино. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2.2-д тэтгэлгийг нэг удаа олгохыг зөвшөөрдөг. Гэтэл шүүх эдгээр нөхцөлийг харгалзахгүйгээр, шинжээчийн дүгнэлтийг шалгаагүй, хариуцагчийг биечлэн оролцуулалгүй шийдвэр гаргасан нь ноцтой зөрчил юм.

4.4. Орон сууц, тээврийн хэрэгслээс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, хамтын амьдралтай байсан байдлыг тогтоох шаардлагын хувьд:

Ниссан Патрол *******тээврийн хэрэгсэл хамтын амьдралын хугацаанд нэхэмжлэгчийн санхүүгийн тусламжтайгаар авсан боловч эзэмших эрхийг шилжүүлээгүй.

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 54 дүгээр байр 20 тоот орон сууц нь хамтран амьдарч байх хугацаанд ажлын хөлсөнд бартераар авсан.

Хариуцагч “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг, мөн нийгмийн даатгалын өр төлбөрийн улмаас өөрийн хөрөнгө санхүүгийн чадамжгүй байсан.

Хамт амьдрах хугацаанд авсан мөнгөний үлдэгдэл 70 гаруй сая төгрөг одоо хүртэл төлөгдөөгүй.

Хэрвээ гэрлэлт албан ёсоор бүртгэгдээгүй ч хамтын амьдралын гэр бүлийн нотолгоо фото зураг, баярын үйл ажиллагаагаар батлагдсан.

4.5. Анхан шатны шүүх орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах, хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тэжээн тэтгэх, зуслангийн байшинд зарцуулсан 33,212,596 төгрөгийн 26,285,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21, 26 дугаар зүйл болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдийнхээ эрх, үүргийг биелүүлэх үүрэгтэй. Тэтгэлэг, зуслангийн байшин худалдан авах зардалд хариуцагчийн хувь олгох шаардлага хуульд нийцэх учир шүүх шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн бүх шаардлагыг хангах нь зүйтэй” гэжээ.

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, *******хамт амьдарч байснаа тогтоолгох, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 54 дүгээр байр 20 тоот орон сууцны үнэлгээ 159,000,000 төгрөгийг 3 хувааснаас хүү болон өөрт ногдох 106,000,000 төгрөг гаргуулах, хүү Б.*******ыг тэжээн тэтгэхэд гарсан зардал 13,855,191 төгрөгийн 50 хувь болох 6,927,596 төгрөг, зуслангийн байшин худалдан авсан зардал 26,285,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нь “…хүүхдийг өөрийн асрамжид авч, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, орон сууцнаас ногдох хэсгийг мөнгөөр гаргуулах, хүүхдийн тэжээн тэтгэх зардал, зуслангийн байшин худалдан авах” шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоосон, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******нар гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү Болдбаатарын *******о төрсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

5. Шүүх хүүхдийн нас, төрсөн цагаас хойш эхийн асрамжид байгаа, эцэг эхийн зүгээс тавих халамж, ахуйн нөхцөл, бололцоо зэргийг харгалзан хүү Б.*******ыг эх *******асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүрд эцэг *******тэтгэлэг гаргуулж хүү Б.*******ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасантай нийцнэ.

Хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа боловч бага насны хүүхдээ хэрхэн асарч халамжлах, ахуйн нөхцөл, бололцоо байгаа талаараа шүүхэд тайлбарлаж, нотлоогүй, хэргийн баримтаар хүүхдийг эцгийн асрамжид үлдээх үндэслэл тогтоогдоогүй.

 

6. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийг шинжээчийн дүгнэлтээр хүү Б.*******ыг 18 нас хүртэл тэжээн тэтгэхэд гарах зардалд 640,211,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа   боловч Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр тогтоосон тэтгэлгийг тэтгэлэг төлөх бүх хугацаанд нь тооцож авахыг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасан. Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд насанд хүрээгүй хүүхдээ эцэг, эх тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхдээ эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болох ба ийнхүү тохиролцоогүй бол шүүх тэтгэлгийг тогтоох хуулийн зохицуулалттай.

Хүүхдийн тэтгэлгийг сар бүр, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтоох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцэх тул шүүх хуульд заасан хувь хэмжээгээр, сар бүр тэтгэлгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

7. Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шаардлага нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох зорилгоор онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага бус үндэслэл гэж үзсэн нь зөв. Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрлэлтээ батлуулаагүй тул хамтын амьдралын явцад бий болсон гэх орон сууцнаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг мөнгөөр шаардсан. Гэрлэлтээ батлуулаагүй хүмүүсийн эд хөрөнгийн эрх Иргэний хуулийн 130 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах зохицуулалтад хамаарахгүй тул 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу *******хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч дээрх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр бий болгосон, ийнхүү бий болгоход оруулсан хөрөнгийн хувь хэмжээг нотолсон баримтгүй, 2019 онд хариуцагчийн “*******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 40,000,000 төгрөгийг төлсөн, энэхүү мөнгө нь тухайн орон сууцанд оруулсан хөрөнгө гэх тайлбарыг дэмжих нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч орон сууцыг бий болгоход өөрийн оруулсан хөрөнгө, түүний хувь хэмжээг нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах, хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэх гомдол хангагдахгүй.

 

8. Анхан шатны шүүх хүүхдийг тэжээн тэтгэх нэмэлт зардалд 6,107,857 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт нийцсэн, талууд энэ талаар гомдол гаргаагүй тул эрх зүйн дүгнэлт дэлгэрэнгүй хийхгүй.

 

9. Зуслангийн байшин худалдан авахад гарсан зардал 26,285,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд *******гаас “С1 урьдчилгаа” гэх утгаар 180,000,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан боловч Амины орон сууц захиалгын гэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй, түүнчлэн хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой зуслангийн байшин худалдан авах зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан энэ зардал нь хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зайлшгүй гарсан нэмэлт зардалд хамаарахгүй гэж үндэслэл бүхий дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. /2хх73-74, 78-82/

 

10. Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй. Хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх гомдол хангагдахгүй. /2хх218-219/

 

11. Нэхэмжлэгч нь *******улсын дугаартай тээврийн хэрэгслээс оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.

 

12. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09920 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 665,714 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ