Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 860

 

 

 

 

 

 

 

 

 

      2019       09         27                             2019/ШЦТ/860 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Амуундарь,

улсын яллагч: Т.Жавхлантөгс,  

шүүгдэгч: Д.Баяраа (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дагванамдалын Баяраад холбогдох эрүүгийн 1909034300973 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Сод Монгол” ШТС-д түгээгч ажилтай, ам бүл 6, 3 хүүхэд, 2 зээгийн  хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 32 дугаар гудамжны 705 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, НЛ76040362 регистерийн дугаартай, Дамба овогт Дагванамдалын Баяраа.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Ялллагдагч Д.Баяраа нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” ШТС-ын байранд 2019 оны 08 дугаар сарын 29-ний 12 цагийн үед иргэн Б.Гэрэлмааг машин байгууллагын зогсоолд тавилаа гэх шалтгаанаар маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баяраа мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Гэрэлмаагийн /хх-ийн 8/ мэдүүлэг, Д.Баяраагийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 6, 26-27/ мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10477 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/, Д.Баяраагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-36/, Б.Гэрэлмаагийн хүсэлт /хх-ийн 39/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Баяраа нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сод Монгол” шатхуун түгээх станцын байранд Б.Гэрэлмаатай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Б.Гэрэлмаагийн /хх-ийн 8/: “... Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Сод Монгол” ШТС-ын орчим машинаа байрлуулчихаад банк орсон юм. Тэр хооронд ШТС-ын түгээгч эмэгтэй миний машины хажуугаар явсан хүмүүст “энэ машиныг ачуулна, ааш муутай авгай байдаг юм” гэх мэтээр хэлсэн байсан. Тэгэхээр нь би очоод “та миний ааш занг мэдэхгүй байж хүмүүст юу яриад байгаа юм” гэтэл намайг үг хэлээр доромжилж эхэлсэн. Ингээд бид хоёр хэрэлдсэн бөгөөд тэр эмэгтэй гарч ирээд миний нүүр рүү нулимсан. Би зөрүүлээд нулимтал над руу самардаж дайрсан. Би зүүн хацар дээр нь алгадсан юм. Тэгтэл тэр эмэгтэй пос машин гартаа барьж байгаад миний толгойны баруун тал, дух хэсэгт 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

     Д.Баяраагийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 26/: “...Би тухайн өдөр ажлынхаа өрөөнд сууж байтал Гэрэлмаа гэх эмэгтэй ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “чи энд байж болохгүй гар” гээд гаргатал өөр хүн намайг дуудсан. Гадагш гараад Гэрэлмааг “чи одоо яв аа, би чамтай хэрүүл хиймээргүй байна” гэтэл миний зүүн хацар дээр алгадаад гэдэс, давсаг руу хөлөөрөө 4 удаа өшиглөөд, цүнхээрээ зүүн мөр рүү цохиод байхаар нь би цаашаа түлхэх гэж байгаад пос машин барьсан гараараа толгой хэсэг рүү нь цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Б.Гэрэлмаагийн биед “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зулгарал” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10477 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Баяраагийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Баяраа нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Гэрэлмаагийн “... гомдолгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 39  дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Баярааг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяраа нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж , хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дамба овогт Дагванамдалын Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярааг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяраа торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Д.Баяраа нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баяраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ