Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 867

 

 

 

 

 

 

 

 

 

     2019      10         03                                      2019/ШЦТ/867 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Г.Ганбагана;

шүүгдэгч: Г.Э, түүний өмгөөлөгч Т.Багахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбын Г.Эт холбогдох эрүүгийн 1909006980316 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4 дүгээр гудамжны 247 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ............. регистерийн дугаартай, Бунжаа овогт Гомбын Г.Э.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Г.Э нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны оршин суугч Ч.Чулуунцэцэгийг “халаалтаа өгөхгүй байна” гэж хэлснээс болж маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 04-ний  20-21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах нийтийн байрныхаа халаалтыг соруулах гээд салгасан байсан. Тухайн үед байрны ус сайн хөрөөгүй байсан бөгөөд усаа сайн хөргөх гээд унтраагаад байж байтал Чулуунцэцэгийн  аав манай хаалгыг нүдээд хаалга онгойлготол “халаалтаа өг, хөлдлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгтлээ айхавтар хүйтэн байхгүй, усаа соруулаад буцаагаад залгана” гэж хэлсэн. Гэтэл намайг харааж байгаад явсан. Удалгүй Чулуунцэцэг ирээд “халаалтаа залга, чамд би өгөх юмаа өгсөн, яах гэж халаалт салгадаг юм” гэхээр нь би учрыг тайлбарлаад “ус дундарсан байна, сая халаалтаа залгасан, удахгүй хална” гэж хэлсэн. Чулуунцэцэг манай хаалга руу өшиглөөд цөмлөсөн байсан. Чулуунцэцэг байнга хэл ам хийдэг болохоор нь айлгах зорилгоор “хаалгыг чинь авна” гэж хэлсэн. Чулуунцэцэг миний уртасгагчийг булааж аваад уртасгагчаар гараа ороож байгаад миний толгой руу нэг удаа хүчтэй ороолгож цохисон. Намайг үсдэж авсан. Мөн аав нь миний үснээс зулгааж аваад миний толгой руу гараа атгаж байгаад хэд хэд цохисон. Би өөрөө хохирсон байтал буруутан болоод зогсож байгаад гомдолтой байна. Манай нөхөр Чулуунцэцэгт гар хүрсэн асуудал байхгүй гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чулуунцэцэг /хх-ийн 15-22, 108-109/, гэрч Ц.Чулуундаваа /хх-ийн 110-112/ нарын мэдүүлэг, Г.Эийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-25, 4-6/, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2094 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 28/, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3682 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1087 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 87-98/, Г.Эийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 61/, Ч.Чулуунцэцэгийн хүсэлт /хх-ийн 119/, Г.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-43/, түрээсийн гэрээ /хх-ийн 44/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний  шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4 дүгээр гудамжны 274 тоот нийтийн байрны 02 тоот өрөөнд уг өрөөг хөлслөн суудаг иргэн Ч.Чулуунцэцэгийг “халаалт өгөхгүй байна” гэж хэлснээс үүдэлтэй хэрүүл маргаан хийж улмаар түүнийг зодож хөнгөн гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ч.Чулуунцэцэгийн /хх-ийн 15-22, 108-109/: “...2019 оны 02 дугаар сарын 04-ний  20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4 дүгээр гудамжны 274 тоот нийтийн байрны 02 тоотод өөрийн аав Чулуундаваагийн хамтаар байж байсан. Манай өрөөний халаалт хүйтэн байсан болохоор манай аав Чулуундаваа байрны эзэн Г.Эт “өрөөний халаалт муу байна” гэж хэлэхэд “би айл руу орохгүй, нэг цагийн дотор халаалт өгнө, саяхан халаалт залгасан” гэж хэлсэн. 23 цагийн үед халаалт ирэхгүй болохоор нь би дахин Г.Э гэдэг хүнд “халаалт ирэхгүй байна, баяр ёслол болж байна” гэж хэлэхэд Г.Э “3 настай хүүхэд даарахгүй байна, чи ямар сүртэй юм” гэж хэлэхээр нь би “өндөр настай аав минь даараад байна” гэж хэлсэн чинь өөдөөс олон юм яриад байсан. Тэгэхээр нь би Г.Этэй хэрүүл маргаан хийсэн юм. Гэтэл цаанаас нь Г.Эийн нөхөр болох Сүхээ гэх нэртэй залуу хүрч ирээд “та хэд байж чадахгүй бол зайл...” гээд намайг хэл амаар доромжилсон...Удалгүй Г.Э, Сүхээ нар дрилл барьчихсан манай өрөөнд дайрч орж ирээд дриллийн залгуураа тогонд залгаад “хаалгыг чинь салгана” гээд дайраад байхаар нь би болиулах гэтэл Г.Э нь дриллийн залгуураа тогонд залгах гээд дайраад байсан...Г.Э миний нүүр тус газар 2 удаа цохиод авахаар нь манай аав Чулуундаваа “манай охиныг яаж байна” гээд Г.Эийн үснээс зулгаасан...Г.Э нь намайг үсдээд авахаар нь зөрүүлээд үсдэлцээд хэсэг ноцолдож байгаад салах гэтэл Г.Э миний нүүр рүү өшиглөсөн. Энэ байдлыг аав маань хараад “миний охиныг яаж байна“ гээд Г.Эийг нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод авсан...Миний баруун, зүүн гарын шуу хэсэгт улаан хавдсан, хөхөрсөн байдалтай, нүүрний хацар хэсэг хавдсан, уруул хавдсан, үс унаад байна...Тухайн үед Г.Э миний биед гэмтэл учруулсан...Г.Э нь орж ирэхдээ дрилл барьчихсан манай өрөөний хаалгыг авна гэхээр нь болиулах гэтэл дриллээр миний гарыг цохисон юм...Шүүх дээр сандарсан байдалтай болоод Сүхээ гэгчийг миний гарыг дриллээр цохисон гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Чулуундаваагийн /хх-ийн 110-112/: “...2019 оны 02 дугаар сарын 04-ний  20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4 дүгээр гудамжны 274 тоот нийтийн байрны 02 тоотод охин Чулуунцэцэгийн хамтаар байж байсан. Нийтийн байрны халаалт нь орж ирээгүй өрөө их хүйтэн байхаар нь манай охин Чулуунцэцэг нийтийн байрны эзэн гэх Г.Этэй уулзахаар явсан юм...Манай өрөөнд Г.Э нь гартаа дрилл барьчихсан нөхөр Сүхээгийн хамтаар орж ирээд “хаалгыг чинь авна, та нар манай өрөөнөөс зайл” гэхээр нь “юу яриад байгаа юм, бид нар түрээсийн мөнгөө өгсөн, өрөөнөөс гарах хугацаа болоогүй байгаа“ гэж хэлтэл Г.Э нь “одоо та нарыг зайл гэж байна” гээд хэл амаар доромжлоод “өрөөний хаалгыг авна” гээд дайраад байхаар нь манай охин Чулуунцэцэг гарт нь байсан дриллийг авах гээд Г.Этэй ноцолдсон...Г.Э миний охиныг дриллээр гарыг цохиж, үснээс нь зулгааж, бие рүү нь гараараа цохиод байхаар нь би болиулах гэтэл нөхөр Сүхээ нь намайг заамдаж аваад...намайг газарт түлхэж унагааж, миний бие рүү 2 удаа цохиод, болиод цаашаа болсон. Гэтэл Г.Э нь охины үснээс зулгааж, бие рүү цохиод байхаар нь унасан газраасаа босож ирээд Г.Эийн үснээс нэг удаа гараараа татаад болиулсан юм...Сүхээ гэгч нь манай охины биед гар хүрээгүй...” гэх мэдүүлгээр,

 

Г.Эийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23-25, 4-6/: “...2019 оны 02 дугаар сарын 04-ний  20-21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах нийтийн байрныхаа халаалтыг соруулах гээд салгасан. Тухайн үед байрны ус сайн хөрөөгүй байсан бөгөөд усаа сайн хөргөх гээд унтраагаад байж байтал манай түрээсийн байрны  02 тоотын Чулуунцэцэг гэх эмэгтэйгийн төрсөн аав манай хаалгыг нүдээд хаалга онгойлготол “халаалтаа өг, аягүй хүйтэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хүнд “тэгтлээ айхавтар хүйтэн байхгүй, усаа соруулаад буцаагаад залгана” гэж хэлсэн...Удалгүй Чулуунцэцэг хаалга нүдээд “халаалтаа залга” гэж шаардахаар нь би “одоо халаалтаа залгасан, одоохон хална” гэж хэлсэн. Энэ шед Чулуунцэцэг надад хандаж “чамд би өгөх юмаа өгсөн, яахлээрээ өнөөдөр халаалт салгадаг юм” гэхээр нь би “ус дундарсан байна, сая халаалтаа залгасан, удахгүй хална” гэж хэлээд хаалгаа хаасан. Хаалгаа хаагаад удаагүй байтал Чулуунцэцэг манай хаалга руу өшиглөчихөөд гэр рүүгээ орсон. Ингээд би гэрээсээ уртасгагч, дрилл 2 аваад ганцаараа Чулуунцэцэгийн 2 тоот өрөө рүү очоод Чулуунцэцэг байнга хэл ам хийдэг болохоор нь айлгах зорилгоор очоод “хаалгыг чинь авна” гэж хэлээд хаалгаар нь орсон. Би гэрт нь ороод “чи ер нь дандаа хэрүүл хийж байдаг, би танайд уртасгагчаа залгаж дриллээр хаалгыг чинь авна” гэж хэлээд удаагүй байтал Чулуунцэцэг миний уртасгагчийг булааж аваад уртасгагчаар гараа ороож эхэлсэн. Энэ үед би дриллээ газар тавиад Чулуунцэцэгтэй уртасгагчаа булаацалдтал Чулуунцэцэг уртасгагч булааж аваад миний толгой руу нэг удаа хүчтэй ороолгож цохихоор нь би Чулуунцэцэгийн нүүр рүү нэг удаа алгадсан. Чулуунцэцэгийн аав миний үснээс зулгааж аваад миний толгой руу гараа атгаж байгаад хэд хэд цохисон...Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтэд тусгагдсан Чулуунцэцэгийн биед учирсан дээрхи гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Чулуунцэцэгийн биед “зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт” бүхий мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2094 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын хооронд маргаан тэмцэлдээн болж, шүүгдэгч нь хохирогчийн биед халдаж зодсоныг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч  нь зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү нь “Ч.Чулуунцэцэгийн биед хэн гэмтэл учруулсныг шалгаж тогтоогоогүй, хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй, тухайн үед Г.Э өөрөө гэмтсэн, энэ асуудлыг огт шалгаагүй” гэсэн агуулгатай хүсэлт гомдол гаргасан болно.

 

Ч.Чулуунцэцэг, Г.Э нарын хооронд болсон маргаан тэмцлийн явцыг судлахад тэдгээрийн хооронд үүссэн урьдын таарамжгүй харьцаа хэрэг гардаг орой дахин илэрч улмаар Г.Э сэтгэл зүйн дарамтад бусдыг оруулах зорилгоор “хаалгыг чинь салгаж авна” гэж сүрдүүлж Ч.Чулуунцэцэгийн өрөөнд дрилл, уртасгагч залгуур барьж орж ирснээс үүдэн тэдний хооронд зодоон болсон нь дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Энэ зодооны улмаас хэн, яаж гэмтсэн, хэн нь хэнд гэмтэл учруулсныг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тогтоосон тул Г.Э гэмтсэн асуудлыг шалгаагүй гэдэг нь үндэслэлгүй.

Үүнээс гадна хохирогч Ч.Чулуунцэцэг нь Г.Эт цохиулснаас өөр байдлаар биедээ гэмтэл авах газар очоогүй, маргаан тэмцэлдээнийг салгах гэсэн хүмүүсийн зүгээс ч Ч.Чулуунцэцэгийг гэмтээх эрсдэл бүхий нөхцөл байдал үүсгээгүй болох нь мөн тогтоогдсон байна.

 

Хэрэг явдал болсноос хойш өнгөрсөн цаг хугацаа, мэдүүлэг өгч байгаа этгээдийн эрүүл мэнд, сэтгэл зүй зэрэг байдлаас хамаарч андуурч будилан буруу ташаа мэдүүлснийг зориуд худал мэдүүлсэн гэж үзэж болохгүй.

 

Хохирогч Ч.Чулуунцэцэг  2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Зүүн гар дээрх гэмтлийг Сүхээ дриллээр цохиж учруулсан...Бусад гэмтлийг Г.Э учруулсан... Г.Э учруулсан...” гэх зэргээр мэдүүлсэн мэдүүлгийн зөрүү нь мөрдөн байцаалтын үед хохирогчоор өгсөн мэдүүлгүүд болон бусад баримттай харьцуулан үзэхэд өөрийгөө зөв илэрхийлж чадаагүйтэй холбоотой бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтооход нөлөөгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориудаар төөрөгдүүлэх зорилго агуулаагүй гэж үзэв.

 

Ийм учраас өмгөөлөгч Т.Багахүүгийн “Г.Эийг цагаатгах” гэсэн агуулгатай хүсэлт гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.Эийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Г.Эийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.Чулуунцэцэг “сорви арилгахад зарцуулах 300.000 төгрөг нэхэмжилнэ” гэх боловч энэ талаархи баримтыг хэрэгт хавсаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бунжаа овогт Гомбын Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хохирогч Ч.Чулуунцэцэгийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ