| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0748/э |
| Дугаар | 868 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 868
2019 10 04 2019/ШЦТ/868
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;
шүүгдэгч: Э.Энхбаатар (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Энхбаярын Энхбаатарт холбогдох эрүүгийн 1909015170489 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 453 тоотоод оршин суух, урьд ял шийтгэлгүй, НШ93080111 регистерийн дугаартай, Боржигин овогт Энхбаярын Энхбаатар.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.Энхбаатар нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Микс” баарны гадаа 2019 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө иргэн О.Төрмөнхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбаатар мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Төрмөнх /хх-ийн 9/, гэрч Э.Байлдагч /хх-ийн 17/, М.Энх-Амгалан /хх-ийн 19/, А.Огтбиш /хх-ийн 21/ нарын мэдүүлэг, Э.Энхбаатарын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4641 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, Э.Энхбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55-59/, О.Төрмөнхийн хүсэлт /хх-ийн 119/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Энхбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Микс” баарны гадаа О.Төрмөнхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч О.Төрмөнхийн /хх-ийн 9/: “… 2019 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Микс” бааранд найз Байлдагч гэх залуугийн хамт орж үйлчлүүлсэн. ...Тухай үед үл таних 2 эмэгтэй бид хоёрыг хэл үгээр доромжлохоор нь манай найз Байлдагч “юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл цаанаас нь үл таних (шар үстэй, шивээстэй, ойролцоогоор 165-170 см орчим өндөртэй, туранхай) залуу ариун цэврийн өрөөнд орж ирээд бид хоёртой маргалдаад зодоон үүсгэсэн. ... Дараа нь баарны гадаа тэр үл таних залуу ТҮЦ-ны хажууд очоод тонгойгоод байсан. Үүний дараа би хойноос нь очтол тэр үл таних шар үстэй залуу гартаа нэг зүйл бариад миний зүүн нүдний хавьцаа хүчтэй цохисон. Би тэр залууд цохиулаад миний толгойноос цус гараад хамаг хувцас цус болчихсон. Удалгүй би цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Байлдагчийн /хх-ийн 17/: “.... Дараа нь тэр үл таних шар үстэй залуу бид нар баарнаас гараад удаагүй байж байтал нөгөө шар үстэй залуу руу Төрмөнх намайг өмөөрөөд очтол тэр залуу Төрмөнхийн толгой руу чулуу аваад нэг удаа хүчтэй цохисон ...” гэх мэдүүлгээр,
гэрч М.Энх-Амгалангийн /хх-ийн 19/: “... 03 цаг өнгөрөөд баар хаах болж байтал эхлээд үл таних гурван залуу баарны бүжгийн талбай дээр муудалцахаар нь баарнаас гаргаад тэр гурвыг хооронд нь эвлэрүүлээд гар бариулаад удаагүй байж байтал үл таних шар үстэй, шивээстэй залууг хэл амаар боромжлоод байсан. Дараа нь шар үстэй залуу ТҮЦ-ны хойноос чулуу аваад нэг залуугийн толгойг нь цохисон ...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Огтбишийн /хх-ийн 21/: “... Би ажлаа хийж байтал үл таних гурван залуу үүдний коридорт маргалдаж байсан. Бид нар тэр гурван залууг баарнаас хөөж гаргасан. Тэдгээр гурван залуу баарны баруун талд байрлах ТҮЦ-ны хажууд байж байгаад дахиад хоорондоо маргалдсан. ...Маргалдаж байсан хоёр залуугийн нэг нь (шар үстэй) залуугийн нуруу руу нь өшиглөж цохисон. Тэгтэл шар үстэй залуу газраас чулуу аваад тэр өшиглөсөн залуугийн нүүр рүү нь чулуугаараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
Э.Энхбаатарын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 48/: “... О.Төрмөнх намайг өшиглөөд авахаар нь би чулуу аваад нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
О.Төрмөнхийн биед “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацарт зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4641 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Э.Энхбаатарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Э.Энхбаатарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч О.Төрмөнхийн “...бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэсэн нь хавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Энхбаатарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбаатар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхбаярын Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбаатарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Э.Энхбаатар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Энхбаатард урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ